Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 101/ШШ2017/03194

 

 

 

 

 

 

2017 оны 10 сарын 13 өдөр           Дугаар 101/ШШ2017/03194           Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Амаржаргалан даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 0 дүгээр хороо, Консулын 0 тоотод оршин суух, 60 настай, эмэгтэй, З овогт Тийн Тгийн /************/ нэхэмжлэлтэй, 

            Хариуцагч: Б аймаг, 0 дүгээр баг, Н0 тоотод оршин суух,  62 настай, эмэгтэй, Б овогт Жгийн Ю/*********/ холбогдох,

            Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд: Баянзүрх дүүрэг, 0 дүгээр хороо, Консулын 0 тоотод оршин суух, 42 настай, эмэгтэй, Зовогт Д Ж /*************/,

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд: Баянзүрх дүүрэг, 0 дүгээр хороо, Консулын 0 тоотод оршин суух, 34 настай, эмэгтэй, Зана овогт Дгийн Дариймаа /ВЭ83111904/,   

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд: Баянзүрх дүүрэг, 0 дүгээр хороо, Консулын 0 тоотод оршин суух, 39 настай, эрэгтэй, З овогт Д А /***********/,

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд: Баянзүрх дүүрэг, 0 дүгээр хороо, Консулын 0 тоотод оршин суух, 44 настай, эмэгтэй, З овогт Д Г /***********/,

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд: Баянзүрх дүүрэг, 0 дүгээр хороо, Консулын 0 тоотод оршин суух, 37 настай, эрэгтэй, З овогт Д Б /***********/ нарын шаардлага бүхий,

 

            Өв залгамжлагчаар тогтоолгох, хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах, эрх залгамжлагчаар тогтоолгох, орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох тухай үндсэн нэхэмжлэлтэй, өв залгамжлагчаар тогтоолгох болон орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдүүдийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Т.Т, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Д, хариуцагч Ж.Ю, хариуцагчийн өмгөөлөгч Р.У, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд болон бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдүүдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Нарантуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

            Нэхэмжлэгч Т.Т шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

            Миний бие нөхөр асан Н овогтой Дтай 1978 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр гэр бүл болж 5 хүүхэд төрсөн. /3 охин, 2хүү/ Д.Г 1973 онд, Д.Ж 1975 онд, Д.А 1978 онд, Д.Б 1980 онд, Д.Д 1983 онд төрүүлж өсгөсөн. Нөхөр бид хоёр амьдралын шаардлагаар тусдаа амьдарч, тусдаа амьдрах хугацаанд бид хоёр эхнэр, нөхрийн үүргээ гүйцэтгэж, нөхөр маань эцэг хүнийхээ үүргийг хүлээж хүүхдүүдтэйгээ  байнгын харилцаатай байсан.

Н.Дд түүний ажиллаж байсан Б аймгийн ГХХК-тас 2004 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Б сумын Н багт байрлах 20 дугаар байрны 4 тоотод байршилтай V-************* улсын дугаартай 2 өрөө байрыг өгсөн юм.

Н.Д нь амьд сэрүүн байхдаа Ж.Ю гэх хүнтэй хамтран  амьдарч байсан байдаг.

            Иргэн Ж.Ю талийгаач Н.Д нар нь хамтран амьдрах хугацаандаа хууль бусаар гэрлэлтээ батлуулж улмаар талийгаач Н.Дгийн хоёр өрөө байрны хамтран өмчлөгчөөр Ж.Ю болон түүний ач охин Б.Х нар нь орж энэхүү байрыг хууль бусаар өмчилж байна. Талийгаач Н.Дгийн өмч болох 2 өрөө орон сууцыг хууль ёсны эхнэр болон төрсөн хүүхдүүд нь хуулийн дагуу өмчилж авах болон түүний эрхийг залгамжлах эрхтэй билээ.

Иймд дараах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.

Нэг. Талийгаач нөхөр болох Н.Дгийн Б сумын Н багт байрлах 20 дугаар байрны 4 тоотод байршилтай V-************* улсын дугаартай 2 өрөө байрны өв залгамжлагчаар хууль ёсны эхнэр нэхэмжлэгч Т.Т намайг болон бид нарын төрсөн хүүхэд болох охин Д.Г, Д.Ж, охин Д.Д, хүү Д.А, хүү Д. Б нарыг тогтоолгох,

Хоёр. Хариуцагч Ж.Ю нь талийгаач Н.Дтай хууль бусаар гэрлэлтээ батлуулж, тус гэрлэлтийн баталгааг ашиглан өөрийн зээ охин Б.Х болон өөрийн нэрээ оруулсан талийгаач нөхрийн өмч болох V-************* улсын дугаартай 2 өрөө байрны хамтран өмчлөгчөөр нэмэгдсэн хууль бус хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах,

Гурав. Талийгаач нөхөр болох Н.Дгийн эрх залгамжлагчийг тогтоолгох,

Дөрөв. Хоёр өрөө байрны хууль ёсны өмчлөгчөөр эхнэр Т.Т намайг тогтоож өгнө үү гэсэн шаардлагуудыг гаргаж байна гэжээ.      

 

Хариуцагч  Ж.Ю шүүхэд бичгээр хариу тайлбар, шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа:

Миний бие нь Т.Тгоос шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай танилцлаа. Би уг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь талийгаач нөхөр Н.Дтай 2004 оны сүүлээс танилцаад  дотно болж манай гэрт хамт амьдарч байгаад 2010 оны 8 дугаар сарын 3-нд жил сарын сайн өдөр талийгаач өөрийн гэр орон болох Б сумын 1 дүгээр баг 20 дугаар байр 4 тоот хоёр өрөө байрандаа өөрийн болон миний ойр дотны хүмүүс болон манай хамт олны төлөөллийг урьж оруулан цайллага ёслол хийж , орон гэртээ хамтран амьдарч байгаад сумын иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хоёулаа биечлэн очиж албан ёсоор бичгээр өргөдлөө гаргаж гэрлэлтээ 2010 оны 10 дугаар сарын 29-ний өдөр батлуулсан. Талийгаач нөхөр Н.Д маань их боловсрол өндөртэй ямарваа үйлдлийг хууль ёсны дагуу хийх хариуцлагатай хандаж юмыг ул суурьтай, ёс журмынх нь дагуу хийж чаддаг хүн байсан. Бид хоёрыг сумын иргэний бүртгэлийн ажилтан н.Бадамханд нь “та хоёрын урьд өмнө гэр бүлийн баталгаатай эсэхийг шалгаж үзнэ” гэхэд талийгаач Н.Д нь “миний урьд нь байсан 1978 онд гэр бүл болж байсан баталгааг салгуулаад тэр гэрлэлтийг цуцалчихсан. Учир нь анхны эхнэр Т.Ттой 1978-1992 он хүртэл аймагтаа амьдарч байгаад 5 хүүхэдтэй болоод тэр өөр хань ижилтэй болоод Улаанбаатар хот руу явсан. Би бага насны хүүхдүүдтэй Тгийн аав, ээжийн хашаанд хоцроод миний гар дээр өсөөд ерөнхий боловсролын сургуулийг төгсгөөд оюутан болгоод хот руу яваад ээж дээрээ очоод байсан. 1998 оноос хойш Т.Ттой гэр бүлийн, эхнэр нөхрийн ямар ч харилцаагүй болж тусдаа амьдраад 1998 оны 11 дүгээр сараас 2003 он хүртэл н.Лхагважав гэдэг эмэгтэйтэй би хамтран амьдарч байхад манай 5-н хүүхдүүдийн том охин 30 настай, хамгийн бага нь 20 настай бүгд насанд хүрчихсэн бүгдийг нь сургуульд сурч дээд боловсрол эзэмшүүлэхэд нь эцэг хүнийхээ хувьд хуульд заасан тэжээн тэтгэх үүргээ биелүүлчихсэн” гэж хэлээд 1992 оноос 2003 он хүртэл аймагт н.Лхагважавын гэрт амьдарч байсан.

Н.Лхагважав гэдэг эмэгтэйтэй нийлээд 12 жил хамтран амьдарч байсан боловч тэр маань өвчний улмаас 2003 онд нас барж хагацал зовлон үзсэн. Одоо надад ямар ч гэр бүлийн маргаан байхгүй Югын хань ижил нь нас бараад олон жил болчихсон. Бид хоёр гэрлэлтээ батлуулаагүй, гэрлэхэд харшлах шалтгаан байхгүй тул бидний гэрлэлтийг баталж өгнө гэж эрүүл саруул, амьд сэрүүн байхдаа өөрийнхөө гараар бичгээр өргөдлөө бичиж өгч төрийн байгууллагад хандаж гэрлэлтийн гэрчилгээгээ бид хоёр авч байсан юм. Гэтэл одоо яахаараа Т.Т нь Н.Дг нас бараад 4 жил болж байхад шүүхэд хандаад өөрийгөө хууль ёсны эхнэр гээд бид хоёрын хууль ёсоор батлуулсан гэрлэлтийн баталгааг хууль бус гэж хандаж байгаа нь ойлгомжгүй байна. Сумын иргэний бүртгэлийн ажилтан төрийн тангараг өргөөд иргэддээ хууль ёсны дагуу үйлчилж ажилладаг хариуцлагатай албан хаагч гэж би боддог тухайн үедээ их л нарийн шалгаад дээд газраасаа асууж тодруулаад нэгдсэн мэдээллийн санд аль аль нь гэрлэлттэй гэсэн та хоёрын талаар лавлагаа, мэдээлэл байхгүй байна. Та хоёрын гэрлэлтийг бүртгэхэд хууль зөрчихгүй тул гэрчийг байлцуулан, эмнэлгийн шинжилгээний хариуг бүх бичиг болон та нараас гаргасан өргөдөл зэргийг үндэслэн бүртгэлээ гээд хэд хоногийн дараагаас ирээд гэрлэлтийн гэрчилгээгээ гаргаж аваарай, залуучууд гэр бүлээ салгуулаад байхад та хоёр шиг өдий насны хүмүүс батлуулж байгаа нь их сайн хэрэг гээд бид хоёрт баяр хүргэж бэлэгшээн бид хоёрын гэрлэлтийг баталж байсан. Хэрэв манай талийгаач байсан бол амьд сэрүүн үед ийм маргаан гаргаагүй байж одоо хожуу нь би ганцаараа яваад ийм зүйл хийчихсэн мэт дайрч болохгүй байх гэж бодож байна. Н.Дг нас барахаас өмнө эмнэлэгт бие муу байхад нэг ч эргэж тойрч ирж, харж хандаж, сувилж асарч байгаагүй байж, хожуу хойно нь түүний байрыг өөрийн хөрөнгө мөн, надад өгөөдөх гэж яаж шүүхэд хандаж чаддаг байна. Учир нь 1998 онд Т.Т нь салж явахдаа амьдарч байсан гэрийг аваад Н.Дг хэдэн номтой нь гэрийн буйран дээр үлдээгээд хаяад явсан юм гэж амьд байхдаа хуучлан ярьдаг байсан. Би харин талийгаач н.Лхагважавтай амьдраад орох гэр оронтой, хань ижилтэй болсон. Даанч өвчин гэдэг нь амь насыг аваад явчихсан гэдэг байсан. 2004-2005 онд надтай танилцаад удаагүй байхдаа надад орон гэр хань ижил заяагдлаа гэж хэлж ярьж баярладаг байсан бөгөөд түүний ажиллаж байсан Б ГХК-иас 1998 онд 1993 оны 01 сарын 01-нээс 1998 оны 10 дураар сарын 26-г хүртэл тасралтгүй үр бүтээлтэй ажиллаж хээрийн судалгааны ажил эрхэлж байсан гээд Н.Дгийн маань ажиллаж хөдөлмөрлөсөн үүрэг хариуцлагыг маань үнэлээд Б аймгийн Б сумын 1 дүгээр баг 20 дугаар байр 4 тоотод байрлалтай 2 өрөө байрыг тус байгууллагын удирдлагын зүгээс нь эзэмшлээр өгч гэрээний 5 дахь заалтад ийнхүү 5 жилийн хугацаанд тасралгүй үр бүтээлтэй ажиллах нөхцөлөөр хоёр өрөө байрыг үнэ төлбөргүй эзэмшиж хувийн эзэмшилд төлбөргүйгээр авахаар тохиролцож улмаар 2004 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 01 тоот Б ГХК-ний ТУЗ-ийн тогтоолоор Н.Дд хувьчлан олгож шийдвэрлэж байсан. Баримт нь надад эх хувиараа хадгалуулж үлдээсэн байгаа. Талийгаач маань 2005 оны 02 дугаар сарын 25-нд анх ганцаараа өөрийн нэр дээр Y-************* улсын бүртгэлтэй, 00005934 тоот дугаартай гэрчилгээг үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлээс гаргуулан авсан. Энэ хөрөнгө нь түүний анхны орон гэртэй болгож өгсөн нь үнэн юм. Энэ гэрчилгээг авснаас хойш миний мэдэхийн олон удаа банкны хувьцаа, хувь хүүнд өгөөд барьцаалуулж, өөрийн төрсөн охин Д.Ж нь хүнд түрээслүүлж, банканд тавьж, хүнд зарж буцаан авах зэрэг олон үйлдлийг өөрийн хүсэл зоригоор хийж, нотариатаар батлуулж, аймгийн үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн хүсэлтээр үйлчлүүлж байсан. Би Н.Дтай хамтран амьдарч нийлэхээс өмнө эхнэр нь гээд ирээд орж, гаран эргэж тойрдог, тэр бас явж очдог байсан бол би нэг гэрт хэзээ ч амьдрахгүй байсан. Н.Дтай утсаар эхнэр нь байсан гэж Т.Ттой ярьдаггүй, манай талийгаач нөхөр нь дурдаж ярьдаггүй байсан. Н.Д Т.Т нар салж тусдаа амьдраад 20 гаруй жил хүртэл хугацаа өнгөрсөн байхад хэн хэн нь нийлж амьдрах талаараа санаа санаачилга байдаг байсан гэдэг гээд ярихаар нь хүүхдүүдээ бодоод буцаад амьдарч болдоггүй байсан юм уу гэж би асуухад өөр хүнтэй амьдраад олон жил хэн хэн болчихсон болохоор тэр бүтэхгүй гэдэг байсан. Энэ талаар дахиж битгий ярь би өдий насны хүн сэтгэл нийлэх цайны ханьтай байх эрхтэй. Үлдсэн насандаа өөрийнхөөрөө л амьдаръя гээд л энэ хоёр өрөө байраа надад шагналаар ирсэн болохоор хайртай учраас би зарж үрэхгүй. Яг миний нэр дээр байгаа ганц хөрөнгө юм шүү би өөрөө мэдэж шийднэ гэдэг байсан.

Бид хоёр 2005 оноос хойш хамтран амьдраад 8 жил болохдоо нэг ч удаа хэрүүл маргаан хийж байгаагүй, бие биедээ халамж, хайр түшигтэй, ханьтай их сайхан амьдарч байсан. Даанч тэр маань хүнд хорт хавдар өвчний улмаас биеийн эрүүл мэнд муудаж, 2011 оны 10 сард эмчилгээнд орж улмаар, 2012 оны 2 дугаар сарын 16-нд Улаанбаатар хотын хавдар судлалын эмнэлэгт хүнд хагалгаанд орж ходоодоо авахуулсан. Үүнээсээ болж цаашид тасралтгүй эмчийн хяналтанд эмчилгээ сувилгаа хийлгэж, байнгын асаргааны хүнтэй байх шаардлагатай болж би хийж байсан ажлаасаа хүртэл гарч харж, асарч халамжлаад их олон ч сайн гэсэн эмнэлэг болгоноор явж, химийн эмчилгээг 8 удаа тасралтгүй хийлгэж аймгаас хот руу байнга онгоцоор ирж явдаг байсан. Түүний эмчилгээнд үнэтэй эм тариа их хэрэглэгдэж, тэрний хүчинд сайжирч байсан. Талийгаач өөрийн тэтгэврийн зээлийг удаан хугацаагаар, миний ажлаасаа тэтгэвэрт гарсны тэтгэмжийн мөнгө болох 3 сая төгрөг болон эх орны хишиг болох өндөр настангуудад өгсөн 2 сая төгрөг зэргийг авч түүний хагалгаа эмчилгээ, үйлчилгээнд нь зарцуулсан. Түүнийг гэртээ болон эмнэлэгт харж, сахиад би өөрөө ядарч даралт ихсээд  хэд хэдэн удаа сандаргаж байсан. Энэ үед Т.Т, төрсөн хүүхдүүд нь нэг ч ирж үзэгдэж байгаагүй мөртлөө нас бараад жил ч болоогүй байхад байрыг нь авна гээд 2013 оны 11 дүгээр сараас эхлэн намайг шүүхэд өгсөн. Амьд сэрүүн байхад нь эргэж тойрч, асарч харж байсан бол би сэтгэл эмзэглэхгүй. Надтай талийгаач нийлж хамт амьдарсан цагаас хойш цагаан сар бүрээр хүндлээд эцэг дээрээ бүгдээрээ ирээд түвшин золгож чаддаггүй байсан юм. Хүний төрсөн эцэг болохоор битүүхэндээ хүлээгээд хараад байгаа нь надад ажиглагддаг байсан. Т.Тг талийгаач нэг ч удаа дурдаж ярих их дургүй байсан. Тэгэхэд хүүхдүүдээ нялх байхад өнчрүүлээд над дээр  үлдээгээд салаад өөр хүнтэй суугаад явсан. Миний оролцоогүйгээр Сүхбаатарын районы шүүхээр ороод 1996 онд гэрлэлтээ цуцлуулчихсан гээд Өвөрхангай аймгийн холбооноос утсаар ярьж байна гээд хэлж байсан гэж надад нөхөр ярьж байсан. Өөр бусад амьдралынхаа түүхийг дурсаж ярих их дургүй байдаг байсан. 2012 оны 11 дүгээр сарын эхээр намайг талийгаач нотариат дээр хамт очоодхоё гээд байхаар нь хамт очиход бүр зүйл боллоо чиний гарын үсэг хэрэгтэй байна гээд зуруулаад тэр нотариатч нь та гуравт баяр хүргэе өөрсдийн хоёр өрөө байраа хуулийн дагуу өмчлөх эрхтэй боллоо гэж хэлж байсан. Тэгэхэд манай талийгаач одоо банкны барьцаа, зээлэнд дахиж тавихгүй гэж ярилцаж байсны дагуу одоо ч хүртэл дахин барьцаанд тавигдаагүй байгаа. Улаанбаатар хот руу 2011 оны 10 дугаар сард яваад тасралтгүй эмчилгээгээ хийлгээд 2012 оны 9 дүгээр сард аймагтаа ирээд гэртээ байж байтал бид хоёрыг манай ажлын хамт олны төлөөлөл Бадамтуяа, Ганхүлэг, Наранцэцэг гурав эргэж ирсэн. Гэтэл манай нөхөр ярьж хуучилж сууж байгаад орон байрны талаараа би гэрээслэл бичмээр байна гэхэд би дургүйцээд, тэр гурав таны бие сайн байна дараа болъё энэ удаа яах юм бээ цагаан сараар танайд ирж золгоно, та тэнхэрсэн сайхан болчихсон байна гээд бид 2-г тайвшруулаад гарсан. 2012 оны 11 дүгээр сарын 20 дээр НЭ-н хавдрын тасагт хэвтээд эмчилгээ хийлгээд сайхан болж байтал бие нь гэнэт муудаад ирсэн чинь тасагт би түүнийг сахиад байж байтал надад хандаж би үлдэж байгаа та 2-тоо гэрээслэл үлдээмээр байна. Чи нотариат руу аваад явъя гээд байхаар нь би өөрийнх нь бие муу байсан болохоор ганцааранг нь үлдээж чадахгүй, бид хоёрт тусалдаг Доржийг бал цаас аваад хүрээд ир гэж утсаар дуудаад ирэхэд нь талийгаач жаахан сандаргаад эмч нар орж ирээд үзлэг хийгээд эрчимт эмчилгээг нь хийсэн. Талийгаач өөрийн ухаантай байсан болохоор би “Чи янз бүрийн юм битгий бодоод бай. Хоёулаа эдгэрээд гэртээ гараад шинэлж, золгоно” гээд гуйж тайвшруулаад түүнийг болиулаад Дорж тэр орой нь надтай хамт харж хоносон. Талийгаач Доржид бүх зүйлээ хэлж ярьж захисан байсан. Намайг бодоход юмны учрыг сайн мэддэг тул ийм маргаан гаргах эсэхийг урьдчилан дүгнэлт хийгээд гэрээслэл бичиж үлдээнэ гээд 2 удаа оролдоод байсныг нь би тэр үедээ өөрөө болиулсандаа хожим харамсаж сууна. Манай талийгаач их ном сонин уншиж, мэдээ зурагт их хардаг. Хүн хууль сайн мэдэж байх ёстой. Үнэнч шударга, зөв зүйтэй амьдрах хэрэгтэй гээд л залуу хүмүүст их захиж хэлдэг байсан юм. Тиймдээ ч өөрөө бичиг баримтаа холбогдох байгууллагаар нь ороод хандаад батлуулж л байсан байна. Архи байнга хэрэглээд байдаггүй. Хүүхдүүдээ бүгдийг нь сургууль соёлоор нь явуулсан бүгд инженер том том мэргэжилтэй болоод ажил хийгээд ирэхээр аавыгаа ойлгодог болно гэж ярьдаг байсан. Харин хамгийн сүүлд Д.Г аавтайгаа эргэж тойрох гэж ирэхэд ихэд баярлаад би ч гэсэн хоол цай болоод нэг ирсэн юм хонож, өнжөөд яв гээд л хэлж байсан. Тэгсэн талийгаач дараа надад “намайг эргэх гэж ч ирээгүй юм шиг байна. энэ миний 2 өрөө байранд санаатайгаа хэлж байна. Би шууд дургүйцлээ илэрхийлчихлээ та нар намайг амьд сэрүүн дээр юу ярьж байгаа юм. Бүгд амьдрал тусдаа нас биед хүрчихээд ийм санаатай ирснийг ойлгоод амьдралын талаар нэлээн сургамж зөвлөгөө өгчихлөө гэж хэлчихлээ, намайг бие муу болохоор байрны талаар сонирхоод байна. Би гэрээслэл бичих нь зөв” гээд тэр үеэс надад ярьж хэлдэг байсан. “Ирээд байгаа санаа зорилго нь ярианаас нь тодорхой байна. Уур хүргэчихлээ” гээд маш их бухимдаж байсан. Би өөрөө ямар урьд нь эхнэр хүүхдүүд нь ойр дотно харьцаатай байсан биш зүс царайг нь ч харж байсан биш. Шүүх дээр намайг дуудаад байна гэхээр нь ирсэн чинь Т.Т өргөдөл өгсөн анхны шүүх хурал дээр түүний царайг нь харж байгаа юм.

Би одоо л харин Т.Т нь талийгаачийг амьд байхад ирээд бид хоёртой уулзаад энэ асуудлыг хэлж, ярьж байхгүй яасан юм бол нас барсан хойно болохоор би ганцаараа дур мэдээд өөрийнхөө нэрийг хамтад нь өмчлөх гээд улайраад би буруу юм хийчихсэн юм шиг намайг буруутгаад надаас булааж авах гээд улайраад би буруу юм хийчихсэн юм шиг шүүхэд өгөөд байгааг ойлгохгүй байна. Би одоо шүүхээр шийдүүлэхээс өөр арга байхгүй гэж бодож байна. Н.Д маань амьд сайхан байхдаа л нэг хүүхдийнхээ нэрийг ч оруулчихгүй яасан юм болдоо. Миний мэдэхийн Д.Гг нөхөртэйгөө хотод байранд амьдарч байхад очихдоо би хоёр түүнд 500 000 төгрөг, төрөхөд нь зуун мянган төгрөг өгч байсан. Үүнийг Д.Г сайн мэдэж байгаа. Аавтайгаа арай дотно санагддаг байсан би аавын барьж байсан хөөргийг нь хүү  Д.Ад нь өгсөн түүний хэрэглэж байсан эд зүйлийг нь Д.Г бүгдийг нь шатаана гээд шатаалгасан. Төрсөн эцэг хүний хувьд сайхан дөлгөөн, хармын сэтгэлгүй, хүнийг ойлгож өрөвдөн боддог хүн байсан учраас хүүхдүүдээ харж тэтгэдэг аав байсан гэдэгт би итгэлтэй байгаа. Би энэ хоёр хүнийг амьдарч байхад дундуур орж салгаад гэр бүлийг нь үймүүлээд түүний орон гэрт ороод суугаагүй юм. Би одоо Т.Т нь ядарчихаад энэ байрыг авах гээд байгаа юмуу хүүхдүүддээ авах гээд байгаа юм уу ойлгохгүй байна. Гэтэл сүүлийн жилүүдэд нас нь өндөр болоод бие нь муудаж, ядарч хэрхэн ямар байсан асарч сувилах, харж халамжлах, үүргээ эхнэр гээд байгаа Т.Т, төрсөн хүүхдүүд нь насанд хүрчихсэн байж хэн хэн нь ч хайхраагүй байж нас барсан хойно болохоор нь нөхөр минь байсан, эцэг минь байсан түүний амьдарч байсан байрыг нь хуулиар далайлгаад хууль ёсны өмчлөгчөөр Т.Т намайг тогтоож өгнө үү гээд хүсээд байгаа нь талийгаачийн амьддаа илэрхийлсэн өөрийнх нь үзэл бодлыг хүчээр өөрийнхөө бодлоор шийдүүлэх гээд байгаа нь жинхэнэ хууль зөрчөөд байна. Т.Ттой сүүлийн 5 жил байтугай 10 жилд ч Н.Дтай уулзаагүй гэж хэлж ярьж байсан. Талийгаачийг амьд байхад нь  үнэхээр их гомдоосон. Намайг ажлаа хийгээд хажуугаар нь инженерийн дээд сургуулиа төгсөх гээд олон хүүхэдтэйгээ орхиод хог шаар мэт хаяад өөр хүний эхнэр болоод явсанд нь би их гомддог гэж надад байнга ярьдаг байсан. Иймд хуулийн байгууллагын та бүхэн үнэн зөвөөр шийдэж энэ нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байна. Учир нь би одоо 40, 50 настай байсан бол хамаагүй ээ энэ нэхээд байгаа 2 өрөө байрыг нь та нар ав юутай ч  би амьдарч чадна гээд гармаар байна. Гэтэл талийгаач ханиасаа хойш биеийн эрүүл мэнд нь эрс муудаж даралт өндөртэй сэтгэл санааны хямрал гутралтай нойр хоолондоо муу хүн харахад яваад л байгаа боловч байнга эм тариа хийлгээстэй. Би хувьдаа Т.Т түүний хүүхдүүдэд муу зүйл хийгээгүй ганц бие амьдарч байсан Н.Дтай танилцаад бие биенээ хүндэлж ойлголцоод 7 жил гаруй хамт амьдраад харж хандаад асраад хоол ундыг нь хийж өгөөд ханилаад хэдэн жил насны эцэст амьдарсан нь үнэн гэсэн юм шиг ийм хариу барьж байдаг гэтэл удаа дараа шүүхэд хандсан нэхэмжлэлдээ Н.Д нь амьд сэрүүн байхдаа Ж.Ютай хамтран амьдарч байсан байна гээд байдаг. Бид хоёр бол улсад бүртгэлтэй гэрлэлтийн гэрчилгээтэй амьдарч явсан нь үнэн болохоор гэр бүл байсан гэж хуулиар хамгаалагдсан тийм л байсан бол яах гэж олон жил тус тусдаа амьдраад нас барснаас нь хойш болохоор эхнэр нь байсан гээд хүнийг шүүхэд өгөөд байдаг юм ойлгохгүй байна. Бүртгэлийн ажилтан, улсын бүртгэлийн албан хаагч, нотариатч нар хуулийн өндөр шаардлагатай гэж итгэдэг.

2012 оны 12 дугаар сарын 04-ний тэр харанхуй өдөр миний санаа сэтгэлээс гардаггүй юм. Үхэл гэдэг бол хэнийг ч тойрохгүй зовлон юм гэдгийг би мэдэрсэн бөгөөд нас барахад нь талийгаачийн толгойг түшээд нөхөж барахгүй ганцаардал мэдрэгдсэн. Би буян номын ажлыг өөрийн хэр чадлаараа болон ажлын хамт олон, найз нөхөд ах дүү хамаатны тусламжтайгаар гүйцэтгэж ирээд байж байтал охин Д.Ж нь “аав маань бид нарт энэ биеийг төрүүлж өгснөөр өөр ямар илүү өглөг ааваасаа хүсхэв дээ эгч та түүний байрыг эзэмшиж явна биз дээ” гэж надад хэлж үлдээж байсан юм. Би одоо ч зул, хүжээр таслахгүй буян ном уншин суусаар байна. Харин талийгаачийн төрсөн 2 ах, нэг эгч, ах дүү нар нь надад баярлаж, талархаж, байнгын дотны харилцаа холбоотой байдаг. Би тэдэнд энэ болоод байгаа асуудлыг мэдээлж хэлэхэд орон нутагтаа амьдарч байсныг олон түмэн гэрчилнэ, бид гэрчилнэ, хамгийн сүүлд нь хамт амьдарч асран хамгаалж, сайн муу бүхий л явдлыг нь өнгөрөөсөн чамд хуулийн дагуу үнэн зөв шийдэж өгнө гээд зөвлөгөө өгдөг. Гэтэл Т.Т болон түүний үр хүүхдүүд нь надад баярлаж хүндэлж явах ёстой байтал намайг ямар ч үндэслэлгүйгээр хуурамч гэр бүл батлуулсан гэж дайрч доромжлон хариу барьж байгаад би их гомдолтой байна. Төрсөн аав нь өөрийн гараараа, сэтгэл зүрхээрээ бичсэн өргөдөл нь холбогдох бүхий л баримт байх газартаа хадгалагдаж байсаар байтал шүүхээр хүчингүй болгуулах гээд байгаа нь аавынхаа үзэл бодол, санааг ойлгож хүндлэхгүй л байна гэхээс өөр хэлэх үг алга. Үнэхээр нөхөр нь, төрсөн эцэг нь гээд хүндлээд байдаг юм бол нас барснаас нь хойш 3 жил ясыг нь амраахгүй шүүхээр явж надад их ажил тарьж байна. хэдий настай, ямар их хүндлэлтэй хийсэн бүтээсэн гавьяатай хүн байсан бөгөөд би энд бичиж хэлээд дуусахгүй билээ. Т.Т болон миний нас сүүдэр  талийгаачийн ах, эгч нарын өндөр настай байдал, зэргээс харахад хэн ч энэ хорвоогоос хэзээ яаж хэрхэн үхэх амьдрахаа мэдэхгүй байж хэн нэгнийгээ шүүхэд өгч үхэхгүй мөнх юм шиг шунаж өс хонзон өгөө аваагүй байж хаа хаанаа тайван амьдармаар санагдах юм. Намайг өөрөө эхэлж шүүхэд өгчихөөд чи битгий шүүх гээд яваад бай гэж дайрч доромжилж байсан. Энэ үлдсэн насандаа нас барсныхаа хойноос нүгэл биш буян хийж , өглөгийн сэтгэлтэй амьдармаар байна гэж хүсч байна гэжээ.

 

            Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдүүд шүүхэд гаргасан шаардлага, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа:

            Бид нарын ээж Т.Т нь шүүхэд талийгаач нөхөр Н.Дгийн Б сумын Н багт байрлах 20 дугаар байрны 4 тоотод байршилтай V-************* улсын дугаартай 2 өрөө байрны өв залгамжлагчаар хууль ёсны эхнэр нэхэмжлэгч Т.Тг болон төрсөн хүүхдүүд болох охин Д.Г, Д.Ж, Д.Д, хүү Д.А, Д.Б нарыг тогтоолгох, хариуцагч Ж.Ю нь талийгаач Н.Дтай хууль бусаар гэрлэлтээ батлуулж, тус гэрлэлтийн баталгааг ашиглан өөрийн зээ охин Б.Х болон өөрийн нэрээ оруулан талийгаач нөхрийн өмч болох V-************* улсын дугаартай 2 өрөө байрны хамтран өмчлөгчөөр нэмэгдсэн хууль бус хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах, талийгаач нөхөр болох Н.Дгийн эрх залгамжлагчийг тогтоолгох, 2 өрөө байрны хууль ёсны өмчлөгчөөр эхнэр Т.Тг тогтоож өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагуудыг гаргасан.

Нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэхэд гуравдагч этгээдүүд Д.Г, Д.Ж, Д.А, Д.Б, Д.Д нарын талийгаач аав Н.Дгийн өв залгамжлагчаар тогтоолгох, түүний өв хөрөнгө болох Б сумын Н багт байрлах 20 дугаар байрны 4 тоотод байршилтай V-************* улсын дугаартай 2 өрөө байрны хамтран өмчлөх хууль ёсны эрх ашиг хөндөгдөж байгаа тул дараах бие даасан шаардлагыг гаргаж байна.

Гуравдагч этгээдүүд бид талийгаач аав Н.Дгийн төрсөн хүүхдүүд тул Монгол Улсын Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1...Дор дурдсан этгээдийг хууль ёсны өвлөгч гэх бөгөөд тэдгээр нь адил хэмжээгээр өвлөх эрхтэй., 520.1.1...нас барагчийн нөхөр, эхнэр, төрүүлсэн болон үрчилж авсан, түүнийг нас барсан хойно төрсөн хүүхэд, нас барагчийн төрүүлсэн болор үрчилсэн эцэг, эх., 520.6...Гэр бүлийн гишүүдийн дундаа хамтран өмчлөх эд хөрөнгийн гишүүнд оногдох хэсгийг гагцхүү энэ хуулийн 520.1.1-д заасан этгээд биет байдлаар буюу мөнгөн хэлбэрээр өвлөх эрхтэй.,...гэж зааснаар өв залгамжлах, байрыг хамтран өмчлөх хууль ёсны эрхтэй.

Иймд гуравдагч этгээдүүд Д.Г, Д.Ж, Д.А, Д.Б, Д.Д бидний талийгаач аав Н.Дгийн хууль ёсны хүүхдүүд тул түүний өв хөрөнгийн өвлөгч болохыг тогтоолгох, түүний өмч хөрөнгө болох Б сумын Н багт байрлах 20 дугаар байрны 4 тоотод байршилтай V-************* улсын дугаартай 2 өрөө байрны хамтран өмчлөгчөөр тогтоолгох шаардлага бүхий бие даасан шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.          

           

Шүүхэд болон шүүх хуралдааны үед зохигчид, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

            Нэхэмжлэгч Т.Т нь хариуцагч Ж.Юд холбогдуулан Өв залгамжлагчаар тогтоолгох, хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах, эрх залгамжлагчаар тогтоолгох, орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох шаардлага гаргаж хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

            Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдүүд болох Д.Г, Д.Ж, Д.А, Д.Б, Д.Д нар нь нэхэмжлэлийн шаардлагыг дэмжин оролцож, хариуцагч Ж.Юд холбогдуулан эцэг  Н.Дгийн хууль ёсны өвлөгч болохыг тогтоолгох, түүний өмч болох Б сумын Н багт байрлах 20 дугаар байрны 4 тоотод байршилтай V-************* улсын дугаартай 2 өрөө байрны хамтран өмчлөгчөөр тогтоолгох шаардлага гаргаж нэхэмжлэгч тус шаардлагыг дэмжин, хариуцагч тал хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.    

  1. Үндсэн нэхэмжлэлийн хүрээнд,

            Нэхэмжлэгчийн тодорхойлсон шаардлага тус бүрээр дүгнэлт хийе.

Өв залгамжлагчаар тогтоолгох шаардлагын хувьд,

Нэхэмжлэгч тус шаардлагыг тодорхойлохдоо Б сумын Н багт байрлах 20 дугаар байрны 4 тоотод байршилтай V-************* улсын дугаартай 2 өрөө байрыг талийгаач нөхөр Н.Дгийн хууль ёсны өмчлөлд хамаарна гэж үзэж, тухайн хөрөнгийг хууль ёсоор өв залгамжлах эрхтэй болохыг тогтоолгоно гэжээ.

Иргэний хуулийн 520 дугаар зүйлээр хууль ёсоор өв залгамжлах харилцааг зохицуулсан бөгөөд 520 дугаар зүйлийн 520.1.1-д, “нас барагчийн нөхөр, эхнэр, төрүүлсэн болон үрчилж авсан, түүнийг нас барсан хойно төрсөн хүүхэд, нас барагчийн төрүүлсэн болон үрчилсэн эцэг, эх” нь эхний ээлжинд өв залгамжлахаар хуульчилжээ.

Өв залгамжлах эрх нь бусдын өмчлөлийн хөрөнгийн хувьд эдлэх хуулиар олгосон эрх бөгөөд энэ эрхийн үндэслэл нь гэр бүлийн гишүүдийн эд хөрөнгийн бус эрхийн харилцаанд тулгуурласан онцлог зохицуулалттай байна.

Нэхэмжлэгч Т.Т нь талийгаач нөхөр Н.Дгийн хөрөнгийн хувьд түүний эхнэр гэсэн агуулгаар шаардлага гаргаж байгаагаа тайлбарлаж байна.

Хавтаст хэрэгт авагдсан баримтаар буюу 2013 оны 11 дүгээр сарын 0-ний өдрийн гэрлэлтийн бүртгэлийн лавлагаагаар /х.х-ийн 24 дэх талд/ Нгийн Д болон Тийн Т нар нь 1973 оны 05 дугаар сарын 06-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн болох нь тогтоогдох ба нөхөр Н.Дг нас барах өдөр хүртэл гэрлэлт хүчин төгөлдөр үргэлжилж, Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т зааснаар “гэрлэгчид”-ийн эрх зүйн байдалтай байсан байна.

Энэ агуулгаар нэхэмжлэгч Т.Т нь “эхнэр”-ийн хувиар Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д зааснаар өв залгамжлагчаар тогтоолгох шаардлага гаргасан нь үндэслэлтэй байна.

Харин тухайн шаардлагыг хангах эсэхэд дүгнэлт хийхдээ өвлүүлэгчийн хөрөнгө буюу бусдад өвлүүлэх хөрөнгийг тодорхойлох шаардлагатай.

Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.1 дэх хэсэгт, “Өвлүүлэгчийн эд хөрөнгө, эрх өвлөгдөнө.” гэж зохицуулжээ.

Нэхэмжлэгч нь өвлүүлэгчийн өвлөгдөх эд хөрөнгийн хэмжээг тодорхойлохдоо Б сумын Н багт байрлах 20 дугаар байрны 4 тоотод байршилтай V-************* улсын дугаартай 2 өрөө байр нь бүхэлдээ өвлүүлэгчийн хөрөнгө гэж үзэн шаардлагаа тодорхойлжээ.

2012 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000164181 дугаар бүхий гэрчилгээгээр Б аймгийн Б сумын 1 дүгээр багийн 20 дугаар байрны 4 тоотод байрлах 28 м.кв талбайтай, хоёр өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр Н.Д, Ж.Ю, Б.Х нарыг бүртгэж Ү-************* дугаарт бүртгэж гэрчилгээ олгосон нь тус гэрчилгээний хуулбараар /х.х-ийн 57 дахь талд, 1 дүгээр хавтас/ тогтоогдож байна. Улсын бүртгэлд дээрх нэр бүхий хүмүүс өмчлөгчөөр бүртгэгдсэн гэдэгтэй зохигч, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдүүд маргаагүй байна.

  Нэхэмжлэгч тухайн бүртгэл, бүртгэгдсэн хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулна, энэ үндсэн дээр өвлөгдөх хөрөнгийн хэмжээг тодорхойлон өвлөгдөх эрхээ тогтоолгоно гэсэн байх тул тус шаардлагад дүгнэлт өгөхдөө нэхэмжлэлийн шаардлагын дараагийн хэсэг болох хэлцэл хүчин төгөлдөр бусад тооцуулах шаардлагад эрх зүйн дүгнэлт өгөх нь зүйтэй байна.

Хэлцэл хүчин төгөлдөр бусад тооцуулах шаардлагын хувьд, нэхэмжлэгч тухайн шаардлагаар 2010 оны 08 дугаар сарын 24-ний өдөр хийгдсэн “Орон сууцны өмчлөлд хамтран өмчлөгч нэмж оруулах хэлцэл”-ийг хүчин төгөлдөр бусад тооцуулна гэжээ.

Ийнхүү тооцуулах үндэслэлийг Н.Д болон Ж.Ю нарын гэрлэлт хүчин төгөлдөр бус тул гэр бүл болох Ж.Ю, ач охин Б.Х нарыг энэ зорилгоор хамтран өмчлөгчөөр нэмж хэлцэл хийсэн нь хууль зөрчсөн гэж үзэж байгааг тайлбарлаж байна.

Иргэний хуулийн 6 дугаар бүлэг буюу 56 дугаар зүйлээс 61 дүгээр зүйл хүртэлх зохицуулалтаар хүчин төгөлдөр бус хэлцлийг зохицуулжээ.

Дурдсан зохицуулалтаар буюу Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт, “Шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу сонирхогч этгээдийн нэхэмжлэлээр хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцож болно.” гэж заасан бөгөөд энэ зохицуулалтад хамаарах “хуульд заасан үндэслэл, журмын дагуу” гэдэгт мөн хуулийн 58 дугаар зүйл буюу ноцтой төөрөгдлийн улмаас хийсэн хэлцэл, 29 дүгээр зүйл буюу хууран мэхэлж хийсэн хэлцэл, 60 дугаар зүйл буюу хүч хэрэглэж хийсэн хэлцэл болон бусад хуульд шүүхээс хүчин төгөлдөр бусад тооцож болохоор зохицуулсан хэлцлүүдийг ойлгоно. Эдгээр хэлцэл нь хэлцлийн субъектив шинжийн хувьд алдаатай байх тул тухайн алдааг нэхэмжлэл гаргагч нотлох үүргийн хүрээнд, нотолгоонд үндэслэн хүчин төгөлдөр бусад тооцох эсэхийг шүүх шийдвэрлэх онцлогтой байна.

Харин Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан хэлцлүүд нь хүчин төгөлдөр бус байх хэлцлүүд бөгөөд шүүхээр тухайн үндэслэлийг тогтоолгох, тооцуулах шаардлагагүй, харин тухайн хэлцлээс гарах үр дагаврыг зөрчигдсөн эрхээ сэргээлгэх журмаар хангуулах боломж бүхий онцлог хэлцэл юм. Иймд хэлцэл хүчин төгөлдөр бус байх шинжүүдийг нэхэмжлэгчийн нотолгоо, түүний шүүхэд мэдүүлэх эрхийн хүрээнд дүгнэлт хийхгүй болно. Шүүх тухайн үндэслэлийг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд бус харин хэлцэлтэй холбоотой аливаа шаардлага бүрд хуульд зааснаар дүгнэлт хийх зохицуулалттай юм.

Нэхэмжлэгч нь хууль зөрчиж хийсэн үндэслэлээр  /Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1/ хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулна гэсэн нь дээрх агуулгаар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ зөв тодорхойлоогүй гэсэн дүгнэлтэд хүргэж байна.

Нэхэмжлэлийн шаардлагыг дурдсан үндэслэлээр хангах боломжгүй боловч, шаардлага болон үндэслэлийг тусгаарлан шалгаж үзье.

Тухайн маргаан бүхий хэлцлийг хуульд заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бусад тооцуулах боломжтой эсэхэд дүгнэлт хийхийн тулд хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас хэлцэл хийгч талууд буюу Н.Д болон Ж.Ю нар нь тухайн хэлцлийн хувьд ноцтой төөрөгдсөн, хууран мэхэлж хэлцлийг хийсэн, хүч хэрэглэсэн зэрэг хуульд үндэслэл бүрдсэн эсэхийг тогтоох ёстой.

Нэхэмжлэгч энэ талаар шаардлагын үндэслэлээ тодорхойлоогүй бөгөөд энэ агуулгаар зохих баримт гаргаж өгөөгүй, талууд энэ үндэслэлээр мэтгэлцээгүй тул тухайн үндэслэлээр дүгнэлт өгөх боломжгүй байна.

Харин нэхэмжлэгч хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах шаардлагыг хангах үндэслэлийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан зохицуулалт буюу хууль зөрчиж хийсэн гэж дүгнэсэн.

Энэ үндэслэлээр энэ шаардлагыг хангах эсэхэд дүгнэлт хийх боломжгүй ч өмнө дурдсанаар маргаан бүхий хэлцэлд нэхэмжлэлийн шаардлага гараагүй ч хүчин төгөлдөр бус байхад шүүх дүгнэлт хийх үүргийн хүрээнд эрх зүйн дүгнэлт хийе.

Иргэний эрх зүйд гэрээний чөлөөт байдлын зарчим баримтлах бөгөөд тус зарчмын агуулга нь мөн хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан хуулийн хүрээнд, агуулгаа чөлөөтэй тодорхойлох байдлаар хэрэгжинэ. Харин Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар талуудын тохиролцсон агуулга нь хуулиар хориглосон ямар хэм хэмжээг зөрчсөн нь тодорхой бус байна.

Нэхэмжлэгч энэ үндэслэлийг тайлбарлахдаа, “хүчин төгөлдөр бус гэр бүл учраас” гэж тайлбарлаж байна.

Тодорхой этгээдийн өмчлөлд хөрөнгө шилжин өмчлөх эрх үүсгэхэд, тухайн эрхийн хүрээнд Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт зааснаар “өөрийн үзэмжээр, чөлөөтэй...захиран зарцуулах” хүсэл зоригоо илэрхийлэн бусдад шилжүүлэх, хамтран өмчлөх эрхтэй.

Харин тухайн хөрөнгийн хувьд гэр бүлийн гишүүнийх нь хувьд ямар хөрөнгөнд /гэр бүлийн дундаа хамтран өмчлөх хөрөнгө, гэр бүлийн гишүүний хуваарьт хөрөнгө/ хамаарахаас шалтгаалж өмчлөх эрхээ хэрэгжүүлэх боломж хязгаарлагдаж болно.

Гэр бүлийн гишүүнийх нь хувьд хөрөнгө нь түүний хуваарьт хөрөнгө бол өмчлөгчийн эрхийг ямар нэг байдлаар бусад гишүүд хязгаарлах эрхгүй байна. Харин дундаа хамтран өмчлөх хөрөнгө бол энэ эрхийн хүрээнд өмчлөх эрх хязгаарлагдана.

Өмчлөгч байсан Н.Дгийн хувьд гэр бүлийн гишүүн бус этгээдэд хөрөнгөө хамтран өмчлөхөөр хүсэл зоригоо илэрхийлсэн нь хууль зөрчсөн эсэх, хуульд нийцэх эсэхэд дүгнэлт хийх шаардлагатай бөгөөд ийнхүү дүгнэлт хийхийн тулд тухайн хөрөнгө гэр бүлийн гишүүний хувьд ямар хөрөнгөнд хамаарах эсэхийг тодорхойлох нь чухал.

Юуны өмнө тухайн хөрөнгө нь үл хөдлөх хөрөнгө байх бөгөөд Иргэний хуулийн 182 дугаар зүйлийн 182.1 дэх хэсэгт зааснаар улсын бүртгэлд эрхийн бүртгэл хэрхэн хийгдсэнээр өмчлөх эрхтэй этгээдийг тодорхойлох зохицуулалттай.

Хавтаст хэрэгт авагдсан баримтаар хэлцэл хийх үед тухайн хөрөнгийн өмчлөгчөөр /нэг хүний өмчлөл/ Н.Д бүртгэлтэй байсан болох нь түүнд 2005 оны 02 дугаар сарын 25-ны өдөр олгогдсон 00005664 дугаар, улсын бүртгэлийн Ү-************* дугаар бүхий гэрчилгээний хуулбараар /х.х-ийн 22 дахь талд, 1 дүгээр хавтас/ тогтоогдож байна.

Нэхэмжлэгч болон бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдүүд нь тухайн хөрөнгө нь Н.Дгийн өмчлөлд очсоноос эхлэн түүний эхнэр болон үр хүүхдүүдийнх нь хувьд өмчлөх үүссэн гэж үзэж зохих тайлбарыг шүүх хуралдааны үед гаргаж байна.

Тухайн тайлбараар гэр бүлийн дундаа хамтран өмчлөх хөрөнгийн эрх үүссэн байхад гэр бүлийн гишүүн бус хүнд хөрөнгийг шилжүүлсэн нь үндэслэлтэй эсэхэд дүгнэлт хийх нь зүйтэй байна.

Тодорхой хөрөнгө нь гэр бүлийн гишүүний дундаа хамтран өмчлөх хөрөнгө эсхүл хуваарьт хөрөнгө эсэхийг тодорхойлох зохицуулалтыг Иргэний хуулийн 125-133 дугаар зүйлд заасан гэр бүлийн хөрөнгийн эрх гэсэн 3 дугаар дэд бүлгээр зохицуулсан байна.

Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт, “Гэр бүл болсноос хойш бий болсон гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгөөс бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч мөн.” гэж заажээ.

Тухайн заалтын дагуу хамтран өмчлөх дундын өмчийг тодорхойлохдоо, “гэр бүл болсноос хойш бий болсон гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгөөс бусад хөрөнгө” гэсэн урьдчилсан нөхцөлийг шалгах шаардлагатай.

Маргаж байгаа хөрөнгө буюу Б аймгийн Б сумын 1 дүгээр багийн 20 дугаар байрны 4 тоотод байрлах 28 м.кв талбайтай, хоёр өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө нь Н.Д болон Т.Т нарыг гэрлэлтээ бүртгүүлснээс хойш Н.Дгийн өмчлөлд бүртгэгдсэн байна. Энэ агуулгаар гэр бүл болсноос хойш бий болсон гэж үзэх үндэслэлтэй.

            Тийм боловч дундаа хамтран өмчлөх хөрөнгө мөн эсэхийг тодорхойлохоос өмнө “гэр бүлийн гишүүний хуваарьт хөрөнгөөс бусад” гэсэн урьдчилсан нөхцөл буюу Иргэний хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д заасан зохицуулалтад дүгнэлт хийе.

            Иргэний хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт зааснаар үндэслэлүүдээр гэр бүлийн гишүүний хуваарьт хөрөнгийг тодорхойлох бөгөөд тухайн хөрөнгөө гэр бүлийн дундаа хамтран өмчлөлд шилжүүлэхээр тохиролцоогүй байх хуулийн зохицуулалттай байна.

            Хуулийн зохицуулалтаас харахад, тухайн хөрөнгө нь өмчлөгчид хэзээ, хэрхэн бий болсонд дүгнэлт хийх ёстой байна.

            Хавтаст хэрэгт авагдсан Б ГХК-ийн Эрхийн бүртгэлийн товчоонд явуулсан 2005 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн Байр худалдан авч хувьчилсан тухай 04 дугаар бүхий албан тоотын хуулбар /х.х-ийн 64 дэх талд, 1 дүгээр хавтас/, 1998 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хийгдсэн Б ГХК-ний эзэмшлийн орон сууцны 2 өрөө байр эзэмшигч Н.Дтай хийсэн гэрээний хуулбар  /х.х-ийн 65 дахь талд, 1 дүгээр хавтас/, 2004 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 01 дугаар бүхий Б ГХК-ний ТУЗ-ийн Байр олгох тухай тогтоолын хуулбар /х.х-ийн 66 дахь талд, 1 дүгээр хавтас/ зэрэг нотлох баримтуудаар тухайн хөрөнгө нь Н.Дгийн өмчлөлд үнэ төлбөргүйгээр шилжүүлсэн болох нь тогтоогдож байна.

            Тухайн агуулгаар үнэ төлбөргүйгээр бусдын өмчлөлд хөрөнгө шилжүүлэх үүргийн гэрээг Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1 дэх хэсэгт зааснаар бэлэглэлийн гэрээ байгуулагдсан, гэрээний дагуу эд хөрөнгийг үнэ төлбөргүйгээр шилжүүлсэн гэж үзнэ.

Иргэний хуулийн 127 дугаар зүйлийн 127.1.2-т, “өв, бэлэглэлийн журмаар шилжүүлэн авсан мөнгөн хуримтлал, эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх тэдгээрийг худалдсан арилжсаны үр дүнд олж авсан эд хөрөнгө, мөнгө,” нь хамтран өмчлөлд шилжүүлэхээр тохиролцоогүй бол хуваарьт хөрөнгөнд хамаарахаар зохицуулсан байна.

Энэ зохицуулалтанд байх, “Хамтран өмчлөлд зориулж шилжүүлэхээр тохиролцоогүй бол” гэсэн нөхцөл нь өмчлөгчөөс гэр бүлийн бусад гишүүдтэй хамтран өмчлөхөөр тэдэнтэй тохиролцох буюу хүсэл зоригоо илэрхийлэн хэлцэл, гэрээ байгуулсан байх агуулгатай бөгөөд ийнхүү тохиролцсон гэж үзэх баримтгүй байна.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр Б аймгийн Б сумын 1 дүгээр багийн 20 дугаар байрны 4 тоотод байрлах 28 м.кв талбайтай, хоёр өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө нь Н.Дгийн хуваарьт хөрөнгө юм.

Гэр бүлийн гишүүний хуваарьт хөрөнгийн хувьд бусад гэр бүлийн гишүүдийн эрхээс үл хамааран өмчлөгчийн эрх ямар нэг хязгаарлалтгүйгээр хэрэгжих зохицуулалттай.

Иймд Н.Д нь өөрийн өмчлөлийн хөрөнгийг бусдад шилжүүлэх хүсэл зориг нь Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт зааснаар өмчлөх эрхийн зарим хэсгийг бусдад шилжүүлэх замаар иргэний өмчлөх эрхийг дундаа хамтран өмчлөх эрх болгон өөрчлөх хүсэл зоригийн илэрхийллээр илэрхийлэгдсэн, түүнийг нөгөө тал хүлээн зөвшөөрсөн байх тул мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар хүсэл зоригийн илэрхийлэл хүчин төгөлдөр болсон байна.

Хэлцлийн хүсэл зориг нь мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэгт, “хэлцэл хийснээс хойш нас барсан, эсхүл эрх зүйн бүрэн чадамжгүй болон этгээдийн урьд нь хийсэн хийсэн хэлцэл, илэрхийлсэн хүсэл зоригийн илэрхийлэл хүчин төгөлдөр хэвээр байна.” гэсний дагуу хэвээр байна.

Өмчлөх эрх ямар нэг хязгаарлалтгүйгээр хэрэгжих гэр бүлийн гишүүний хуваарьт хөрөнгийн хувьд 2010 оны 08 дугаар сарын 24-ний өдөр хүсэл зоригоо харилцан илэрхийлж хамтран өмчлөгч нэмж оруулах хэлцэл хийсэн нь хуульд нийцэж байна.

Нэхэмжлэгч талаас гэр бүл болох Ж.Ю болон ач охин Б.Х нарыг нэмсэн нь хууль зөрсөн гэж үзсэн.

Хэдийгээр Ж.Ютай гэр бүл болон гэрлэлтээ батлуулсан нь хууль зөрсөн үндэслэлээр гэрлэлтийн бүртгэл хүчингүй болсон нь хавтаст хэрэгт авагдсан 2013 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 367 дугаар Улсын бүртгэлийн ерөнхий газрын Улсын байцаагчийн дүгнэлтээр /х.х-ийн 19 дэх талд, 1 дүгээр хавтас/ тогтоогдож байгаа болон Б.Х нь талийгаач Н.Дтай садан төрлийн холбоогүй талаар зохигч талууд маргахгүй байна.

Тус хэлцлийн агуулга хэсэгт хэлцэл хийсэн зорилгыг, “Н овогтой Д гэр бүл болох Жамбалсүрэн овогтой Ю, ач охин Баасандорж овогтой Х нар уг байранд тогтмол сууж уг хөрөнгийг байнга эзэмших болсон тул” гэсэн шалтгааныг тодорхойлжээ.

Энэ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар хуулийн хүрээнд агуулгыг сайн дурын үндсэн дээр чөлөөтэй тохиролцох хүрээнд хууль бус гэрлэгч, садан төрлийн биш хүнд шилжүүлэх хүсэл зоригийн илэрхийлэл нь гэрээний чөлөөт байдлын зарчмын хүрээнд хамаарч хуульд нийцэж байгааг дурдах нь зүйтэй.

Иймд тус хэлцэл агуулгын хувьд хууль зөрчсөн хэлцэл биш бөгөөд хамтран өмчлөгчөөр нэмсэн агуулга нь хүчин төгөлдөр бус хэлцлийн үндэслэлд хамаарахгүй, нэхэмжлэгчийн тодорхойлсон хүчин төгөлдөр бусад тооцох үндэслэлд хамаарахгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэгэнт хамтран өмчлөгчөөр нэмсэн хэлцэл хуулийн хувьд хүчин төгөлдөр байх тул маргаан бүхий хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэгдсэн Н.Д, Ж.Ю, Б.Х нарын өмчлөлийн хөрөнгө гэж үзнэ.

Энэ агуулгаар өвлөх эрх нь гагцхүү өвлүүлэгчийн хөрөнгөнд хамаарах тул дундын өмчлөгчийн ногдох хэсэгт хамаарах хэсгээр өвлүүлэх хөрөнгийн хэмжээ тодорхойлогдоно.

Нэхэмжлэгч нь өвлүүлэгчид хамаарах хөрөнгийн хэмжээгээр өв залгамжлах эрхтэйг тогтоолгох шаардлага гаргаагүй, хөрөнгийг бүхэлд нь өмчлөх эрхтэй гэж үзэн өв залгамжлах эрхтэйг тогтоолгох шаардлага гаргаж байх тул нэхэмжлэлийн дурдсан үндэслэлээр тухайн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна.

Нэхэмжлэлд, “бид нарын төрсөн хүүхэд болох охин Д.Г, Д.Ж, охин Д.Д, хүү Д.А, хүү Д. Б нарыг тогтоолгох” гэсэн бай боловч тэдгээр нь бие даасан шаардлага гарган хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байх бөгөөд нэхэмжлэгч тэдгээрийн нэрийн өмнөөс нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхгүй байгааг дурдах нь зүйтэй.

Дурдсан үндэслэлээр маргаан бүхий хөрөнгийн өв залгамжлагчаар тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна.   

Нэхэмжлэлийн эрх залгамжлагчаар тогтоолгох шаардлагын хувьд, Тухайн шаардлагыг шүүх хуралдааны явцад дахин тодруулах шаардлагатай эсэхийг асуухад нэхэмжлэлд тодорхойлсон байдлаар дүгнэлт хийлгүүлнэ, дахин тодруулах шаардлагагүй гэж нэхэмжлэгч талаас тайлбарлаж байна.

Нэхэмжлэгчийн тайлбараар талийгаач нөхөр Н.Дгийн хууль ёсны эхнэрийн хувьд эрхээ хүлээн зөвшөөрүүлэх агуулгатай гэжээ.

Түүний шүүхэд бичгээр гаргасан тайлбар, шүүх хуралдааны үед гаргасан тайлбар зэргээс дүгнэн үзэхэд, Н.Д болон Ж.Ю нарын гэрлэлт бүртгэлийг хүчингүйд тооцсоноор өмнөх гэрлэлтийн бүртгэл буюу Н.Д болон Т.Т нарын гэрлэлтийн бүртгэл хэвээр байна.

Тухайн гэрлэлт нь Гэр бүлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт, “гэрлэгч нас барсан болон түүнийг нас барсан гэж зарласан шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн гэрлэлт дуусгавар болсонд тооцно” гэсний дагуу нөхөр болох Н.Д нь 2012 оны 12 дугаар сарын 04-ний өдөр нас барснаар /х.х-ийн 60 дахь талд, 1 дүгээр хавтас/ гэрлэлт дуусгавар болсон байна.

Гэрлэлт дуусгавар болсон үед гэрлэгч нэг тал буюу эхнэрийн хувьд эрх нь хэрхэн зөрчигдөж байгаа, эдийн болон эдийн бус эрх нь энэ утгаар хэрхэн зөрчигдөж, иргэний эрх зүйн хамгаалалтын аргаар зөрчигдсөн ямар эрхийг хэрхэн сэргээлгэхээр шаардаж байгаа талаар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл тодорхой бус байгааг дурдах нь зүйтэй.

Хэдийгээр Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1-д зааснаар эрхийг хүлээн зөвшөөрөх хамгаалалтын аргыг хуульчилсан боловч энэ нь эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус тодорхой эрхийг хүлээн зөвшөөрөх зорилготой, гэр бүлийн харилцаан дахь аливаа эрхийг хүлээн зөвшөөрөх агуулгагүй байгааг дурдах нь зүйтэй.

Дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэлийн орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох шаардлагын хувьд, нэхэмжлэгч нь маргаан бүхий хоёр өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгоно гэжээ.

Тодорхой хөрөнгийн хувьд түүнийг өмчлөх эрхийг хуульд зааснаар болон гэрээ, хэлцлээр олж авах зохицуулалттай.

Нэхэмжлэгч Т.Т нь маргаан бүхий хөрөнгийг нөхөр болох Н.Дтай байгуулсан гэрээний үндсэн дээр олж авч, өмчлөх эрхийг шилжүүлэн авсан гэсэн үндэслэлийг тодорхойлоогүй байна. Харин тухайн хөрөнгө нь гэр бүлийн гишүүний хөрөнгө тул миний өмчлөлд мөн хамаарах ёстой гэж тайлбарлаж байна.  

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг гагцхүү нэхэмжлэгчийн тодорхойлсон үндэслэлээр хангах эсэхэд хууль зүйн дүгнэлт өгснийг дурдах нь зүйтэй.  

Нэхэмжлэгчийн тайлбараар, хамтран амьдрах хугацаанд олж авсан хөрөнгө тул өмчлөх эрхтэй гэж тайлбарлаж байгаагаас үзэхэд нь өмчлөх эрхийг гэр бүлийн дундаа хамтран өмчлөх хөрөнгө гэж үзэж байна гэхээр байна. Энэ тохиолдолд хэзээнээс өмчлөх эрх үүссэнийг тогтоох ихээхэн чухал юм.

Хэрвээ нэхэмжлэгч гэр бүлийн гишүүний хувиар өмчлөх эрхтэйг хүлээн зөвшөөрүүлнэ гэж үзэж байгаа бол тухайн хөрөнгийг дангаар өмчлөх эрхтэйг тогтоолгох шаардлага гаргах боломжгүй бөгөөд тухайн цаг үед өмчлөгч байсан Н.Дгийн өмчлөх эрхийг үгүйсгэх шаардлагатай болно. Нэхэмжлэгч ийнхүү үгүйсгэсэн тайлбарыг өгөөгүй байх тул хамтран өмчлөх дундын хөрөнгийн зохицуулалтаар өмчлөх эрхтэйг тогтоолгохоор шаардах эрх хэрэгжүүлэх, түүнд хууль зүйн дүгнэлт өгөх боломжгүй байна.

Харин нөгөө талаар өв залгамжлах эрхийг тогтоолгохтой холбоотойгоор өмчлөх эрхийг тогтоолгоно гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа бол энэ нь мөн л хуульд зааснаар өвлөх эрхийг олж аван, зохих журмаар өмчлөх эрх үүсэх хуульд заасан үндэслэлд хамаарах юм.

Энэ үндэслэлээр өмчлөх эрх үүсэхийн тулд өв хүлээн авах журмын дагуу өвийг хүлээн авснаар хуульд заасан хугацаанаас хамааран өмчлөх эрхийг баталгаажуулах журмыг хуульчилсан бөгөөд нэхэмжлэгч өвлүүлэгчийн хөрөнгийн талаар маргаж, өв залгамжлагчаар тогтоолгох асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэх шаардлагатай хамтатган тухайн хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох шаардлага гаргаж байгаа нь хуульд нийцэхгүй байна.

Иймд өв залгамжлан авбал зохих хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгоно гэсэн үндэслэлээр “өмчлөгчөөр тогтоолгохоор” гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх хууль зүйн болон бодит үндэслэл бүрдээгүй байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Ерөнхий дүгнэлт, Дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч нь өөрийн зөрчигдсөн эрхийг бодитойгоор зөв тодорхойлсноор нэхэмжлэлийн шаардлагыг тухайн үндэслэлээр хангаж шийдвэрлэх боломжтой болно.

Нэхэмжлэгч хэд хэдэн шаардлагыг хангуулахаар нэхэмжлэл гаргаж байгаа тохиолдолд Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4 дэх хэсэгт зааснаар хамтатган сэргээх боломжтой зөрчигдсөн эрх, эсхүл хамтран сэргээх боломжгүй эрх зэргийг ялган тодорхойлох, ямар эрхийг сэргээсний дараагаар ямар эрх сэргээгдэх боломжтой талаар нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа зөв тодорхойлох шаардлагатай. Энэ талаар хууль зүйн туслалцаа авах эрхээр хангуулах боломжийг зохигч талууд хэн аль нь эдэлсэн, өмгөөлөгчтэйгөөр шүүх хуралд оролцсон байна.   

Хувийн эрх зүйн харилцаанд оролцогч эрхээ зөв тодорхойлох, зөрчигдсөн эрхээ хэрхэн сэргээлгэх үндэслэл, шаардлагаа өөрөө тодорхойлох үүрэгтэй бөгөөд энэ нь тухайн этгээдийн бусдын өмнө хүлээсэн үүрэг биш өөрийнхөө өмнө хүлээсэн үүрэг юм.

Нэхэмжлэгчид энэ талаар сануулан, нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг тодорхой болгох эсэх талаарх холбогдох эрхийг тайлбарласан байх боловч шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг гагцхүү нэхэмжлэлд тусгагдсан байдлаар хангах эсэхэд дүгнэлт хийлгэнэ гэж тайлбарлаж байна. Иймд Иргэний хэрэг хянан шийдвэрлэх эрх зүйн хүрээнд баримтлах талуудын зарчмын үүднээс шүүх нэхэмжлэгчийн шүүхэд мэдүүлэх эрхэд хүндэтгэлтэй хандсан болохыг дурдах нь зүйтэй.   

Нэхэмжлэлийн шаардлагуудын үндэслэлүүд өөр хоорондоо зөрүүтэй, нэг шаардлагын үндэслэл, нөгөө шаардлагын үндэслэлтэй зөрчилдсөн, хамтатган дүгнэлт өгөх боломжгүй зэргээр нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхийн ерөнхий үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлага хэрэгсэхгүй болж байх тул шаардлага тус бүрд хамаарах тусгай үндэслэл, нотлох баримтуудад дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзсэн болно.

  1. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдүүдийн шаардлагын хүрээнд.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдүүд болон Д.Г, Д.Ж, Д.Д, Д.А, Д.Б нар нь нэхэмжлэгч Т.Тгийн нэхэмжлэлийн шаардлагыг дэмжин оролцож, хариуцагч Ж.Юд холбогдуулан талийгаач эцэг Н.Дгийн өмчлөлийн гэх Б аймгийн Б сумын 1 дүгээр багийн 20 дугаар байрны 4 тоотод байрлах 28 м.кв талбайтай, хоёр өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг өв залгамжлагчаар тогтоолгох, тухайн хөрөнгийн хамтран өмчлөгчөөр тогтоолгох шаардлага гаргаж, нэхэмжлэгч Т.Т нь тус шаардлагыг дэмжиж, хариуцагч тус шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй талаар тайлбарлаж байна.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдүүд нь маргаан бүхий хөрөнгийн өв залгамжлагчаар тогтоолгох шаардлагыг хангуулах үндэслэлийг талийгаач эцэг Н.Дгийн төрсөн үр хүүхдүүд тул хуульд зааснаар өвлөх эрхтэй гэх боловч мөн л өвлүүлэх хөрөнгийн хэмжээг тухайн хөрөнгийг бүхэлд нь гэж үзэж байна.

Нэхэмжлэгч Т.Тгийн нэхэмжлэлийн шаардлагад хийсэн дүгнэлтээр тухайн хөрөнгө нь өвлүүлэгчийн дангаар өмчлөх хөрөнгө биш бөгөөд гэр бүлийн гишүүний хуваарьт хөрөнгө талаар дүгнэсэн. Энэ дагуу хамтран өмчлөгч бүхий хөрөнгийн хувьд өвлүүлэгч хамаарах хөрөнгийн хэсэгт хамааруулан өв залгамжлагчаар тогтоолгох шаардлага гаргах эрхтэй байх бөгөөд бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдүүд нь энэ үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлоогүй байна.

Иймд өвлүүлэгчийн дангаар өмчлөх хөрөнгийн өв залгамжлагчаар тогтоолгох үндэслэлээр өв залгамжлагчаар тогтоолгох шаардлагыг хангаж шийдвэрлэх хуульд заасан үндэслэл бүрдээгүй тул тухайн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 Өвлүүлэгчийн дундаа хамтран өмчлөх хөрөнгийн ногдох хэсгийн өв залгамжлагчаар тогтоолгохоор хуульд заасан журмаар эрх бүхий этгээдэд хандахад энэ шийдвэр саад болохгүй болно.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдүүдийн маргаан бүхий хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгохоор гаргасан шаардлагын хувьд, тус шаардлагыг хангах үндэслэлийг талийгаач эцгийн өмчлөлд тус хөрөнгө шилжсэн үеэс үр хүүхдүүд хамтран өмчлөх эрхтэй болсон гэж тайлбарлах бөгөөд нөгөө талаар өв залгамжлах эрхтэй тул энэ эрхийн дагуу олж авсан хөрөнгийг өмчлөх эрхтэй гэж хэд хэдэн үндэслэлээр тайлбарлаж байна.

Нэхэмжлэгч Т.Тгийн нэхэмжлэлийн мөн шаардлагад хийсэн дүгнэлттэй нэгэн адилаар тухайн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй.

Учир нь, тухайн хоёр шаардлага нь хамтатган шийдвэрлэх боломжгүй шаардлагууд бөгөөд өөр хоорондоо зөрчилдөж байх тул гуравдагч этгээдүүдийг зөрчигдсөн эрх, шаардлагаа зөв тодорхойлсон гэж үзэх боломжгүй байна.

Өвлөх эрхтэй холбоогүйгээр талийгаач эцгийн өмчлөлд хөрөнгө шилжсэн үеэс /2005 оноос/ эхлэн дундаа хамтран өмчлөх эрхтэй гэж тайлбарлах боловч энэ нь бүртгэлээр тогтоогдохгүй бөгөөд гэр бүлийн дундаа хамтран өмчлөх хөрөнгийн зохицуулалтаар үндэслэл нь тогтоогдохгүй байна.

Өвлөх эрхтэй холбоотойгоор энэ эрхийн хүрээнд тухайн хөрөнгийн хамтран өмчлөгчөөр тогтоолгох шаардлагын хувьд өвлөх эрхийн хөрөнгийн хэмжээгээр өвлөх эрх хуульд заасан журмаар хангагдсан тухайн тохиолдолд өмчлөгчөөр баталгаажуулах хууль зүйн үр дагавар яригдах тул шүүх энэ үндэслэлээр өмчлөгч мөн эсэхийг дүгнэх боломжгүйг дурдах нь зүйтэй.

Дурдсан үндэслэлээр бие даасан шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.  

 Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдүүдийн шаардлагад маргаан бүхий хөрөнгийн өв залгамжлагчаар тогтоолгох шаардлага дурдагдсан байх бөгөөд хуульд зааснаар өвлөх эрхэд дүгнэлт хийхээс өмнө энэ эрхийн үндэслэл болсон гэр бүлийн эрхийн тодруулбал, гэр бүлийн харилцаанд тэжээн тэтгэхтэй холбоотой гэрлэгчид, гэр бүлийн гишүүдийн үүргийг хэрхэн биелүүлсэн эсэхэд дүгнэлт хийх нь зүйтэй бөгөөд энэ нь өвлөх эрхийг шийдвэрлэхэд үнэлбэл зохих суурь эрх юм.

Өвлүүлэх хөрөнгийн хэмжээний хувьд нэхэмжлэлийн үндэслэл өөрөөр тодорхойлогдсон агуулгаар дурдсан шаардлага, нэхэмжлэл хэрэгсэхгүй болж байх тул өвлөгдөх хөрөнгийг хууль ёсоор өв залгамжлах эрхтэй этгээдүүдийн гэр бүлийн хүрээнд хүлээх үүргээ хэрхэн биелүүлсэн талаарх үйл баримтад хууль зүйн дүгнэлт өгөөгүйг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэг, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1, 56 дугаар зүйлийн 56.1.1, 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэг, 9 дүгээр зүйлийн 9.4.1-д заасныг баримтлан өв залгамжлагчаар тогтоолгох, хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах, эрх залгамжлагчаар тогтоолгох, орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэгч Т.Тгийн нэхэмжлэлийн шаардлага болон өв залгамжлагчаар тогтоолгох болон орон сууцны дундаа хамтран өмчлөгчөөр тогтоолгох тухай бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдүүд Д.Г, Д.Ж, Д.Д, Д.А, Д.Б нарын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдүүдээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 283 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.  

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 0 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

              

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Г.АМАРЖАРГАЛАН