Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 2196

 

Э.Н нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Н.Батзориг, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 104/ШШ2017/00278 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Э.Н нэхэмжлэлтэй

Хариуцагч: “Ч Н” ОНӨААТҮГ-т холбогдох

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай үндсэн нэхэмжлэлтэй, 2 736 185 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Эрдэнэбулган нар оролцов.

 

Нэхэмжлэгч Э.Н шүүхэд гаргасан нэхэмжлэл болон сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбарт: Миний бие 2016 оны 12 сарын 05-ны өдөр тус байгууллагад эдийн засагчаар  хөдөлмөрийн гэрээ байгуулан  орсон. Сахилгын шийтгэл авагдаж байгаагүй, жилийн эцсийн тайлан мэдээ мөн сар бүр өгдөг тайлан мэдээг цаг хугацаанд нь өгч ирсэн. Жирэмсэн  намайг хууль зөрчин шийдвэр гаргаж ажлаас халсан учир ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгон, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны  цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж баталгаажилт хийлгэж өгнө үү. Сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Ажиллаж байх хугацаандаа сургалтад хамрагдаж, үнэ тарифын тооцоо судалгаагаа цаг тухайд нь хийж байсан. 2017 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс 2017 оны 03 дугаар сарын 26-ны өдрүүдэд “Хот суурины ус хангамж ариутгах татуургын ашиглалт үйлчилгээг зохицуулах зөвлөл”-өөс сургалт явуулсан. Уг сургалтанд сууж байх явцдаа “Хот суурины ус хангамж ариутгах татуургын ашиглалт үйлчилгээг зохицуулах зөвлөл”-ийн үнэ тарифын албаны дарга Гэрэлчулуунд “Манай тооцоо судалгаа буруу байсан байна. Би сургалтнаасаа чөлөө аваад очиж тооцоо судалгаагаа хийж дуусгая” гэж хэлсэн. Гэтэл Гэрэлчулуун дарга “Танай байгууллага 2017 оны 4 дүгээр сард үнэ тарифаа нэмэгдүүлэх боломжгүй. Танай байгууллагын бохир ус татан зайлуулах үнэ тариф батлагдаагүй тарифаар явж байгаа учир эхлээд бохир усны үнэ тариф орно. Цэвэр усны тариф 2017 оны 6 дугаар сард орно. Тийм болохоор хоёр өдрийнхөө сургалтад бүрэн суугаад дараа нь тайлан мэдээгээ засаад дахин явуулж болно” гэж хэлсэн. Үүний дагуу ерөнхий нягтлан бодогч Алимаад хэлэхэд “Чи ерөөсөө хийж чадахгүй байна. Бид хотоос туршлагатай эдийн засагч авчирч хийлгэнэ” гэсэн. Намайг ажиллуулахаас татгалзсан.   Хэдийгээр би тооцоо судалгааг гаргасан ч гэсэн Ерөнхий нягтлан болон захирал Чулуунбат нар гарын үсэг зурсны дагуу тайлан мэдээгээ хүргэж өгсөн гэжээ.

