Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 2969

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

            Нэхэмжлэгч: У.О-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: О.Ж-д холбогдох,

Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, гэрчилгээнд бүртгэл хийлгэхийг даалгах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Баянзүрх дүүрэг, 19 дүгээр хороо, 4 дүгээр  хотхоны 3-54 тоот орон сууцыг У.Оийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.    

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч У.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Амгаланбаатар, хариуцагч О.Ж, хариуцагчийн өмгөөлөгч Д.Нармандах, гэрч Ж.Сарантуяа, Ц.Болдбаатар, нарийн бичгийн дарга Ж.Мөнхжаргал нар оролцов. 

 

              ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч У.О шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...У.О би анх “Шуурхай зар” сонины 2010 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн дугаарт нийтлэгдсэн Баянзүрх дүүрэг, 19-р хороо, 4-р хотхон, 3-54 тоот 29 м.кв 2 өрөө байрыг зарна гэсэн зарын дагуу Оргой овогт Жавзмаатай 9525-4753, 9665-4753 гэсэн дугаартай утсаар холбогдож аман гэрээ байгуулсны үндсэн дээр тус байрыг худалдаж авахаар тохиролцсон. Уг орон сууц нь тухайн худалдаж авах үед буюу 2010 оны байдлаар хувьчлагдаагүй, орон сууц эзэмших эрхийн гэрчилгээтэй байсан. Гэрчилгээн дээр хувьчлагдсан сууцыг хувь тэнцүүгээр дундаа хамтран эзэмших эрхтэй гэр бүлийн гишүүдийн бүртгэлд Б.Бямбадорж, А.Лхавгажав, О.Ж нарын нэр бичигдсэн байсан бөгөөд О.Ж нь уг байр миний өөрийн байр хэмээн тохиролцсон ёсoop 2010 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 25,500,000 төгрөгийг хүлээлгэж өгсөн тухай нотариат дээр хамт очиж баталгаажуулан О.Жд хүлээлгэж өгсөн. Тухайн үеэс буюу 2010 оны 08 дугаар сараас хойш миний бие У.О “тухайн байранд өнөөдрийг хүртэл гэр бүлийн хамт амьдарч байна. Бидний амьдарч байгаа уг байр 2014 оны 06 дугаар сард хувьчлалын асуудал бүрэн шийдэгдэж орон сууцыг өөрийн нэр дээр шилжүүлэхийг хүссэн боловч О.Ж нь орон сууцыг худалдах үед хувьчлагдаагүй байсан, одоо хувьчлагдаж үнэ ханш нь өссөн учраас зөрүү мөнгө 8.000.000 төгрөг өг гэж дарамталж байна. Бид уг байрыг худалдах худалдан авах гэрээ байгуулаагүй боловч тухайн үед аман гэрээ хийж тохиролцсоны үндсэн дээр нотариатаар дамжуулан мөнгөө төлж, эзэмших эрхийн гэрчилгээг баталгаа болгон авсан. Иймд Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг, 19-р хороо, 4-р хотхоны 3-54 тоот 29 м.кв 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр У.О хэмээн тогтоож, гэрчилгээнд бүртгүүлэхийг даалгаж өгнө үү.

Гэрчилгээнд бүртгүүлэхийг даалгах гэсэн шаардлагаасаа татгалзаж байна. Би мөнгөө зээлэх, байрыг түрээслэх талаар ямар ч яриа болоогүй ба У.О миний бие 2010 оны 8 сард иргэн О.Жгаас Баянзүрх дүүрэг, 19 дүгээр хороо, 4 дүгээр хотхоны 3-54 тоот 29 м.кв 2 өрөө орон сууцыг худалдаж авсан ...” гэв.

Хариуцагч О.Ж шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “...Нэхэмжлэгч У.О нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ Баянзүрх дүүрэг, 19-р хороо, 3-54 тоотын 29 м.кв 2 өрөө орон сууцыг худалдаж авахаар тохиролцсон гэжээ. Энэ нь огт худлаа зүйл бөгөөд бид нар У.Отэй орон сууц худалдах, худалдан авах тохиролцоо огт хийгээгүй болно. Тухайн үед миний бие уг орон сууцыг зарах зорилготой шуурхай Зар сонинд зар өгсөн нь үнэн. Тэр үед уг орон сууц нь хувьчлагдаагүй, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгэгдээгүй байсан учир бусдад худалдах боломжгүй болсон. Иймд бэлэн мөнгөний шаардлага байсан учир бусдаас мөнгө зээлж уг орон сууцанд түрээсээр суулгахаар шийдвэрлэсэн. Энэ үед иргэн Т.Оюунцэцэг нь бид нартай ирж уулзсан бөгөөд талууд харилцан амаар тохиролцож, Т.Оюунцэцэгээс 25.000.000 төгрөгийн зээл, урт хугацааны буюу 5 жилийн хугацаатай авахаар болсон. Харин уг зээлийг буцааж өгөхдөө түрээсийн төлбөрийг хасаж, тухайлбал 1 сарын 300.000 төгрөгөөр тооцож /тухайн үед 2 өрөө байрны түрээсийн үнэ 300.000-500.000 төгрөг/ тооцоо нийлэхээр тохиролцсон болно. Тухайн үед 2 өрөө орон сууц Улаан-Хуаран хороололд дор хаяж 55 сая төгрөгөөс дээш зах зээлийн үнэтэй байсныг бүгд мэдэж байгаа.

Ийм үнэлгээтэй орон сууцыг 25.000.000 төгрөг буюу 2-3 дахин бага үнээр зарна гэж огт байхгүй. Энэ нөхцөл байдлаас харахад У.О нь худал хэлж байгаа гэдгийг хэн ч мэдэх боломжтой. Энэ тооцоог бодож үзвэл түрээсээр суусан нийт төлбөр өнгөрсөн 6 жил 9 сарын хугацаанд 23.100.000 төгрөг болсон байна. Иймд Г.Оюунцэцэг нарт өнөөдрийн байдлаар төлөх төлбөр нь 2.400.000 төгрөг байна. Энэ мөнгийг бидний зүгээс өгөхөд бэлэн байгаа бөгөөд харин тэд нар байр чөлөөлж өгөхгүй байна. У.О нь манай орон сууцанд өдий хүртэл түрээсээр сууж байгаа гэдгийг нотлох нөхцөл байдал байна. Уг асуудлыг манай байрны СӨХ-ийн дарга н.Сарантуяа сайн мэдэж байгаа бөгөөд мэдэж буй асуудлаар шүүхэд мэдүүлэг өгөхөд бэлэн байгаа тухайгаа бид нарт мэдэгдсэн. У.О нь СӨХ-ны мөнгийг нэг ч удаа төлж байгаагүй, энэ шалтгаанаа СӨХ-ийн даргад хэлэхдээ "энэ байр бидний байр биш, хувьчлалын асуудал шийдвэрлэх зардал зэрэгт мөнгө гаргах ёстой хүмүүс биш, бидэнд байр хувьчлагдах асуудал огт хамаагүй, эздэд нь хэл, бид зөвхөн түрээсээр амьдарч байгаа хүмүүс” гэдэг байсан байна. Бидний зүгээс У.О нарт удаа дараа байр чөлөөлж өг, та нар бүхэл бүтэн 6 жил гаруй хугацаанд суулаа, сарын 300.000 төгрөгөөр тохирсон тооцоогоор бол орон сууцнаас гарах цаг нь болсон, бид өөрсдөө сарын 450.000 төгрөгийн түрээсийн байранд суугаад удаж байна гэж шаардлага тавьсан. Нөхцөл байдал бишдээд ирэхлээр У.О нар орон сууц чөлөөлж өгөхгүй гэж башир арга бодож, биднээс урьтаж бодит бус үндэслэлээр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь тодорхой байна. Нэхэмжлэл гаргах үндэслэлээ бидэнд 25.500.000 төгрөг зээлээр олгосон баримт дээр тулгуурлаж бичжээ. Энэ баримт нь бидэнд зөвхөн 25.500.000 төгрөгийг өгснийг гэрчлэх баримт болохоос тэд нарын хэлж байгаа шиг орон сууц худалдсан нотлох баримт огт биш. Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт заасны дагуу үл хөдлөх хөрөнгийг худалдахад бичгээр гэрээ байгуулж, нотариатаар гэрчлүүлэх ёстой. Энэ утгаар орон сууц худалдсан үйлдэл биш юм. Дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгч У.Оийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна ...” гэв.

Хариуцагч О.Ж шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа: “...Миний бие өмчлөх эрхийн цэнхэр гэрчилгээтэй, тухайн үед хувьчлагдаагүй байсан Баянзүрх дүүрэг, 19 дүгээр хороо, 3-54 тоот хаягт байрлах 29 м.кв талбайтай, тусдаа гал тогоотой 2 өрөө орон орон сууцаа 5 жилийн хугацаатай, сарын 300.000 төгрөгөөр түрээслүүлэхээр тохиролцсон.  Тухайн үед Улаанхуаран хороололд 2 өрөө орон сууц хамгийн багадаа 55 сая төгрөгөөс дээш зах зээлийн үнэтэй байсан. Ийм үнэтэй орон сууцыг 25 сая төгрөгөөр буюу 2 дахин бага үнээр ямар ч хүн зарахгүй нь ойлгомжтой юм. Орон сууц түрээслүүлснээс хойш 6 жил 9 сарын хугацаа өнгөрсөн байна. Энэ хугацааны түрээсийн төлбөр 23.100.000 төгрөг болж байгаа юм. Энэ мөнгийг миний зүгээс өгөхөд бэлэн байгаа бөгөөд харин У.О нь миний орон сууцыг чөлөөлж өгөхгүй байгаа юм. Би өөрийн өмчлөлийн орон сууцыг зарах, захиран зарцуулах нь хууль зүйн хувьд боломжгүй байсан юм.

1. Орон сууц хувьчлагдаагүй байсан.

2. Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт заасны дагуу үл хөдлөх хөрөнгийг худалдахад бичгээр гэрээ байгуулж, нотариатаар гэрчлүүлэх ёстой.

3. Орон сууцыг зарах тухай амаар тохиролцоогүй, бичгээр гэрээ байгуулагдаагүй, нотариатаар гэрээ гэрчлэгдээгүй, улсын бүртгэлд бүртгэгдээгүй байна. Иймд иргэний хуулийн 106 дугаар зүйлд заасны дагуу У.Оийн хууль бус эзэмшлээс миний өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 19 дүгээр хороо, 3-54 тоот хаягт байрлах 29 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг албадан чөлөөлүүлж өгнө үү...”гэв.

Нэхэмжлэгч У.О сөрөг нэхэмжлэлийн талаар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... О.Жгийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн тухайд нэхэмжлэгч нь ямарч үндэслэлгүй худал зүйлийг дурдан сөрөг нэхэмжлэл гаргасан байна. Бид мөнгө зээлэх зээлдүүлэх, түрээслүүлэх түрээслэх ямарч яриа болоогүй ба У.О миний бие 2010 оны 8 сард иргэн О.Жгаас Баянзүрх дүүрэг, 19 дүгээр хороо, 4 дүгээр хотхоны 3-54 тоот 29 м.кв 2 өрөө орон сууцыг худалдаж авсан. Тухайн үед уг орон сууц нь хувьчлагдаагүй байсан учир хувьчлагдахаар гэрээгээ албан ёсны болгоод бичиг баримтыг шилжүүлж өгнө гэж тохиролцсон байсан. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

Шүүх хуралдаанаар зохигчийн гаргасан тайлбар, гэрчийн мэдүүлэг, хэрэгт авагдсан бичмэл баримтуудыг шинжлэн хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч У.О хариуцагч О.Жд холбогдуулан “орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, гэрчилгээнд бүртгэл хийлгэхийг даалгах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

            Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч “орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох” шаардлагаа дэмжиж “гэрчилгээнд бүртгэл хийлгэхийг даалгах” тухай шаардлагаасаа татгалзаж байна.

            Хариуцагч тал “худалдах, худалдан авах гэрээг бичгээр байгуулаагүй, орон сууцыг худалдаагүй, түрээсэлсэн, мөнгийг зээлж авсан” гэх үндэслэл зааж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

            Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

О.Ж Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, 4 дүгээр хотхон 3 дугаар байрны, 54 тоот орон сууцыг Нийслэлийн орон сууц хувьчлах товчооны 2004 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн тогтоолоор Б.Бямбадорж, А.Лхагважав нарын хамт өмчлөх эрхтэй байсан болох нь зохигчийн тайлбар, 0104932 дугаартай гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.

Дээрх орон сууцны өмчлөгч Б.Бямбадорж 2007 оны 6 сарын 27-ны өдөр, А.Лхагважав 2005 оны 9 сарын 1-ний өдөр тус тус нас барсан байна. /хх-34-35/

Б.Бямбадорж, А.Лхагважав нар нас барснаар уг байрыг О.Ж өмчлөх эрхтэй болох нь хариуцагч О.Жгийн тайлбараар тогтоогдож байна.

О.Ж У.О нарын хооронд худалдах, худалдан авах гэрээ бичгээр байгуулагдаагүй боловч О.Ж Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, 4 дүгээр хотхон 3 дугаар байрны, 54 тоот орон сууцаа худалдах хүсэл зоригоо Шуурхай зар сониноор дамжуулан илэрхийлж У.От 2010 оны 8 дугаар сарын 10-ны өдөр 25,000,000 төгрөгөөр худалдсан болох нь нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбар, шуурхай зар сонины 2017.03.14-ний өдрийн 2/152 дугаартай зарын тодорхойлолт, мөнгө хүлээлцсэн хэлцэл, гэрч Д.Дуламсүрэн, Ц.Болдбаатар нарын мэдүүлэг, хэргийн үйл баримтаар тогтоогдож байна.

У.О байрны үнэд 25,000,000 төгрөг, гал тогооны тавилганы үнэд 500,000 төгрөг, нийт 25,500,000 төгрөгийг хүлээлгэн өгсөн гэж тайлбарлахад хариуцагч О.Ж 25,500,000 төгрөгийг хүлээн авсан талаар болон гал тогооны тавилгыг худалдсан үнэд 500,000 төгрөг авсан гэж хүлээн зөвшөөрч байна.

Хариуцагч тал ... худалдаагүй, түрээсэлсэн, мөнгө зээлж суулгасан ... гэж тайлбарлаж байх боловч уг орон сууцыг түрээслэсэн, мөнгийг зээлсэн гэсэн нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

У.О 25,000,000 төгрөгийг зээлэх, уг орон сууцыг түрээслэн суух хүсэл зоригтой байсан болох нь тогтоогдохгүй, О.Жгийн ... ломбардад ажиллаж байгаад өрөнд ороод байраа зарахаар зар өгсөн... гэх тайлбараар няцаагдаж байна.

Нэхэмжлэгч У.Оийн ... орон сууцаа худалдсаны баталгаа болгож 0104932 тоот гэрчилгээг эх хувиар нь надад өгсөн, хувьчлалын асуудал шийдэгдэхээр миний нэр дээр болгож өгнө гэж хэлсэн... гэх тайлбар нь үндэслэлтэй байх ба хэрэв О.Ж байраа худалдаагүй бол уг орон сууцыг өмчлөх үндэс болсон гэрчилгээгээ У.От өгөх шаардлагагүй, У.О гал тогооны тавилгыг нь 500,000 төгрөгөөр худалдан авах шаардлагагүй байжээ.

Мөн хариуцагч О.Жгийн ... тухайн үед уг орон сууц 55 сая төгрөгөөс дээш байсан... гэх тайлбар нь нэхэмжлэгч талаас хэрэгт өгсөн Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн 2017 оны 6 сарын 13-ны өдрийн 341 дугаартай хөрөнгө үнэлсэн тухай тайлангаар няцаагдаж байна.

Дээр дурдсанаас дүгнэвэл О.Ж У.О нарын хооронд Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, 4 дүгээр хотхон 3 дугаар байрны, 54 тоот орон сууцыг худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан, худалдан авагч У.О төлбөр төлөх үүргээ биелүүлсэн, худалдагч О.Ж уг орон сууцыг худалдан авагчийн эзэмшилд шилжүүлсэн боловч өмчлөх эрхийг У.Оийн нэр дээр шилжүүлж өгөх үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд У.Оийг Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, 4 дүгээр хотхон 3 дугаар байрны, 54 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

Нэхэмжлэгч У.О маргаж буй орон сууцыг 25,000,000 төгрөгөөр худалдаж авсан байх тул улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 212,750 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй.

            Сөрөг нэхэмжлэлийн талаар

Хариуцагч О.Ж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч У.Оийн хууль бус эзэмшлээс Баянзүрх дүүрэг, 19 дүгээр хороо, 3-54 тоот хаягт байрлах 29 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг албадан чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба нэхэмжлэлийн үндэслэлээ ... хувьчлагдаагүй байсан учир байраа худалдах боломжгүй байсан, амаар худалдахаар тохироогүй, гэрээг нотариатаар батлуулаагүй, улсын бүртгэлд бүртгэгдээгүй... гэж тайлбарлаж байна.

У.О “орон сууцыг 2010 оны 8 сард худалдан авч одоог хүртэл эзэмшиж байна. Хэрэв худалдаагүй бол шүүхэд нэхэмжлэл гаргах байсан. Би өөрийн байраа худалдаад уг орон сууцыг зарын дагуу очиж үзээд О.Жтай тохиролцон худалдаж авсан. Мөнгө зээлээгүй, байрыг түрээслээгүй” гэх үндэслэл зааж сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

О.Жг У.От 2010 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүрэг, 19 дүгээр хороо, 3-54 тоот хаягт байрлах 29 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцаа 25,000,000 төгрөгөөр худалдсан үндэслэлээр У.Оийг уг орон сууцны өмчлөгчөөр тогтоож шийдвэрлэсэн тул О.Жгийн “У.Оийн хууль бус эзэмшлээс Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, 4 дүгээр хотхон 3 дугаар байрны, 54 тоот орон сууцыг албадан чөлөөлүүлэх” тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

О.Ж “У.Оийн гар дээр байгаа О.Ж, А.Лхагважав, Б.Бямбадорж нарын эзэмшлийн орон сууц өмчлөх эрхийн цэнхэр гэрчилгээг шүүхийн журмаар албадан гаргуулах” гэсэн шаардлагадаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй бөгөөд уг шаардлагаасаа татгалзсан болохыг дурдаж байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан У.Оийг Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, 4 дүгээр хотхон 3 дугаар байрны, 54 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоосугай.

2. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан У.Оийн хууль бус эзэмшлээс Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, 4 дүгээр хотхон 3 дугаар байрны, 54 тоот орон сууцыг албадан чөлөөлүүлэх тухай О.Жгийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс төлсөн 70,200 төгрөг, хариуцагчаас төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч У.Оээс 212,750 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж, хариуцагч О.Жгаас 282,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч У.От олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Д.БАТЦЭЦЭГ