| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдингийн Батцэцэг |
| Хэргийн индекс | 101/2017/03741/И |
| Дугаар | 2958 |
| Огноо | 2017-09-26 |
| Маргааны төрөл | Эцэг тогтоосон, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 09 сарын 26 өдөр
Дугаар 2958
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: О.Б-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: А.Ц-д холбогдох,
Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч О.Б, хариуцагч А.Ц шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ж.Мөнхжаргал оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч О.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би 2004 онд А.Цтэй танилцан улмаар 2005 оны 05 дугаар сарын 01-нд гэрлэлтийн 0037603 тоот баталгаагаар бүртгүүлж гэр бүл болсон билээ. Бидний хамтран амьдрах хугацаанд 2005 оны 04 дүгээр сарын 21-нд хүү Цогтгэрэлийн Тэмүүлэн төрсөн. Бид нар зан харилцааны тааламжгүй байдлын улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болж 2007 оноос салж тусдаа амьдрах болсон юм. Тэр үеэс хойш хүү Ц.Тэмүүлэн эх О.Бгийн асрамжид өсч торнисон. Одоо бид тус тусын амьдралтай болсон цаашид эвлэрч хамтран амьдрах ямар ч боломжгүй болсон тул бидний гэрлэлтийг цуцалж, хүү Ц.Тэмүүлэнг миний асрамжид үлдээж, эцэг А.Цээс хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү. Эд хөрөнгийн маргаан байхгүй ...” гэв.
Хариуцагч А.Ц шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие А.Ц нь О.Бтай 2004 оноос эхлэн хамт амьдарч байгаад 2005 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр хүүхэдтэй болж гэрлэлтээ батлуулсан. Хоорондын үл ойлголцлын улмаас болж 2 тусдаа амьдрах болоод 10 жил болж байна.
Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй. Хүүхдийн тэтгэлгийг сар бүр хүүхдийнхээ хадгаламжид хийж байх болно. Хүүхдээ эхийнх нь асрамжид үлдээхийг зөвшөөрч байна. Цаашид эвлэрэх ямар ч боломжгүй, тус тусдаа амьдралтай болсон тул нэхэмжлэлийг зөвшөөрч байна. Эд хөрөнгийн маргаан байхгүй ...” гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичмэл баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч О.Б хариуцагч А.Цд холбогдуулан “гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч “гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох” шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд гаргаж байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Гэрлэгчид 2005 онд гэр бүл болж улмаар 2005 оны 05 дугаар сарын 02-ны өдөр албан ёсоор гэрлэлтээ бүртгүүлсэн байх ба тэдний дундаас 2005 оны 04 дүгээр сарын 21-нд хүү Ц.Т төрсөн болох нь гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, төрсний гэрчилгээний хуулбар, гэрлэгчдийн тайлбараар тогтоогдож байна.
Гэрлэгчид 2007 оноос хойш тусдаа амьдарч байгаа ба шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч гэрлэгчид эвлэрээгүй, хэн аль нь эвлэрэх боломжгүй, тус тусын амьдралтай болсон, эвлэрэх хугацаа авсан ч үр дүн гарахгүй гэж тайлбарлан гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байх тул гэрлэлтийг цуцлав.
Гэрлэгчид хүү Ц.Т-ийн асрамжийн тал дээр маргахгүй, хүүг эх О.Бгийн асрамжид үлдээхийг хэн аль нь зөвшөөрч байх тул шүүх хүү Ц.Тэмүүлэнг эх О.Бгийн асрамжид үлдээхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлд заасны дагуу үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх нь иргэний журамт үүрэг бөгөөд хүү Ц.Тэмүүлэнг эх О.Бгийн асрамжид үлдээхийг гэрлэгчид зөвшөөрсөн бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т зааснаар “эцэг, эх нь үр хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх” үүрэгтэй тул эцэг А.Цээс хүүхдийн тэтгэлгийг Гэр бүлийн тухай хуульд заасан хэмжээгээр гаргуулах нь зүйтэй.
Гэрлэгчид эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдах нь зүйтэй.
Хүү Ц.Тг эхийн асрамжид үлдээн шийдвэрлэсэн нь А.Цийн хувьд түүний эцэг байх эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй бөгөөд түүнийг хүүхдээ хүмүүжүүлэх асран хамгаалах, тэжээн тэтгэх үүргээ гүйцэтгэхэд эх О.Б саад болох учиргүй юм.
Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар А.Ц /, О.Б нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2005 оны 04 дүгээр сарын 21-нд төрсөн хүү Ц.Т эх О.Бгийн асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2005 оны 04 дүгээр сарын 21-нд төрсөн хүү Ц.Т-г 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг А.Цээр тэжээн тэтгүүлсүгэй.
4. Зохигчид эд хөрөнгийн маргаан үүсгээгүй болохыг дурдсугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар зохигчдод хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэг эцэг, эхийн үүрэг хэвээр үлдэх болохыг тайлбарласугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 120,728 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Цээс улсын тэмдэгтийн хураамжид 120,728 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч О.Бд олгосугай.
7. Шүүхийн шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах У.Уянгад даалгасугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БАТЦЭЦЭГ