Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 2020/ШЦТ/220

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 166/2020/0198/Э/

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Наранзаяа,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Батсүх,

Хохирогч

Шүүгдэгч Б.Г-ийн өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар,

Шүүгдэгч Б.Б-ын өмгөөлөгч Ө.Өлзиймаа,

Шүүгдэгч Б.Г-, Б.Б- нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б- овогт Б- Г-, Б- овогт Б-гийн Б- нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2018002050143 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1998 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Говь-Алтай аймгийн Тонхил суманд төрсөн, эрэгтэй, 22 настай, яс үндэс халх, боловсрол, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг эх, ах , дүү нарын хамт Дархан-Уул аймгийн Хонгор сумын ...гэх газар оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Б- овогт Б- Г- /РД: /,

 

Монгол Улсын иргэн, 1998 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, эрэгтэй, 22 настай, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн харьяа Хүмүүнлэгийн дээд сургуулийн бизнесийн удирдлагын ангийн 3-р дугаар дамжааны оюутан, ам бүл 6, эцэг, эх, дүү нарын хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын ...тоотод оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Б- овогт Б-гийн Б- /РД: /,

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Г-, Б.Б- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4 дэх хэсэгт хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруу, үйл баримтын талаар:

 

Шүүгдэгч Б.Г- Б.Б- нар нь бүлэглэн, 2020 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар баг Зулзага гэх газарт бэлчиж байсан иргэн М.Ё-ын эзэмшлийн 3 тооны бярууг машин механизм ашиглан хулгайлж, бага хэмжээнээс дээш буюу 1,800,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

Хохирогч М.Ё-ын “...2020 оны 02 дугаар сарын 26-ны өглөө үхрүүд маань бэлчээртээ гараад орой ирэхэд манай үхэрнээс хоёр хүзүүвч бяруу, ногооны бяруу алга болсон байсан. Миний хохирлыг Б.Г-, Б.Б- нар бүрэн барагдуулсан. Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлэг /хх-ийн ЗЗ-З6/,

 

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 03- 04/,

Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт болон Мал тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2019 оны тооллогын хуулбар, Б.Б-оос үхрийн толгой, шийр хураан авсан тэмдэглэл, зураг /хх-ийн 6-9/,

 

Таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 12- 13/,

Эд мөрийн баримтаар хураан авч, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 14-15/,

Депозит дансны дэлгэрэнгүй хуулгад үзлэг хийсэн баримт /хх-ийн 29-31/,

 

Гэрч Б.О-ийн “...Манайх Хонгор сумын 2 дугаар баг Зулзагын амралтад мал маллан амьдардаг юм. 2020 оны 02 дугаар сарын 26-ны өдөр буюу цагаан сарын шинийн гуравны өглөө манай үхрүүд бэлчээртээ гарсан юм. Орой 19:00 цагийн үед манай үхрүүд ирэхэд 3 толгой бяруу ирээгүй ба сүүлийн 4 хоног хайгаад олдохгүй байгаа юм. Манай бяруу нь улаан халзан зүсмийн 2, 1 улаан бяруу байсан. Улаан халзан шүдлэн бяруу нь эм, нөгөө хоёр нь эр бяруу байсан. Энэ гурван бяруу ямар нэгэн им тамгагүй юм” гэх мэдүүлэг /хх-ийн 38-39/,

 

Гэрч Ж.Б-ын “...2020 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 19 цагийн үед намайг ахындаа байж байхад Г- миний 99 дугаарын утас руу 99 дугаарын утаснаас залгаад гараад ир гэсэн. Ингээд би гараад ТМС-н арын толгойд байдаг Г-ын хашаанд нь Ниссан скай лайн гэдэг машиныг нь асаасан. Тэр үед Б-, Г- нар байсан. Тэгтэл намайг чи машин бариад зулзага яваад өгчих гэхээр нь би ажилтай гэсэн чинь гуйгаад байсан учир би машиныг нь жолоодоод Б- цагаан өнгийн Тоёота сай маркийн машиныг жолоодоод Бат-Ирээдүй өөрийнхөө саарал өнгийн Приүс маркийн машиныг жолоодоод явсан. Сод Монгол колонк дээр Г- гэдэг залуу бараан өнгийн жижиг тэрэгтэй зогсож байсан. Ингээд бид нар 4 машинтай Зулзага орсон. Зулзага ороод модон дундаас Г- гэдэг залуу 3 үхэр авчраад нядалсан. Тэгэхээр нь би Г- гэдэг залуугаас энэ ямар учиртай үхэр юм бэ? гэж асуухад манай үхэр байгаа юм гэж хэлсэн. Би машин дотор сууж байхад миний унаж явсан Скай лайн маркийн машинд 1 үхрийг арьстай нь амт ачсан. Бат-Ирээдүйн унаж явсан машинд 1 үхрийг арьстай нь хамт ачсан. Ингээд Дарханд ирээд Г-ын хашаанд үхрүүдээ машинаас буулгасан. Г-ын хашаанд ирэхэд шөнө 00 цаг өнгөрч байсан. Ингээд би явлаа гэсэн чинь “чи гэрэл тусгаад өгчих гэхээр нь би гэрэл тусгаж өгөхөд Г- уг үхэрнүүдийн арьсыг өвчиж дуусгасан. Ингээд би тэндээсээ харьсан. Гэртээ харихад 04 цаг орчим болж байсан. Би тухайн үед хулгайн үхэр гэж мэдээгүй. Г-оос асуухад миний үхэр гэж байсан, хулгай хийж байна гэж бодоогүй юм” гэх мэдүүлэг /хх-ийн 45-46/,

 

Гэрч Б.Б-н “...2020 оны 02 дугаар сарын 28-н өдөр 14 цагийн үед Б- миний 95232308 дугаарын утас руу ХХХ дугаарын утаснаас залгаад хаана байна, юу хийж байна, чи Г-гийнд хүрээд ир гэсэн юм. Тэгэхээр нь би одоо завгүй байна, зав гарахаар яръя гэсэн. Тэгээд орой 19:00 цагийн орчим дахин залгаад “Г” хүнсний дэлгүүр дээр хүрээд ир, машинтай чинь Хүйтэний гол руу манайд очоод ирье гэсэн. Тэгэхээр нь би “за тэгье” гээд очиход “Г” хүнсний дэлгүүрийн цаана хар зам дээр Б-, Г- 2 цагаан өнгийн Тоёота сай маркийн машинтай зогсож байсан. Ингээд бид нар Дарханаас гараад Зулзагын амралтын тийшээ явсан. Ингэж явахдаа цагаан өгийн Скай лайн маркийн машиныг Б- жолоодоод би аавынхаа саарал өнгийн Приүс 30 маркийн ХХ-ХХ ДАА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодоод явсан. Зулзагат байдаг Зулцага гэж дууддаг Г- гэдэг залуу ногоон өнгийн машинтай Сод монгол колонкийн дээрээс нийлээд хамт явсан. Зулзагат очоод нэг амралтын газрын хашааны гадаа очоод байшин дотроос 3 үхэр Г- нэгэнтэй нь хамт гаргаж ирээд, нядлаад арьсыг нь өвчилгүй машинд ачсан. Уг 3 үхэрний 1-ыг нь цагаан өнгийн Скай лайнд ачсан. Миний саарал өнгийн Приүс 30 маркийн машинд 1 ухрийг нь ачсан. Ногоон өнгийн машинд нэгийг нь ачаад Дархан руу хөдөлсөн. Дарханд ирээд ТМС-ийн арын толгойд Г-ын хашаанд ирээд 3 үхрээ машинаас буулгасан. Дарханд шөнө 1 цагийн үед орж ирсэн. Ингээд машинаас 3 үхрээ буулгаад Г- арьсыг нь өвчиж салгасан. Махыг нь Г-ын гэрт байх амбаарт оруулсан. Ингээд би гэр рүүгээ явсан. Би хулгайн үхэр гэдгийг мэдээгүй. Б- Г-оос наадах чинь юун үхэр юм бэ? гэсэн чинь зүгээрээ, манай үхэр байгаа юм гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 47-48/,

 

