Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 2017/ ШЦТ/03

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхбаяр даргалж, шүүгч Г.Буяннэмэх, Н.Баярмаа нарын бүрэлдэхүүнтэй, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Золзаяа, Иргэдийн төлөөлөгч Н.Мөнхсаруул, Улсын яллагч З.Энхжаргал, Шүүгдэгч Н.С, түүний өмгөөлөгч Б.Дашдорж /ҮД:0747/, Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Төрбаатар, түүний өмгөөлөгч Г.Нямхүү /ҮД:0852/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.15 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Ст холбогдох эрүүгийн 201625030466 дугаартай хэргийг 2016 оны 12 дугаар сарын 06-нд хүлээн авч хянан хэлэлцэв. Монгол улсын иргэн, 1957 оны 12 дугаар сарын 18-ний өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 58 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, машинист мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Цонгоол овогт Н.С Шүүгдэгч Н.С

/яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/ нь 2016 оны 03 сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо Согоотын 16.2.14 тоотод архи ууж согтуурсан үедээ заамдаж авсан гэх үл ялих зүйлээр шалтаглан биеэ хамгаалах чадваргүй хүнд зэргийн согтолттой Д.Төрхүүгийн цээжний зүүн дээд хэсэгт 1 удаа хутгалж санаатай алсан гэмт хэрэгт холбогджээ. Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, хэлэлцэгдсэн баримтуудыг үндэслэн ТОДОРХОЙЛОХ нь: Шүүгдэгч Н.Саас мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: 2016 оны 03 дугаар сарын 10-ны өглөө босоод 8 цагийн үед хашааныхаа үүдэнд гарсан. Манай хашааны үүдэнд Хандсүрэн, Төрхүү хоёр нэг шил 0,5 л хэмжээтэй архийг талд нь ортол уучихсан сууж байсан. Тэр архинаас нь 50гр уугаад Нэргүйн гэр рүү явсан. Нэргүйн гэрт ороод тамхи татаад байж байтал араас Төрхүү, Хандсүрэн хоёр ороод ирсэн. Тэгээд үлдсэн архийг нь хувааж уусан. Нэргүйн гэрт Баярмандах байсан. Тэгээд дахин архи уухаар болтол Хандсүрэн Төрхүүгээс нэхэж байгаад 12000 орчим төгрөг авсан. Төрхүү архи авахаар мөнгөө нэхэхэд Хандсүрэн тэр мөнгийг нь өгөхгүй байсан. Нэргүйн гэрт жаахан архи байсан тэр архийг бас хувааж уусан. Тэгээд хүргэн Мөнхжаргал хүрч ирээд утасаа авъя гэсэн. Тэр үед би гэррүүгээ явж утасыг нь авч өгөөд галдаа нүүрс хийчихээд буцаад Нэргүйн гэрт очсон. Тэгтэл тэд нар архиа аваад уугаад дууссан байсан. Надад сэнжтэй аягаар жаахан архи үлдээсэн байсан. Би тэр архийг уучихсан. Намайг очиход Баярмандах байхгүй явсан байсан. Нэргүй хойд талын орон дээр унтаж байсан. Тэгээд дахин архи уухаар мөнгө цуглуулахаар болсон. Би 1000 төгрөгөө Төрхүүд өгсөн. Хандсүрэн өнөөдөр миний төрсөн өдөр гэж яриад байсан. Тэгээд мөнгө хүрэхгүй архи авч чадаагүй. Төрхүү Хандсүрэнгээс мөнгө нэхээд байсан. Хандсүрэн байхгүй гээд байсан. Тавиур дээр байсан аягыг Төрхүү аваад надруу шидсэн. Би тэр аяганы хагархайг түүгээд байж байтал Төрхүү намайг заамдаад авсан. Би заамдуулж байгаад хананд шахагдаад гарыг нь дийлэхгүй болохоороо тавиур дээр байсан хутга аваад цээжрүү нь хутгалсан. Тухайн үед би заамдуулж байхдаа үхэх гэж байна гэж бодогдоод миний амьдралын бүх юм надад бодогдсон. Тэгтэл Төрхүү за за болъё гээд өөрөө очоод газар хэвтээд өгсөн. Тэгээд би доор байсан хөнжил гудсыг нь авч өгөөд унтуулсан. Тэгээд би жаахан унтаж байгаад босохоор нь явъя гэж бодсон. Бид хоёр зодолдоогүй, маргалдаагүй ийм л юм болсон. Бүгд л архи уусан Төрхүү 100 хувь согтсон гэж би үзэхгүй. Төрхүү өөрөө эхлээд намайг заамдаж аваад хана руу хоолой шахсан. Би сандраад амиа хамгаалах зорилгоор хутгалсан. Тэр хутга нь тавиур дээр ил байсан. Боолгуулж байгаад гараа сарвайхад гар маань хутганд хүрсэн гэсэн мэдүүлэг. /2 хх 23/ шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: 03 дугаар сарын 10-ны өглөө миний зээ хүүгийн төрсөн өдөр байсан. Намайг зээ хүү маань хамт явъя гэхэд би араас нь явна гээд үлдсэн. Тэгээд би гэртээ үлдсэн. Хашааныхаа хаалгыг хаагаа талийгаач Хандсүрэн нартай таарсан. Тэд нар архитай явж байсан болохоор архинаас нь ганц 1 балгасан. Тэгээд Хандсүрэн, Төрхүү нэмж архи авчирч ирээд нөгөө архинаас нь ууцгаасан. Бид нар архиа ууж дуусаад би гэр рүү яваад галдаа нүүрсээ хийгээд буцаж ирсэн. Талийгаач дахиж архи авах гээд Төрхүү 12.000 төгрөгийг нь авсан байсан. Тэр мөнгөө талийгаач нэхэхэд өгөхгүй байсан. Би 2000 төгрөгтэй байсан учир 1000 төгрөгөө өгсөн. Тэгээд мөнгө нь хүрээгүй бухимдаад байж байгаад над руу та битгий худал ярь, танд мөнгө байгаа гэхээр нь би надад мөнгө байхгүй гэсэн. Тэгээд аяга шидхээр нь би хагархай аягыг нь хогийн саванд хийсэн. Талийгаач намайг заамдаж аваад хоолой боогоод хөргөгч, түмпүшиг 2-ын хооронд шахсан. Би сандрахдаа тавиур дээр байсан хутгыг аваад айлгах санаатай байсан. Тэгээд ийм хэрэг болчихлоо. Би хүн алсанаа хүлээн зөвшөөрч байгаа. Хохирогчийн ар гэрийнхнээс уучлалт гуйж байна. Хийсэн хэрэгтээ харамсаж байна гэсэн мэдүүлэг. Хохирогч Д.Төрбаатараас мөрдөн байцаатанд мэдүүлсэн: Би 2016 оны 03 сарын 09-ний өдөр Хятад улс руу явсан. 2016 оны 03 дугаар сарын 11-ний өглөө Бээжинд автобуснаас бууж байтал манай охин Тунгалагтамир утсаар залгаад "Төрхүү ах эмнэлэгт муу байна та яаралтай хүрээд ир" гэсэн. Би тэр өдөртөө буюу 2016 оны 03 сарын 11-ний орой 20 цаг 30 минутанд онгоцонд суугаад Монголд ирсэн. Тэгээд би хотод буугаад би дүүгээ бусдад алуулсан байна гэж ойлгосон. Би хэргийг нарийн сайн мэдэхгүй байна. Манай ах дүүс надад хэлэхдээ талийгаач дүүг 2016 оны 03 сарын 10-ны өдөр Хайлаастад гэрийнхээ ойролцоо айлд хүний гарт амь насаа алдсан байна гэж хэлсэн. Миний сонссоноор манай дүүг тэр хамт байсан хүмүүс нь дуудаад очиход архи дарс авч ирсэнгүй тэнд бас нэг гар утасны маргаан гарсан бололтой түүнээс болж муудалцаж араас нь хутгалсан гэж сонссон. Би үүнийг бол санаатай дуудаж төлөвлөж үйлдсэн байна гэж бодож байна.. гэсэн мэдүүлэг. /1 хх 22/ шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: Миний дүү хүний гарт амь үрэгдсэнд харамсаж байна. Хавтаст хэргээс харахад амиа алдахаар хэмжээний хүнтэй муудсан зүйл гараагүй байсан. Би 09-нд Бээжин рүү яваад 11-ний өглөө Бээжинд ирэхэд манай охин над руу залгаад та яаралтай ирэх хэрэгтэй байна гэхээр нь тэр оройноо Улаанбаатарт орой 20 цаг 30 минутад буусан. Тэгээд талийгаачийн оршуулгын ажил явдал болсон. Сая дүүгийн охинтой холбоотой сургалтын төлбөр нэхэмжилж байгаа. Манай дүү 3 хүүхэдтэй байсан. Бага насны 2 хүүхэдтэй байгаа. Энэ 2 хүүхдийн тэжээгчээ алдсаны хохирлыг нэхэмжилж байгаа нийт 117.663.613 төгрөг нэхэмжлэнэ. гэсэн мэдүүлэг. Гэрч Ч.Хандсүрэнгээс мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: 2016 оны 03 дугаар сарын 10-ны 17 цагийн үед би гэртээ унтаж байсан. Тэгтэл талийгаач Төрхүү миний утас руу залгаад Хандаа эгчээ ганц юм уумаар байна. Би шартаад байна гэж ярьсан. Би хувцасаа өмсөөд гэрээсээ гарахад Төрхүү манай хашааны үүдэнд ирсэн зогсож байсан. Би 0,5л хэмжээтэй Хараа гэдэг архи аваад хоёулаа дэлгүүрээс гарсан. Тэгтэл Төрхүү хоёулаа Нэргүйгийнд очъё гэж хэлсэн. Би Нэргүйгийнд очихгүй гэж хэлсэн. Бид хоёр гудамжинд архиа уугаад зогсож байтал С хүрч ирсэн. Төрхүү Сүхээ ах ирлээ гээд архинаасаа Ст өгсөн. Тэр архийг гурвуулаа уугаад байж байтал С "Мандах, Нэргүй хоёр намайг дуудсан, би очих гэж байна" гэж хэлсэн. Тэгтэл Төрхүү намайг Хандаа эгчээ хоёулаа цуг явъя гэсэн. Нэргүйн гэрт ороход Монгол стандарт нэртэй дөнгөж задалсан архи ширээн дээр нь байсан. Төрхүү, С бид гурав үлдэгдэл архиа гаргаж Баярмандах, Нэргүй хоёртой хувааж уугаад дараа нь ширээн дээр байсан 0,75л хэмжээтэй архийг уусан. Тэгээд дахин архи авахаар болсон. Төрхүүд 1000 төгрөг байсан. Тэр мөнгийг Баярмандах бид хоёр аваад Алтангэрэл гэдэг хүний дэлгүүрээс 0,75л хэмжээтэй Монгол Стандарт авсан. Тавуулаа хувааж уусан. Нэг мэдэхэд Баярмандах гараад явсан байсан. Би хэзээ гарч явсаныг нь мэдээгүй. Би согтсон байсан. Надтай Нэргүй хэрүүл өдөөд байсан. Тэрэнд нь уурлаад би шаазан аваад шидсэн. Нэг мэдэхэд тумбочик ширээ хоёрын хооронд Төрхүү Сын хоолойг шахсан зогсож байсан. Тэгтэл С түмбочик руу гараа сарвайгаад шүүгээг нь татаж онгойлгоод Төрхүүгийн цээжрүү дүрчихсэн. Тэгээд л би айгаад гараад явсан. Би явж гэррүүгээ орчихоод буцаад эргээд ирсэн. Эргээд ирэхэд Төрхүүг Нэргүйн орны урд талд толгойг нь баруун хойш нь дээш харуулаад хэвтүүлээд хувцасыг нь дээш ярсан байсан. Тэр үед Төрхүүгийн цээжинд нь хутгалагдсан шарх ил харагдаж байсан. Тэгээд би "та нар хүн алчихлаа ш дээ яаж байгаа юм" гээд уйлаад сууж байтал С "наадах чинь өнгөцхөн шарх байгаа удахгүй ухаан орчихно" гэж надад хэлсэн. Тэгээд би гараад явсан. Намайг гарч явж байхад Эрдэнэцэцэг гэдэг хүүхэн тааралдсан. Би шил архи авч Эрдэнэцэцэгтэй хувааж уугаад тасарчихсан. Нэг мэдэхэд цагдаа дээр ирсэн байсан. Батсайхан гэдэг байцаагч намайг Төмөр замын эрүүлжүүлэх рүү аваад очсон. Тэр үед би үлээдэг юмыг нь үлээж чадаагүй, эрүүлжүүлэхийн эмч ийм нүүр амтай хүнийг авахгүй гээд намайг аваагүй. Тэр үед бас Нэргүйг өөр машинаар авч ирсэн байсан. Нэргүйг бас даралт ихтэй гээд аваагүй. /2 хх 5-6/ Н.Нэргүйгээс яллагдагчаар татагдаад мэдүүлсэн: Тэр өдөр С манайд түрүүлээд ороод ирсэн. С манайд урд өдөр нь хоносон байсан. Сын дотор нь муу байгаа байх гэж бодоод надад тал шил архи байхаар нь би Сыг дуудсан байсан. Тэр үед манай гэрт Баярмандах орж ирсэн байсан. Тэгээд Сыг орж ирсэний дараа араас нь Хандсүрэн, Төрхүү хоёр тал шил архи барьчихсан орж ирсэн. Хандсүрэн миний төрсөн өдөр гэж ярьж байсан. Тэр архийг нь хувааж уугаад би нилээн согтсон. Баярмандах, Хандсүрэн хоёр дахин гараад нэг шил архи авч ирсэн гэсэн. Тэр архийг би ууж байгаад дуусгасан дуусгаагүйг мэдэхгүй тасраад унасан байсан. Тэгээд унтаж байхад С намайг татаж сэрээсэн. Тэгээд би босч ирэхэд миний орны урд талд Төрхүү газар хэвтэж байсан. Би Саас "энэ яасан юм" гэж асуухад "би сая наадахыг чинь хутгалчихлаа наадах чинь үхчихлээ чи түргэн болон цагдаа дууд би гэртээ орохгүй" гэж надад хэлсэн. Тэгээд би түргэн, болон цагдаа дуудсан. Түргэн цагдаа ирээд яасан гэж асуухаар нь би алаагүй гээд хэлчихсэн. Би тэр үед согтуу байсан болохоор худал үнэн юм ярьсан юм шиг байна лээ. Намайг босоход цэвэрхэн байсан. Ерөөсөө цус нөж байгаагүй. Футболкийг нь хайчилаад цээж нь ил байсан. Хандсүрэн өөрөө надтай маргалдаад надруу аяга шидсэн гэж байсан. Хагархай аяга миний орны хөлд байсан. Би тасраад согтсон байсан учир тэрийг санахгүй байгаа. Хандсүрэн тэр аягыг хагалсан юм шиг байна лээ. Намайг сэрэхэд Хандсүрэн алчихлаа ш дээ гээд уйлаад сууж байсан. Хандсүрэн цагдаа ирэх үед гарч яваад дахиад архи уучихсан байсан гэсэн мэдүүлэг. /2 хх 20/ Гэрч Ж.Баярмандахаас мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: 2016.03.10-нд 07:00 цаг өнгөрөөгөөд манайхаас 300-аад метрийн зайд байдаг Нэргүй эгчийн хөргөгчнөөс махаа авах гээд очтол Нэргүй эгч гэртээ ганцаараа дөнгөж босоод байж байсан. Нэргүй эгч 0,75 граммын Монгол стандарт нэртэй архийг дөнгөж задлаад дээрээс нь нэг татчихсан байсан, тэр архийг нь хувааж уугаад сууж байтал С ах, Хандсүрэн эгч, талийгаач 3 бас нэг тал архи барьчихсан орж ирсэн. Бид 5 нөгөө архинуудаа хувааж уугаад дууссан. Тэр өдөр Хандсүрэн эгч "өнөөдөр миний төрсөн өдөр болж байна" гээд 10000 төгрөг гаргаад Хандаа эгч бид 2 баруун талын дэлгүүрээс 0,75 граммын монгол стандарт нэртэй нэг шил архи аваад орсон, тэрийгээ задалж уугаад дуулаад байсан, би дээрээс нь 2 татчихаад гэрлүүгээ явсан. 17 цагийн үед би Нэргүй эгчрүү залгатал "Сүхээ Төрөөг хутгалаад алчихлаа" гэж хэлэхээр нь би "цагдаа, эмнэлэг дуудсан уу?" гэтэл "дуудсан чинь ирэхгүй байна" гэж хэлсэн. Би тэгж хэлсэн ч гэсэн тэдний гэрлүү нь очоогүй. Намайг Нэргүй эгчийнд байх хугацаанд С, Төрхүү, Нэргүй, Хандсүрэн нарын хооронд ямар нэгэн маргаан болоогүй. С ахын гар утас алга болсон талаар ерөөсөө яриа болоогүй. Би урьд өдөр нь архи уучихсан байсан учраас нилээн согтчихсон байсан, нөгөөдүүл бас л нилээн согтчихсон байсан гэсэн мэдүүлэг. /1 хх 83-84/ Гэрч М.Чойсүрэнгээс мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: 2016.03.10-ны өдрийн 17 цагийн үед Согоот 10-аас танай хороон дээр хүн нас барсан гэсэн дуудлага өгсөн хаягийн дагуу очиход Согоот 116 чиглэлийн машинт эргүүлийн офицер ахмад Түмэнбаяр, цагдаа жолооч, ахлах ахлагч Нармандах нар ирчихсэн байсан. Түмэнбаяр ахмадаас юу болсон талаар тодруулахад "Нэргүйгийнд хүмүүс архидаад нэгийгээ хутгалчихсан байна" гэж хэлсэн. Нэргүйгийн хашааны үүдэнд тэр хавиар архи уугаад яваад байдаг Хандсүрэн, С, бас нэрийг нь мэдэхгүй нэг эмэгтэй зогсож байсан. Түмэнбаяр "эд нар цуг архидсан юм шиг байна" гэхээр нь би Сыг нь дуудаад юу болсон талаар асуухад "гаднаас орж ирээд газар унтчихсан, нилээн их унтаад байхаар нь сэрээх гээд татахад энгэр нь цус болчихсон байсан, тэгэхээр нь бид нар цагдаа дуудсан, хэнд хутгалуулсныг нь мэдэхгүй" гэж хэлэхээр нь би Сыг гавлаад машиндаа суулгасан. ..Дарга нар надаас "хохирогчийг хэн болохыг орж харсан уу?" гэж асуухаар нь "орж хараагүй байгаа" гэж хэлтэл “хохирогчийг орж хар” гээд орж харахад Төрөө гэдэг тэр хавиар Хандаа авгайтай архи уугаад яваад байдаг залуу байсан. Би бол Нэргүй авгайтай уулзаагүй. Харин Хандсүрэн нилээн согтуу байсан. Намайг Сыг гавлаад машинд суулгах гэж байхад "наад муу алуурчин ш дээ” гэж орилоод гражийн бетон дээр зогсож байгаад урагшаа нэг алхангуутаа нүүрээрээ унаад нүүрээ халцалчихсан. Намайг Төрөөгийн хаяг болон хороогоор явж байгаад буцаад ирэхэд С, Хандсүрэн, Нэргүй нарыг хэлтэс рүү аваад явчихсан байсан гэсэн мэдүүлэг. /1 хх 147-148/ Гэрч Г.Түмэнбаяраас мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: Эргүүлийн үүрэг гүйцэтгэх хугацаанд Согоот 10-аас ЧД-ийн 16-р хороо Согоотын 16-214 тоотод "хутгалуулсан хүн байна" гэсэн дуудлага өгсөний дагуу очиж шалгахад гэрийн эзэн Нэргүй гэх эмэгтэй, С гэх эрэгтэйгийн хамт гэртээ байсан. Хутгалуулсан хүн нь нас барчихсан байдалтай том өрөөний гол хэсэгт дээшээ харчихсан байдалтай хэвтэж байсан. Цогцосны дээгүүрээ өмсчихсөн байсан хувцасыг задгайлчихсан, хутгалуулсан шарх нь ил гарчихсан байдалтай, шархны ойр орчмын цус болон шалан дээгүүрх цусыг арчаад цэвэрлэчихсэн байдалтай байсан. Нэргүй гэх эмэгтэй нь "энэ хүн хүмүүстэй гадаа зодоон хийж байгаад хутгалуулчихлаа гээд ороод ирсэн" гэж хэлсэн. Гаднаас хутгалуулчихсан орж ирсэн юм бол хашаанд нь болон байшингийн үүдэнд цусны толбо байж болзошгүй гэж үзээд байшингаас гарахад гудамжинд 50-60 насны нэг эмэгтэй “миний нөхрийг алчихлаа" гээд уйлаад хашгираад байхаар нь тэр эмэгтэйгээс юу болсон талаар тодруулахад "наад байшинд чинь байгаа эрэгтэй хүн миний нөхөр Төрхүүг хутгалаад алчихлаа" гээд хашгираад байхаар нь С гэгчийг жижүүрийн бүрэлдэхүүнд хүлээлгэн өгчихөөд явсан. Гудамжинд миний нөхрийг алчихлаа гээд хашгираад байсан эмэгтэй нилээн согтуу байсан, харин Нэргүй, С 2 нөгөө эмэгтэйг бодвол гайгүй байсан. Өөрсдийнхөө үйлдлийг хариуцах чадвартай байсан гэсэн мэдүүлэг /1 хх 85-86/. Шүүх эмнэлгийн шинжээчийн 2016 оны 03 сарын 22-ны өдөр ¹507 дугаартай дүгнэлтэнд: Талийгаачийн биед цээжний хөндийг зүүн 3, 4-р хавирганы өвчүүтэй нийлэх хэсгээр нэвтэрч үнхэлцэгийн хөндийг урд дээд хэсгээр нэвтэрч зүрхний зүүн ховдолын урд ханаар ховдол хоорондын таславчийн булчингийн дагуу баруун ховдол ар хана, титэм судасны баруун салааг тасалж, үнхэлцэгийн ар ханыг нэвт хатгаж гэмтээсэн, цээжний зүүн дээд хэсгийн хатгагдаж зүсэгдсэн шарх, цээж үнхэлцэгийн хөндий дэх цус хуралттай, зүрх чихэлдэлт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Талийгаачийн цусанд 4,1 промили спиртийн агууламж илэрсэн ба нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байжээ. Талийгаачийн цус нь 0(1) бүлгийн харъяалалтай байна. Талийгаач нь цээж үнхэлцэгийн хөндий нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн шархны улмаас хурц цус алдаж, үнхэлцэгийн хөндийд цус хуралдсанаар зүрх чихэлдэж нас баржээ. Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. /1 хх 28-29/ Шүүх эмнэлэгийн шинжээчийн /нэмэлт шинжилгээ хийсэн/ 2016 оны 11 сарын 1-ний өдөр ¹1399 дугаартай дүгнэлтэнд: Хавтаст хэргийн материал дахь цогцосны гадна үзлэгийн тэмдэглэл болон цогцост задлан шинжилгээ хийсэн шинжилгээний протоколын гадна үзлэгийн хэсэгт талийгаачийн баруун чихний гадна дэлбээнд зөөлөн эдийн няцрал цус хуралт, зүсэгдсэн шарх бүхий гэмтлийн тухай тэмдэглэгдээгүй байна. Хавтаст хэргийн 9-р хуудасны арын хэсэгт байгаа талийгаачийн таниулах зурагт баруун чих хөхөлбөр өнгөтэй харагдаж байгаа нь хүүрийн толбо байна. Талийгаачийн биед цээжний хөндийг зүүн 3, 4-р хавирганы өвчүүтэй нийлэх хэсгээр нэвтэрч үнхэлцгийн хөндийг урд хэсгээр нэвтэрч зүрхний зүүн ховдолын урд ханаар ховдол хоорондын таславчийн булчингийн дагуу баруун ховдол ар хана, титэм судасны баруун салааг тасалж, үнхэлцгийн ар ханыг нэвт хатгаж гэмтээсэн цээжний зүүн дээд хэсгийн хатгагдаж зүсэгдсэн шарх, цээж, үнхэлцгийн хөндий дэх цус хуралдалт, зүрх чихэлдэлт, бүхий гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна гэсэн дүгнэлт. /2 хх 9-10/ Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шижээчийн 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн ¹2350 /биологийн шинжилгээ хийсэн/ дүгнэлтэнд: Ю.Төрхүү гэж хаягласан цус нь АВО системээр 0/1/ бүлгийн харъяалалтай байна. Дүгнэлт гаргасан: Биологийн шинжээч, цагдаагийн дэд ахлагч Б.Оргил /1 хх 32/ 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдөр ¹2349 /химийн шинжилгээ хийсэн/ Дүгнэлт: Шинжилгээнд ирүүлсэн "507 Төрхүү 40 эр" гэсэн хаягтай цусанд 4,1 промилли, ходоодны шингэнд 4,0 промилли, цөсөнд 4,6 промилли спиртийн агууламж илэрч байна. /1 хх 33/ Шинжээчийн дүгнэлт: 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Дугаар 2003 /мөр судлалын/ /хх-40-41/ Шинжилгээнд ирүүлсэн хувцсанд уранхай, цоорхой гэмтэл гарсан байна. Шинжилгээнд ирүүлсэн хувцасны хар хүрмэнд үүссэн 4см, хар гутланд үүссэн 8см, 2,5см хэмжээтэй уранхай болон гэмтэл татаж чангаах хүчний үйлчлэлээр үүссэн байна. Гутланд үүссэн 8см наалдаасаараа салсан гэмтэл шинээр үүссэн байж болно. Харин бусад уранхай хуучин уранхай байна. хар савхин хүрмэнд үүссэн 2,5x1,7см, ногоон цамцанд үүссэн 65см, 1,7см, саарал цамцанд үүссэн 56см, 2,5см, майканд үүссэн 47,5см, 1,7см хэмжээтэй уранхай хурц иртэй зүйлийн үйлчлэлээр үүссэн шинэ зүсэгдсэн уранхай байна. Дээрх уранхай болон гэмтлүүдийн цаг хугацааг тогтоох боломжгүй. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх сэтгэц эмгэг судлалын 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн ¹296 дүгнэлт: Н.С нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Н.С нь сэтгэцийн хувьд мэдүүлэг өгөх чадвартай байна. Н.С нь хэрэг хариуцах чадвартай байна. 4.Н.С нь хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн ямар нэгэн өвчтэй байсан гэх баримт үгүй байна. /1 хх 49/. Шүүгдэгч Н.Сын иргэний үнэмлэхний лавлагаа /1 хх 70/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1 хх 72/, Сэлэнгэ аймгийн С сумын 7- р багийн засаг даргын тодорхойлолт /хх 74/, гэрэл зургийн үзүүлэлт /хх 8-14, 16-19, 30-31/, өвчний түүх, /хх 27-33/, шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шижээчийн 2016 оны 03 сарын 17-ны өдрийн ¹2349 дугаартай дүгнэлт /1 хх 33/, шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шижээчийн 2016 оны 03 сарын 22-ны өдрийн ¹2002 дугаартай дүгнэлт /1 хх 35/, шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шижээчийн 2016 оны 03 сарын 23-ны өдрийн ¹2003 дугаартай дүгнэлт /1 хх 40-41/, шүүх шинжилгээний .үндэсний хүрээлэнгийн шижээчийн 2016 оны 03 сарын 24-ний өдрийн ¹2497 /1 хх 45/, шүүх сэтгэц эмгэг судлалын 2016 оны 03 сарын 25-ны өдрийн ¹296 дугаартай дүгнэлт /1 хх 47-49/, Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс гаргаж өгсөн хохирлын тооцоо, баримтууд /1 хх 101-125/, Н.Нэргүйгийн сэжигтэн, яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /1 хх 96-98, 169-170, хх2-20/-Д.Төрхүүгээс хүүхдийн тэтгэлэг төлөхөөр шүүхийн шийдвэр гарсан, төлсөн баримт /хх-151/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Чингэлтэй дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Н.Ст Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.15 дахь хэсэгт заасан ял сонсгож яллах дүгнэлт үйлдэн ирүүлжээ. Хэрэгт авагдсан баримт болон шүүх хуралданаар шинжлэн судалсан дээрхи нотлох баримтуудаар 2016 оны 03 сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо Согоотын 16-2-14 тоот гэрч Н.Нэргүйн гэрт шүүгдэгч Н.С, талийгаач Д.Төрхүү, гэрч Ц.Хандсүрэн, Ж.Баярмандах нар 2 шил 0,75 л архи ууж дуусаад дахин архи авахаар нэг нэгнээсээ мөнгө цуглуулсан, шүүгдэгч Н.С өөрт байсан 2000 төгрөгөөс 1000 төгрөг өгсөн бөгөөд талийгаач Д.Төрхүү нь нэмж мөнгө өг гэж уурлан шилэн аяга авч шийдсэн байна. Хагархай аягийг цуглуулж, цэвэрлэж байсан шүүгдэгч Н.Сын хоолойг талийгаач Д.Төрхүү нь багалзуурдан хананд шахаж бооход шүүгдэгч Н.С гал тогооны шүүгээн дээр байсан хар өнгийн иштэй хутгаар Д.Төрхүүгийн цээжин тус газарт нэг удаа хутгалж санаатай алсан байна. Шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр талийгаачийн биед цээжний хөндийг зүүн 3, 4-р хавирганы өвчүүтэй нийлэх хэсгээр нэвтэрч, үнхэлцэгийн хөндийг урд дээд хэсгээр нэвтэрч зүрхний зүүн ховдолын урд ханаар ховдол хоорондын таславчийн булчингийн дагуу баруун ховдол ар хана, титэм судасны баруун салааг тасалж, үнхэлцэгийн ар ханыг нэвт хатгаж гэмтээсэн, цээжний зүүн дээд хэсгийн хатгагдаж зүсэгдсэн шарх, цээж үнхэлцэгийн хөндий дэх цус хуралттай, зүрх чихэлдэлт бүхий гэмтэл тогтоогдсон бөгөөд энэ гэмтлийн улмаас хурц цус алдаж, үнхэлцэгийн хөндийд цус хуралдсанаар зүрх чихэлдэж нас барсан, талийгаач нь хүнд зэргийн согтолттой буюу цусанд нь 4,1 промили спиртийн агууламж илэрсэн байна Дээрхи нөхцөл байдлыг дүгнэж үзвэл хүнийг санаатай алах гэмт хэргийн хүндрүүлэх нөхцөл байдал болох танхайн сэдэлтээр, хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж гэсэн нь үгүйсгэгдэж байна. Учир нь талийгаачийн зүй бус үйлдэл буюу шүүгдэгч рүү мөнгө нэхэж, аяга шидсэн, хоолой, багалзуурыг нь боосон бөгөөд шүүгдэгч Н.Сын үйлдэл нь танхайрах гэмт хэргийн шинжгүй, илтэд бусдыг басамжлан доромжлоогүй, хамт байсан этгээдүүдийг айлган сүрдүүлж түгшээх, жигшил дургүйцэлийг төрүүлэх зэрэг догшин авир гаргаагүй байна. Талийгаач Д.Төрхүүгийн цуснаас авсан шинжилгээгээр 4,1 промилли, ходоодны шингэнд 4,0 промилли, цөсөнд 4,6 промилли спиртийн агууламж илэрсэн бөгөөд талийгаач нь хүнд зэргийн согтолттой гэж шинжээч дүгнэжээ. Тэрээр хүнд зэргийн согтолттой байсан боловч шүүгдэгч мөн адил согтуурсан байсан, бие махбодь болон насны хувьд илт зөрүүтэй бөгөөд талийгаач нь согтуурсаны улмаас биеэ удирдан авч явж чадахгүй болоогүй, ухаан мэдрэлээ алдаж унаагүй байсан бөгөөд хохирогч биеэ хамгаалж чадахгүй байгаа гэдэг нь бие махбодийн болон сэтгэцийн хувьд өөрийгөө хамгаалах, түүнчлэн гэмт этгээдийн үйлдлийн эсрэг идэвхитэй эсэргүүцэл үзүүлж чадахгүй болохыг хэлдэг. Өөрөөр хэлбэл талийгаач Д.Төрхүү нь шүүгдэгч рүү довтолж байгааг биеэ хамгаалж чадахгүй байсан гэж үзэх боломжгүй юм. Иймд прокророос шүүгдэгч Н.Ст Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.15 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж, шүүгдэгч Н.Сыг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хорих ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна. Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүмжлэлийн шатанд шүүгдэгч Н.Сын үйлдэл нь аргагүй хамгаалалтын хүрээнд хийгдсэн байх бололцоотой байна. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. Талийгаач Д.Төрхүү нь шүүгдэгч Н.Сын хоолойг шахаж боосон буюу шүүгдэгчийн амьд явах, халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдаж буй боловч шүүгдэгчийн амь насанд аюултай байдал бий болсон болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоогүй, шүүгдэгч Н.С нь талийгаач Д.Төрхүүгийн довтолгооныг заавал хутгалаж зогсоох шаардлагагүй бөгөөд түлхэх, зайлах гэх мэт довтолгооныг зогсоох, өөрөө холдож явах боломж байсан байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч нь талийгаач Д.Төрхүүг “хутгалахаас өөр аргагүй байдал” үүссэн байна гэж шүүх бүрэлдэхүүн үзсэнгүй. Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн дээрхи хүсэлтийг хүлээж авах боломжгүй байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс талийгаачийг оршуулсан, буюу ажилд зарцуулсан 11.879.113 төгрөг, 2005 оны 12 сарын 23-ны өдөр төрсөн хүү Т.Төгсбаяр, 2008 оны 04 сарын 12-ны өдөр төрсөн охин Т.Сарнай нарт олгох тэтгэлаг болох 49.220.000 төгрөг, сэтгэл санааны хохиролд 50.780.000 төгрөг, охин Т.Анужингийн сургалтын төлбөр 5.784.500 төгрөг буюу нийт 117.663.613 төгрөг нэхэмжилнээс шүүгдэгчийн ар гэр болох охин нь оршуулгийн зардалд гарсан төлбөр 11.900.000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан байна. Харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс нэхэмжилсэн нэхэмжлэлийн бусад шаардлагаа нотлож хэрэгт хавсарган шүүхэд ирүүлээгүй байх тул 105.763.613 төгрөгийн хангахгүй орхиж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь гэм хорын хохирлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдав. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн гэмт хэрэг үйлдсэн зэвсэг болох хар иштэй 1 ширхэг хутгыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, иргэний нэхэмжлэлийг хангах зорилгоор Н.Сын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-1317004683 дугаартай Сэлэнгэ аймгийн С сум дахь Төмөр замын 4-58 тоот 38м2 3 өрөө орон сууцыг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 10 сарын 26-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэв. Учир нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс нотлох баримттай нэхэмжилсэн үндсэн хохирол болох оршуулгийн зардалд гарсан төлбөрийг бүрэн төлж барагдуулсан байна. Шүүгдэгч Н.Сын 2016 оны 03 сарын 10-ны өдрөөс 2016 оны 12 сарын 22-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 287 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцохоор шийдвэрлэлээ. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 122 дугаар зүйлийн 122.1, 246 дугаар зүйлийн 246.2, 283, 287, 296, 297, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь: 1. Шүүгдэгч Цонгоол овогт Намжилдагвын Ст Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.15 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилсүгэй. 2. Шүүгдэгч Н.Сыг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Сыг 10 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй. 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ст оногдуулсан 10 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй. 5. Эрүүгийн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Сын цагдан хоригдсон 287 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай. 6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлйин 88.1.1 88.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар өнгийн иштэй 1 ширхэг хутгыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай. 7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 508.2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Төрбаатарт оршуулгийн зардалд нэхэмжилсэн 11.900.000 төгрөгийг шүүгдэгч Н.С төлж барагдуулсан болохыг дурдаж, нэхэмжлэлээс 105.763.613 төгрөгийн хангахгүй орхиж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь гэм хорын хохирлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай. 8. Мөрдөн байцаагчийн 2016 оны 10 сарын 26-ны өдрийн Н.Сын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-1317004683 дугаартай Сэлэнгэ аймгийн С сум дахь Төмөр замын 4-58 тоот 38м2 3өрөө орон сууцыг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгосугай. 9. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосоноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай. 10. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Н.Ст авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, тогтоол хүчин төгөлдөр болмогч хүчингүй болгосугай. ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР

ШҮҮГЧИД Г.БУЯННЭМЭХ

Н.БАЯРМАА