| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдингийн Батцэцэг |
| Хэргийн индекс | 101/2017/00971/И |
| Дугаар | 2931 |
| Огноо | 2017-09-25 |
| Маргааны төрөл | Эцэг тогтоосон, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 09 сарын 25 өдөр
Дугаар 2931
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Ж.Л-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Г.Г-д холбогдох,
Эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах, хүүхдийн эмчилгээний зардал болох 20,322,242 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гантогтох, хариуцагч Г.Г, хариуцагчийн өмгөөлөгч О.Баяраа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Мөнхжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж.Л шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гантогтох шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгч Ж.Л 2014-2016 оны хооронд БНХАУ-ын Далиан Хотын “Далиан Их Сургууль”-д суралцсан. Энэ хугацаанд хариуцагч буюу Г.Г бид дотно харилцаатай болж улмаар жирэмсэн болсон. Хариуцагч намайг жирэмсэн болсныг мэдээд шууд харилцаагаа тасалсан. 2016 оны 07 дугаар сарын 03-нд бидний охин Л.Энхмэнд төрсөн бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 -д заасны дагуу эцэг, эх, хүүхдийн хооронд эрх үүрэг үүссэн гэж үзэж байна. Иймд хариуцагч бид хоёр Гэр бүлийн тухай хуулийн 26.1-д заасны дагуу хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх адил тэгш эрх, үүрэг хүлээх бөгөөд мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан үүргийг хариуцагч мөн адил хүлээх ёстой гэж үзэж тэтгэлэг тогтоолгох зорилгоор эцэг тогтоолгох хүсэлтэй байна. Бидний дундаас төрсөн охин Л.Энхмэнд нь өвчний улмаас 2 сараар дутуу төрсөн тул эмчилгээ сувилгаа их хийгдсэн бөгөөд цаашид ч гэсэн илүү их анхаарал халамж хэрэгтэй. Миний бие ганцаараа охиноо өсгөж байгаа бөгөөд цаашид эрүүл чийрэг өсгөн хүмүүжүүлэхэд эцэг нь ч мөн адил үүрэг, хариуцлага хүлээх ёстой гэж үзэж байна. Хариуцагч Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйл, 26.2.2, 35 дугаар зүйлийн 35.1-т заасны дагуу “хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх” үүрэг хүлээх ёстой гэж үзэж байгаа бөгөөд хуульд заасан хэмжээгээр тэтгэлэг тогтоолгох түүнчлэн дутуу төрсөн хүүхэд тул цаашид эмчилгээ сувилгаа хийлгэх шаардлага гарсан тохиолдолд гарсан зардал, боловсрол эзэмшихэд гарах зардлыг 23 нас хүртэл эцэг болон эх адил тэнцүү хувиар хариуцахаар тогтоолгох хүсэлтэй байна.
Бидний охин Л.Энхмэнд нь 2016 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Далиан Хотын Амаржих Газарт 31+4 долоо хоногтой буюу 2 сараар дутуу 1.3кг жинтэй төрсөн. Төрсөн даруй буюу 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн хүүхдийг Далиан Хотын Хүүхдийн Эмнэлэгт “Төрөлхийн тэмбүүтэй, Дутуу төрсөн, Маш бага жинтэй” гэсэн оноштойгоор шилжүүлж эмчилгээ хийж эхэлж 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдөр хүртэл Далиан Хотын Хүүхдийн Эмнэлэгт Инкубаторт бойжуулсан. Хүүхэд дутуу төрсөн шалтгаан нь тэмбүү өвчин байсан бөгөөд хариуцагч тал нэхэмжлэгчтэй дотно харилцаанд орох үедээ бэлгийн замын халдварт тэмбүү өвчнийг тээж байсан байдаг. Үүнээс шалтгаалан нэхэмжлэгч болон Хүүхдэд уг өвчин халдаж эрүүл мэндэд хохирол учруулсан. Иймд: Бэлгийн замын халдварт өвчин хариуцагчаас нэхэмжлэгч миний бие болон хүүхдэд дамжиж улмаар хүүхэд дутуу төрж эх болон хүүхдийн эрүүл мэндэд хохирол учирсан. Хариуцагчийн гэм буруутай үйлдлийн улмаас бидний эрүүл мэндэд ноцтой хохирол учирч эх, хүүхэд тэмбүү өвчин эмчлүүлэх, дутуу төрсөн хүүхдийн эм, эмчилгээ, асаргаа зэргээр зардал нэмэгдсэн тул хариуцагч иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.3-д заасны дагуу гэм хорыг арилгах өөрөөр хэлбэл зардлыг хариуцаж cap бүр тэтгэлэг олгох үүрэг хүлээх ёстой бөгөөд бидний хувьд эмчилгээ хийлгэж зардлыг аль хэдийн гаргасан тул мөн хуулийн 228 дугаар зүйлийн 228.3-т заасны дагуу нэг удаагийн нөхөн төлбөр буюу гэм хорыг арилгахад гаргасан зардлаа шаардах эртэй гэж үзэж байна. Мөн түүнчлэн хариуцагч Г нь миний охин Л.Энхмэндийн төрсөн эцэг тул охиноо тэжээн тэтгэх үүрэгтэй бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1- д “Тэжээн тэтгүүлэгчид онцгой нөхцөл байдал тохиолдсон /хүндээр өвчилсөн. тахир дутуу болсон, эмчлүүлсэн, сургуульд орсон гэх мэт/ үед түүнд нэмэлт тэтгэлэг гаргуулах, эсхүл гарсан зардлыг хариуцуулахаар энэ хуулийн 47.2-т заасан этгээд шүүхэд нэхэмжлэл гаргаж болно” гэж заасны дагуу эмчилгээний зардлыг хариуцах ёстой гэж нэхэмжлэгч миний бие үзэж байгаа тул доорх зөвхөн хүүхдийн эмчилгээ, түүнд холбогдон гарсан зарим зардлыг хариуцагчаас нэхэмжилж байна.
БНХАУ-ын Ляо Нин мужийн Далиан Хотын эмнэлэгт хүүхдийг дутуу төрүүлж, инкубаторт бойжуулж байх хугацаанд хийлгэсэн хүүхдийн эмчилгээ болон түүнд холбогдон гарсан бусад зайлшгүй зардал болох 2016 оны 06 дугаар сарын 30-нд Эмнэлэгт хандаж үзлэг хийлгэхэд 104.5 юань, 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдөр хүүхдийн бүртгэлийн төлбөр, Үзлэгийн төлбөр, Хятад эмний төлбөр, Европ эмний төлбөр, Эмийн сангийн үйлчилгээний төлбөр нийт 210.2 юань, 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр охины цус сэлбэлтийн төлбөр 600 юань, 2016 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Дутуу Нярайн нэмэгдэл сүүний төлбөр 140.1 юань, 2016 оны 7 дугаар сарын 4-нөөс 8 дугаар сарын 17-ны өдөр хүртэл эмнэлэгт хэвтсэн ор, эмчилгээ, ариун цэврийн материал, хятад, европ эмийн зардал, үзлэгийн зардал, мэс заслын зардал, ерөнхий эмчилгээний төлбөр, лабораторийн хураамж, асаргааны төлбөр нийт 48308.67 юань, 2016 оны 07 дугаар сарын 11 -ний өдөр цус сэлбэлт 200 юань, 2016 оны 07 дугаар сарын 3-ны өдрөөс 2016 оны 07 дугаар сарын 05-ны хооронд буюу эх эмнэлэгт хэвтэж төрөх хугацаанд гарсан зардал орны төлбөр, асаргааны төлбөр, эх барьж төрүүлсэн төлбөр, үзлэгийн төлбөр, клиник төлбөр, шинжилгээний төлбөр, хүчилтөрөгч, нэмэлт, хэт авиан зураг авахуулсан төлбөр, Европ эмний төлбөр нийт 4033.4 юань, 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн эмнэлэгт хэвтсэн төлбөр 4612.78 юань, 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдөр хүүхдээ авахаар Бээжингээс Далиан хүртэл явсан замын зардал, 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Далиан хотоос Бээжин хүртэл явсан замын зардал нийт 1229 юань, нийт 59483.65 юаны зардал гарсан. Нэхэмжлэгч миний бие өөрийгөө эмчлүүлсэн зардал, Бээжин-УБ, УБ-Бээжин хүртэл хүүхдээ авахаар явсан, авч ирсэн онгоцны зардал түүнчлэн Эх нялхаст хэвтэж хүүхдэд эмчилгээ хийлгэхэд гарсан зардал, Монголд ирснээс хойш гарсан эмчилгээ, сувилгааны зардал гэх мэт зардлыг нэхэмжлээгүй бөгөөд холбогдон гарсан нийт зардлын тал хувь гэж бодож доорх зардлыг хариуцагчаас нэхэмжилж байна.
Иймд Л.Энхмэндийн эцэг Г.Г мөн болохыг тогтоож, хуульд заасны дагуу тэтгэлэг тогтоолгох, хүүхдийн эмчилгээ болон түүнд холбогдон гарсан бусад зайлшгүй зардал 59,483.65 юаныг хүүхэд эмнэлэгээс гарсан өдөр буюу 2016.08.17-ны өдрийн Монгол банкны ханшаар /339.61/ хөрвүүлж 20,201,242.37 төгрөг, Хятад хэлнээс хийлгэсэн орчуулгын зардал 121,000 төгрөг, нийт 20,322,242 төгрөгийг хариуцагчаас гаргуулах гэсэн нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дэмжиж байх тул хангаж шийдвэрлэж өгнө үү. Бид гэм хорын хохирол гэж нэхэмжилснээ өөрчилж Гэр бүлийн тухай хуульд заасныг үндэслэн эцгээс нь үр хүүхдээ тэжээн тэтгэх үүргийнх нь дагуу нэхэмжилсэн ...” гэв.
Хариуцагч Г.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний хувьд эцэг тогтоолгох, тэтгэлэг гаргуулах шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Би тэмбүү өвчин тусч байгаагүй, надаас шалтгаалаагүй учир 20,322,242 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй. Харин эмчилгээний зардалд нь 3,000,000 төгрөг төлж болно ...” гэв.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ж.Л хариуцагч Г.Гд холбогдуулан “эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах, хүүхдийн эмчилгээний зардалд 20,201,243.37 төгрөг, орчуулгын зардалд 121,000 төгрөг, нийт 20,322,242 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч тал “эцэг тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах шаардлагыг хүлээн зөвшөөрч, нэхэмжлэгчээс шалтгаалж хүүхэд өвчтэй төрсөн гэх үндэслэл зааж эмчилгээний зардлын зарим хэсгийг төлнө” гэсэн тайлбарыг гаргаж байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
Хариуцагч Г.Г, нэхэмжлэгч Ж.Л нарын дундаас 2016 оны 7 дугаар сарын 3-нд охин Л.Э төрсөн болох нь төрсний гэрчилгээний хуулбар, зохигчийн тайлбараар тогтоогдож байна.
2016 оны 7 дугаар сарын 3-нд төрсөн охин Л.Э Г.Г-ийн хүүхэд мөн болох нь зохигчийн тайлбар, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 3466 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байх тул Л.Э-ийн эцэг Г.Г болохыг тогтоох нь зүйтэй.
Монгол Улсын Үндсэн хуулинд зааснаар үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх нь иргэний журамт үүрэг бөгөөд Гэр бүлийн тухай хуульд зааснаар эцэг, эх нь насанд хүрээгүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй.
Иймд 2016 оны 7 дугаар сарын 3-нд төрсөн охин Л.Э-ийг хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр эцгээр нь тэжээн тэтгүүлэх үндэслэлтэй.
БНХАУ-ын Да Лиан хотын амаржих газарт 2016 оны 7 дугаар сарын 3-нд нэхэмжлэгч Ж.Л охин төрүүлэхэд тэрээр төрөлхийн тэмбүү өвчтэй, дутуу төрсөн болох нь зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан эмнэлгээс гарах үеийн дүгнэлт гэсэн баримтаар тогтоогдож байна.
Ж.Л хүүхдээ эмчлүүлэхэд 2016.07.04-нд хүүхдийн бүртгэлийн төлбөр, үзлэгийн төлбөр, Хятад, европ эмний төлбөр, эмийн сангийн үйлчилгээний төлбөрт 210.20 юань, 2016.09.06-нд охины цус сэлбэлтийн төлбөрт 600 юань, 2016.08.13-нд дутуу нярайн нэмэгдэл сүүний төлбөрт 140.10 юань, 2016.07.04-ний өдрөөс 2016.08.17-ны өдөр хүртэл эмнэлэгт хэвтсэн ор, эмчилгээ, ариун цэврийн материал, хятад, европ эмийн зардал, үзлэгийн зардал, мэс заслын зардал, ерөнхий эмчилгээний төлбөр, лабораторын хураамж, асаргааны төлбөр нийт 48308.67 юань, 2016.07.11-нд цус сэлбэлт 200 юань, 2016.07.03-ны өдрөөс 2016.07.05-ны хооронд буюу эх эмнэлэгт хэвтэж төрөх хугацаанд гарсан зардал орны төлбөр, асаргааны төлбөр, эх барьж төрүүлсэн төлбөр, үзлэгийн төлбөр, клиник төлбөр, шинжилгээний төлбөр, хүчилтөрөгч, нэмэлт, хэт авиан зураг авахуулсан төлбөр, европ эмний төлбөр нийт 4033.40 юань, 2016.07.01-ний өдрөөс 2016.07.07-ны өдрийн эмнэлэгт хэвтсэн төлбөр 4612.78 юань, 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдөр хүүхдээ авахаар Бээжингээс Далиан хүртэл явсан замын зардал, 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Далиан хотоос Бээжин хүртэл явсан замын зардал нийт 614.50 юань, нийт 58,719.65 /тавин найман мянга долоон зуун арван есөн юань жаран таван мо/ юаны зардал гарсан болох нь хэрэгт авагдсан эмнэлгээс гарах үеийн дүгнэлт, Ляо нин мужийн эмнэлэгийн оношлогооны төлбөрийн баримт, мөнгөн хөрөнгийн тооцооны баримт, тусгай орлогын баримт, эмнэлэгт хэвтсэн төлбөрийн баримт, тооцооны баримт, галт тэрэгний тасалбарын баримт зэргээр тогтоогдож байна.
Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ”, 26 дугаар зүйлийн 26.1-д “Эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ”, 26 дугаар зүйлийн 26.2-т “Эцэг, эх дараах үүрэг хүлээнэ”, 26.2.1-д “хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх”, 26.2.2-т “хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх”, 35 дугаар зүйлийн 35.1-д “... эцэг, эх нь хүүхдээ ....энэ хуульд заасны дагуу тэжээн тэтгэх үүрэгтэй” гэж тус тус заажээ.
Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д “Тэжээн тэтгүүлэгчид онцгой нөхцөл байдал тохиолдсон /хүндээр өвчилсөн, тахир дутуу болсон, эмчлүүлсэн, сургуульд орсон гэх мэт/ үед түүнд нэмэлт тэтгэлэг гаргуулах, эсхүл гарсан зардлыг хариуцуулахаар энэ хуулийн 47.2-т заасан этгээд шүүхэд нэхэмжлэл гаргаж болно” гэж заасны дагуу нэхэмжлэгч Ж.Л төрөлхийн тэмбүү өвчтэй төрсөн охин Л.Э-ийг эмчлүүлсэн зардлыг эцэг Г.Гас нэхэмжлэх эрхтэй байна.
Хариуцагч талын нэхэмжлэгчээс шалтгаалж хүүхэд тэмбүү өвчтэй төрсөн гэх тайлбар үндэслэлтэй, энэ нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байх боловч Г.Г, Ж.Л нар өөрсдийн дундаас төрсөн охин Л.Энхмэндийг эмчлүүлэх үүрэгтэй.
Хуулийн дээрх заалтуудын дагуу дээр дурдсан 58,719.65 юанийг Л.Э охины төрсөн эцэг болох Г.Г, төрсөн эх Ж.Л нар тэнцүү хуваан хариуцах үндэслэлтэй тул 58719.65 юанийг 339.61 төгрөгөөр үржүүлж 19,941,780 төгрөгийг 2 хувааж 9,970,890 төгрөгийг хариуцагч Г.Гас гаргуулж нэхэмжлэгч Ж.Лд олгохоор шийдвэрлэв.
Нэхэмжлэгч тал Хятад улсын юанийн Монгол төгрөгтэй харьцах ханшийн талаарх баримтыг өгөөгүй боловч хариуцагч тал 339.61 төгрөгөөр тооцож нэхэмжилсэнтэй маргахгүй байгаа учир 339.61 төгрөгөөр тооцсон болно.
2016 оны 06 дугаар сарын 30-нд хүүхэд төрөөгүй байх үеийн эмнэлэгт хандаж үзлэг хийлгэхэд 104.5 юань, Ж.Лгийн эгчийн Бээжингээс Далиан хүртэл явсан замын зардал, 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Далиан хотоос Бээжин хүртэл явсан замын зардал нийт 614.50 юань, нийт 719 юань буюу 244,179.59 төгрөгийг /719юань*339,61төг/, мөн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагатай холбоотой баримтуудыг орчуулсан 121,000 төгрөгийг хариуцагч Г.Г хариуцах үндэслэлгүй байна.
Иймд хариуцагч Г.Гас 9,970,890 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж.Лд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 10,351,352 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Нэхэмжлэгч талын нэхэмжлэлд дурдсан зардлын дүн 59,438.65 юань байхад бичихдээ 59,483.65 гэж 45 юаниар илүү бичсэн байгааг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д “Тогтмол хугацаанд төлөгдөх ... тэтгэлэг.. шаардсан нэхэмжлэлд тэдгээрийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр” нэхэмжлэлийн үнийг тодорхойлно гэж заасны дагуу Г.Гас улсын тэмдэгтийн хураамжид тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны түвшингийн хэмжээгээр тооцож 31,233 төгрөг гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй байна.
Үндэсний статистикийн хорооны даргын 2017 оны 2 сарын 6-ны өдрийн А/13 тоот тушаалаар 2017 онд мөрдөх Хүн амын амьжиргааны доод түвшинг Улаанбаатар хотод 185,300 төгрөгөөр тогтоосон байх тул хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлэгт ногдох тэмдэгтийн хураамжийн хэмжээг уг дүнгээс тооцов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.7, Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт заасныг баримтлан 2016 оны 7 дугаар сарын 3-ны өдөр төрсөн охин Л.Э -ийн эцгээр Г овогтой Г-ыг тогтоосугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг тус тус баримтлан охин Л.Э-ийг 11 нас хүртэл тухайн бус нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Г.Гар тэжээн тэтгүүлсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.Гас 9,970,890 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ж.Лд олгож, нэхэмжлэлээс 10,351,352 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 330,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Гас улсын тэмдэгтийн хураамжид 275,917 төгрөгийг гаргуулан, үүнээс 244,684 төгрөгийг нэхэмжлэгч Ж.Лд олгож, үлдэх 31,233 төгрөгийг улсын орлогод оруулсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭЦЭГ