Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 3202

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

            Нэхэмжлэгч: И.Ц-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Г.Д-д холбогдох

7,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

         

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхтүвшин,  хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баасанбаяр, нарийн бичгийн дарга Ж.Мөнхжаргал нар оролцов.

     ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч И.Цшүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхтүвшин шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Г.Д нь 2015 оны 10 сарын 05-ны өдөр манай “Итгэлт цэгц” ХХК-ийн барьцаат зээлийн газраас өөрийн нэр дээрх тоёота приус  маркийн 05-75 УНА улсын дугаартай суудлын автомашиныг барьцаалах журмаар манай ажилтан Ш.Батлхагвад итгэмжлэл олгож 3 сарын хугацаатай 1 сард 8 хувийн хүүтэй 1 сард 400,000 төгрөгийн хүү төлөх тохиролцоогоор 5.000.000 төгрөгийг зээлсэн болно. 3 сарын хүү болох 1,200,000  төгрөгийг Г.Д төлсөн. Үүнээс хойш хүү алданги төлөөгүй. 12 дугаартай зээлийн гэрээний журмаар хугацаа хэтэрсэн тохиолдолд хоногт гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн алданги төлөхөөр заасан байгаа тул 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хүртэл нийт 1 жил 5 сар буюу 515 хоног. Хоногийн 25,000 төгрөгөөр тооцоход 12,875,000 төгрөг гарч байгаа ба Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар алданги нийт үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй гэсэн тул алдангид 2,500,000 төгрөг тооцож, 7,500,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү...” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баасанбаяр шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь тэрээр тус компанитай зээлийн гэрээ байгуулж байгаагүй болно.  Г.Дгийн төрсөн дүү болох Г.Болдбаатарын өмчлөлийн Тоёота приус маркийн 05-75 УНА дугаарын тээврийн хэрэгсэл нь Г.Дгийн нэр дээр бүртгэлтэй байдаг бөгөөд Д.Энхдалай, Г.Болдбаатар, Б.Батболд нар нь хамтарч наймаа хийх зорилгоор уг машиныг барьцаалах шаардлагатай болоход  түүний гарын үсэг хэрэгтэй болон тэдгээрийн гуйлтаар Г.Д нь Ш.Батлхагва гэх хүнд жилийн хугацаатай итгэмжлэл хийн мөн зээлийн гэрээ гэх зүйл дээр гарын үсэг зуруулсан байна. Нэхэмжлэлд дурдсан 5,000,000 төгрөгийг Г.Д нь өөртөө шилжүүлж аваагүй бөгөөд одоо болтол тэр мөнгийг хэн авсныг болон хэдэн төгрөгөөр хариуцах ёстойг мэддэггүй хүн юмаа. Д.Энхдалай, Г.Болдбаатар, Б.Батболд нар нь танай нэр дээр Г.Болдбаатарын машин бүртгэлтэй байгаа учир бүртгэсэн эзэнтэй нь зээлийн гэрээ гэх зүйл дээр гарын үсэг зуруулна гэсэн, энэ мөнгө буюу зээл танд ерөөс огт хамаагүй зүйл гэдгийг болон бид төлж барагдуулах юм гэдгийг ойлгуулсан учраас тэрээр гарын үсэг л зурсан буруутай юм. Мөн Иргэний хуульд зааснаар зээлийн гэрээ нь тодорхой эд хөрөнгийг буюу мөнгийг шилжүүлснээр уг гэрээ байгуулагдсанд тооцогддог бөгөөд Г.Д нь зээлийг өөрт шилжүүлж аваагүй байхад гэрээ байгуулагдсан мэтээр үзэж улмаар түүнд холбогдуулж шаардлага гаргаж байгаа нь буруу юм. Түүнчлэн хэрэгт авагдсан зээлийн гэрээ гэх зүйл нь гэрээнд тавигдах тэр тусмаа зээлийн гэрээнд тавигдах гэрээний гол нөхцөлийг тодорхойлж чадахгүй байгаагаас гадна зээлийн гэрээний зүйлийг Г.Дд шилжүүлж өгсөн гэх нотлох баримт болж чадахгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү ...” гэв.

         

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, бусад бичмэл баримтуудыг шинжлэн хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч И.Цхариуцагч Г.Дд холбогдуулан “зээлд 5,000,000 төгрөг, алдангид 2,500,000 төгрөг, нийт 7,500,000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч тал “бодитоор зээлийн гэрээ байгуулагдаагүй, 5,000,000 төгрөг хүлээн аваагүй, автомашин Г.Дгийн нэр дээр байгаа учраас барьцаалах буюу итгэмжлэл хийж өгсөн” гэх үндэслэл зааж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

            Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ”, 282 дугаар зүйлийн 282.4-т “мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж заажээ.

Хариуцагчийн төлөөлөгч Ц.Баасанбаярын “... Д.Энхдалай, Г.Болдбаатар, Б.Батболд нар зээл авахын тулд таны нэр дээр байгаа приус маркийн автомашиныг барьцаалах шаардлагатай байна гэсний дагуу Г.Д очиж итгэмжлэл хийж өгсөн, Г.Д мөнгийг аваагүй, зээл авах хэрэгцээ байгаагүй...”, гэрч Д.Энхдалайгийн “... Би найз Г.Болдбаатар, Б.Батболд нарыг хуурай дүү Батлхагватай уулзуулан 10 сая төгрөг зээлэхэд нь зуучилсан, хэдэн сарын хугацаатай, ямар хүүтэй авсныг мэдэхгүй. Б.Батболд, Г.Болдбаатар нар 10 сая төгрөгөө өөрийн гараар тоолж авсан. Энэ 2 хүн авсан зээлээ төлөх үүрэгтэй гэж бодож байна. Г.Д 10 сая төгрөгийг төлөх үүрэггүй гэж бодож байна. Яагаад гэвэл Г.Болдбаатарын машин нь эгч Г.Дгийн нэр дээр бүртгэлтэй байдаг учраас машинаа барьцаалж зээл авахад гарын үсэг зурах шаардлагатай болсон учраас зээл авахад нь туслан гарын үсгээ зурсан...”, Г.Болдбаатарын “... Найз Энхдалай чулууны наймаа хийе, Батболд та 2 машинаа барьцаалаад зээл аваад өг гэхээр нь зөвшөөрөөд тус тусынхаа машиныг 5 сая төгрөгөөр барьцаалаад нийт 10 сая төгрөгийн зээлийг зээлдүүлэгч Батлхагва бэлнээр гаргаж ирээд Батболдод өгсөн. Би дээж гэж 150,000 төгрөг аваад үлдэх 4,850,000 төгрөгийг Энхдалай, Батболд нарт өгсөн. Манай эгч Г.Д тус зээлийг өөрөө хүсэж аваагүй, машинаа түүний нэр дээр бүртгүүлсэн, зээл авахад барьцаалах болсон учраас гарын үсэг зурсан...”, Ш.Батлхагвын “... баримтад Болдбаатар, Батболд 2 гарын үсгээ зураад авсан...” гэх мэдүүлгүүдээр Г.Д нь “Итгэлт цэгц” ХХК-иас 5,000,000 төгрөгийг зээлэх хүсэл зорилгогүй, гагцхүү дүү Г.Болдбаатарын зээлийн гэрээний үүрэгт түүний нэр дээр байсан 05-75 УНА улсын дугаартай приус маркийн авто машиныг барьцаалах хүсэл зоригтой байжээ.

Гэрч нарын мэдүүлэг болон 0000012 дугаартай Итгэлт цэгц барьцаат зээлийн гэрээ гэх баримтаар Г.Д 5,000,000 төгрөгийг бодитоор хүлээн авсан болох нь тогтоогдохгүй байна.

Харин Д.Энхдалайгийн хамтарч чулууны наймаа хийх саналыг Г.Болдбаатар, Б.Батболд нар хүлээн зөвшөөрч өөрсдийн нэрээр тус тус 5,000,000 төгрөгийг зээлэх хүсэл зорилготой байсан, Г.Болдбаатарын өмчлөлийн авто машин түүний төрсөн эгч Г.Дгийн нэр дээр байсан учраас итгэмжлэлд гарын үсэг зуруулсан зэрэг үйл баримт тогтоогдож байна.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд ...Г.Д өөрийн өмчлөлийн 05-75 УНА улсын дугаартай приус маркийн автомашиныг барьцаалан зээлийн гэрээ байгуулан, итгэмжлэл хийж өгсөн учраас зээлийг  хариуцах үндэслэлтэй ... гэж тайлбарлаж байх боловч 05-75 УНА улсын дугаартай приус маркийн автомашины өмчлөгчөөр Г.Д бүртгэлтэй байсан учраас захиран зарцуулах итгэмжлэлд гарын үсэг зурсан, барьцаат зээлийн үйлчилгээний баримтад Г.Болдбаатар, Б.Батболд нар гарын үсэг зурж мөнгийг авсан нь гэрч Ш.Батлхагва, Г.Болдбаатар, Д.Энхдалай нарын мэдүүлгээр тогтоогдож байна.

Иймд 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдөр нэхэмжлэгч “Итгэлт цэгц” ХХК-иас иргэн Г.Дд 5,000,000 төгрөгийг бодитоор шилжүүлээгүй, талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдаагүй гэж дүгнэн хариуцагч Г.Д холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 5,000,000 төгрөг, алдангид 2,500,000 төгрөг, нийт 7,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “Итгэлт цэгц” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

И.Цнь зээл авах хүсэл сонирхлоо илэрхийлсэн, барьцаат зэлийн гэрээнд гарын үсэг зурж мөнгийг хүлээн авсан этгээдэд холбогдуулан нэхэмжлэлээ гаргахад энэ шийдвэр саад болохгүйг дурдаж байна.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Энхтүвшин шүүх хуралдааны хэлэлцүүлэг эхлэхээс өмнө Итгэлт цэгц барьцаат зээлийн үйлчилгээ гэх баримтын мөнгө хүлээн авсан хүний гарын үсгийг Г.Дгийн гарын үсэг мөн эсэхэд шинжээч томилуулах хүсэлт гаргаагүй, хэлэлцүүлэг дуусахад гаргаж байх боловч Г.Д 5,000,000 төгрөгийг зээлэх хүсэл зориггүй, бодитоор 5,000,000 төгрөгийг хүлээн аваагүй болох нь зохигчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, хэргийн үйл баримтаар хангалттай тогтоогдсон гэж дүгнэн шинжээч томилох шаардлагагүй гэж үзсэнийг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэг, 116, 118-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281  дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.Дд холбогдуулан гаргасан 7,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч И.Ц-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 134,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.БАТЦЭЦЭГ