| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Отгоогийн Одончимэг |
| Хэргийн индекс | 132/2017/00363/И |
| Дугаар | 00416 |
| Огноо | 2017-10-06 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 10 сарын 06 өдөр
Дугаар 00416
Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Одончимэг даргалж хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: 1987 оны 10 дугаар сарын 10-ны өдөр төрсөн, 30 настай, эмэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, Булган аймгийн Баяннуур сумын Шар тал багт оршин суух, Саарал овогт Борхүүгийн Ганширэм /РД:ДП87101003/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: 1973 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Булган аймгийн Могод сумын 2 дугаар багт оршин суух, Хянга овогт Дондовын Батсүх /РД:ИД73091110/-т холбогдох,
Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2017/00363/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Ганширэм, хариуцагч Д.Батсүх, нарийн бичгийн дарга С.Гончигбал нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Ганширэм нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Б.Ганширэм нь Булган аймгийн Могод сумын 2 дугаар багийн иргэн Д.Батсүхтэй 2015 онд гэр бүл болж гэрлэлтээ батлуулсан. 2016 оны 03 дугаар сарын 04-ний өдөр хүү Д.Бат-Өлзий төрсөн. Бид сэтгэл санаа, үзэл бодол нийлэхгүй болсноос тусдаа амьдраад 1 жил болж байна. Миний бие муу учраас аав, ээжийнхээ асаргаанд хамт амьдардаг. Иймээс гэрлэлтээ цуцлуулна, хүүхдээ өөрийн асрамжинд авч, тэтгэлэг тогтоолгоно. Бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй гэжээ.
Хариуцагч Д.Батсүх шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Батсүх миний бие нь Баяннуур сумын иргэн Б.Ганширэмтэй 2015 оны 08 дугаар сарын 03-ны өдөр гэр бүл болжт2016 оны 03 дугаар сарын 04-ний өдөр хүүтэй болсон. Хадам аав Борхүү нь гаднаа хуримаа хийлгэж 3 жил болгодог гэсэн боловч удалгүй ганц гэр буулгаж удалгүй Ганширэм маань гэртээ ирэхээ больсон. Бид хоёрын дунд муудалдсан зүйл байхгүй. Хадам аав маань намайг хөөж, тууж олон сар ганцаараа малыг нь маллаж байсан. Би өөрөө салая гэж салаагүй тул хүүгээ өөрийн асрамжинд авах саналтай байна гэв.
Нэхэмжлэгч Б.Ганширэм нь хариуцагч Д.Батсүхээс гэрлэлтээ цуцлуулж, хүүхдээ өөрийн асрамжинд авч, эцгээс нь тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.
Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
Нэхэмжлэгч Б.Ганширэм, хариуцагч Д.Батсүх нар нь 2015 онд гэр бүл болсныг Булган аймгийн Баяннуур сумын иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлд 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 6307000005 дугаарт бүртгэсэн болох нь гэрлэлтийн бүртгэлийн лавлагаагаар нотлогдож байна.
2017 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагч эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулж, эвлэрүүлэн зуучлах ажиллагааг амжилтгүй болсон үндэслэлээр дуусгавар болгосон байна.
Гэрлэгчид нь хамт амьдарч байх хугацаандаа зан харьцааны хувьд таарч тохироогүйгээс 2016 оноос хойш хамтран амьдраагүй, цаашид харилцан бие биеэ хайрлан хүндэтгэж хамт амьдрах боломжгүй, гэр бүлийн гишүүдийн хооронд итгэлцэл үгүй болж, эвлэрүүлэн зуучлах ажиллагааг амжилтгүй болсон зэрэг нөхцөл байдлыг харгалзан зохигчдыг эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.
Зохигчдын дундаас 2016 оны 03 дугаар сарын 04-ний өдөр хүү Д.Бат-Өлзий төрсөн болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.
Нэхэмжлэлийн хүрээнд хүүхдийн асрамжийг шийдвэрлэхэд хүүхдийн эрхэд хохирол учруулах шалтгаангүй тул хүү Д.Бат-Өлзийг эхийнх нь асрамжинд үлдээж, эцэг Д.Батсүхээр тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан Саарал овогт Борхүүгийн Ганширэм, Хянга овогт Дондовын Батсүх нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан 2016 оны 03 дугаар сарын 04-ний өдөр төрсөн хүү Д.Бат-Өлзийг эх Б.Ганширэмийн асрамжинд үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.5, 40-р зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2016 оны 03 дугаар сарын 04-ний өдөр төрсөн хүү Д.Бат-Өлзийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18/-тай болтол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулж эцэг Д.Батсүхээр тэжээн тэтгүүлж, тэтгэлэгийг хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Б.Ганширэмд даалгасугай.
4. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь тэтгэлэг төлөгчийн сарын цалин хөлс түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурьдаж, амьжиргааны баталгаажих түвшингийн хэмжээг өөрчлөгдөх бүрт хүүхдийн тэтгэлгийн хэмжээнд өөрчлөлт оруулж байхыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд даалгасугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 99734 /ерэн есөн мянга долоон зуун гучин дөрөв/ төгрөг гаргуулж, 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг нэхэмжлэгч Б.Ганширэмд, 29534 /хорин есөн мянга таван зуун гучин дөрөв/ төгрөгийг Төрийн санд тус тус олгосугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-т заасныг баримтлан шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Ц.Батцэцэгт даалгасугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурьдсугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