| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдингийн Батцэцэг |
| Хэргийн индекс | 101/2017/02685/И |
| Дугаар | 3014 |
| Огноо | 2017-09-29 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 09 сарын 29 өдөр
Дугаар 3014
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батцэцэг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Л.Ц-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б.Г-т холбогдох
590,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.Ц, нарийн бичгийн дарга Ж.Мөнхжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Л.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б.Гнь манай хашаанд сарын 45,000 төгрөгөөр сууж байгаад одоо түрээслэхээ больсон. 2015 оны 02 сараас 2015 оны 7 сар хүртэл төлбөр 200,000 төгрөг, 2014 оноос 2015 оныг хүртэл цахилгааны төлбөр болох 390,000 төгрөг, нийт 590,000 төгрөг нэхэмжилсэн. 310,000 төгрөг нь цахилгааны төлбөр, 80,000 төгрөг нь алданги юм. Манай хашаанд 3 айл суудаг байсан, тус тусдаа тоолууртай байсан, нөгөө 2 айлын мөнгийг Б.Гавчихаад төлөхгүй байгаа юм. Б.Г2017 оны 4, 5, 6, 7 сарын түрээсийн төлбөр 135,000 төгрөгийг төлье гэж байгаа учир 200,000 төгрөгөө багасгаж 135,000 төгрөгийг нэхэмжилж байна. Нийт 525,000 төгрөгийг гаргуулж өгнө үү ...” гэв.
Хариуцагч Б.Гшүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Би Баянзүрх дүүрэг, 2 дугаар хороо, 1а хэсэг цагдаа хотхон хүч спорт хороо 242 тоотод түрээсийн байранд амьдардаг. Нэхэмжлэгч эгчийн хашаанд түрээсээр суудаг байсан. Хашааны төлбөр болох 200,000 төгрөг гэдэг нь буруу юм. Учир нь 2015 оны 04 дүгээр сараас 7 сар хүртэл сүүлийн 3 сарын төлбөр болох 135.000 төгрөгийг 2017 оны 10 сар гэхэд төлж дуусгана. Харин цахилгааны төлбөр болох 390,000 төгрөгийг манайх төлөхгүй учир нь тэр хашаанд манайхтай цуг айл байсан. Навчаа гэдэг айл төлөх ёстой гэж үзэж байна. Нэг хаяг дээр 2 айл тус тусдаа тоолуур хэрэглэдэг байсан. Манайх цахилгааны төлбөр төлдөг байсан баримт нь бүгд байгаа тул цахилгааны төлбөр болох 390.000 төгрөг нөгөө айл болох Навчаагаас нэхэмжилнэ үү ...” гэжээ.
Шүүх хуралдаанаар зохигчийн гаргасан тайлбар, хэрэгт цугларсан бичмэл баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Л.Ц хариуцагч Б.Г-т холбогдуулан “хашааны түрээсийн төлбөрт 200,000 төгрөг, цахилгааны төлбөрт 310,000 төгрөг, цахилгааны төлбөрийн алдангид 80,000 төгрөг, нийт 590,000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж “хашааны 135,000 төгрөг, цахилгааны төлбөрт 310,000 төгрөг, цахилгааны төлбөрийн алдангид 80,000 төгрөг, нийт 525,000 төгрөг” гаргуулахаар нэхэмжилж байна.
Хариуцагч тал “хашааны төлбөрт 2015 оны 04 дүгээр сараас 7 сар хүртэл сүүлийн 3 сарын төлбөр 135,000 төгрөгийг төлнө, өөрийн хэрэглэсэн цахилгааны мөнгөө төлсөн, өөр айлын төлбөрийг хариуцахгүй” гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг зөвшөөрч, зарим хэсгийг зөвшөөрөхгүй байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Хөлслөгч Л.Ц 2015 оноос 2016 оны 8 сарыг хүртэл Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо Цэргийн хотхон 275 тоотод байрлах хашаагаа Б.Г-т хөлслүүлэхээр шилжүүлэн өгсөн, хөлслөгч Б.Гсард 45,000 төгрөгөөр төлөхөөр тохиролцсон болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байна.
Талуудын хооронд хийгдсэн хэлцэл нь Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1 дэх хэсэгт нийцсэн хүчин төгөлдөр байна.
Дээрх үйл баримтын талаар талууд маргаагүй.
Хөлслөгч Б.Г2015 оны 4, 5, 6 сарын төлбөр 135,000 төгрөгийг төлөөгүй болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байх бөгөөд хариуцагч Б.Г135,000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байх тул энэ дүнгээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2 дахь хэсэгт нийцнэ.
Нэхэмжлэгч Б.Ц 2015 оноос 2016 оны 8 сар хүртэл Б.Г-г хэрэглэсэн цахилгааны төлбөрөө төлөөгүй гээд цахилгааны төлбөрт 310,000 төгрөг, алдангид 80,000 төгрөг, нийт 390,000 төгрөг нэхэмжилж байх боловч энэ шаардлагаа бичгийн баримтаар тогтоож чадахгүй байна.
Талууд Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо Цэргийн хотхон 275 тоотод байрлах хашаанд 3 айл цахилгаан хэрэглэж байсан талаар тайлбарлаж байх ба Б.Гямар хугацааны хооронд 310,000 төгрөгийн цахилгаан хэрэглэсэн, төлөөгүйгээс 80,000 төгрөгийн алданги төлөх үүрэг үүссэн зэрэг нь тогтоогдохгүй байна.
Мөн нэхэмжлэгчийн өгсөн 26-32 дугаар хуудсан дахь цахилгааны төлбөрийн баримтуудаар Б.Г-ийг 310,000 төгрөгийн цахилгаан хэрэглэсэн, төлөөгүйгээс 80,000 төгрөгийн алданги төлөх үүрэгтэй болсон гэж үзэхээргүй байна.
Иймд хариуцагч Б.Г-ээс 135,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Л.Цд олгож, нэхэмжлэлээс цахилгааны төлбөр 310,000 төгрөг, алданги 80,000 төгрөг, нийт 390,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1, 77.2-т заасан журмын дагуу хариуцагч Б.Гт 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 11 цаг 30 минутад товлогдсон шүүх хуралдааны товыг 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 99342072 дугаарын утсаар нь мэдэгдсэн боловч тэрээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Г-ээс 135,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Л.Цд олгож, нэхэмжлэлээс 390,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 18,350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Г-ээс 4,700 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л.Цд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭЦЭГ