| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Дарьсүрэн |
| Хэргийн индекс | 132/2017/00330/И |
| Дугаар | 00452 |
| Огноо | 2017-10-25 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 10 сарын 25 өдөр
Дугаар 00452
Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Дарьсүрэн даргалж хийсэн шүүх хуралдаанаар,
Булган аймгийн Булган сумын 6 дугаар багийн бб-5-3 тоотод оршин суух, Б.Наранцацралын нэхэмжлэлтэй, Булган аймгийн Булган сумын 1 дүгээр багийн Шинэ хорооны 1-16-10 тоотод оршин суух, Б.Хаш-Эрдэнэд холбогдох, гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2017/00330/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
хариуцагч: 1989 оны 10 дугаар сарын 30-ны өдөр төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрхэлсэн ажилгүй, Булган аймгийн Булган сумын 1 дүгээр багийн Шинэ хорооны 1-1б-10 тоотод оршин суух, Иншөөбүү овогт Бат-Эрдэний Хаш-Эрдэнэ /РД: ГЮ89103019/, нарийн бичгийн дарга Ц.Мичидмаа нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Наранцацрал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би Б.Хаш-Эрдэнэтэй 2007 онд танилцаж, 2010 оноос хамтран амьдарч эхэлсэн. 2010 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр охин Х.Номин-Эрдэнэ төрж бид гэрлэлтээ бүртгүүлсэн. Бид хамт амьдраад удаагүй боловч зан харьцааны хувьд таарч тохирохгүй зүйл олон гарч, бие биедээ итгэх итгэл байхгүй болсон. Би түүний аав, ээжтэй нь таарч тохирдоггүй. Б.Хаш-Эрдэнэ намайг үргэлж хардаж, удаа дараа амиа хорлоно гэж сүрдүүлдэг. Мөн намайг цохиж байсан. Тиймээс 2013 оны 3 дугаар сараас хойш одоог хүртэл бид тус тусдаа амьдарч байна. Түүний ах нь намайг байнга хэл амаар доромжилж, агсан тавьж, зодож байсан. Иймд бидний гэрлэлтийг цуцалж, охин Х.Номин-Эрдэнийг миний асрамжид үлдээж, эцгээс нь тэтгэлэг гаргуулж өгнө үү. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.
Хариуцагч Б.Хаш-Эрдэнэ шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Би Б.Наранцацралтай 2007 онд танилцан үерхэж, 2010 онд хамт амьдарч эхэлсэн. 2010 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр охин Х.Номин-Эрдэнэ төрж бид гэрлэлтээ бүртгүүлсэн. Бид хамт амьдраад удаагүй боловч таарч тохирохгүй зүйл олон гарах болсон. Мөн түүний ээж Д.Жавзандуламтай таарч тохирохгүй болсон. Б.Наранцацрал нь удаа дараа найз нөхөдтэйгээ наргиж, цэнгэж, ухаанаа алдтал архи ууж, би түүнийг очиж авдаг байсан. Мөн ажиллаж байсан газрынхаа залуутай хайр сэтгэлийн холбоотой болсон. Тэр залуу нь намайг олон удаа утсаар дарамталж байсан. Мөн түүний ээж Д.Жавзандулам нь миний аав, ээж болон хөгжлийн бэрхшээлтэй дүүг минь хэл амаар доромжилдог. Ер нь хоёр талын эцэг, эхчүүд таарамжгүй харьцаатай байдаг. Бид 2013 оны 8 сараас тусдаа амьдарч байгаа, Наранцацрал нь одоо өөр хүнтэй хамт амьдарч байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Наранцацрал нь хариуцагч Б.Хаш-Эрдэнэд холбогдуулан, гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч Б.Наранцацрал, хариуцагч Б.Хаш-Эрдэнэ нар нь 2007 онд танилцан, 2010 оны 10 дугаар сарын 25-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлэн, тэдний дундаас 2010 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр охин Х.Номин-Эрдэнэ төрсөн болох нь зохигчдын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан гэрлэлтийн бүртгэлийнлавлагаа, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар зэргээр нотлогдож байна.[1]
Нэхэмжлэгч Б.Наранцацрал, хариуцагч Б.Хаш-Эрдэнэ нар нь 2013 оны 8 сараас хойш тусдаа амьдарч байгаа ба цаашид харилцан бие биеэ хайрлан хүндэтгэж хамт амьдрах боломжгүй, тус шүүхийн шүүгчийн 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 1259 дугаартай захирамжаар[2] гэрлэгчдийг эвлэрүүлэх арга хэмжээ авсан боловч энэ хугацаанд эвлэрээгүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан шүүх гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.
Хариуцагч Б.Хаш-Эрдэнэ нь 2010 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр төрсөн охин Х.Номин-Эрдэнийгэхийнх нь асрамжинд үлдээж, тэтгэлэг төлөхөд татгалзах зүйлгүй гэх тайлбар гаргаж байх тул 2010 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр төрсөн охин Х.Номин-Эрдэнийг эх Б.Наранцацралын асрамжинд үлдээж эцэг Б.Хаш-Эрдэнээс нь хуульд заасны дагуу тэтгэлэг гаргуулах нь зүйтэй байна.
Зохигчид эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдахаар шийдвэрлэв.
Нэхэмжлэгч нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдаанд оролцох боломжгүй, өөрийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх хүсэлтээ ирүүлсэн тул шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.4-т зааснаар хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.5, 132.6-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.3-т заасныг баримтлан Чонос овогт Батсүхийн Наранцацрал, Иншөөбүү овогт Бат-Эрдэнийн Хаш-Эрдэнэ нарын гэрлэлтийг цуцалсугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан 2010 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр төрсөн охин Х.Номин-Эрдэнийг эх Б.Наранцацралын асрамжинд үлдээсүгэй.
3.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.5, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2010 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр төрсөн охин Х.Номин-Эрдэнийг тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар 11-16 нас /суралцаж байгаа бол 18/-тай болтол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулж эцэг Б.Хаш-Эрдэнээр тэжээн тэтгүүлж, тэтгэлгийг хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Б.Наранцацралд даалгасугай.
4.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь тэтгэлэг төлөгчийн сарын цалин хөлс түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдаж, амьжиргааны баталгаажих түвшингийн хэмжээ өөрчлөгдөх бүрт хүүхдийн тэтгэлгийн хэмжээнд өөрчлөлт оруулж байхыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд даалгасугай.
5.Зохигчид эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдсугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 70200 /даван мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 99734 /ерэн ёсөн мянга долоон зуун гучин дөрөв/ төгрөг гаргуулж 29534 /хорин ёсөн мянга таван зуун гучин дөрөв/ төгрөгийгТөрийн санд, 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг нэхэмжлэгчид тус тус олгосугай.
7.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9, 38 дугаар зүйлийн 38.4-т заасныг баримтлан шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Э.Цэнгүүнд даалгасугай.
8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигчид, тэдгээрийн төлөөлөгч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй тайлбарласугай.
9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН