Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 2019/ШЦТ/249

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга С.Буянхишиг,

улсын яллагч С.Батгэрэл,

шүүгдэгч С.О- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан  О-д яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн эрүүгийн 1905008350257  дугаартай хэргийг 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1993 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Сэлэнгэ аймаг Сүхбаатар суманд төрсөн, 26 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, үсчин гоо сайханч мэргэжилтэй, .... ХХК-нд мах ангилагч ажилтай, ам бүл 5, эцэг, эх, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн ... дугаар хороо ... дүгээр гудамж ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,  О-

 

Холбогдсон хэрэг/Яллах дүгнэлтэнд дурдагдсанаар/

Шүүгдэгч Д.О- нь 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 07 цагийн үед Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр 60 дугаар байрны 108 тоотод иргнэ Э.Алтантүлхүүрийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.О- мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

Шүүхээс шүүгдэгч Д.О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нотлох баримтуудад агуулагдсан мэдээлэл болон хэргийн талаар өгсөн хууль зүйн дүгнэлтийн үндэслэл:

          Хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

          Хохирогч Э.Алтантүлхүүрийн “Би 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өглөө 07 цагийн үед гэрийн хаалга нүдээд байсан. Тэгэхээр нь онгойлгосон чинь хар өнгийн фудволктой дотуур хувцастай нэг үл таних согтуу эгч гэрт орж ирээд миний орон дээр хэвтчихсэн. Тэгэхээр нь би босоод гар гэсэн чинь гарахгүй гээд байсан. Тэгсэн  чинь манай эмэгтэй Мөнхтуяа нөгөө үл таних эмэгтэйг гар гээд гарнаас нь татсан чинь нөгөө эгч гарахгүй гээд манай дүүг хөлөөрөө жийсэн. Тэгэхээр нь дүү бид хоёр гарнаас нь татаж том өрөөнөөс гаргах гэсэн чинь гарахгүй байсан. Тэгээд арай хийж өрөөнөөс татаж гаргасан чинь  хаалганы бариулаас бариад тавихгүй байсан. Тэгээд наадахаа тавиачээ гэсэн чинь миний нүүр рүү гараараа цохисон бас хөлөөрөө жийгээд байсан. Тэгэхээр нь би гараараа цохих гээд ойртох үед тэр эгч намайг үснээс татаж зулгаасан. Тэгээд манай дүү салгах гээд чадахгүй байсан. Удалгүй уг эмэгтэйтэй хамт явж байсан хүн хажуу өрөөнөөс гарч ирээд уг эмэгтэйг авч орсон. Гэмтлийг О- гэх эмэгтэй учруулсан. Миний үснээс зулгаагаад толгой хавдчихсан байсан ба хамар хавдчихсан байсан. Өөр гар маажчихсан байсан. Бас дараа нь нуруу өвдөөд байсан” гэсэн мэдүүлэг. /хэргийн 11-12 дугаар хуудас/

 

          Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 1942 дугаартай:

          “1. Э.Алтантүлхүүрийн биед тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.

          2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

          3. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын  2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

          4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

          5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой” гэсэн дүгнэлт. /хэргийн 17 дугаар хуудас/

     

            Д.О-гийн сэжигтэн, яллагдагчаар өгсөн “... 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр найз Мөнгэрэл болон дүү Халиун нарын хамт  Баянгол дүүргийн 19 дүгээр хороо 60 дугаар байрны 108 тоотод нүүж орсон.  Тэгээд орой нь Халиунаа Тэгшээ бид 3 унтаж байхад манай найз Мөнхгэрэл, найз Энхүүштэйгээ гаднаас орж ирсэн. Тэгээд Энхүүш гадаадаас ирсэн гээд хоёр шил вискитэй ирсэн. Тэгээд би уухгүй гэсэн чинь за сүртэй юм бэ гээд хүчээр татаж босгоод нөгөө вискигээ цуг уусан. Тэгээд вискигээ ууж байгаад  нилээн согтчихсон байсан. Тэгээд Мөнхгэрэл, Тэгшээ хоёр унтаад өгсөн. Тэгээд би дахиж уухгүй гээд ариун цэврийн өрөө ороод дараа нь хажуу өрөөний хаалгыг тогшоод эгч нь жоохон хэвтчихье гээд шууд гэрт нь ороод орон дээр нь хэвтсэн. Тэгээд нэг сэрсэн чинь би үл таних хоёр эмэгтэйтэй зодолдож байсан. Бас үсдэлцээд зогсож байсан. Тэгэж байтал цагдаа ирээд намайг аваад явсан. Би аймар согтуу тасарчихсан байсан” гэсэн мэдүүлэг /хэргийн 20 дугаар хуудас/

          “... Би Алтантүлхүүрийг дагуулж явж эмчилгээ хийлгэсэн байгаа. ... Би өөрийн гаргасан үйлдэлдээ харамсаж байна. Миний хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү” гэсэн мэдүүлэг. /хэргийн 28 дугаар хуудас/

      

           Гэрч Э.Мөнхтуяагийн “Би эгчийн хамт гэртээ унтаж байхад хаалга аймар тогшоод байсан. Тэгэхээр нь эгч очиж хаалга тайлтал үл таних эмэгтэй өрөө рүү дайрч орж ирээд шууд орон дээр суугаад босохгүй болохоор нь бид хоёр өглөө ажилтай та одоо гар гэсэн чинь гарахгүй өөдөөс уурлах гээд байсан. Бүүр босохгүй болохоор нь цамцнаас нь би татсан чинь өөдөө хөлөөрөө жийх гээд байсан болохоор нь татаж чирээд өрөөнөөс гаргах гэтэл хаалганаас татаад өөдөөс жийгээд байсан. Тэгэхээр нь цааш нь түлхээд гаргасан чинь манай эгчийн үснээс нь татаад доош нь дарахаар нь би салгах гээд дийлэхгүй байсан. Бас манай эгчийн үснээс  нь зулгаагаад тавихгүй байсан. Тэгээд ноцолдож байгаад салгасан. Тэгээд манай эгч шууд цагдаа дуудаад удалгүй 2 цагдаа ирээд нөгөө эмэгтэйг авч явсан. Гэрт орж ирсэн хүнийг танихгүй, харж байгаагүй, нилээн согтуу байсан” гэсэн мэдүүлэг /хэргийн 39 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Шүүгдэгч Д.О-гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэсэн гэмт хэргийн шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

 

Хохирогч Э.Алтантүлхүүрийн “.... О-тай би эвлэрсэн. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Энэ хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү” гэсэн  хүсэлт /хэргийн 44 дүгээр хуудас/ авагдсан байх тул шүүгдэгчээс гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт гаргуулах төлбөргүй байна.

 

Прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Д.О- гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд  төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдсон.

         

          Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан “шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр ял оногдуулах саналыг шүүгдэгч зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “... Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч хохирогчид төлөх төлбөргүй,  баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдвал зохино.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч  О-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.О-г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  Д.О- торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

                

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар  Д.О- торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Д.О- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Д.О-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             А.АЛТАНХУЯГ