Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дашравдангийн Халиуна |
Хэргийн индекс | 128/2020/0143/З |
Дугаар | 128/ШШ2020/0487 |
Огноо | 2020-07-29 |
Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 07 сарын 29 өдөр
Дугаар 128/ШШ2020/0487
2020 оны 07 сарын 29 өдөр Дугаар 128/ШШ2020/0487 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна даргалж, тус шүүхийн хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Н.Н,
Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга,
Гуравдагч этгээд: “Э” ХХК/РД:*******/,
Нэхэмжлэлийн шаардлага: “Нийслэлийн Засаг даргын 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн А/366 дугаар захирамжийн “Э”ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.М, гуравдагч этгээдийн төлөөлөгч М.А, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.А нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: “Миний бие иргэн Н.Нгийн олгосон итгэмжлэлийн дагуу Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. “Д” ХХК-ийн захирал Н.Н нь Нийслэлийн Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 22-ний өдрийн А/1092 дугаар захирамжаар С дүүргийн ** дугаар хороо, С гудамж ** тоот хаягт 1591 м.кв газрыг эзэмшдэг. Энэхүү газарт “Д” ХХК талх, нарийн боовны үйлдвэрлэл эрхлэн үйл ажиллагаа явуулдаг болно.
“Э”ХХК нь Нийслэлийн Засаг даргын 2016 оны А/366 дугаар захирамжийг үзүүлэн 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдөр С дүүргийн ** дугаар хороо, С гудамж хаягт байрлах иргэн Ш.Н, Н.Н, “Ө” ХХК, “А” ХХК, “Н” ХХК, “Э” ХХК-ийн орц гарцыг хааж төмөр хашаа барьсан. Дээрх эрх, ашиг сонирхол нь зөрчигдсөн компаниуд зөвлөлдөж "Д" ХХК-ийг төлөөлөл болгон төрийн эрх бүхий байгууллагуудад гомдол гаргахаар тохирсон байна.
Энэхүү тохиролцоог үндэслэн "Д" ХХК нь 2019 оны 5 дугаар сард Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Улаанбаатар хотын Ус сувгийн удирдах газарт тус тус хандан компанийн орц гарцыг хааж, төвийн бохирын шугам дээр хууль зөрчин газар эзэмшүүлсэн тул холбогдох шалгалтыг хийж өгөхийг хүссэн гомдол гаргасан.
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 2019 оны 7 дугаар сарын 04-ний 02-03/2799, Улаанбаатар хотын Ус сувгийн удирдах газрын 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 3/1190 тоот албан бичгээр “Э”ХХК-д газар эзэмшүүлэхдээ Газрын тухай хууль болон Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хууль бусад холбогдох журмыг тус тус зөрчсөн байна” гэж дүгнэн хариу ирүүлсэн болно.
“Э”ХХК Нийслэлийн Засаг даргын 2016 оны А/366 дугаар захирамжтай гэж хэлээд 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдөр С дүүргийн ** дугаар хороо, С гудамж хаягт байрлах "Д" ХХК –ийн захирал Н.Нгийн эзэмшлийн газрын чанх урд талд орц гарцыг хааж хашаа барьсан.
Нийслэлийн Засаг даргын 2016 оны А/366 дугаар захирамжаар “Э”ХХК-д газар эзэмшүүлснээр өөрийн газраа чөлөөтэй эзэмших, ашиглах эрх хөндөгдөж, өөрийн эзэмшил газарт орох, тэнд үйлдвэрлэл явуулах боломжгүй болсон. Мөн маргаан бүхий газрыг төвийн бохир усны 1200 мм-ийн шугам дээр болон шугамын хамгаалалтын бүсэд “Э”ХХК –д эзэмшүүлснээр тухайн бохирын шугамыг ашигладаг аж ахуйн нэгж, иргэд болоод миний үйлчлүүлэгч компанийн эрх ашгийг хөндөж, Хот тосгоны ариутгах татуургын тухай хуулийг зөрчиж байна. Нийслэлийн Засаг даргын 2016 оны А/366 дугаар захирамжийн “Э”ХХК –д холбогдох хэсгийг хүчингүй болгуулснаар "Д" ХХК –ийн болон компанийн захирал Н.Нгийн өөрийн эзэмшил газартаа чөлөөтэй нэвтэрч, эзэмшил газраа ашиглах эрх ашиг сэргэнэ гэж үзэж байна. Түүнчлэн гал түймрийн аюул гарсан тохиолдолд галын машин орох орц, гарцгүй болсноор аюулгүй байдлын тухай хууль мөн зөрчигдөж байна.
Иймд Нийслэлийн Засаг даргын 2016 оны А/366 дугаар захирамжийн “Э”ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Н.Н нь Нийслэлийн Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн А/1092 дугаар захирамжаар С дүүргийн ** дугаар хороо, С зам ** тоот хаягт байрлах 1591 м.кв талбайтай газрыг эзэмшдэг. Гэтэл “Э”ХХК-ийн 2016 оны А/366 дугаар захирамжийг үзүүлэн Н.Н болон бусад компаниудын орц гарцыг хааж төмөр хашаа барьсан. Н.Н нь энэ талаар холбогдох байгууллагуудад гомдол гаргасан. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 2019 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 02-03/2799 тоот, Улаанбаатар хотын Ус сувгийн удирдах газрын 2019 оны 5 сарын 14-ний өдрийн 1/1190 тоот албан бичгээр “Э”ХХК-д газар ээзмшүүлэхдээ Газрын тухай хууль, Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжуудыг зөрчсөн байна гэсэн хариу ирүүлсэн. Мөн “Э” ХХК нь газрын зориулалтыг өөрчилж барилга барьж, бохирын шугаманд холбогдсон. Бохирын шугаман дээр газар эзэмшүүлэх эрх олгосон нь Н.Нгийн эрх ашгийг хөндөж байна. Иймд Нийслэлийн Засаг даргын 2016 оны А/366 тоот захирамжийг хүчингүй болгож өгнө үү” гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Иргэн Н.Нгийн Нийслэлийн Засаг даргын 2016 оны А/366 дугаар захирамжийн “Э”ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад дараах хариу тайлбарыг гаргаж байна.
Нийслэлийн Засаг даргын 1999 оны А/152 дугаар захирамжаар С дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 5695 м.кв газрыг “Э”ХХК–ийн захирал М.А-т авто дромын зориулалтаар ашиглах эрх олгосныг үндэслэн гэрээ байгуулж, газар ашиглах эрхийн гэрчилгээ олгосон байна.
Нийслэлийн Засаг даргын 2004 оны 30 дугаар захирамж, 2009 оны 170 дугаар захирамжаар “Э”ХХК-ийн эзэмшлийн 4200 м.кв газрыг авто дромын зориулалтаар тус тус 5 жилийн хугацаатайгаар сунгаж газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон ба 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн А/366 дугаар захирамжаар талбайн хэмжээ, зориулалтад өөрчлөлт оруулж 1800 м.кв газрыг үйлдвэр, үйлчилгээний зориулалтаар 5 жилийн хугацаатайгаар “Э”ХХК –д газар эзэмших эрхийн гэрчилгээг олгосон байна.
Харин нэхэмжлэгч Н.Н нь 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн А/1092 дугаар захирамжаар иргэн А.Ц-н 2004 оны 048419 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлж газар эзэмших эрхийн гэрчилгээ авсан байна.
Иймд Нийслэлийн Засаг даргын 2016 оны А/366 дугаар захирамж нь нэхэмжлэгчийн эрх ашгийг хөндөөгүй, бусдын эзэмшилд байгаа газартай давхцалгүй бөгөөд “Э”ХХК –ийн газар ашиглах, эзэмших эрх нь 1999 онд үүссэн, мөн Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Харин “Э”ХХК–ийн газар дээр бусдын эд хөрөнгө байгаа ба нэхэмжлэгч нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэж заасныг зөрчиж байна.” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “ “Э”ХХК-д олгосон 2016 оны А/366 дугаар захирамж нь Н.Нгийн газрын орц гарцыг хаасан гэж маргаж байна. Хэрэгт авагдсан нотлох баримт болох кадастрын зургаас харахад орц гарцыг хаасан зүйлгүй. Кадастрын зургаар Н.Нгийн газартай давхцалгүй гэдэг нь харагдаж байна. Нийслэлийн Засаг даргын хүрээнд мэдээллийн санд орсон газрын хэмжээний хувьд тодорхойлж ирсэн. Мэдээллийн сангаас харахад нэгж талбайн зохион байгуулалтын хувьд орц гарцтай харагдаж байна. Газар олгохдоо орц гарцыг шийдэж өгсөн гэж үзэж байна. Нийслэлийн Засаг даргын 1999 оны А/155 дугаар захирамжаар “Э”ХХК-д 10695 м.кв хэмжээтэй газар олгосон. Цаг хугацааны хувьд харахад н.Ц Н.Нгийн эзэмшлийн газар Нийслэлийн Засаг дарга төрийн захиргааны байгууллагын 2004 оны захирамжаар 3240 м.кв талбайтай газар олгосон байдаг. “Э”ХХК-ийн хувьд 2004, 2008, 2009 оны захирамжуудаар тодорхой хэмжээгээр газрыг багасгаж, хамгийн сүүлд буюу 2016 оны байдлаар 1800 м.кв хүртэл багассан. Хэрэв “Э” ХХКнь Н.Нгийн газрыг хаасан гэхээс илүү Н.Н нь “Э”ХХК-ийн эрх ашгийг хөндсөн байдалтай харагдаж байна. Учир нь “Э”ХХК-ийн газар эзэмших эрх нь Н.Нгаас өмнө үүссэн. Дараа нь н.Ц-н газар эзэмших эрх үүссэн. Мөн бодит байдал дээр нэхэмжлэгчийн эд хөрөнгө одоог хүртэл “Э”ХХК-ийн газар дээр байгаа. “Э” ХХК-д олгосон захирамж нь нэхэмжлэлийн шаардлагад хамаарахгүй гэж үзэж байна.
Мөн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл нь Нийслэлийн Засаг даргын 2016 оны А/366 дугаар шийдвэрээр шийдвэрлэгдсэн гэж үзэж байна. Уг захирамжаар “Э”ХХК-ийн эзэмшлийн газрыг тодорхой хэмжээгээр хасч, өмнөх шийдвэрээ зөвтгөж, бусад иргэн аж ахуйн нэгжийн хууль ёсны эрх ашгийг хөндөхгүйгээр шийдвэрлэсэн акт гаргасан байна. Нийслэлийн Засаг дарга өөрт хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд дүгнэлт гаргаж, цаашид авах арга хэмжээ авах талаар газар зохион байгуулалтын албанд албан тоот явуулсан. Нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд Нийслэлийн Засаг даргад хамаарахгүй, тусдаа төрийн захиргааны байгууллагын хуулиар олгогсдон эрх ашгийн асуудал гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Гуравдагч этгээд “Э”ХХК-ийн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: “Тус шүүхэд иргэн Н.Нгийн нэхэмжлэлтэй Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэрэгт “Э”ХХК-ийн эзэмшлийн газрыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад дараах хариу тайлбарыг гаргаж байна. “Э”ХХК нь маргаан бүхий газрыг анх 1999 оны Нийслэлийн Засаг даргын А/152 тоот захирамжаар С дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт 5695 м.кв газрыг авто дромын зориулалтаар эзэмшиж, тав таван жилийн хугацаатайгаар гэрээ байгуулан сунгаж өнөөдрийг хүртэл эзэмшиж ирсэн. Газар эзэмших эрхийн хугацааг сунгахдаа манай эзэмшил 5695 м.кв 4200 м.кв болгон хасаж танан бусдад олгохдоо орц гарцны асуудлыг орхигдуулсан байсныг 2016 онд шийдвэрлэхдээ мөн л манай газраас 1800 м.кв болгон хасаж нийтийн эзэмшил газарт оруулан бусад айлын орц гарцны асуудлыг бүрэн шийдвэрлэсэн. Одоо манай байгууллага 1800 м.кв газрыг Нийслэлийн Засаг даргын 2016 оны А/366 тоот захирамжаар үйлдвэр үйлчилгээний зориулалтаар эзэмших эрхийн гэрээ байгуулан ашиглаж байна. Мөн бусад байдлаар хууль зөрчиж олгогдсон зүйл байхгүй бөгөөд одоо эзэмшиж буй 1800 м.кв газар нь анх 1999 онд олгогдсон 5695 м.кв газрын кадастрын хил хязгаар дотор багтаж байсан болно.
Нэхэмжлэгч Н.Нгийн эзэмшил газрын орц гарц нь газрын кадастрын зураг дээрээ манай эзэмшил газрын хойд талаар байгаа болно. Нэхэмжлэгч Н.Нд газар эзэмших эрхээ шилжүүлсэн түүний хамаатан болох иргэн Ц нь газар эзэмших эрхийн кадастрын зурагт тусгагдсан өөрийнхөө орц гарц төдийгүй “ПСВ” ХХК, “НО” ХХК, "Д" ХХК гэх аж ахуйн нэгжүүдийн орц гарцыг хааж зохих зөвшөөрөлгүйгээр нэг давхар тоосгон гражийн барилга барьснаар уг орц гарцын маргаан үүссэн бөгөөд эвийн журмаар шийдэх гэж хичээсэн боловч иргэн Ц-тай тохиролцоонд хүрч чадаагүйн улмаас 2019 он эхлэхэд төрийн захиргааны байгууллага болох Хот байгуулалт, хөгжлийн газар, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хууль эрх зүйн хорооны дарга Ж.Б, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Р.Д, Нийслэлийн газар зохион байгуулалтын алба, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.А, Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны газар чөлөөлөх хэлтэс, С дүүргийн Татварын хэлтэс, Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, С дүүргийн Мэргэжлийн хяналтын газар, С дүүргийн Засаг дарга Ж.С нарт манай байгууллагын зүгээс өргөдөл гомдол гаргаж эхэлсэн нь иргэн Ц-г өөрийн хамаатан болох Д.Ө, Д.Д, нэхэмжлэгч Н.Н нарт газраа 3 хуваан газар эзэмших эрхээ шилжүүлэх нөхцөл байдал үүсгэсэн гэж үзэж хардаж байна.
Өнөөдөр манай эзэмшил газар дээр зөвшөөрөлгүй байршуулсан иргэн Н, “Ө” ХХК, “А” ХХК, “Н” ХХК, “ЭУ” ХХК, “ПСВ” ХХК нарын агуулах, төмөр граж, контейнер зэрэг болон иргэн Ц-н эзэмшлийн зөвшөөрөлгүй барьсан нэг давхар тоосгон граж зэрэг нь нэхэмжлэгчийн орц гарцыг хаасан байдалтай байна. Тус газар нь ямар нэг байдлаар бусдын орц, гарцыг хаасан зүйл байхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Нийслэлийн Засаг дарга эзэмших газрынхаа орох орцыг хаасан гэж тайлбарлаж байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 3 дугаар зүйлийн 3.1.3, 52 дугаар зүйлийн 52.5.1-д зааснаар захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар захиргааны шүүхэд ханддаг учраас “Э”ХХК-ийн үйл ажиллагааны улмаас эрх зөрчигдсөн гэж нэхэмжлэл гаргаагүй гэж ойлгогдож байна. Нийслэлийн Засаг дарга “Э”ХХК-д газар эзэмшүүлэхдээ нэхэмжлэгчийн эзэмшил газарт байгаа орц гарцыг хаасан гэж ойлгож байна. Иргэн н.А буюу “Э”ХХК-ийн захирал иргэний хувиар 1999 оноос хойш 5695 м.кв газрыг авто дромын зориулалтаар Нийслэлийн Засаг даргын захирамжаар эзэмшиж, 2004 онд газар эзэмших эрхийн хугацаа сунгахад талбайн хэмжээг 4200 м.кв болгосон. Мөн 2009 онд газар эзэмших эрхийн хугацааг сунгахад 4200 м.кв байсан. 2016 оны А/366 дугаартай захирамжаар “Э”ХХК-ийн газар эзэмших эрхийн хэмжээг 1800 м.кв болгож гэрчилгээ олгосон байсан. Анх газар эзэмшнээс хойш 3 дахин газрынх нь хэмжээг багасгаж байхад ямар нэгэн гомдол гаргаж байгаагүй. Үүнээс харахад Нийслэлийн Засаг даргын буюу захиргааны байгууллагын шийдвэртэй холбоогүйгээр маргаж байна гэж үзэхээр байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Э” ХХК нь Газар зохион байгуулалт геодези зураг зүйн газарт хүсэлт гаргаж тухайн газарт байгаа эд хөрөнгүүдтэй холбоотой хяналтын хэмжилт хийлгэсэн байдаг. Хяналтын хэмжилтийн үр дүнг хэрэгт нотлох баримтаар өгсөн. Иймд Нийслэлийн Засаг даргын 2016 оны А/366 дугаар бүхий захиргааны актаар “Э”ХХК-д газар эзэмшүүлэхдээ тус компаниас хойш байрлаж байгаа аж ахуйн нэгжүүдийн эзэмшил газрын орц гарцыг хуулийн дагуу шийдсэн. Мөн цаг хугацааны хувьд газар эзэмших эрхийг 2019 онд бусдаас шилжүүлэн авснаар үүссэн. Хууль ёсны ашиг сонирхолыг зөрчсөн гэж нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй. Эрх бүхий байгууллагын шийдвэрийг зөрчиж зөвшөөрөлгүй барилга барьсан, орц гарцыг хаасан үйлдэл нь захиргааны шийдвэртэй ямар нэгэн холбоогүй буюу иргэд хоорондын маргаан гэж үзэж байна. “Э”ХХК-ийн энэ шийдвэрийн тухайд компанийн хойд талаар 1.6-1.9 метрийн өргөнтэй зам, гудамж гаргаж, 3 айлын орц гарцыг шийдэж өгсөн гэдэг нь кадастрын зураг болон бусад нотлох баримтуудаар нотлогдоно. Нэхэмжлэгчийн орц гарцыг хааж “Э”ХХК-д газар эзэмшүүлснээр Н.Нгийн ашиг сонирхол нь зөрчигдсөн тухай нотлох баримт байхгүй. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шугамтай холбоотой асуудлыг нийтийн эрх ашигтай холбож байна. Нийтийн эрх ашигтай холбоотой асуудлаар Н.Н нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд биш гэж үзэж байна. Захиргааны хууль бус үйлдлийн улмаас зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр нэхэмжлэл гаргах эрхтэй гэтэл нэхэмжлэгч нь зөрчигдөж болзошгүй асуудлаар нэхэмжлэл гаргасан байгаа нь ойлгомжгүй байна. Мөн “Э”ХХК-д газар эзэмшүүлэхдэ Н.Норорвсамбуугийн газрын орц гарцыг хааж эзэмшсэн байх үндэслэлгүй. Иймд Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.5, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 3 дугаар зүйлийн 3.1.3, 52 дугаар зүйлийн 52.5.1, 106 дугаар зүйлийн 106.3.14-т тус тус зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.Н нь “орц гарцыг нь хаасан, мөн бохирын шугамын хамгаалалтын бүсэд газар олгосон нь хууль бус бөгөөд нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн” гэх үндэслэлээр “Э”ХХК-ийн газрын хэмжээг нь багасгаж, зориулалтыг өөрчлөн, хугацааг сунгасан “Нийслэлийн Засаг даргын 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн А/366 дугаар захирамжийн тус компанид холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-аар нэхэмжлэл гаргасныг хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон дараах үйл баримтыг үнэлээд нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.
Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл бүрээр үйл баримтыг дүгнэвэл:
1. Орц гарц хаасан гэх үндэслэлийн тухайд:
Нэхэмжлэлийн шаардлагад хамаарах “Э”ХХК-ийн газар эзэмших эрх анх Нийслэлийн Засаг даргын 1999 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн А/152 дугаар захирамжаар С дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт 5695 м.кв хэмжээгээр тус компанийн захирал М.Ат авто дромын зориулалтаар 5 жилийн хугацаагаар газар ашиглуулснаар үүсэж, 2004 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 30 дугаар захирамжаар газрын хэмжээг 4200 м.кв болгон багасгаж, хугацааг 5 жилээр сунгаж “Э”ХХК-ийн нэр дээр эзэмшүүлж, 2009 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 670 дугаар захирамжаар газар эзэмших эрхийг мөн 5 жилийн хугацаатайгаар сунгаж, 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн А/366 дугаар захирамжаар талбайн хэмжээг багасган 1800 м.кв болгон, зориулалтыг өөрчлөн үйлдвэр, үйлчилгээний зориулалтаар 5 жилийн хугацаатайгаар эзэмшүүлж, тус тус газар эзэмших эрхийн гэрчилгээг олгож, гэрээ байгуулсан, одоо эзэмшилд нь байгаа 1800 м.кв газар нь мэдээллийн санд нэгж талбарын 18633309379351 дугаартай бүртгэгдсэн[1] байдаг.
Харин нэхэмжлэгч Н.Н Нийслэлийн Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн А/1092 дугаар захирамжаар эзэмших эрхийг шилжүүлэн авсан газрын ашиглах, эзэмших эрх анх иргэн Л.Б Барилгын цэргийн газраас автомашины гаражийн барилга худалдан авснаар түүнд Нийслэлийн Засаг даргын 2003 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 485 дугаар захирамжаар 3240 м.кв хэмжээтэйгээр 5 жилийн хугацаагаар автомашины гаражийн зориулалтаар олгогдсоноор үүсч, түүнээс 2004 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 541 дүгээр захирамжаар Л.Ц-д шилжүүлж, 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн А/1092 дугаартай захирамжаар Л.Ц-с 3240 м.кв газрыг Д.Ө-т 619 м.кв, Д.Д-д 703 м.кв, Н.Нд 1592 м.кв хэмжээгээр хуваан тус тус автогараж, үйлчилгээтэй орон сууц зориулалтаар шилжүүлэн эзэмшүүлсэн[2] байна.
Хэрэгт авагдсан кадастрын зургууд, агаарын зургаас үзэхэд “Э”ХХК-ийн 1800 м.кв газар нь анх олгогдсон 5695 м.кв дотроо, Н.Нгийн 1592 м.кв газар нь анх Л.Б-т олгогдсон 3240 м.кв газар дотроо тус тус багтсан, өөрөөр хэлбэл байршлын хувьд өөрчлөлт ороогүй буюу нэхэмжлэлийн шаардлагад хамаарах 2016 оны А/366 дугаар захирамжаар газрын хэмжээг багасгаж, зориулалтыг өөрчилж, хугацааг сунгаснаар нэхэмжлэлийн үндэслэл болсон орц гарцын маргаан үүсээгүй байна.
Шүүхээс хийсэн үзлэгийн тэмдэглэл, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас хэмжилт хийж ирүүлсэн зургаас[3] үзэхэд “Э”ХХК нь эзэмшлийн газрын зарим хэсгийг буюу зүүн урд, урд, баруун талыг бетонон хашаагаар хашаалсан байх бөгөөд ийнхүү хашаалснаас үүдэн тус компанийн эзэмшил газрыг орц гарцаар ашиглаж байсан аж ахуйн нэгжүүд маргаан үүсгэж, тухайлбал шүүхэд Н.Н “газар олгосон нь орц гарц хаасан” хэмээн нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэгчийн кадастрын зурагт баруун болон зүүн талаар нарийн гудамж бүхий орц гарцтай байхаар тусгагдсан ч бодит байдал дээр баруун, зүүн талаар болон хойд, урд тал нь тулгаж хашаалагдсан, тухайн хэсгүүдэд ямарваа гудамж үгүй, урд талын зүүн хэсэгт /Л.Ц газраа 3 хуваан шилжүүлэхдээ 3240 м.кв дотроо гаргасан/ нарийн гудамж бүхий орц гарц нь урагш явсаар “Э”ХХК–ийн газраар дайрч гардаг нь шүүхийн үзлэгт тусгагдсан байна.
Нэхэмжлэгч Н.Нгийн эзэмшлийн газрын орц гарц ийнхүү кадастрын зурагт тусгагдсанаар баруун болон зүүн талаар төлөвлөгдсөн ч бодит байдал дээр бруун, зүүн талаар гудамжгүй, тулгаж хашаалсан, энэ нь нэхэмжлэлийн шаардлагаар татагдсан гуравдагч этгээд “Э” ХХК–ийн эзэмшлийн газартай хамааралгүй, харин Л.Ц 3240 м.кв газраа 3 хуваан шилжүүлэхдээ 3240 м.кв газар дотроо гаргасан орц гарц нь урагш “Э” ХХК–ийн эзэмшлийн газраар дамжин гардаг төдийгүй “Э” ХХК эзэмшлийн газраа бүхэлд нь хашаалах, ашиглах боломжгүй болсон, энэ нь ийнхүү Н.Н зэрэг бусад газар эзэмшигч нар уг газрыг орц гарцаар ашигладгаас гадна бусад иргэн аж ахуйн нэгж зөвшөөрөлгүйгээр уг газарт хашаа, барилга барьж, контейнер байрлуулснаас болсон нь, энэ байдал өмнө байсан нь дараах байдлаар тогтоогдож байна.
Иргэн Л.Ц, С.М, “Х” ХХК, “С” ХХК, “Э” ХХК нь “Э” ХХК-ийн эзэмшлийн газарт болон нийтийн эзэмшлийн гудамж зам, орц гарцыг хааж барилга, хашаа барьж, контейнер байрлуулан эзэмшлийн газрыг нь орц гарцын зориулалтаар ашиглаж, газраа зориулалтын дагуу ашиглах боломжгүй болгосон асуудлаар, тухайн газарт хэмжилт хийж дээрх зөрчлийг тогтоолгохоор тус компани холбогдох байгууллагуудад удаа дараа хандаж байжээ. Тухайлбал, 2006 оны 8 дугаар сарын 30-нд Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт, 2008 оны 5 дугаар сарын 28-нд Нийслэлийн Газрын албанд, 2020 онд Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд хандаж байжээ.
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч нар газар дээр нь удаа дараа шалгаж “Э”ХХК-ийн эзэмшлийн газар дээр ”Х” ХХК, иргэн С.М нар тоосгон барилга зөвшөөрөлгүй барьсан, “С” ХХК, “Э” ХХК-иуд нийтийн эзэмшлийн гудамж талбай болон “Э”ХХК-ийн эзэмшлийн газар дээр зөвшөөрөлгүй хашаа барьсан зөрчлийг тогтоож, зөвшөөрөлгүй баригдсан хашаа, байшин, контейнерыг буулгаж зөрчлийг арилгуулахаар 2006 оны 05-61/2122 тоот, 2008 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 08-10/959 тоот албан шаардлага С дүүргийн Засаг дарга болон Нийслэлийн Газрын албанд хүргүүлсэн, мөн 2015 оны 02-02/2969 тоот албан бичгээр дээрх зөрчлүүдийг арилгуулах шаардлагыг биелүүлэхийг, тэдгээр иргэн, аж ахуйн нэгжийн газар эзэмших эрхийг хүчингүй болгож үйлдлийг таслан зогсоохыг нийслэлийн Газрын албанд дахин мэдэгдсэн[4] байдаг.
Мөн Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар Н.Н болон “Э”ХХК-ийн гомдлоор 2019 онд дахин шалгаад 2016 онд “Э”ХХК-ийн газрын хэмжээг багасгахдаа бохирын шугамын хамгаалалтын бүсээс гаргаагүй, тухайн газар дээр зөвшөөрөлгүй баригдсан хашаа, байшин, контейнерийг нүүлгэж газрыг чөлөөлөөгүй, хөршүүдийн орц гарцын маргааныг бүрэн шийдвэрлээгүй, газар эзэмшигчдийн гэрээний үүргийн биелэлтийг хангах, зөрчлийг арилгуулах зэрэг зөрчил дутагдлыг шийдвэрлээгүй нь холбогдох хууль тогтоомжид нийцэхгүй байгааг, өмнө нь удаа дараа өгсөн албан шаардлагыг биелүүлээгүйг, тодорхой арга хэмжээ авахыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд 2019 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 02-03/2799 тоот албан бичгээр мэдэгдсэн[5] байдаг.
Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас 2015 оны 7 дугаар сарын 28-нд 14/2366, 10 дугаар сарын 15-нд 14/3306 тоотоор Газрын албанд хандаж “Газрын алба мэргэжлийн хяналтын байгууллагын албан шаардлагуудыг ханган ажиллаагүйг, мөн албан шаардлагад дурдсан зөрчлийг арилгуулаагүй байж газар эзэмшигчийн гэрээний үүргийн биелэлтийг дүгнэснийг буруутган дахин нягтлах”-ыг мэдэгдсэн[6] байдаг.
Нийслэлийн Өмчийн харилцааны газрын Хяналт шинжилгээ үнэлгээний хэлтэс “Э”ХХК-ийн газар эзэмших гэрээний хэрэгжилтийг шалгаад 2015 оны 8 дугаар сарын 7-ны өдөр хийсэн танилцуулгаас[7] үзэхэд тус компанийн эзэмшлийн газрыг 6 аж ахуйн нэгж орц гарц, дундын зам болгон ашигласан, иргэн Л.Ц зөвшөөрөлгүй 1 давхар тоосгон байшин барьж 5 контейнер байрлуулсан, иргэн Б.А /”Пи Си Вай” ХХК/ эзэмшил газраа хэтрүүлэн зөвшөөрөлгүй бетонон хашаа барьж 1 контейнер байрлуулсан, “С” ХХК зөвшөөрөлгүй 3 контейнер байрлуулсан” зөрчил илрүүлсэн байна.
Энэ маргаан зөвхөн одоо ч биш өмнө байсан, тухайлбал “Э” ХХКгазар эзэмших эрхийн хугацаа сунгуулахаар 2014 онд хандахад орц гарцыг шийдвэрлүүлэхээр хүсэлтийг буцааж, тухайн орчмын газар эзэмшигчдийн кадастрын зургууд дээр тэмдэглэсэн баримтуудыг хариуцагч “орц гарцын асуудлыг шийдвэрлэж байсан” гэх нотлох баримт болгон шүүхэд ирүүлсэн байдаг.
Гэвч Газрын тухай хуулиар газар эзэмшигч газраа гэрээнд заасан хэмжээгээр, гэрээнд заасан зориулалтаар эзэмшиж буй эсэх, бусад газар эзэмшигч нарын эрхийг зөрчиж буй эсэхэд хяналт тавих, газар эзэмшигч нарын хооронд үүссэн энэ талаарх маргааныг шийдвэрлэх эрх бүхий этгээд Нийслэлийн Засаг дарга, түүний хэрэгжүүлэгч агентлаг нийслэлийн Газрын алба 2008 оны 12 дугаар сарын 17-нд 2а/2438 тоот албан бичгээр “С” ХХК-д “зөвшөөрөлгүй сунгасан хашаагаа татаж газар чөлөөлөх хугацаа тогтоож, ийнхүү чөлөөлөөгүй тохиолдолд газар эзэмших эрхийг цуцлах” мэдэгдэл өгсөн, 2015 оны 9 дүгээр сарын 10-нд 5/5907 тоотоор иргэн Л.Ц-д “газраасаа хэтрүүлэн зөвшөөрөлгүй барьсан барилга, контейнерийг нүүлгэн газар чөлөөлөхийг, зөрчлийг арилгаагүй тохиолдолд газар эзэмших эрхийг хүчингүй болгох”-ыг мэдэгдсэн, 2015 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр 5/5949, 5/5950 тоотоор иргэн Б.А-д болон “Сутайн буянт” ХХК-д тус тус “зөвшөөрөлгүй байрлуулсан контейнерийг нүүлгэн газар чөлөөлөхийг, зөрчлийг арилгаагүй тохиолдолд газар эзэмших эрхийг хүчингүй болгох”-ыг мэдэгдсэнээс өөрөөр арга хэмжээ авч шийдвэрлээгүй, одоог хүртэл газар эзэмшигч нар эзэмшил газрын хэмжээг хэтрүүлэн зөвшөөрөлгүй барьсан байшин, хашааг буулгаагүй, бусад газар эзэмшигчийн газрыг орц гарц, гудамж болгон ашигласан зөрчил байсаар байна.
“Э”ХХК-ийн хүсэлтээр хийсэн Газрын харилцаа, геодези хэмжил зүйн газар маргаан бүхий газрын хяналтын хэмжилтээс[8] үзэхэд “Э”ХХК-ийн эзэмшлийн газарт 27 м.кв, 31 м.кв, 34 м.кв хэмжээтэй 3 контейнер, иргэн Л.Ц-ын 77 м.кв барилга, 14 м.кв хэмжээтэй 2 ширхэг контейнер, “ПСВ” ХХК /иргэн А/ -ийн гэх 29 мв.кв хэмжээтэй 2 контейнер байрлуулсан, “Э” ХХКнь мэдээллийн сангийн нэгж талбарын 18633309379351 дугаартай эзэмшлийн 1800 м.кв газрын зүүн урд, урд болон баруун талаа зарим хэсэгт газрын хил заагаас дотогш бетонон хашаа дутуу барьсан, уг хашааны баруун хойд хэсэгт 4 м илүү баригдсан, хашаа баригдаагүй газрыг буюу тус компанийн эзэмшлийн газарт хойд хэсгийн 462 мв.кв газрыг иргэн Л.Ц битүүлж хашаалсан, зүүн хойд хэсгийг “ПСВ” ХХК 31 м урттай хашаа барьж битүүлсэн байна.
Нэхэмжлэлийн шаардлагад хамаарах Нийслэлийн Засаг даргын 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн А/366 дугаар захирамж нь “Э”ХХК-ийн газраа зориулалтын дагуу ашиглах боломжгүйн улмаас газрын хэмжээг багасгаж, зориулалтыг өөрчлүүлж, гэрчилгээний хугацаа сунгуулах хүсэлтээр[9] талбайн хэмжээг 1800 м.кв болгон багасгаж, зориулалтыг өөрчилж, хугацаа сунгасан шийдвэр бөгөөд Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т нийцсэн байна. Иймд талбайн хэмжээг багасгаснаар, зориулалтыг өөрчилснөөр, хугацааг сунгаснаар нэхэмжлэгч Н.Нгийн орц гарцыг хаасан зөрчил үүсээгүй.
Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.4-т зааснаар газрыг хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэричлгээгээр эзэмшүүлэх бөгөөд хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно, энэ зохицуулалт эзэмшил газрын хэмжээг хэтрүүлсэн тохиолдолд мөн адил хамаарна. Мөн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 57.3, 57.4-т зааснаар газрыг эзэмших, ашиглах үйл ажиллагаа хуульд нийцэж буй эсэхэд Засаг дарга хяналт тавих бөгөөд зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга байгууламж барьсан, бусад хэлбэрээр дур мэдэн эзэмшсэн бол Засаг дарга газар чөлөөлүүлэхээр хугацаатай мэдэгдэл өгөх ба чөлөөлөөгүй тохиолдолд албадан чөлөөлөхөөр, 60 дугаар зүйлийн 60.1.2-т газар эзэмших, ашиглах талаар иргэн, аж ахуйн нэгж байгууллагын хооронд үүссэн маргаан, газар ашиглах гэрээний нөхцөл болзлын талаарх газар эзэмшигч, ашиглагчийн хооронд үүссэн маргааныг Засаг дарга шийдвэрлэхээр тодорхой заасан.
Нөгөөтэйгүүр иргэн, аж ахуйн нэгжид газар эзэмшүүлэх гэрээгээр “Газрын алба газар эзэмшигчид “нийтийн эзэмшлийн зам талбайн орц гарцыг чөлөөтэй байлгах, эзэмшил газар дээр барилгын өргөтгөл хийхдээ зохих зөвшөөрлийг авах, газрын хэмжээ, хил хязгаарыг өөрчлөхгүй байх, бусад газар эзэмшигчийн эрх, хууль ёсны ашиг солнирхлыг зөрчихгүй байх” шаардлагыг тавьдаг, шаардлагыг биелүүлээгүй бол гэрээг хүчингүй болгож, хохирлыг нөхөн төлүүлэхээр заасан, гэрээний эдгээр нөхцөл шаардлагыг зөрчсөн эсэхийг газар эзэмших эрх олгосон этгээд шалгаж, зөрчсөн тохиолдолд гэрээг цуцалж, газар эзэмших эрхийг хүчингүй болгох, газрыг хууль бус эзэмшлээс албадан чөлөөлөх үүрэгтэй.
Нэхэмжлэгч Н.Нд өмнөх эзэмшигч Л.Ц-аас газар эзэмших эрхийг шилжүүлж эзэмшүүлэхдээ Газрын алба Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын даргын 2008 оны 83 дугаар тушаалаар батлагдсан Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журмын 6.2.4 “шаардлагатай тохиолдолд нэгж талбарын эргэлтийн цэгүүдийг газар дээр нь тодруулахдаа хөршүүдтэй нь болон шилжүүлэн авч буй этгээдтэй тохиролцуулж тэмдэглэл үйлдэж албажуулах”, 6.3.1 “хөршүүдийн болон тухайн нэгж талбарын орц гарцыг тогтоох” ажиллагааг хийгээгүйгээс бодит байдалд орц гарцгүй газрыг эзэмших эрхийг шилжүүлсэн байна.
Тухайн байршилд иргэн, аж ахуйн нэгжүүдэд газар эзэмшүүлэхдээ нийтийн эзэмшлийн гудамж талбай, газар эзэмшигчдийн орц гарцын асуудлыг бодитой шийдвэрлээгүйгээс, газар эзэмшигч иргэн, аж ахуйн нэгжид эзэмшүүлсэн газрын эргэлтийн цэгийг газар дээр нь тогтоож, эзэмшил газрын хэмжээндээ газраа ашиглаж буй эсэхэд хяналт тавиагүйгээс иргэн, аж ахуйн нэгжүүд зөвшөөрөлгүй газар ашиглах, эзэмшил газрын хэмжээг хэтрүүлэн бусдын эзэмшил газарт болон нийтийн эзэмшлийн зам талбай, орц гарцад барилга барих, хашаалах, контейнер байрлуулсан зэргээс уг маргаан үүссэн ч маргааныг шийдвэрлэх, газар эзэмшихтэй холбоотой зөрчлийг арилгуулах чиг үүргийг хуулиар хүлээсэн хариуцагч нь энэ үүргээ хэрэгжүүлээгүй байна гэж шүүх дүгнэлээ.
Дээрх үндэслэлүүдээр Нийслэлийн Засаг даргын 2016 оны А/366 дугаар захирамжийн “Э”ХХК-ийн эзэмшил газрын талбайн хэмжээг багасгаж, зориулалтыг өөрчилсөн холбогдох хэсэг хууль болон нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй гэж үзлээ.
2. Бохирын шугамын хамгаалалтын бүсэд газар олгосон нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн гэх үндэслэлийн тухайд:
“Э”ХХК-ийн газрын урд хэсгээр хөндлөн төвийн бохир усны Ф1200 мм-ийн шугамын трасс, түүний хамгаалалтын бүс дайрч байгаа ч уг шугам нь Улаанбаатар хотын Ус сувгийн удирдах газар ОНӨААТҮГ-ын эзэмшлийн, өөрөөр хэлбэл нийтийн эзэмшлийн инженерийн төв шугам, шушамын хамгаалалтын бүс дээр газар эзэмшүүлсэн талаар нэхэмжлэгч иргэн нэхэмжлэл гаргахгүй, учир нь иргэн нэхэмжлэл гаргах тохиолдолд түүний нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл нь тухайн иргэний хувь субьектив эрхээр хязгаарлагдана.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1, 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт заасныг баримтлан “Нийслэлийн Засаг даргын 2016 оны А/366 дугаар захирамжийн “Э”ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай Н.Нгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 72000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ХАЛИУНА
[1] Хэргийн 1 дүгээр хавтсын 30-44,111-168 дугаар хуудас
[2] Хэргийн 1 дүгээр хавтсын 50-70, 71-78, 2 дугаар хавтсын 79-104 дүгээр хуудас
[3] Хэргийн 2 дугаар хавтсын 66-70, 83-105 дугаар хуудас
[4] Хэргийн 1 дүгээр хавтсын 172, 175, 177 дугаар хуудас
[5] Хэргийн 1 дүгээр хавтсын 15-17 дугаар хуудас
[6] Хэргийн 1 дүгээр хавтсын 183-185 дугаар хуудас
[7] Хэргийн 1 дүгээр хавтсын 229-231 дүгээр хуудас
[8] Хэргийн 2 дугаар хавтсын 66-70 дугаар хуудас
[9] Хэргийн 1 дүгээр хавтсын 169-170 дугаар хуудас