 Хариуцагч “Ч Н” ОНӨААТҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, сөрөг нэхэмжлэлдээ: Цэвэр, бохир усны үнэ тарифыг “Хот суурины ус хангамж ариутгах татуургын ашиглалт үйлчилгээг зохицуулах зөвлөл” баталдаг. Манай байгууллага дээр 2014 оны 6 дугаар сарын 23-ны өдөр үнэ тариф батлагдаж ирсэн. Үүнээс хойш манай үнэ тариф өөрчлөгдөөгүй. 2016 онд байгууллагын удирдлага солигдож, цэвэр, бохир усны үнэ тарифыг нэмэгдүүлэх ажил байгууллагын нэн тэргүүнд хийх ёстой ажлын нэг гэж үзэж 2016 оны 12 дугаар сард эдийн засагчийн албан тушаалд сонгон шалгаруулалт явуулж, 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн захирлын Б/238 тоот тушаалаар Э.Н туршилтын хугацаатайгаар ажилд авсан. Цэвэр, бохир усны үнэ тарифыг нэмэгдүүлэх ажил нь эдийн засагчийн гол хийх ёстой хариуцлагатай ажил учир 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдөр шинээр ажилд орсон эдийн засагчийг сургалтад хамруулж байгууллагаас томилолт, зардал, төлбөрийг төлсөн. Гэтэл эдийн засагч Э.Н нь “Хот суурины ус хангамж ариутгах татуургын ашиглалт үйлчилгээг зохицуулах зөвлөл”-өөс 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдөр цэвэр, бохир усны үйлчилгээний тарифын санал, холбогдох тооцоо судалгааг 2017 оны 03 дугаар сарын 20-ны дотор ирүүлэхийг мэдэгдсэн 01/99 дугаартай албан бичигт дурдагдсан ажлыг хугацаанд нь хийлгүй ажил цалгардуулсан. Мөн удирдлагаас өгсөн хариуцлагатай үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй учир байгууллагын удирдлага 2017 оны 03 дугаар сарын 09-ны өдөр захирлын Б/58 тоот тушаалаар сануулах арга хэмжээ авч, инженер, техникийн ажилчдыг яаралтай цуглуулан Э.Н хийх ёстой ажлыг цаг алдалгүйгээр амралтын өдрүүдээр хийлгэж, 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдөр “Хот суурины ус хангамж ариутгах татуургын ашиглалт үйлчилгээг зохицуулах зөвлөл”-ийн албан бичгийн хариуг өгсөн. Гэтэл эдийн засагч Э.Н нь дахин ажилдаа хариуцлагагүй, хайнга хандан үйлчилгээний тариф шинэчлэх тооцоо судалгаанд Налайх дүүргийн 5 дугаар хорооны уурын зуухны нүүрсний санхүүжилтийг цэвэр, бохир усны орлого болгон алдаатай шивж, 14 хоногийн амралтын өдрүүдээр хийсэн бүх ажлыг үр дүнгүй болгосон. Хэрэв Э.Н ажилдаа хариуцлагатай хандсан бол манай байгууллага 2017 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн нэмэгдүүлэн баталсан үнээр үйлчилгээ үзүүлж эхлэх байсан. Өөрөө хэлбэл байгууллага  ашигтай  ажиллах байсан. Үүнээс болж 2017 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс өмнөх байдлаар 126 215 000 төгрөгийн хохирол учирсан. Э.Н 4 сар хийж чадаагүй ажлыг хийлгэхээр эдийн засагч З.Алтанцэцэгийг 2017 оны 4 дүгээр сараас гэрээгээр ажиллуулсан. 2017 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн захирлын зөвлөлийн хурлаар Э.Нарантуяаг байлцуулан 2017 оны 4 дүгээр сарын 30-ны өдрөөр тасалбар болгон хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 Шүүх: Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 128.1.5, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан “Ч Н” ОНӨААТҮГ-т холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх, дутуу олгосон цалин 40.000 /дөчин мянга/ төгрөг гаргуулах тухай Э.Н  нэхэмжлэлийг, Э.Н холбогдох цалин 2.736.185 /хоёр сая долоон зуун гучин зургаан мянга нэг зуун наян тав/ төгрөг гаргуулах тухай “Ч Н” ОНӨААТҮГ-ын сөрөг нэхэмжлэлийг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Нэхэмжлэгч Э.Н нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын төсвийн данснаас гаргуулж буцаан олгон, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар 7.1.1-д зааснаар хариуцагч “Ч Н” ОНӨААТҮГ-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 58.730 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Э.Н давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож буй тушаалд баримталсан Хөдөлмөрийн хуулийн зохих зүйл заалт нь ажилтны гаргасан сахилгын зөрчил, ажлаас халсан үндэслэлтэй шууд хамааралтай байх ёстой. Гэтэл Ч Н ОНӨААТҮГ-ын захирлын 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн Б/91 тоот тушаалд ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлаж Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 заасан үндэслэлээр ажлаас чөлөөлсөн. Хөдөлмөрийн гэрээний 10 дугаар зүйлийн 10.1, 11 дүгээр зүйлийн 11.2, 12 дугаар зүйлийн 12.2.2 дахь хэсгүүд нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан "ноцтой зөрчил"-д дараахь зөрчлийг ойлгоно гэж заасныг тушаалын үндэслэл болгосон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасантай нийцээгүй. Ажилтныг үүрэгжүүлсэн заалт нь ажилтныг ажлаас халах, хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэж үзэж гэрээг цуцлах үндэслэл болохгүй юм. Мөн 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 6/58 дугаар тушаалаар хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргасан буюу "удирдлагаас өгсөн үүрэг даалгаварыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүй" гэсэн үндэслэлээр сахилгын хариуцлага ногдуулахдаа өөрийн үзэмжээр сахилгын шийтгэл оногдуулсан.

Зохицуулах зөвлөлд үйлчилгээний тарифын санал холбогдох тооцоог ирүүлэхийг хүссэн  2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн огноотой бичиг 3 сард ирж тооцоо судалгааг боловсруулан, ерөнхий нягтлан бодогч, захирлаар хянуулан баталгаажуулж 3 дугаар сарын 23-нд хүргүүлсэн ч зохицуулах зөвлөлөөс 2017 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 01/135 дугаар албан бичигт "үйлчилгээний тариф шинэчлэх саналыг хянахад тооцоо судалгаа алдаатай" тухай бичиг ирүүлсэн байхад тухайн үндэслэлээр буюу "нэн чухал үүрэг даалгаварыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр цаг хугацаа алдагдуулж биелүүлээгүй" гэж, 2017 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн захиралын зөвлөлийн хурлын тэмдэглэлд "сануулах сахилгын шийтгэл" оногдуулсан талаар нэг ч үг өгүүлбэр байхгүй, энэ талаар яригдаагүй зэргээс үзэхэд 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдөр сахилгын шийтгэл ногдуулсан нь зөрчил гараагүй байхад урьдчилан арга хэмжээ авсан, эсхүл нөхөн тушаал гаргасан гэж үзэхээр үйл баримтын хувьд зөрүүтэй болох нь нотлогдоно. Шүүх хуралдааны тэмдэглэлд хариуцагчаас /хх-78/ талд "Даргалагчаас: Яагаад 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдөр сахилагын шийтгэл оногдуулсан, ямар зөрчил дутагдал гаргасан талаар тодруулахад шийтгэлийн үндэслэл, гаргасан зөрчлийн талаар мэдэхгүй байсан.

Ажилтны хувьд 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 6/58 дугаар сахилгын шийтгэл ногдуулж, танилцуулснаар Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.1-д заасан үндэслэлээр авсан шийтгэл шийдвэрийн талаар мэдэх, танилцах, хариу тайлбар, гомдол гаргах эрхийг түүнд олгох зэрэгтэй холбоотой юм. Шүүхийн хэлэлцүүлэг эхлэхээс өмнө нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, нэхэмжлэлийн үндэслэлээ нотлох баримтууд болох цалингийн тодорхойлолт, гарт олгох хуудас, байгууллагаас миний цалин шилжүүлсэн дансны хуулга зэргийг нотлох баримтын шаардлага   ханган   гаргасан   байтал   нэмэгдүүлсэн   шаардлагыг   хэрэгсэхгүй болгосон.

Ажил олгогч анх хөдөлмөрийн гэрээг надтай байгуулахдаа 2017 оны 11 дүгээр cap хүртэл гэрээ хийж байсан атлаа нотлох баримтаар гаргаж өгсөн гэрээг засварлаж 2017 оны 05 дугаар cap гэж хугацааны хувьд өөрчилсөн. Хуульд туршилтын хугацааг 3 сараас илүүгүй байхаар тусгасан тул би тухайн ажил албан тушаалд байнгын ажилтан болсон гэж ойлгосон. Анх хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэй байтал хувийг өгөөгүй. Шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй боловч нотлох баримтыг хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүйг зөвтгөн шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой байна.

 

Нэхэмжлэгч Э.Н нь хариуцагч Ч Н ОНӨААТҮГ-т холбогдуулан эдийн засагчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхээр шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч сахилгын зөрчлийг давтан гаргасан гэж маргасан ба цалин хөлс 2 736 185 төгрөгийг буцаан гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ. 

 

Э.Н нь хариуцагч Ч Н ОНӨААТҮГ-ийн захирлын 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн Б/258 дугаар тушаалаар  эдийн засагчаар томилогдон  ажиллаж байгаад ажил олгогчийн 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн Б/91 тоот тушаалаар сахилгын зөрчлийг давтан гаргасан гэх үндэслэлээр мөн өдрөөр туршилтын хугацааг дуусгавар болгон ажлаас халагджээ.  /хх-ийн 6, 7, 8, 9-10/

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан “ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан” гэдэгт хөдөлмөрийн сахилгын зөрчлийг 2 буюу түүнээс дээш удаа гаргасан байхыг ойлгох бөгөөд зөрчил бүр тус тусдаа тогтоогдсон байх шаардлагатай юм.

Хариуцагчийн  шүүхэд нотлох баримтаар гаргасан 2017 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн захирлын зөвлөлийн хурлын тэмдэглэлд “ ..,манай усны үнийг 2 сарын 01-ний дотор материалаа явуулбал шийдээд өгнө гэсэн. Гэтэл одоо 4 сарын 01-ний өдөр болж байна. Гэтэл Э.Н хамаг тооцоо, тоо нь зөрөөд байгаа учир танилцуулгаа явуулж болохгүй байна. Энэ асуудлыг 3 сарын эхээр ярих ёстой байсан” гэж заасныг ажил олгогчийн 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн Б/58 тушаалд “..,Э.Н нь байгууллагын үйл ажиллагааг тогтвортой явуулахад нэн шаардлагатай  чухал үүрэг даалгаврыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр цаг хугацаа алдагдуулж биелүүлээгүй” гэсэнтэй харьцуулан үзэхэд ажилтаны гаргасан гэх сахилгын зөрчил тодорхой бус байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2, 131.3 дах хэсэт сахилгын зөрчил гаргаснаас хойш зургаан сар, илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна, сахилгын нэг зөрчилд сахилгын шийтгэлийн хэлбэрүүдийг давхардуулан ногдуулж болохгүй талаар заажээ. Ажилтны гаргасан гэх сахилгын зөрчил нотлогдоогүй, тодорхой бус буюу хэдийд, ямар зөрчил гаргасан нь тодорхой бус, сахилгын сануулах шийтгэл ногдуулсан гэх 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн тушаалд заасан зөрчлийг хэдийд гаргасан, илрүүлсэн зэрэг нөхцөл байдал нотлогдоогүй байна.

Нэхэмжлэгч Э.Н удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг хугацаанд нь чанартай биелүүлдэггүй, сахилгын зөрчлийг давтан гаргасан гэх үндэслэлээр 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдөр ажлаас чөлөөлөх саналыг гаргасан хэдий ч нэхэмжлэгчийг хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заасан ноцтой зөрчил, эсхүл сахилгын давтан зөрчил гаргасан болох нь хэргийн баримтаар тогтоогдохгүй байх тул хариуцагчийн Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д заасныг үндэслэн ажлаас халсан 2017 оны 5 сарын 01-ний өдрийн Б/91 дугаар тушаал үндэслэлгүй байна.

Түүнчлэн нэхэмжлэгчийн шүүх хуралдаан дээр хэрэг хэлэлцэж эхэлснээс хойш  амаар гаргасан “..,дутуу олгосон цалин 40 000 төгрөгийн гаргуулна гэх” тайлбарыг бие даасан нэхэмжлэлийн шаардлага гэж үзэж шийдвэрлэх боломжгүй байхад дутуу олгосон цалин 40 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүх шийдвэрлэсэн нь буруу юм.

 

Ажилтан Э.Н 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдөр ажлаас чөлөөлөх тушаал гарч ажилтан 2017 оны 6 дугаар сарын 06-ны өдөр шүүхэд ханджээ. Хэргийн 7 дугаар талд ажилтны шүүхэд нотлох баримтаар гаргасан тушаалын хуулбараас үзэхэд хариуцагч тал 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдөр тушаал дээр хуулбар үнэн дарж ажилтанд гардуулжээ. Иймд ажилтан Э.Н Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дах хэсэгт заасан шүүхэд хандах хугацааг хэтрүүлээгүй гэж үзнэ. 

 

Иймд нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж, Э.Н хариуцагч Ч Н ОНӨААТҮГ-ийн Захиргааны хэсгийн эдийн засагчийн ажилд эгүүлэн тогтоож, түүний ажилгүй байсан 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийг хүртэлх 117 хоногийн хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 3 655 090 төгрөг /2 014 980:3=671 660:21.5=31 240*117/-ийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгахаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Харин Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч Ч Н ОНӨААТҮГ-ийн Э.Н холбогдуулан цалин 2 736 185 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэл бүхий болжээ.

 

Анхан шатны шүүх “Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хууль“, “Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль” гэх мэтчилэн хуулийн нэрийг буруу бичиж, хууль зүйн техникийг алдагдуулсныг тэмдэглэх нь зүйтэй.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдолыг хангах үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 104/ШШ2017/00278 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Э.Н “Ч Н” ОНӨААТҮГ-ийн Захиргаа аж ахуйн хэсгийн эдийн засагчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх  олговорт 3 655 090 төгрөгийг хариуцагч “Ч Н” ОНӨААТҮГ-иас гаргуулж нэхэмжлэгч Э.Н олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид  даалгаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч “Ч Н” ОНӨААТҮГ-ийн Э.Н холбогдуулан цалин 2 736 185 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дах заалтын “үлдээсүгэй” гэснийг “үлдээж, хариуцагч “Ч Н” ОНӨААТҮГ-иас улсын тэмдэгтийн хураамжид 73 431 төгрөгийг нөхөн гаргуулан улсын орлогод оруулсугай” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД                                              Н.БАТЗОРИГ

                                                               Ш.ОЮУНХАНД