| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдингийн Батцэцэг |
| Хэргийн индекс | 101/2017/03827/И |
| Дугаар | 3204 |
| Огноо | 2017-10-16 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 10 сарын 16 өдөр
Дугаар 3204
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батцэцэг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: УБ-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Я.Б-д холбогдох
1,197,770 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баттунгалаг, М.Азжаргал, А.Өлзийсайхан, хариуцагч Я.Б, нарийн бичгийн дарга Ж.Мөнхжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч УБ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Өлзийсайхан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр УБ болон Я.Б нарын хооронд Автомашины санхүүгийн түрээсийн ТТ-17-010 тоот гэрээ байгуулагдсан. Энэхүү гэрээгээр түрээслэгч нь 13-22 УНМ улсын дугаартай автомашиныг такси үйлчилгээний зориулалтаар эзэмшиж ашиглаж, гэрээнд заасан хугацаанд түрээсийн төлбөрийг төлөх түрээслүүлэгч нь тодорхой хугацаагаар түрээсийн зүйлийг түрээслүүлж, түрээслэгч нь гэрээнд заасан төлбөрийг бүрэн төлснөөр гэрээний зүйлийг түүний өмчлөлд шилжүүлэхээр харилцан тохиролцож автомашиныг бүрэн бүтэн байдлаар хүлээлгэн өгч талууд акт үйлдсэн байдаг. Гэтэл хариуцагч Я.Б нь түрээсийн гэрээнд заасан төлбөр төлөх үүргээ биелүүлэхгүй нийт 18 хоногийн буюу 450,000 төгрөгийн түрээсийн өртэй болсны дагуу нэхэмжлэгчийн зүгээс автомашины санхүүгийн түрээсийн гэрээний 12 дугаар зүйлийн 12.2 дах хэсэгт заасны дагуу 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдөр хариуцагчийн эгчийг байлцуулан хүлээлцэх акт үйлдэн автомашиныг үзлэг оношилгоонд оруулан холбогдох засвар үйлчилгээг “Монгол Хьюндай Автомотив” ХХК-иар хийлгүүлэн холбогдох төлбөр тооцоог бүрэн төлсөн байдаг. Түүнчлэн хариуцагч нь эзэмшиж ашиглах явцдаа буюу зам тээврийн хөдөлгөөнд оролцох үедээ зөрчил гаргасан нийт торгуулийн хэмжээ нь 24,000 төгрөгийн өр болон зээлээр сэлбэг авсан 56,050 төгрөгийн өртэй байна. Иймд Я.Бгаас засварын зардал 767,720 төгрөг, торгуулийн 24,000 төгрөг, түрээсийн төлбөр 450,000 төгрөг, зээлээр сэлбэг авсан 56,050 төгрөг, нийт 1,297,770 төгрөгөөс барьцаа 100,000 төгрөгийг хасаж үлдэх, 1,197,770 төгрөгийг гаргуулж өгнө үү ...” гэв.
Хариуцагч Я.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр УБ-тай автомашины түрээсийн гэрээ хийж 13-22 УНМ улсын дугаартай элентра машиныг түрээсэлж байгаад 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр машины ган диск, пирда эвдэрсний улмаас машин эвдэрч явж чадахгүй байсан тул 2017 оны 03 дугаар сарын 02-ны өдөр ажил цуглаж механик инженерт үзүүлэн машиныг оношилж, ган диск, пирда эвдэрснийг тогтоон компаниар янзлуулан унаж байгаад 03 дугаар сарын 21-нд машиныг буцаан өгсөн. Засварын мөнгө надаас гарах ёсгүй, учир нь машины сэлбэгийг компанийн нэрийн машин болох 13-22 УНМ элентра маркийн машинд сэлбэж тавьсан. Би гэрээт машиныг янзлуулаад унаж байгаад 03 дугаар сарын 23-ны өдөр хүлээлгэн өгсөн. Мөн миний эгч гэх хүнийг байлцуулан гэрээ хийсэн гэж байгаа гэвч би өөрийн эгч болон эмэгтэй хүнтэй компанид очиж засварын гэрээ хийж байгаагүй. 767,720 төгрөг болон сэлбэг 56,050 төгрөгийг би хүлээн зөвшөөрөхгүй, би энэ мөнгийг төлөх ямар ч үндэслэлгүй болно. Харин гэрээний хугацааны төлбөр 450,000 төгрөг, торгууль миний буруугаас болсон учир 24,000 төгрөг, нийт 474,000 төгрөгөөс барьцаа 100,000 төгрөгийг хасаж 374,000 төгрөгийг төлнө ...” гэв.
Шүүх хуралдаанаар зохигчийн гаргасан тайлбар, хэрэгт цугларсан бичмэл баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч УБ хариуцагч Я.Бд холбогдуулан “түрээсэлж байсан авто машины засварын зардал 767,720 төгрөг, замын хөдөлгөөний дүрэм зөрчсөнөөс торгуулсан төлбөр 24,000 төгрөг, түрээсийн төлбөр 450,000 төгрөг, зээлээр худалдан авсан сэлбэгийн үнэ 56,050 төгрөг, нийт 1,297,770 төгрөгөөс барьцаа 100,000 төгрөгийг хасаж 1,197,770 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч тал “засварын зардал, зээлээр авсан сэлбэгийн нийт 823,770 төгрөгийг авто машины өмчлөгч болох компани хариуцна” гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг зөвшөөрөхгүй байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
УБ болон иргэн Я.Б нарын хооронд автомашины санхүүгийн түрээсийн ТТ-17-010 дугаартай гэрээ 2017 оны 1 сарын 18-ны өдөр байгуулагдаж, түрээслүүлэгч тал болох УБ БНСУ-ын Хьюндай компанид 2011 онд үйлдвэрлэгдсэн 13-22 УНМ улсын дугаартай элентра маркийн автомашиныг түрээслэгчийн эзэмшилд такси үйлчилгээний зориулалтаар шилжүүлэх, улмаар өмчлөлд шилжүүлэх, түрээслэгч тал болох Я.Б 33 сарын хугацаанд сар бүр 550,000 төгрөгөөр графикийн дагуу нийт 17,775,140.26 төгрөг төлөх үүрэг хүлээжээ.
Дээрх гэрээний дагуу түрээслүүлэгч тал болох УБ БНСУ-ын Хьюндай компанид 2011 онд үйлдвэрлэгдсэн 13-22 УНМ улсын дугаартай элентра маркийн автомашиныг түрээслэгч Я.Бгийн эзэмшилд 2017 оны 1 сарын 17-ны өдөр хүлээлгэн өгсөн, Я.Б 2017 оны 1 сарын 18-ны өдрөөс 2017 оны 3 дугаар сарын 20-ний өдрийг дуустал таксины үйлчилгээгээр уг авто машиныг эзэмшин түрээсэлж байгаад Я.Б түрээсийн төлбөрөө төлөх хугацаа хэтрүүлсний улмаас талууд тохиролцон гэрээгээ дуусгавар болгон, 2017.03.21-ний өдөр Я.Б 13-22 УНМ улсын дугаартай авто машиныг УБ-д хүлээлгэн өгсөн болох нь зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан авто машин хүлээлцэх акт зэргээр тогтоогдож байна.
Иргэний хуулийн 315 дугаар зүйлийн 315.1-д “Түрээслэгчийн гэм буруугаар санхүүгийн түрээсийн гэрээ хугацаанаас өмнө дуусгавар болсон тохиолдолд түрээслүүлэгчээс тавих шаардлагын хэмжээг тодорхойлохдоо түрээсэлсэн эд юмсын элэгдлийг тооцсон үнэ, төлөгдөөгүй төлбөр болон хэмнэгдсэн бусад зардлыг харгалзан үзнэ” гэж заажээ.
2017.01.18-ны өдрөөс 2017.03.20-ны өдрийг дуустал 40 хоног түрээс төлөх үүрэгтэй байх ба үүнээс 22 өдрийн түрээс /22*25,000/ 550,000 төгрөгийг төлж, 18 хоногийг түрээс /18*25,000/ 450,000 төгрөгийг төлөөгүй болох нь зохигчийн тайлбар, түрээсийн төлбөрийн хуулга зэргээр тогтоогдож байх ба хариуцагч энэ талаар маргаагүй тул энэ дүнгээс барьцаа 100,000 төгрөгийг хасаж 350,000 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй.
Мөн Я.Б автомашиныг эзэмшиж байхдаа замын хөдөлгөөний дүрэм зөрчсөнөөс 24,000 төгрөгөөр торгуулсан болох нь зөрчилд ногдуулсан торгуулийн мэдэгдэх хуудсаар тогтоогдож байх ба хариуцагч төлнө гэж зөвшөөрч байх тул 24,000 төгрөгийг гаргуулах нь зүйтэй.
Я.Б 13-22 УНМ улсын дугаартай элентра маркийн автомашиныг 2017 оны 1 сарын 18-ны өдрөөс 2017 оны 3 дугаар сарын 20-ний өдрийг дуустал таксины үйлчилгээгээр түрээсэлж байх хугацаанд автомашинд нь эвдрэл гарсны улмаас 2017.03.03-нд ган диск, перда диск, муфьт шарик 158,200 төгрөг /226,000 төгрөгөөс 30 хувь хямдарсан/, сольсон засвар үйлчилгээний зардалд 136,000 төгрөг /160,000 төгрөгөөс 15 хувь хямдарсан/, нийт 294,200 төгрөг болсон болсон болох нь зохигчийн тайлбар, хэргийн 18, 21-р талд авагдсан Я.Бгийн гарын үсэгтэй бараа материалын зарлагын баримт, засвар үйлчилгээний үнийн санал, үнэлгээний хуудас зэргээр тогтоогдож байна.
Иргэний хуулийн 314 дүгээр зүйлийн 314.1-д “Түрээслүүлэгч нь гэрээний зүйл болох эд хөрөнгийг түрээслэгчид шилжүүлээгүй, хугацаа хоцорч шилжүүлсэн, эсхүл шаардлага хангаагүй эд юмсыг шилжүүлсний хариуцлагыг эд хөрөнгө хөлслөх гэрээний нэг адил хүлээнэ”, 291 дүгээр зүйлийн 291.1-д “Хөлслөгч хөлслөн авсан эд хөрөнгийг гэрээнд заасан нөхцөл, зориулалтаар ашигласны үр дүнд тухайн эд хөрөнгө муудсан тохиолдолд хариуцлага хүлээхгүй” гэж тус тус заажээ.
Түрээслэгч Я.Б 2017.01.18-наас 2017.03.03-ны өдрийг хүртэл авто машиныг таксины үйлчилгээний зориулалтаар ашиглахад авто машинд ердийн эвдрэл гарсныг дээрх хуулийн заалтын дагуу хариуцахааргүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 294,200 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй байна. Нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 353,040 төгрөгөөс үлдэх 58,840 төгрөгийг Я.Бгаас гаргуулах үндэслэлгүй, учир нь авто машинд ямар засвар үйлчилгээ хийсэн болох нь баримтаар тогтоогдохгүй байна.
Я.Б үүргээ зөрчсөнөөс 13-22 УНМ улсын дугаартай элентра маркийн автомашины хойд гупер засч будах, хойд цапны втулька, сэнсний агаар шүүгч, шил арчигчийн мотор солих, будах шаардлагатай болсон болох нь тогтоогдохгүй байх ба 2017.05.16-нд Мөнхболд гэх хүний хийлгэсэн сэлбэг, засвар үйлчилгээний зардал 414,680 төгрөгийг Я.Б хариуцах үндэслэлгүй байна.
Иймд хариуцагч Я.Бгаас 374,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч УБ-д олгож, нэхэмжлэлээс 823,770 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 312 дугаар зүйлийн 312.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Я.Бгаас 374,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч УБ-д олгож, нэхэмжлэлээс 823,770 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 33,298 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Я.Бгаас 11,870 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч УБ-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭЦЭГ