Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2015 оны 07 сарын 16 өдөр

Дугаар 221/МА2015/0316

 

А- аймгийн Э- сумын

Х- цогцолбор 2 дугаар сургуулийн

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч О.Номуулин, шүүгч Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Т.Даваажаргал, хариуцагч А- аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч Н.С- нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 18 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор, А- аймгийн Э- сумын Х- цогцолбор 2 дугаар сургуулийн нэхэмжлэлтэй, А- аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагч Д.Г-, улсын байцаагч Н.С- нарт холбогдох захиргааны хэргийг, шүүгч Н.Хонинхүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ш.Д-, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б-, өмгөөлөгч В.У- нар шүүхэд гаргасан тайлбартаа: Э- сумын 2 дугаар сургуулийн 2011-2012 оны санхүүгийн баримтад А- аймгийн Мэргэжлийн хяналтын газраас шалгалт хийгдэж жирэмсний амралттай байгаа багш нарын ээлжийн амралтыг дутуу тооцож олгосон гэсэн үндэслэлээр 2013 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 03/08/025/97 тоот актыг тавьсан.

Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын 2000 оны 166 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтын 9 дүгээрт цэргийн жинхэнэ алба хаасан болон тэтгэмжтэй чөлөөтэй байсан техник мэргэжлийн сургуульд суралцсан, 6 сараас дээш хугацаагаар мэдлэг, мэргэжлээ дээшлүүлэхээр суралцсан хугацаанд ээлжийн амралт олгохгүй, 10 дугаарт ээлжийн амралтын үргэлжлэх хугацаанд жирэмсний болон амаржсаны амралт, хөдөлмөрийн чадвар түр алдсан, ажил олгогчоос албан ёсны чөлөөтэй байсан хугацааг оруулахгүй гэсэн заалтыг үндэслэн ээлжийн амралтаа бодсон тул мэргэжлийн хяналтын байцаагч нарын тавьсан актыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Мөн багшид ажилласан хугацаанд нь тооцож ээлжийн амралтыг олгох ёстой гэж үзэж байна. Жирэмсний болон амаржсаны чөлөөтэй байсан хугацааг ээлжийн амралтанд оруулж тооцохгүй гэсэн журамтай. Мэргэжлийн хяналтын улсын байцаагч нар ажилласан хугацаанд биш бүтэн жилийн ажлын хугацаанд тооцох ёстой гэж үзсэн.

Иймд А- аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2013 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн гаргасан 03/08/025/97 дугаар актыг хүчингүй болгуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Н.С-, Д.Г- нар шүүхэд гаргасан тайлбартаа: Эрүүл мэнд нийгмийн хамгааллын сайдын 2000 оны 166 дугаар тушаалаар батлагдсан ээлжийн амралт олгох зааврын 10-т ээлжийн амралтын үргэлжлэх хугацаанд жирэмсний болон амаржсаны амралт, хөдөлмөрийн чадвар алдсаны, ажил олгогчоос албан ёсны чөлөөтэй байсан хугацааг оруулахгүй.

Мөн зааврын 14-т хэрвээ ажилтан ажлаас халагдах тухай асуудал тавигдаагүй бол түүний ээлжийн амралтыг ажилласан хугацаанд нь ногдуулж биш ажилласан бүтэн жилд нь тооцож олгоно гэсэн заавар байгаа. Нийгмийн хамгааллын хөдөлмөрийн сайдын 2005 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалаар батлагдсан дундаж цалин хөлс тодорхойлох журмын 4-т зааснаар ажилтанд олгож байгаа бүх төрлийн жирэмсний болон амаржсаны, хөдөлмөрийн чадвараа алдсаны, ажилгүйдлийн, тэтгэвэрт гарах үеийн ажилтанд олгох тэтгэмж, нөхөн олговор, хөнгөлөлтийн орлогыг ажилтаны цалин хөлсний бүрэлдэхүүнд оруулахгүй гэж заасан байгаа.

Х- 2 дугаар сургууль хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 140400, 192000 төгрөгийг цалин хөлсний бүрэлдэхүүнд оруулж тооцсон байсан. 5 дугаар заалт ажилтанд тодорхой хугацааны цалин хөлс олгосны нийлбэр дүн тухайн хугацаан дахь 1 сарын тоонд хувааж ажилтны 1 сарын дундаж цалин хөлсийг гаргасан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Гуравдагч этгээд нар шүүхэд гаргасан тайлбартаа: Э- сумын 2 дугаар сургуульд 2013 оны 10 дугаар сард аймгийн Мэргэжлийн хяналтын газраас санхүүгийн шалгалт хийгдэхэд цалин, ээлжийн амралт хэрхэн зөв бодогддог тухай аман хүсэлтийн дагуу 2011-2013 оны хооронд жирэмсний амралттай байсан 15 багш нарын амралтын мөнгө дутуу бодогдсон тухай акт тогтоогдсон болно. Уг актыг 2013 оны 11 дүгээр сарын 25-ны дотор нөхөн олгохоор шийдвэр гарсан боловч сургуулийн захиргаанаас боломжгүй гэсэн хариу өгсөн учраас нэр бүхий 15 багш Мэргэжлийн хяналтын газарт хүсэлт гаргасан. Мэргэжлийн хяналтын газраас нэр бүхий 15 багшийн цалин, ээлжийн амралтын мөнгөн дүн нь дутуу бодогдсон байсныг гэрчилсэн тул энэхүү зөрүү мөнгийг богино хугацаанд олгуулах хүсэлттэй байна гэжээ.

Захиргааны хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 18-р шийдвэрээр: Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.7, 10 дугаар зүйлийн 10.12 дахь хэсгийн 10.12.2, 14 дүгээр зүйлийн 14.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1, 47 дугаар зүйлийн 47.1, 55 дугаар зүйлийн 55.1, 55.2, 79 дүгээр зүйлийн 79.2, Боловсролын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсгийн43.1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан А- аймгийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2013 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 03/08/025/97 дугаар актаар тогтоосон 4204845 /дөрвөн сая хоёр зуун дөрвөн мянга найман зуун дөчин тав/ төгрөгийг 3960400 /гурван сая есөн зуун жаран мянга дөрвөн зуу/ төгрөг болгон төлбөрийн хэмжээг багасгаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Ш.Д- давж заалдах гомдолдоо: Захиргааны хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 18 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

А- аймгийн Мэргэжлийн Хяналтын газрын улсын ахлах байцаагч Д.Г-, улсын байцаагч Н.С- нарын гаргасан 2013 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 03/08/025/97 дугаартай актыг хүчингүй болгуулахаар тус шүүхэд хандсан.

Шүүх 2013 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 03/08/025/97 дугаартай актаар тогтоосон төлбөрийн хэмжээг багасгаж шийдвэрлэсэн. Манай сургууль Ээлжийн амралт олгох заавар журмын 9-д заасныг баримтлан жирэмсний болон амаржсаны тэтгэмжтэй чөлөөтэй байсан хугацаанд ээлжийн амралт олгохгүй багш нарын амралтыг бодож олгосон нь хууль тогтоомж зөрчөөгүй гэж үзэж байна.

Иймд Захиргааны хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 18 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

А- аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагч, улсын байцаагч нараас нэр бүхий 15 багш нарт амралтын олговрыг олгохдоо хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг оруулан тооцсон, 1 өдрийн цалин хөлсийг буруу тогтоож, ээлжийн амралтын хугацааг дутуу тооцсон гэх үндэслэлээр 4.204.845 төгрөгийн ээлжийн амралтын нөхөн олговорыг олгуулах тухай 2013 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 03/08025/97 дугаар акт гаргасныг нэхэмжлэгч А- аймгийн Э- сумын 2 дугаар сургууль эс зөвшөөрч маргажээ.

Амралтын олговрыг олгохдоо хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг оруулан тооцсон тухайд:

Нэхэмжлэгч нь 2012 онд багш нарын амралтын цалинг тооцохдоо тухайн үед мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг багш нарын жирэмсний болон амаржсаны тэтгэмжтэй байх хугацааны цалинд оруулан тооцсон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т Цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, шагнал урамшууллаас бүрдэнэ гэж хөдөлмөрийн хөлсний бүрэлдэхүүнийг заасантай, түүнчлэн ажилтанд олгосон үндсэн цалин, бүх төрлийн нэмэгдэл, нэмэгдэл хөлс, шагнал урамшуулал, контракт байгуулан ажиллаж байгаа ажилтны үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, шагнал урамшуулал, хөдөлмөрийн хуулийн дагуу ажилтанд олгосон бүх төрлийн олговор-ыг ажилтны цалин хөлсний бүрэлдэхүүнд оруулах талаар заасан Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 55 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 2 дахь заалттай нийцэхгүй байна6

Нэхэмжлэгч нь 2012 онд багш нарын амралтын цалинг тооцохдоо тухайн үед мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ /140400 төгрөг/-г багш нарын жирэмсний болон амаржсаны тэтгэмжтэй байх хугацааны цалинд оруулан буруу тооцсоноо хүлээн зөвшөөрч маргаагүй[1]г дурдах нь зүйтэй байна.

Нэг өдрийн хөлсийг тооцсон тухайд:

Хөдөлмөрийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-т Ажилтанд ээлжийн амралтын хугацаанд ээлжийн амралтын олговор олгоно, 55.2-т Ээлжийн амралтын олговрыг ажилтны тухайн ажлын жилийн дундаж цалин хөлсний хэмжээгээр тогтооно гэж, Монгол Улсын Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын 2000 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 166 дугаар тушаалаар батлагдсан Ээлжийн амралт олгох заавар журам, Монгол Улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 55 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 5-д Ажилтанд тодорхой хугацаанд олгосон цалин хөлсний нийлбэр дүнг тухайн хугацаан дахь нийт сарын тоонд хувааж ажилтны нэг сарын дундаж цалин хөлсийг, гарсан дүнг сарын ажлын өдрийн дундаж тоонд хувааж нэг өдрийн дундаж цалин хөлсийг гаргана гэж тус тус заажээ. Түүнчлэн Монгол Улсын Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын 1997 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн А/417 дугаар тушаалын хавсралт Ажлын таван өдөртэй долоо хоногт шилжих зөвлөмж-ийн 2.6-д Улс даяар ажлын таван өдөртэй долоо хоногт шилжсэнтэй холбогдуулан ажилтан албан хаагчдын ажлын цагийн тооцоог жилийн дунджаар доор дурдсанаар тооцно. Үүнд а/ Сарын ажлын өдрийн дундаж тоо 21.2 гэж заажээ.

Дээрх хууль, журамд зааснаас үзвэл ажилтны нэг өдрийн цалин хөлсийг тооцохдоо тухайн хугацаанд олгосон цалинг ажилласан сард нь хувааж, гарсан дүнг ажлын өдрийн дундаж тоо 21.2-т хувааж 1 өдрийн цалин хөлсийг гаргахаар байна.

Нэхэмжлэгч хоёрдугаар сургууль нь 2011-2012 онд багш нарын ээлжийн амралтын олговрыг тооцохдоо жирэмсний болон амаржсаны тэтгэмжтэй хугацааны ажлын өдрийг ажилласан мэтээр ажилласан өдөрт оруулан тооцож, нийт цалин хөлсийг нийт ажилласан өдрийн тоонд хувааж тооцсоныг буруу гэж дүгнэсэн хариуцагчийн дүгнэлт, шийдвэр хууль, журамд нийцсэн байна.

Харин хариуцагчаас нэг өдрийн цалин хөлсийг гаргахад дээрх аргачлалаар тооцож бодохдоо алдаа гаргаснаас актаар тогтоосон 4204845 төгрөгөөс 244448 төгрөгийг хасч, багш нарт буцааж олгох цалинг 3960397 төгрөг болно гэж тооцсон талаар хэргийн оролцогчид маргаагүй байна.

Жирэмсний болон амаржсаны чөлөөтэй байсан багш нарын амралтын хоног болон олговрыг тооцох тухайд:

Боловсролын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.2-т багш, ажиллагчдын ээлжийн үндсэн амралтын хугацааг Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулна. Хөдөлмөрийн онцлогийг харгалзан багшид ажлын 33... өдрийн нэмэгдэл амралт ... олгоно. Хөдөлмөрийн тухай хуулийн 79.5, 79.6-д заасан ажилласан хугацаа, хөдөлмөрийн нөхцөлийг харгалзсан бусад нэмэгдэл амралт дээрх албан тушаалтанд хамаарахгүй, Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.2-т Ажилтны ээлжийн үндсэн амралтын хугацаа ажлын 15 өдөр байна гэж заасан.

Дээрх хуулийн зохицуулалтаас үзвэл багш-ийн ажил эрхлэгч нь нийт 48 хоногийн хугацаагаар ээлжийн амралт эдлэхээр байна.

Монгол Улсын Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын 2000 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 166 дугаар тушаалаар батлагдсан Ээлжийн амралт олгох заавар журам-ын 14-т хэрвээ ажилтан ажлаас халагдах тухай асуудал тавигдаагүй байгаа бол түүний ээлжийн амрлатыг ажилласан хугацаанд нь ногдуулж биш ажлын бүтэн жилээр тооцож олгоно гэж заасан байна.

Нэхэмжлэгч хоёрдугаар сургуулийн хувьд шалгалтад хамрагдсан хугацаанд ажлаас халагдсан болон ажлаас халагдах тухай асуудал тавигдсан багш байхгүй байсан талаар нэхэмжлэгч шүүхэд тайлбарлажээ. Гэтэл тус сургууль нь жирэмсний болон амаржсаны чөлөөтэй байсан багш нарын амралтын хоногийг 2012 онд 48 хоногоор тооцсон байх боловч 2011, 2013 онд жирэмсэн болон амаржсаны чөлөөтэй байх хугацааны 1 сард 4 хоногоор тооцон амралтын хоногийг хасч тооцсоноос олговрыг дутуу тооцож олгосон байна. Харин амралтын олговрыг дутуу тооцож олгосон нь хөдөлмөрийн хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т Ээлжийн амралтын олговрыг ажилтны тухайн ажлын жилийн дундаж цалин хөлсний хэмжээгээр тогтооно гэж заасныг зөрчсөн талаар болон ээлжийн амралтын үргэлжлэх хугацаа, ээлжийн амралт олгохгүй нөхцлийн талаарх Ээлжийн амралт олгох журам-ын холбогдох зохицуулалтыг тайлбарлан дүгнэсэн шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий байна6

Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.7-д Хяналт шалгалтыг зөвхөн удирдамж, хяналтын хуудсанд заасан асуудлын хүрээнд хийж гүйцэтгэнэ, 10 дугаар зүйлийн 10.12-т Улсын ерөнхий байцаагч, улсын ахлах байцаагч энэ хуулийн 10.9-д заасан нийтлэг бүрэн эрхээс гадна дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:, 10.12.2-таж ахуйн нэгж, байгууллага, иргэний хууль бусаар олсон орлого, эд хөрөнгийг акт үйлдэж улсын орлого болгох, түүнчлэн бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлүүлэх гэж тус тус заажээ.

Шүүх Хариуцагч нар нь хоёрдугаар сургуулийн 2011-2013 оны санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалтыг хийхдээ багш нарын хүсэлт[2]-ээр 2013 оны багш нарын жирэмсний болон амаржсаны тэтгэмжтэй холбоотой асуудлыг шалгасан нь удирдамжид заасан чиг үүрэгтэй нь нийцсэн гэх талаар болон бусад асуудлаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 18 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

ШҮҮГЧ Д.БАТБААТАР

ШҮҮГЧ О.НОМУУЛИН

ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ

 

 

 

 

 

 

 

 

 

 


[1] 2-р хавтаст хэргийн 67, 70 дугаар тал

[2] 1-р хавтаст хэргийн 118-129 дүгээр тал