| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдингийн Батцэцэг |
| Хэргийн индекс | 101/2017/02585/И |
| Дугаар | 2896 |
| Огноо | 2017-09-21 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 09 сарын 21 өдөр
Дугаар 2896
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Д.Б -ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ПБ-д холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 48,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батхуяг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Буянхишиг, түүний өмгөөлөгч Р.Болдбаатар, нарийн бичгийн дарга Ж.Мөнхжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “... Би П.Бтай харилцан тохиролцож гэрээний нөхцөлүүдээ зөвшилцөн 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдөр зээлийн гэрээ байгуулсан. Хариуцагч нь үндсэн зээл 70,000,000 төгрөг гэрээнд тохирсон 15 сарын хүү 31.500.000 төгрөгийг 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр төлж дуусгах байсан. Гэвч үүргээ эхний сараас эхлэн зөрчиж бүрэн биелүүлээгүй. Өнөөдрийг хүртэл хугацаанд гэрээний хугацааг хэтрүүлэн, 3000 төгрөгөөс эхлэн цувуулж одоо 46.131.700 төгрөг төлөөд үлдсэн хэсгийг огт өгөхгүй явсаар байна. Иймд гэрээнд тохиролцсоны дагуу алдангийг хуульд нийцүүлэн биелэгдээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар нэмж тооцоход 106.118.300 төгрөг болж байна. Шаардах эрхтэй боловч П.Бгийн өөрийнх нь амлаж буй зөвшөөрлөөр 48.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү ...” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батхуяг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Нэхэмжлэгч нь АНУ-д байхдаа Лексус470 машиныг авч Монгол улс руу явуулсан байдаг. Машиныг өөрийн дүү болох Г.Тэлмэнгээр гаалийн бүрдүүлэлт хийлгэж авсан. Уг автомашиныг П.Б худалдан авах хүсэлт гаргаж, түүнд 70,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон. Машиныг Г.Тэлмэнгээс П.Бгийн нэр дээр шилжүүлсэн худалдах худалдан авах гэрээг 2015 оны 06 дугаар сарын 11-ний өдөр хийж автомашиныг П.Бд шилжүүлж өгсөн. П.Б нь автомашины үнийг тэр дор нь мөнгийг төлөх боломжгүй байх тул зээлийн гэрээ байгуулж, машины үнийг хэсэгчлэн төлье гэснийг нэхэмжлэгч зөвшөөрч, нотариатаар орон 70,000,000 төгрөгийн зээлийн гэрээг бичгээр үйлдэж байгуулсан байдаг. Уг үйл баримтууд нь тээврийн хэрэгслийг худалдах, худалдан авах болон зээлийн гэрээ, хариуцагч талын нэхэмжлэгчийн данс руу автомашины зээлийн төлбөр, хүү гэж мөнгө шилжүүлж байсан банкны дансны хуулга болон хариуцагчийн гараар бичиж өгсөн төлбөр барагдуулах баталгаанууд зэрэг баримтуудаар нотлогдоно. Хариуцагч нь 53,000,000 төгрөгийг төлсөн гэдэг боловч хэрэгт нотлох баримт бүрдээгүй байна. Нэхэмжлэгч нь хариуцагчаас бэлнээр мөнгө аваагүй, дансаар 47,131,700 төгрөгийг хүлээж авсан. Хэдийгээр 106,118,300 төгрөгийг нэхэмжлэх эрхтэй боловч, хариуцагчийн зөвшөөрч байгаа, төлнө гэснийг үндэслээд 48,000,000 төгрөгийг нэхэмжилж байна. Нотариатаар батлуулсан гэж байгаа зээлийн гэрээ нь бодит байдал дээр зээлээр худалдах худалдан авах гэрээ байгуулагдаж, гэрээнд заасны дагуу хүү тооцохоор тохиролцсон байдаг. Худалдах худалдан авах гэрээний үүргийг талууд худалдан авагч нь үнийг бүрэн төлж барагдуулах боломжгүй байсан учраас өөр үүргээр солих саналыг гаргаж зөвшөөрөөд зээлийн гэрээ байгуулсан байдаг. Зээлээр худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан тул зээлийн гэрээний үндсэн зээл болон хүүг шаардах эрхтэй гэж үзэж байна ...” гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Буянхишиг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...П.Б нь Д.Бгаас ямар нэгэн мөнгө зээлээр аваагүй бөгөөд нэхэмжлэл дээр дурдагдаад буй 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн Зээлийн гэрээ нь зөвхөн хэлбэр төдий гэрээ юм. П.Бд дээрх зээлийн гэрээнд заасан мөнгийг олгоогүй, ямар нэгэн олгосон баримт байхгүй болно. П.Б нь 2015 оны 06 дугаар сарын 11-ний өдөр иргэн Г.Тэлмэнтэй харилцан тохиролцсоны дагуу түүний өмчлөлийн 1788 УНО Улсын дугаартай, лексус 470 авто машиныг 65 сая төгрөгөөр худалдан авахаар болж “Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулсан. Тухайн үед худалдан авч буй авто машины үнэ төлбөрийг шууд төлөх 65 сая төгрөг байгаагүй тул төлбөрийг цувуулан өгөхөөр болоход нэгэнт төлбөрийг бөөнд нь өгөх боломжгүй, цувуулан өгөх тохиолдолд зээлийн гэрээ байгуулаад, 1 жилийн хугацаанд төлчих гэж Г.Тэлмэн болон түүний ахын эхнэр болох нэхэмжлэгч Д.Б нар нь хэлсэн. Ингээд “Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ”-нд авто машин худалдан авсан үнэ, төлбөрийг бүрэн төлсөн гэж бичээд, Д.Бтай 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 70 сая төгрөгийн дүнтэй зээлийн гэрээ байгуулсан болно. Гэтэл П.Бгийн хувьд зээлийн гэрээ нь зээлдүүлэгчийн өмчлөлд бодитоор мөнгө олгогдож, захиран зарцуулах боломжтой болсон тохиолдолд байгуулагддаг болохыг мэддэггүй, хууль эрх зүйн мэдлэггүй байсны улмаас энэхүү зээлийн гэрээг байгуулж, автомашины үнэ төлбөрийг нэхэмжлэгчид төлж байсан байна. Хариуцагч П.Бгийн хувьд өнөөдрийн байдлаар авто машины төлбөрт нийт 50,646,800.00 төгрөгийг Д.Бд шилжүүлж төлсөн байгаа болно. Иймд дээрх зээлийн гэрээ нь бодитоор байгуулагдаагүй, зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө, төгрөгийг шилжүүлээгүй, нэхэмжлэгч нь мөнгө төгрөг шаардах эрх үүсээгүй, нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү ...” гэв.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, бусад бичмэл баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Б хариуцагч П.Бд холбогдуулан “зээлийн гэрээний үүрэгт 48,000,000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч тал “бодитоор зээлийн гэрээ байгуулагдаагүй, 70 сая төгрөг хүлээн аваагүй, авто машин худалдан авсан, авто машины өмчлөгч нь Г.Тэлмэн” гэх үндэслэл зааж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ”, 282 дугаар зүйлийн 282.4-т “мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж заажээ.
Нэхэмжлэгч Д.Б 2015 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн “зээлийн гэрээ”-гээр хариуцагч П.Бд 70,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 3 хувийн хүүтэй, хугацаа хэтэрвэл хоног тутамд 0.5 хувийн алданги тооцохоор тохиролцож зээлийн гэрээ байгуулсан болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан зээлийн гэрээгээр тогтоогдож байна.
Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т “мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно”, зээлийн гэрээний 6-д “гэрээ нь зээлдүүлэгчээс зээлдэгчид мөнгийг бодитойгоор гардуулсан өдрөөс хүчин төгөлдөр болно” заасны дагуу 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн зээлийн гэрээгээр Д.Б П.Бд 70,000,000 төгрөгийг бодитойгоор шилжүүлэн өгөөгүй болох нь зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байх ба мөнгийг хүлээлгэн өгөөгүй талаар талууд маргахгүй байна.
Өөрөөр хэлбэл Д.Б 70,000,000 төгрөгийг зээлэх, П.Б зээлэн авах хүсэл зориггүй байсан болох нь зохигчийн тайлбар, хэргийн үйл баримтаар хангалттай тогтоогдож байна.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд ... Д.Б өөрийн өмчлөлийн 17-88 УНО улсын дугаартай лексус маркийн автомашиныг П.Бд зээлээр худалдсан, тохиролцоод зээлийн гэрээ байгуулан хүү тохирсон нь хууль зөрчөөгүй... гэж тайлбарлаж байх боловч 17-88 УНО улсын дугаартай лексус маркийн автомашины өмчлөгч нь Г.Тэлмэн, тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ иргэн Г.Тэлмэн, П.Б нарын хооронд байгуулагдсан, зээлээр худалдах, худалдан авах гэрээг Иргэний хуулийн 263 дугаар зүйлийн 263.2-т нийцүүлэн байгуулаагүй, Г.Тэлмэн өөрийгөө төлөөлж зээлээр худалдах, худалдан авах гэрээг П.Бтай байгуулах эрхийг Д.Бд олгоогүй зэрэг нөхцөл байдлууд баримтаар тогтоогдсоноос дүгнэвэл Д.Б П.Б нарын хооронд зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж дүгнэх хууль зүйн үндэслэлгүй байна.
Г.Тэлмэн 17-88 УНО улсын дугаартай автомашиныг худалдсан гэрээний үүргийг нэхэмжлэх шаардах эрхээ Д.Бд шилжүүлээгүй байх тул 2015 оны 6 дугаар сарын 11-ний өдөр байгуулсан тээврийн хэрэгсэл зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийг энэ шийдвэрээр шийдвэрлэх үндэслэлгүй байна.
Иймд нэхэмжлэгч Д.Б 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн зээлийн гэрээний дагуу П.Бд 70,000,000 төгрөгийг хүлээлгэн өгөөгүй тул талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдаагүй, Д.Б П.Б нарын хооронд зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаагүй гэж дүгнэн хариуцагч П.Бд холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 48,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Д.Бгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Батхуяг шүүх хуралдаанд нэхэмжлэлд дурдаагүй асуудал буюу ... Д.Б өөрийн өмчлөлийн 17-88 УНО улсын дугаартай лексус маркийн автомашиныг П.Бд зээлээр худалдсан, тохиролцоод зээлийн гэрээ байгуулсан... гэж тодруулж тайлбарласан учраас шүүх хариуцагч талаас ... нэхэмжлэлд дурдаагүй асуудал яригдсан тул тайлбар гаргах эрхээ эдлэх эсэх...-ийг тодруулахад хариуцагчийн төлөөлөгч С.Буянхишиг, түүний өмгөөлөгч Р.Болдбаатар нар автомашинтай холбоотой асуудлыг бид анхнаасаа мэдэж байсан, энэ талаарх баримтуудтай танилцсан гэсэн тул шүүхээс нэхэмжлэлийн үндэслэлийг тодруулах шаардлагагүй, хариуцагч талын мэтгэлцэх эрх зөрчигдөөгүй гэж үзэж хэргийг шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.
Г.Тэлмэн П.Бгаас 2015 оны 6 дугаар сарын 11-ний өдөр байгуулсан тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээний үүргээ нэхэмжлэхэд энэ шийдвэр саад болохгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэг, 116, 118-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282 дугаар зүйлийн 282.4, 262 дугаар зүйлийн 262.1, 263 дугаар зүйлийн 263.2, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч П.Бд холбогдуулан гаргасан 48,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Д.Бгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 397,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргасан бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2-т зааснаар Шүүхээс гаргах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай 101/ШЗ2017/10885 дугаартай захирамж хүчинтэй хэвээр байхыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭЦЭГ