Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2015 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 221/МА2015/0149

 

Г-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, шүүгч Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Батзориг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Э*******, гуравдагч этгээд Б.Г*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э*******, гуравдагч этгээд Д.Б*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б******* нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 605 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч болон гуравдагч этгээд Д.Б******* нарын гаргасан давж заалдах гомдлоор, Г-ийн нэхэмжлэлтэй, У*******д холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г-аас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нийслэлийн Баянгол дүүргийн шүүхийн 2013 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 768 дугаар шүүгчийн захирамжаар иргэн Г.Г*******ын нэхэмжлэлтэй, Г болон Ш******* ХХК-д холбогдох иргэний маргааныг талуудын эвлэрлийн гэрээний дагуу шүүхээс зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Улсын бүртгэлийн ерөнхий газраас холбогдох шийдвэр гаргахдаа эрх, хууль ёсны ашиг хөндөгдсөн Ш******* ХХК-ийн хувьцаа эзэмшигч нарын тайлбарыг авч, мэдэгдээгүй нь хувьцаа эзэмшигчдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн байна.

Нөгөөтэйгүүр Ш******* ХХК-ийн хувьцаа эзэмшигч биш иргэн Г.Г*******ын өргөдөлд дурдсан асуудал Баянгол дүүргийн шүүхийн 2013 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 768 дугаар захирамжаар дуусгавар болсон бөгөөд хууль ёсны хувьцаа эзэмшигчид нь мэдэгдэхгүйн улмаас Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2013 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн Бүртгэл хүчингүй болгох тухай 395 дугаар тушаал шүүхийн шийдвэрээс даруй 4 хоногийн дараа гарсан байна. Төрийн байгууллагын ажлын уялдаа холбоогүйн улмаас иргэн хохирох ёсгүй. Гэтэл шүүх шийдвэрээ бүртгэлийн байгууллагад хүргүүлээгүйн улмаас өөрийн гаргасан шийдвэрээ зөвтгөн тайлбарлаж байгаа нь харамсалтай.

Засгийн газрын 2010 оны 47 дугаар тогтоолоор баталсан Улсын бүртгэлийн хяналтын дүрмийн 2.1.1-д Хяналт шалгалтын үйл ажиллагаанд шаардлагатай тайлбар, тодорхойлолт, баримт бичгийг холбогдох байгууллага, аж ахуй нэгж, албан тушаалтан, иргэдээс үнэ төлбөргүй, шуурхай гаргуулан авах эрхтэй гэж заасны дагуу Ш******* ХХК-ийн хууль ёсны хувьцаа эзэмшигчээс тайлбар, тодорхойлолтыг хяналтын байцаагч аваагүй байна. Мөн дээрх дүрмийн 2.2.1-д хяналт шалгалтыг хууль тогтоомжийн хүрээнд зохион байгуулан илэрсэн зөрчлийг шуурхай арилгах арга хэмжээ авах, хяналтын үр дүнг холбогдох байгууллага, албан тушаалтан, иргэдэд мэдээлэх гэж заасныг зөрчин Ш******* ХХК-ийн хууль ёсны хувьцаа эзэмшигчид мэдэгдэх үүргээ Улсын бүртгэлийн ерөнхий газар биелүүлээгүй байна.

Иймд Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 395 дугаар тушаалыг хүчингүй болгож өгөхийг хүсье гэжээ.

Хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартааБаянгол дүүргийн шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн 7381 дүгээр шүүгчийн захирамжаар Ш******* ХХК-ийн бүртгэлд ямар нэг өөрчлөлт оруулахгүй байхыг тус газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт даалгасан байна. Гэтэл Ш******* ХХК-ийн хувьцаа эзэмшигч Д.Б******* нь 2012 оны 12 дугаар сарын 13-ны өдөр өөрийн эзэмшлийн 50 хувийн хувьцааны 20 хувийг Г-д шилжүүлэх талаар холбогдох материалыг бүрдүүлэн хандсаны дагуу 2012 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Ш******* ХХК-ийн бүртгэлд өөрчлөлт оруулсан байна.

Улмаар Ш******* ХХК-ийн 50 хувийн хувьцаа эзэмшигч Г.Г******* Хуулийн этгээдийн бүртгэлийн газрын хяналтын газарт хандан Ш******* ХХК-ийн бүртгэлд өөрчлөлт оруулсан тус газрын 2012 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн бүртгэлийг хүчингүй болгуулах тухай гомдол гаргасны дагуу Бүртгэлийн хяналтын газрын хяналтын улсын байцаагч хянаж үзээд Ш******* ХХК-ийн бүртгэлд өөрчлөлт оруулсан 2012 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн бүртгэл нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 17 дугаар зүйлийн 17.3, 18 дугаар зүйлийн 18.1.10-т заасныг тус тус зөрчсөн байх тул 2013 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 156 дугаар дүгнэлтийг гаргасан байна.

Үүний дагуу тус газрын дарга дээрх хууль зөрчсөн бүртгэлийг залруулж 2013 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн Бүртгэл хүчингүй болгох тухай 395 дугаар тушаалаар Ш******* ХХК-ийн 2012 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн бүртгэлийг хүчингүй болгосон болно. Өөрөөр хэлбэл Ш******* ХХК-ийн 50 хувийн хувьцаа эзэмшигч Г.Г******* нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын Бүртгэлийн хяналтын газарт 2013 оны 02 дугаар сарын 20-ны өдөр гомдол гаргасан байх бөгөөд гомдлыг хяналтын байцаагч хянаж үзээд 2013 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 156 тоот улсын байцаагчийн дүгнэлтээр холбогдох хуулийн заалтыг зөрчсөн болохыг тогтоосон болно. Ингэж дүгнэлт гаргахад Ш******* ХХК болон Г-д холбогдох иргэний хэрэг эцэслэн шийдвэрлэгдээгүй байсан болно. Иймээс Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2013 оны 395 дугаар тушаалаар хууль зөрчсөн бүртгэлийг хүчингүй болгон шийдвэрлэсэн. Мөн хэрэг маргаан эцэслэн шийдвэрлэгдсэний дараа холбогдох хууль тогтоомж, дүрэм, журмын дагуу материалаа бүрдүүлэн Ш******* ХХК-ийн бүртгэлд өөрчлөлт оруулахаар тус газарт хандах эрх нь нээлттэй юм гэжээ.

Гуравдагч этгээд Б.Г*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Баянгол дүүргийн шүүхээс 2012 оны 12 дугаар сарын 6-ны өдөр 7381 дүгээр шүүгчийн захирамж гарч Ш******* ХХК-ийн бүртгэлд ямар нэг өөрчлөлт оруулахгүй байхыг Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт даалгасан. Энэхүү захирамжийг хуулийн дагуу хэргийн оролцогч нарт мэдэгдсэн байтал уг хэргийн хариуцагч болох Г, Ш******* ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Б******* нар санаатайгаар тус компани дахь өөрийн эзэмшлийн 50 хувийн хувьцааны 20 хувийг 2012 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Г-д шилжүүлэх өргөдөл гаргаж, мөн сарын 21-ний өдөр улсын бүртгэлд өөрчлөлт оруулсан байна.

Улсьн бүртгэлийн ерөнхий газрын хуулийн этгээдийн бүртгэлийн газар Г болон Ш******* ХХК-ийн хувьцаа эзэмшигч Д.Б******* нарын 20 хувийн хувьцааг шилжүүлэх тухай 2012 оны 12 дугаар сарын 13-ны өдөр гаргасан өргөдлийг хүлээн авах, бүртгэж авахаас татгалзах ёстой байсан. Улсын бүрттэлийн газраас Ш******* ХХК-ийн хувьцааг шилжүүлэх тухай 2012 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хийсэн өөрчлөлт нь шүүгчийн захирамж зөрчсөн тул уг бүртгэлийг хүчингүй болгуулахаар гомдол гаргасны дагуу асуудлыг хянасан бүртгэлийн хяналтын улсын байцаагч 2013 оны 3 дугаар сарын 25-ны өдөр "Ш*******" ХХК-ийн улсын бүртгэлд оруулсан өөрчлөлт хууль зөрчсөн болохыг тогтоож, Засгийн газрын 2010 оны 47 дугаар тоггоолоор батлагдсан Улсын бүртгэлийн хяналтын дүрмийн 2.1.3 дахь хэсэгт заасны дагуу ... хууль, түүнд нийцүүлэн гаргасан дүрэм журам зөрчсөн...бүртгэлд хийсэн өөрчлөлтийг хүчингүй болгох дүгнэлт гаргасан байна.

Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.10-т "улсын бүртгэлд хөдөлгөөн хийх эрхийг түдгэлзүүлсэн тухай ...хууль хяналтын байгууллагын шийдвэрийг зөрчиж улсын бүртгэлд өөрчлөлт, хөдөлгөөн хийх"-ийг хориглодог бөгөөд энэ тохиолдолд Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга уг хууль зөрчсөн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох эрхтэй байдаг.

"Газар" ХХК-ийн нэхэмжлэлд дурдсан шиг Улсын бүртгэлийн байгууллага Улсын бүртгэлийн хяналтын дүрмийн 2.2.1-д заасан хяналт шалгалтыг хууль тогтоомжийн хүрээнд зохион байгуулан илэрсэн зөрчлийг шуурхай арилгах арга хэмжээ авах, хяналтын үн дүнг холбогдох байгууллага, албан тушаалтан, иргэдэд мэдээлэх үүргээ зөрчөөгүй гэжээ.

Гуравдагч этгээд Д.Б******* 2014 оны 7 дугаар сарын 2-ны өдөр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: 2012 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Газар" ХХК, түүний гүйцэтгэх захирал Н.Ариунчимэгтэй "Ш*******" ХХК-ийн 50 хувийн хувьцаа эзэмшигч иргэн Д.Б******* би Хувьцаа шилжүүлэх тухай гэрээ"-г байгуулан хувьцааны 20 хувь буюу нэг бүрийн нэрлэсэн үнэ нь 10 000 төгрөг, энгийн зэрэглэлийн 20 ширхэг хувьцааг хуулийн хүрээнд шилжүүлэн Улсын бүртгэлийн газарт бүртгүүлсэн.

Нийслэлийн Баянгол дүүргийн шүүхийн 2013 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 768 дугаар шүүгчийн захирамжаар иргэн Г.Г*******ын нэхэмжлэлтэй, Газар" ХХК, "Ш*******" ХХК-д холбогдох иргэний хэргийг зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т "Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ нь энэ хуулийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байна" гэж заасан.

Дээрх зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүгчийн захирамж нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасны дагуу зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй шийдвэр юм. Баянгол дүүргийн шүүхийн шүүгчийн 7381 дүгээр захирамжаар шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ нь зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамж гарсан өдрөөс хүчингүй болсон байхад У******* 2013 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр "Бүртгэл хүчингүй болгох тухай" 395 дугаар тушаалыг гаргасан нь ойлгомжгүй байна.

2010 оны Засгийн газрын 47 дугаар тогтоолоор батлагдсан Улсын бүртгэлийн хяналтын дүрмийн 2.2.1-д ...хяналтын үр дүнг холбогдох байгууллага, албан тушаалтан, иргэдэд мэдээлэх үүргээ улсын байцаагч ноцтой зөрчиж, Ш******* ХХК-ийн хувьцаа эзэмшигчид бидний эрх ашгийг хохироосон гэж үзэж байна. Хэрэв энэхүү үүргээ биелүүлсэн бол Ш******* ХХК-ийн хувьцаа эзэмшигч бид тухай үед нь холбогдох тайлбар болон Баянгол дүүргийн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг хавсарган өгч, улсын бүртгэлд бүртгүүлж эрх ашиг хохирохгүй байсан.

Иймд бүртгэлийн болон хууль хяналтын байгууллагын буруутай үйлдлээс болж гарсан Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2013 оны 395 дугаар тушаалыг хүчингүйд тооцож өгөхийг хүсье гэжээ.

Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 605дугаар шийдвэрээр: Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.5, 17 дугаар зүйлийн 17.3, 18 дугаар зүйлийн 18.1.10-т заасныг баримтлан Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2014 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн Бүртгэл хүчингүй болгох тухай 395 дугаар тушаалыг хүчингүй болгуулах шаардлага бүхий Г-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдэврлэжээ.

Нэхэмжлэгч Г-иас давж заалдах гомдолдоо1. Газар" ХХК нь шүүхэд У*******д холбогдуулан Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2013 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 395 дугаар тушаалыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан юм.

Шүүхийн шийдвэрт ч "Хариуцагч У*******д холбогдуулан гаргасан нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв" гэж хариуцагчийг тодорхойлсон.

Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 -д "Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга Улсын ерөнхий бүртгэгч байх бөгөөд Улсын ерөнхий бүртгэгч нь улсын бүртгэгчийн үйл ажиллагаанд хяналт тавьж, ..." гэж хуульчлан заасан байна.

Нэхэмжлэгч "Газар" ХХК нь ийнхүү хариуцагчаар албан тушаалтан буюу Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргыг тодорхойлон, уг албан тушаалтны хуулиар олгосон бүрэн эрхийнхээ хүрээнд, бие даан гаргасан шийдвэрийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг гаргасан билээ.

Албан тушаалтан бүрэн эрхийнхээ хүрээнд гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг шүүхэд өөрөө тайлбарлах ёстой байхад хариуцагчийн өмнөөс итгэмжлэгдсэн төлөөлөгч нь тайлбар гаргаж байгааг шүүх хүлээн авч, нотлох баримтын хэмжээнд үнэлсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчссөн, хууль бус гэж үзэж байна. Тодруулбал, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.1 дэх хэсэгт хариуцагчийн хүлээх үүргийг тогтоон өгсний дотор "хариуцагч нэхэмжлэлийн талаар бичгээр тайлбар гаргах үүрэгтэй" гэж заасан байна.

Иргэний хууль болон Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т төлөөлүүлэгчээс итгэмжлэгдсэн төлөөлөгчид шилжүүлж болох эрхийн талаар хуульчилсан боловч төлөөлүүлэгч хуулиар хүлээсэн "үүрэг"-ээ итгэмжлэгдсэн төлөөлөгчид шилжүүлж болохыг хуульчлаагүй тул үүрэг шилжих ёсгүй юм.

Ийм байхад анхан шатны шүүх нь итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарыг "хариуцагчийн хариу тайлбар" мэтээр хүлээн авч, нотлох баримтаар үнэлэн хэргийг шийдвэрлэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн тул уг хууль зөрчсөн ажиллагааг зөвтгүүлж өгнө үү.

2. Аливаа эрх бүхий этгээд нь иргэн, хуулийн этгээдээс гаргасан гомдол, маргааныг уг гомдол, маргааных нь хүрээнд шийдвэрлэх ёстой. Энэ бол эрх зүйн зарчим. Ялангуяа иргэн, аж ахуйн нэгжээс нийтлэг эрх ашгийн хүрээнд, эсхүл хувийн эрх, ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгуулага, албан тушаалтанд хандан гомдол гаргаснаар төрийн хяналт шалгалт явуулах үндэслэл бий болно.

Нөгөө талаас Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4-т "Гомдол гэж төрийн байгууллага, албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагаагаар иргэдийн хүулиар хамгаалагдсан эрх, эрх чөлөө, ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэж сэргээлгэхээр гаргасан хүсэлтийг ойлгоно" гэж заажээ.

Үүнээс үзвэл гомдол гаргагчийн хуулиар хамгаалагдсан эрх, эрх чөлөө, ашиг сонирхол зөрчигдсөний үндсэн дээр гомдол гарган, хяналт шалгалт явуулах ёстой.

Түүнчлэн аливаа этгээд нь өөрт хамааралгүй, өөрийн эрх хөндөгдөөгүй буюу бусад этгээд хоорондоо өмчлөл шилжүүлж байгаа асуудлаар хөндлөнгөөс оролцож гаргасан гомдлыг эрх бүхий албан тушаалтан хүлээн авч шийдвэрлэх хууль зүйн үндэслэл байхгүй юм.

Гэтэл Г.Г*******ын эрх хөндөгдөөгүй асуудлаар гаргасан гомдлын дагуу буюу өөрөөр хэлбэл, Д.Б*******ын нэр дээр байгаа "Ш*******" ХХК-ийн 50 хувийн хувьцааг "Газар" ХХК-д шилжүүлсэн талаар уг компанийн хувьцааг эзэмшихээ больсон байсан Г.Г*******ын гомдлыг хүлээн авч Д.Б*******аас "Газар" ХХК-д шилжүүлсэн хувьцааг У******* нь хууль бус гэж үзэн хүчингүй болгож байгаа нь хууль бус юм.

Зүй нь У******* нь гомдол гаргагчид хандан таны эрх хөндөгдөөгүй тул таны гомдлоор асуудлыг шийдвэрлэх боломжгүй" гэсэн хариуг өгөх ёстой байсан билээ.

Энэ талаар анхан шатны шүүхэд тайлбарласан байхад шүүх уг үйл баримтад дүгнэлт өгөөгүй атлаа нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь "хэргийг бүх талаас нь шалгаж шийдвэрлэх" хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн байна.

Дээрхээс гадна Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт "... иргэн Г.Г*******ын 2013 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Улсын бүртгэлийн ерөнхий газарт гаргасан гомдлын дагуу хяналтын улсын байцаагч шалгалтыг явуулж,..." гэсэн байна.

Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүх нь нэгэнт У******* нь маргаан бүхий захиргааны актыг Г.Г*******ын гомдлын дагуу гаргасан учир Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д заасны дагуу Г.Г*******ыг энэ хэрэгт гуравдагч этгээдээр татан оролцуулж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах байсан.

Г.Г*******ыг гуравдагч этгээдээр татан оролцуулснаар гомдол гаргагч Г.Г*******ын эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн эсэхийг тодруулах боломжтой байсан юм.

Анх 2012 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн шүүхэд иргэн Г.Г******* нэхэмжлэл гарган, 2012 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн Г.Г*******, "Газар" ХХК-ийн хооронд байгуулсан "Ш*******" ХХК-ийн хувьцаа худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, нотариатын үйлдлийг хүчингүй болгуулах шаардлага гаргажээ.

2012 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн Баянгол дүүргийн шүүхийн шүүгчийн 7381 дүгээр шүүгчийн захирамжаар шүүхийн шийдвэрийг баталгаажуулах арга хэмжээ авахаар хориг тавьсан хэдий ч нь хуулийн шаардлага хангаагүй, ИХШХШТХуулийн 69 дүгээр зүйлийг хэрэглэхдээ зөвхөн нэхэмжлэлийн үнийн дүн, нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрийн биелэлтийг баталгаажуулдаг байхад захирамжаар "Ш*******" ХХК-ийн нийт хувьцаанд хориг тавьж, нэхэмжлэлийн шаардлагад хамаарахгүй, үлдэх 50 хувийн хувьцаа эзэмшигч Д.Б*******ын эрхийг зөрчин захирамж гарсан.

Энэ захирамжийн талаар Д.Б*******, "Газар" ХХК-д танилцуулаагүй бөгөөд шүүгчийн захирамжаар зохигчдын эрхийг хязгаарласан, түүнд гомдол гаргах эрхийг эдлүүлэхгүй, хязгаарласан. Эн:э 2012 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 7381 дүгээр захирамжийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт хүргүүлэхээр 2012 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Баянгол дүүргийн шүүхийн албан бичиг гарсан байдаг. Тухайн шүүгчийн захирамж хүчин төгөлдөр болоогүй байхад Улсын бүртгэлийн ерөнхий газарт хүргүүлсэн. "Газар" ХХК болон Д.Б******* тухайн үед 7381 дүгээр шүүгчийн захирамж гарсаныг мэдээгүй, танилцуулаагүй,

Дээрх хэргийн улмаас Д.Б*******ын эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөх ёсгүй, энэ иргэний хувьд "Ш*******" ХХК-ийн 20 хувийн хувьцааг шилжүүлсэн бүртгэлийг хийлгэх хууль ёсны эрх нь байсан гэж үзэж байна. Иргэн Г.Г*******ын эрх, хууль ёсны эрх ашиг зөрчигдөөгүй гэжээ.

Гуравдагч этгээд Д.Б******* давж заалдах гомдолдоо: Газар" ХХК нь шүүхэд У*******д холбогдуулан, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2013 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 395 дугаар тушаалыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан юм.

Шүүхийн шийдвэрт ч "Хариуцагч У*******д холбогдуулан гаргасан нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв" гэж хариуцагчийг тодорхойлсон.

Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д "Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга Улсын ерөнхий бүртгэгч байх бөгөөд Улсын ерөнхий бүртгэгч нь улсын бүртгэгчийн үйл ажиллагаанд хяналт тавьж, "гэж хуульчлан заасан байна.

Нэхэмжлэгч Газар" ХХК нь ийнхүү хариуцагчаар албан тушаалтан буюу Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргыг тодорхойлон, уг албан тушаалтны хуулиар олгосон бүрэн эрхийнхээ хүрээнд, бие даан гаргасан шийдвэрийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг гаргасан билээ.

Албан тушаалтан бүрэн эрхийнхээ хүрээнд гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг шүүхэд өөрөө тайлбарлах ёстой байхад хариуцагчийн өмнөөс итгэмжлэгдсэн төлөөлөгч нь тайлбар гаргаж байгааг шүүх хүлээн авч, нотлох баримтын хэмжээнд үнэлсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль бус гэж үзэж байна.

Тодруулбал, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зуйлийн 20.2.1 дэх хэсэгт хариуцагчийн хүлээх үүргийг тогтоон өгсний дотор "хариуцагч нэхэмжлэлийн талаар бичгээр тайлбар гаргах үүрэгтэй" гэж заасан байна.

Иргэний хууль болон Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т төлөөлүүлэгчээс итгэмжлэгдсэн төлөөлөгчид шилжүүлж болох "эрх-ийн талаар хуульчилсан боловч төлөөлүүлэгч хуулиар хүлээсэн "үүрэг"-ээ итгэмжлэгдсэн төлөөлөгчид шилжүүлж болохыг хуульчлаагүй тул үүрэг шилжих ёсгүй юм.

Ийм байхад анхан шатны шүүх нь итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарыг "хариуцагчийн хариу тайлбар" мэтээр хүлээн авч, нотлох баримтаар үнэлэн хэргийг шийдвэрлэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн тул уг хууль зөрчсөн ажиллагааг зөвтгүүлж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, хэргийн оролцогчдын шүүхэд гаргасан тайлбарт үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдэрлэсэн нь зөв байна.

Маргаан бүхий Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2013 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 395 дугаар тушаалаар Ш******* ХХК-ийн 2012 оны 12 дугаар сарын 21-ний өдөр бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Г-д иргэн Г.Г******* өөрийн эзэмшиж байсан Ш******* ХХК-ийн 50 хувийн хувьцааг худалдахаар 2012 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Хувьцаа, худалдах худалдан авах гэрээг байгуулсан боловч уг гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар Баянгол дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргасны дагуу 2012 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэжээ. Уг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Баянгол дүүргийн шүүхийн шүүгчийн 2012 оны 12 дугаар сарын 06-ны 7381 дүгээр захирамжаар Ш******* ХХК-ийн бүртгэлд ямар нэг өөрчлөлт оруулахгүй байхыг Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн албанд даалгасан байна.

Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.10-д зааснаар улсын бүртгэлд хөдөлгөөн хийх эрхийг түдгэлзүүлсэн тухай Улсын ерөнхий бүртгэгч, хууль хяналтын байгууллагын шийдвэрийг зөрчиж улсын бүртгэлд өөрчлөлт, хөдөлгөөн хийхийг хоригложээ.

Гэтэл уг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байх хугацаанд 2012 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хариуцагч Ш******* ХХК-ийн захирал Д.Б******* өөрийн эзэмшлийн хувьцааны 20 хувийг уг хэргийн хариуцагч Г-д шилжүүлэхээр хүсэлт гаргасны дагуу 2012 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хуулийн этгээдийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн нь дээрх хуулийн заалтыг зөрчсөн байна.

Хэдийгээр Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2013 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 395 дугаар тушаал гарахаас өмнө буюу 2013 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай Баянгол дүүргийн шүүхийн шүүгчийн 768 дугаар захирамжаар хувьцааны талаар маргаж байгаа иргэний хэрэгт талууд эвлэрсэн байх боловч энэ нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2012 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн хууль бус бүртгэлийг зөвтгөх үндэслэл биш юм.

Нөгөөтэйгүүр нэхэмжлэгч Г болон гуравдагч этгээд Д.Б******* нар нь Г.Г*******ын нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагчаар оролцож, Ш******* ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хооронд маргаантай байгааг мэдсэн атлаа компанийн хувьцаа эзэмшигчийн бүртгэлд өөрчлөлт оруулахаар хүсэлт гаргасан нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 17 дугаар зүйлийн 17.3-д заасан бүртгүүлэхээр мэдүүлж байгаа эрхийн нотлох баримтыг бүрэн гүйцэд, үнэн зөв гаргаж өгөх үүргээ зөрчсөн байх тул маргаан бүхий захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байна.

Хариуцагч нь хуулийн этгээдийн улсын бүртгэлд хууль бусаар өөрчлөлт оруулсан талаар Ш******* ХХК-ийн хувьцаа эзэмшигч байсан Г.Г*******ын гаргасан өргөдлийн дагуу хяналт шалгалт явуулж Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.5-д улсын бүртгэлийн байгууллагын албан хаагчийн үйл ажиллагаанд хяналт тавьж, түүний хууль зөрчсөн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох гэж заасан эрх хэмжээний хүрээнд улсын бүртгэлийг хүчингүй болгосон нь үндэслэлтэй гэж анхан шатны шүүхээс зөв дүгнэсэн байна.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-д заасны дагуу хариуцагч У******* нь захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд итгэмжлэгдсэн төлөөлөгчөө хуульд заасан шаардлагыг хангаж томилсон байх тул нэхэмжлэгч болон гуравдагч этгээд Д.Б******* нарын хариуцагчийн өмнөөс итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбар гаргасан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэх гомдол үндэслэлгүй байна.

Түүнчлэн Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д шүүхээс гарах шийдвэрийн улмаас эрх, хууль ёсны ашиг нь сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр татан оролцуулахаар заасан байх бөгөөд маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгосны улмаас Б.Г*******ийн эрх, хууль ёсны эрх, ашиг сонирхол хөндөгдөхөөргүй байх тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд түүнийг татан оролцуулах шаардлагагүй юм.

Гэвч анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээд Б.Г*******ийг оролцуулж, тэрээр Г.Г*******ын эрх ашгийн өмнөөс шүүхэд тайлбар гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон боловч энэ нь шүүхийн шийдвэрт нөлөөлөхөөргүй, ноцтой алдаа биш бөгөөд хэргийн оролцогчийн эрхийг хөндөөгүй байх тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй.

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч болон гуравдагч этгээд Д.Б*******ын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэххэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.  Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 605дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч болон гуравдагч этгээд Д.Б*******ын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтланнэхэмжлэгч болон гуравдагч этгээд Д.Б*******ын тус тус улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж үзвэл нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан өдрөөс, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА

ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР

ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН