Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 2229

 

Ч.С нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Цогтсайхан., Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 102/ШШ2017/02265 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Ч.С нэхэмжлэлтэй

Хариуцагч: Б.А холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 18 853 560 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, хариуцагчийн өмгөөлөгч Д.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Билгүүн нар оролцов.

 

Нэхэмжлэгч Ч.С шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Ч.С нь  2014 оны 5 дугаар сарын 07-ны өдөр “О” ХХК-ний захирал Б.А 11 880 000 төгрөгийг 3 сарын хугацаатай сарын 2.9 хувийн хүүтэйгээр зээлдүүлсэн. Б.А өгсөн энэ мөнгийг анх “Кибернетик ББСБ”-д өөрийнхөө амьдардаг байраа барьцаалж  зээлээр аваад ажилчдын цалинд тавьсан юм. Б.А зээл 11 880 000 төгрөг, алданги 5 940 000 төгрөг нийт 17 820 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 Хариуцагч Б.А шүүхэд болон  итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э-ийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:  Ч.С 2014 оны 5 дугаар сарын 07-ны өдөр 11 880 000 төгрөгийг зээлдэж аваагүй. Энэ өдөр түүнээс ийм хэмжээний мөнгийг өгсөн, авсан асуудал огт болоогүй. Ч.С нь барилгын ажлын туслан гүйцэтгэгч, бригадын хүмүүсээ бүрдүүлэн барилгын ажлыг хийж гүйцэтгэн бид хамтран ажиллаж байсан. Би 2014 оны 5 дугаар сарын 07-ны өдөр хөлөө гэмтээсний улмаас хэвтрийн дэглэм сахиад өвчтөй байсан ба энэ өдөр Ч.С нь “Кибернетик” банк бус санхүүгийн байгууллагаас авсан зээл маань нэхэгдээд байна, ББСБ-д үзүүлэх зээлийн гэрээ хэрэг болоод байна. Би чамд 11 880 000 төгрөгийг зээлдүүлсэн гэрээ байгуулах хэрэгтэй байна гээд гуйхаар нь түүнд тусалсан. Ч.С нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгож буй гэрээг “О” ХХК-ийн захирал Б.А байгуулсан. Иймд иргэн Б.А холбогдуулан гаргасан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 281 дүгээр зүйлийн 281.1-д заасны дагуу хариуцагч Б.А 14 925 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ч.С олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2 945 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 252 218 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, харилцагч Б.А 232 575 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ч.С олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх  хэргийн оролцогчийг буруу тодорхойлсон, нотлох баримтыг үнэн зөв эргэлзээгүй талаас үнэлээгүй. Үүрэг гүйцэтгэх этгээдээр О ХХК бус Б.А байхаар талууд тохиролцсон  гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Талуудын хооронд зээл өгөх, авах, талаар харилцан тохиролцоо байсан хэдий ч мөнгө буюу эд хөрөнгийг бодитоор шилжүүлээгүй, шилжүүлэн өгсөн болохоо нотлоогүй тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй боловч нотлох баримтыг хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүйг зөвтгөн шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой байна.

 

Нэхэмжлэгч Ч.С нь хариуцагч Б.А холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 17 820 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч мөнгийг бодитойгоор өмчлөлдөө шилжүүлэн аваагүй, гэрээг иргэнтэй биш “О” ХХК-тай байгуулсан тул Б.А хариуцагч биш гэж маргажээ.

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ “..,О ХХК-ийн ажилчдын цалинд тавьж олгосон  11 880 000 төгрөгийг тус компанийн захирал Б.А хариуцан төлөхөөр гэрээнд гарын үсэг зурсан” гэж тодорхойлсныг хариуцагч эс зөвшөөрч “О” ХХК нь 6 сая орчим төгрөгийн өглөгтэй байж болно, харин хувь хүний хувьд хариуцах үндэслэлгүй гэж няцаажээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор хэргийн 3, 4 дүгээр талд 2 гэрээ нотлох баримтаар гаргасан нь хуулбар баримтууд байх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дах хэсэгт заасан бичмэл нотлох баримтад тавигдах хэлбэрийн шаардлага хангаагүй байна. Харин 4 дүгээр талд авагдсан хуулбар баримт дээр Б.А “..,зээлийн үлдэгдэл болох 9 950 000 төгрөгийг 2014 оны 8 сарын 18-наас өмнө төлж барагдуулах” талаар бичсэн бичвэр эх хувиар байна.

 

Хэрэгт авагдсан хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, “О” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, хариуцагчийн тайлбар зэргээс үзэхэд “О” ХХК нь ганц гишүүнтэй, ганц үүсгэн байгуулагч хөрөнгө оруулагчтай бөгөөд тэр нь Б.А байх бөгөөд талууд  ч  энэ талаар маргаагүй.

 

Компаний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5 дах хэсэгт “хувьцаа эзэмшигчийн компанид оруулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх нь хувийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээс тодорхой зааглагдаагүй бол уг хувьцаа эзэмшигч өөрийн бүх эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээр компанийн өр төлбөрийг давхар хариуцна” гэж заасан. “О” ХХК-ийн хувьд нэхэмжлэгчийн өмнө тодорхой хэмжээний төлбөр төлөх үүрэгтэй гэж хариуцагч тайлбарласнаас гадна Б. өөрөө үүргийн гүйцэтгэлийг 9 950 000 төгрөгөөр тодорхойлж, хүлээн зөвшөөрсөн. Мөн 9 950 000 төгрөг төлөх үүрэггүй, эсхүл уг үүрэг дуусгавар болсон гэх байдлыг хариуцагч өөрөө баримтаар нотлоогүй, компанид оруулсан Б.А хөрөнгө, түүний хувийн хөрөнгөөс тодорхой зааглагдаагүй гэж үзнэ.

 

Зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3, 232 дугаар зүйлийн 232.3 дах хэсэгт тус тус зааснаар талууд хүү, анз тогтоосон гэрээг бичгээр байгуулах хуулийн шаардлага хангаагүй тул нэхэмжлэгч нь хүү, алданги шаардах эрхгүй. Харин хэргийн 4 дүгээр талд авагдсан зээлийн гэрээнд хариуцагч Б.А нь 2014 оны 8 дугаар сарын 18-ны өдрөөс өмнө зээлийн үлдэгдэл болох 9 950 000 төгрөгийг төлж барагдуулана гэж бичиж гарын үсгээ зурсан бөгөөд О ХХК-ийн тамга дарагдсан байх тул уг баримтыг эх баримт гэж үзэж, хариуцагчаас 9 950 000 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй байна.  

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хэсэгчлэн хангав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 102/ШШ2017/02265 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “14 925 000” гэснийг “9 950 000” гэж, “2 945 000” гэснийг “7 780 000” гэж, 2 дахь заалтын “232 575” гэснийг “174 150” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б.А давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232 575 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД                                                       Д.ЦОГТСАЙХАН

                                                                        Ш.ОЮУНХАНД