Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 468

 

Өвөрхангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

Нэхэмжлэгч:  Тайжууд овгийн П.Г-н нэхэмжлэлтэй,

Хариуцагч: , Есүүл овгийн Г.Б холбогдох  

“2200000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч П.Г, хариуцагч Г.Б , нарийн бичгийн дарга Б.Алтанцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч П.Г шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Г.Б  нь 2015 оны 10 дугаар сард найз болох П.Хоролмаатай зах дээр бичиг хэргийн бараа зарж борлуулахаар надаас 2 удаа бэлнээр 1600000 төгрөг, дансаар 3000000 төгрөг шилжүүлэн авч уг мөнгийг эргэн төлөлгүй өдий хүрлээ. Миний ойлгосноор 3000000 төгрөгнөөс 1000000 төгрөгөөр бараа авчирч, 2000000 төгрөгийг нь П.Х хувааж авсан гэж боддог. 2 юанийн бараанууд авчирсан байсан. Уг нь эхлээд бичиг хэргийн барааны өдөр тутмын орлогоо тушааж, сүүлд нь ашгаа хуваая гэж тохирсон боловч надад нэг ч төгрөг төлөөгүй. Г.Б  Улаанбаатар хот руу явж ажил хийхээр болж бараа хүлээлцэх үед 2200000 төгрөгийн алдагдалд оруулсан байсан. Уг мөнгөн дээр нотариатын төлбөр барагдуулах хэлцэл хийсэн. Зарагдаагүй үлдэгдэл барааг П.Х хүлээлгэж өгөөд явсан байсан. Би Г.Б т эхлээд 1600000 төгрөг, дараа нь П.Хоролмаагийн дансаар 3000000 төгрөг шилжүүлсэн. Нийт 4600000 төгрөгнөөс барааны дутагдал болох 2150000 төгрөгийг Г.Б ээс нэхэмжилж байна гэв.

Хариуцагч Г.Б  шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би П.Гаас 1500000 төгрөгийг бэлнээр авч бичиг хэргийн бараа авчирч зах дээр зарсан нь үнэн. Уг мөнгөнөөс 330000 төгрөгийг П.Гт өгөх ёстой. Харин П.Х эрээн явахаар болоход П.Г П.Х дансанд 3000000 төгрөг шилжүүлсэн. Уг мөнгөнөөс би 2000000 төгрөгөөр Эрээнээс бараа авсан. Үлдсэн 1000000 төгрөг нь П.Хоролмаагийн дансанд байсан. Урдаас бараа авчираад 2 сар 18 хоног зогсоод гүйлгээ байхгүй учраас П.Г тай хамтран амьдарч байсан П.Х 1170000 төгрөгийн бараа хүлээлгэж өгсөн. Би тухайн үед орлогоо өдөр өдөрт нь П.Х өгдөг байсан. П.Гын нэхэмжилж байгаа 2150000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч П.Г нь “хариуцагч Г.Б т холбогдуулан 2200000 төгрөг гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан боловч шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч П.Г нэхэмжлэлийн шаардлагаа 2150000 төгрөг болгон багасгажээ. 

Нэхэмжлэгч П.Г нь нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах үндэслэлийг талууд хооронд байгуулсан зээлийн гэрээний үүргийн дагуу гаргуулна гэжээ.

Зохигч талуудын хооронд 2015 оны 11 дүгээр сард 1600000 төгрөг, 2016 оны 01 дүгээр сард 3000000 төгрөгийг тус тус зээлдүүлж бараа авчирч зарж ашгаа хуваах зорилгоор зээлдүүлэх, зээлэх харилцаа бүхий гэрээ байгуулагдаж, гэрээний үүргийн дагуу тус мөнгийг шилжүүлсэн болох нь тэдгээрийн тайлбаруудаар тогтоогдож байна.

Талуудын хооронд дээрх нөхцөлөөр зээлийн гэрээний үүрэг үүссэн, гэрээний дагуу 4600000 төгрөг шилжсэн байх тул үүссэн үүргийн дагуу зээлийн төлбөрийг шилжүүлэн зээлийн гэрээ хэрэгжсэн гэж үзнэ.

Дурдсан агуулга болон талуудын хүсэл зоригийн илэрхийллээс дүгнэхэд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар иргэд хооронд зээлийн гэрээ байгуулагдсан бөгөөд хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-д зааснаар гэрээ хэрэгжсэн байна. Зээлийн гэрээ нь хуульд нийцсэн хүчин төгөлдөр байх бөгөөд хэлбэрийн хувьд гол нөхцөлийн талаар талууд харилцан тохиролцон тогтоож амаар байгуулсан гэж үзнэ.

Дээрхи мөнгийг нэхэмжлэгч нь Г.Б  болон П.Х нарт 4600000 төгрөгийг зээлдүүлсэн бөгөөд хариуцагч Г.Б ийн хариуцах төлбөр 2150000 төгрөгийг нэхэмжилж байгаа гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулжээ.

            Зохигчид 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдөр барааны үнэ болох 2200000 төгрөгийг төлөөгүй үндэслэлээр төлбөр барагдуулах хэлцэл байгуулж талууд гарын үсэг зурж, нотариатаар баталгаажуулжээ.

            Гэвч хариуцагч Г.Б  нь шүүх хуралдаанд “430000 төгрөгийг П.Г т өгнө, харин 3000000 төгрөгийг П.Хоролмаа хариуцна” гэж тайлбарлаж байгаа хэдий ч нэхэмжлэгч П.Г тай 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан гэрээний талаар маргаагүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д тус тус зааснаар “хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх” үүрэгтэй боловч хариуцагч Г.Б  нь нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, нотлож чадаагүй байна.

  Нэхэмжлэгч П.Г нь зээлсэн мөнгөнөөсөө эргэж төлж байгаагүй гэж шүүх хуралдаанд тайлбарлаж байгаа боловч 190000 төгрөгийг хариуцагч Г.Б  нь нэхэмжлэгчид төлсөн болох нь гэрч П.Х-н мэдүүлгээр тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагаас хасч тооцох нь зүйтэй байна.

Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч Г.Б ээс 1960000 төгрөг /2150000-190000=1960000/-ийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн үлдэх хэсэг 190000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281 дугаар зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч Г.Б ээс 1960000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч П.Гт олгож, нэхэмжлэлийн үлдэх хэсэг 190000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Г.Б ээс 46310  төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 50150 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан шийдвэр гүйцэтгэх арга журмын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад зөвшөөрсүгэй.

4. Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч нар шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Д.МӨНХТУЯА