Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 102

 

 

 

 

 

 

                                           Монгол Улсын нэрийн өмнөөс

Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Энхбаатар даргалж, тус шүүхийн "А" танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Чинзориг

Улсын яллагч Б.Ичинхорол

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ганхуяг

Шүүгдэгч Ц.Атартулга нарыг оролцуулан Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Цэеэнжавын Атартулгад холбогдох эрүүгийн 201611000257 дугаартай хэргийг 2016 оны 08 сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1979 оны 2 сарын 01-ний өдөр Төв аймгийн Баянхангай суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эгч, ах, 2 дүүгийн хамт Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Мандал-Овоогийн 34-40 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл: Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 1995 оны 7 сарын 26-ны өдрийн 224 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3-д зааснаар 8 сарын хорих ял оногдуулсан таслан шийдвэрлэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан, Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 1996 оны 02 сарын 28-ны өдрийн 46 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 127 дугаар зүйлийн 1, 123 дугаар зүйлийн 3-д зааснаар 1 жил 11 сарын хорих ялаар, Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 1997 оны 7 сарын 31-ний өдрийн 293 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3-д зааснаар 2 жилийн хорих ялаар, Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 1998 оны 2 сарын 09-ний өдрийн 43 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3-д зааснаар 4 жилийн хорих ялаар, Дархан-Уул аймаг дахь Сум дундын 2002 оны 11 сарын 03-ны өдрийн 158А дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.1-д зааснаар 1 сар баривчлах ялаар, Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2006 оны 03 сарын 14-ний өдрийн 90 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 2 жил 8 сарын хорих ялаар, Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2007 оны 4 сарын 26-ны өдрийн 148 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4-д зааснаар 10 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, бие эрүүл, регистрийн дугаар ТГ79020171, Боржигон овогт Цэеэнжавын Атартулга

                 Шүүгдэгч Ц.Атартулга нь 2007 оны 4 сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 90 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 10 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, ялтай байх хугацаандаа давтан үйлдлээр Дорнод аймгийн Хэрлэн сумын 4-р баг Зангиатын 3-04 тоотоос 2016 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 10 цагийн орчимд Б.Шинэбаярын амбаарт буюу агуулах саванд нэвтэрч 32 инчийн зурагт хулгайлан хохирогч Ц.Эрдэнэхүүд 390000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

                 Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ц.Атартулга шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй. Учир нь миний мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйл байхгүй, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч гэмшиж байна гэв.

Хохирогч Ц.Эрдэнэхүү мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ "...Би 2016 оны 4 сарын сүүлээр Дорнод аймгийн Чойбалсан сумын Хавирга ар хашаатад байх төрийн банкны салбарт 1 сарын хугацаатай ажиллахаар болоод түрээсийнхээ байрнаас гараад Төрийн банкинд хамгаалагч хийдэг Цогтбаярын хашаанд байх амбаарт нь өөрийнхөө гэрийн эд зүйлийг түр хадгалуулсан. Тэгээд би 2016 оны 5 сарын 20-нд ирээд Цогтбаярын гэрийн амбаараас эд зүйлээ авах гэхэд 32 инчийн "Sharp" маркийн LCD зурагт маань байхгүй болсон байсан. Тэгтэл Цогтбаярын ээж Шинэбаяр надад хандан манай дүү Атартулга авчихсан юм шиг байна гэж хэлж байсан. Миний зурагт шинэ болохоор 450000 төгрөгөөр үнэлнэ. Би зурагтаа бүрэн бүтэн буцааж авсан болохоор гомдол санал нэхэмжлэх зүйл алга" гэжээ. /хх-ийн 13-14/

-Бичгийн нотлох баримт:

-Ц.Атартулгын тайлбар /хх-ийн 4/

-эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 6/

-эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /хх-ийн 7/

-хохирогч Ц.Эрдэнэхүүг байцаасан тэмдэглэл /хх-ийн 13-14/

-гэрч Б.Шинэбаярыг байцаасан тэмдэглэл /хх-ийн 15-16/

-гэрч Б.Цогтбаярыг байцаасан тэмдэглэл /хх-ийн 17/

-гэрч Б.Учралыг байцаасан тэмдэглэл /хх-ийн 18/

-шүүгдэгч Ц.Атартулгыг сэжигтэн, яллагдагчаар байцаасан тэмдэглэл /хх-ийн 34-35, 37/

-Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны тодорхойлолт /хх-ийн 38/

-Улсын бүртгэл, статистикийн газрын тодорхойлолт /хх-ийн 41/

-урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 44/

-хэргийн материал танилцуулсан баримт /хх-ийн 78/

-суллагдсан хүмүүст олгодог справка  /хх-ийн 73/ зэрэг болон хуулийн  дагуу  цуглуулж,  бэхжүүлж  авсан, тухайн  хэрэгт  хамааралтай бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Ц.Атартулга нь 2016 оны 5 сарын 20-ны өдрийн 10 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 4-р баг Зангиатын 3-04 тоотоос Б.Шинэбаярын амбаарт буюу агуулах саванд нэвтэрч 32 инчийн зурагт хулгайлан хохирогч Ц.Эрдэнэхүүд нийт 390000 /гурван зуун ерөн мянга/ төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, түүнийг давхар нотолсон хохирогч Ц.Эрдэнэхүү, гэрч Б.Шинэбаяр, Б.Цогтбаяр, Б.Учрал нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүд, эд зүйлийн үнэлгээ зэргээр тогтоогдож байна.

Шүүгдэгч Ц.Атартулгад холбогдох хэрэгт Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар зүйлчлэн ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, хэргийг шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримт цугларч бүрдэл хангагдсан байна гэж үзлээ.

Иймд шүүгдэгч Ц.Атартулгыг давтан үйлдлээр, агуулах саванд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эд хөрөнгийг хураахгүйгээр хуульд заасан хорих ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.3-д заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болно.

Шүүгдэгч Ц.Атартулга нь ялгүйд тооцох хугацаа дуусаагүй байхад дахин шинээр гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний "давтан" шинжид хамаарч байх тул энэ байдлыг нь ял хүндрүүлэх нөхцөл байдалд тооцох шаардлагагүй гэж үзлээ. Харин шүүгдэгчийн урьд нь хорих ял эдэлж байсан байдлыг харгалзан шүүгдэгчид оногдуулсан ял эдлүүлэх дэглэмийг чангаруулах нь зүйтэй гэж үзлээ. 

     Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо арилгасан байдлыг харгалзан түүнд эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэх шаардлагагүй гэж үзсэн бөгөөд түүний эзэмшлээс төмөр орыг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 07 сарын 30-ны өдрийн "Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол"-ыг хүчингүй болгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч Ц.Атартулгын 2016 оны 6 сарын 19-ний өдрөөс 2016 оны 09 сарын 16-ний өдрийг хүртэл нийт 89 хоног цагдан хоригдсон хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцвол зохино.

Энэ хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирүүлсэн шүүгдэгч Ц.Атартулгын ТГ79020171 регистрийн дугаартай Монгол Улсын иргэний үнэмлэхний лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны цагдан хорих байранд нэн даруй хүргүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

                 Монгол  Улсын  Эрүүгийн  байцаан  шийтгэх  хуулийн  283,  286,  294,  297,  298 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

 

 

,1.Шүүгдэгч Боржигон овогт Цэеэнжавын Атартулгыг бусдын эд хөрөнгийг давтан үйлдлээр, агуулах саванд нэвтэрч хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч Цэеэнжавын Атартулгын эд хөрөнгийг хураахгүйгээр 2 /хоёр/ жилийн хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6-д зааснаар ялтан Ц.Атартулгад оногдуулсан 2 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар ялтан Ц.Атартулгын цагдан хоригдсон нийт 89 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүй бөгөөд ялтан нь бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар ялтан Ц.Атартулгын эзэмшлээс төмөр орыг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 07 сарын 30-ны өдрийн "Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол"-ыг хүчингүй болгосугай.

7. Хэрэгт баримт бичгээр хураагдан ирсэн ялтан Ц.Атартулгын ТГ79020171 регистрийн дугаартай Монгол Улсын иргэний үнэмлэхний лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны цагдан хорих байранд нэн даруй хүргүүлсүгэй.

8. Эрүүгийн  байцаан  шийтгэх хуулийн  299  дүгээр зүйлийн 299.3-т зааснаар   энэ тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан Ц.Атартулгад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, түүний эдлэх ялыг 2016 оны 09 сарын 16-ны өдрөөс эхлэн тоолсугай.

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, түүний өмгөөлөгч, хохирогч нар тогтоолыг гардан авснаас хойш 14  хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар давж заалдах болон хяналтын шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ялтан Ц.Атартулгад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                       Б.ЭНХБААТАР