Гэрч А.Г-ын “...2020 оны 02 дугаар сарын 28-ны орой 22 цагийн үед манай найз Б- намайг хамт Зулзага яваад өгөөч гэсэн юм. Тэгээд би зөвшөөрөөд өөрийн ХХ-ХХ УБО улсын дугаартай Тоёота сай маркийн машинаар эхнэр Болорсувдтай амт явсан юм. Дарханаас гарахад Зозого гэж дууддаг Г- гэдэг залуу өөрөө машинтай ирээд бид нарыг дагуулаад Зулзага орсон. Явсаар байгаад хашаандаа нэг байшинтай хашааны гадна очоод зогссон. Тэгээд Г- тэр хашаанаас 3 үхэр хөтөлж гаргаж ирээд нядлаад арьсыг нь өвчилгүй нэг үхрийг нь өөрийнхөө машинд ачсан. Нөгөө үхрийг нь Б-ын унаж явсан Скай лайн машинд, үлдсэн нэг үхрийг нь Бат-Ирээдүйгийн унаж явсан приүсийн ард мөн арьстай нь ачсан. Дарханд ирээд манай хашаанд үхрүүдээ буулгаад Г- бүгдийг нь өвчиж арьснаас нь салгасан. Ингээд Дарханы хамгийн том зарын группт үхрийн мах зарна гэсэн зарыг эхнэр Болорсувдын фэйсбүүк хаягнаас зар тавьсан. Ингээд өнөөдөр Б- бид хоёр үхрийн махыг нь зараад 3 дахь үхрийн махыг зарах гээд хүнд үзүүлж байхад ТМС-ийн урд талын зогсоол дээр цагдаа ирж шалгаад цагдаа дээр авчирсан. Би хулгайн үхэр гэж мэдээгүй. Хэрэв би мэдэж байсан бол юу гэж эхнэрээ дагуулж явах вэ дээ, хулгайн эд зүйл гэж мэдсэн бол би явахгүй байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 49/,

 

Гэрч Б.Болорсувдын “...2020 оны 02 дугаар сарын 28-ны өдөр манай нөхрийн найз Б- манайд байхад утас руу Зозого буюу Г- гэх залуу утасдаад хүрээд ир гэж ярьсан гэсэн. Ингээд бид нар Зулзага явсан юм. Зулзагат очоод би машинаас буулгүй дотор сууж байхад үхрийн мах нөгөө машинууддаа ачсан гэсэн. Юун үхрийн мах юм гэсэн чинь Зозого буюу Г- миний үхэр байгаа юм гэсэн. Ингээд бид нар Дарханд ирээд манай хашаанд нөгөө үхрийн махаа машинаас буулгасан. Би гэртээ ороод амарсан. Миний Б.Болорсувд гэдэг фэйсбүүк хаягнаас Б- мах зарах зарыг Дарханы хамгийн том зарын группт тавьсан юм. Би хулгайн мал, мах гэж огт мэдээгүй. Манай нөхрийг хамт яваад өгөөч гэхээр би хамт явсан. Хэрэв хулгайн үхэр гэдгийг мэдэж байсан бол манай нөхөр Г- бид хоёр явахгүй байсан. Би өнөө маргаашгүй төрөх дөхсөн жирэмсэн учир мэдсэн бол явахгүй байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 50/,

 

Гэрч Н.Аззаяагийн “...2020 оны 02 дугаар сарын 29-ний өдөр Дарханы хамгийн том зарын групп дээр үхрийн мах зарна гэсэн зар байсан юм. Ингээд зарын дагуу мах зарна гэсэн утас руу залгаад мах хэд юм бэ? гэхэд 7,000 төгрөг гэсэн. Тэгэхээр нь жижиглэнгээр өгөх үү гэхэд бүхлээр нь өгнө гэсэн. Ингээд бүтнээр нь хэдэд өгөх юм гээд ярилцаж байгаад бэлэн 250,000 төгрөг байна, өгөх юм уу? гэсэн чинь тэг, хаана байгаа юм, хүргээд өгье гэж хэлсэн. Ингээд 19:00 цагийн үед манай байрны гадаа ирэхээр би гарч махыг үзээд мах зарах гэж ирсэн 2 залуугаар өргүүлээд гэртээ оруулсан” гэх мэдүүлэг /хх-ийн 51/,

 

“Капитал зууч” ХХК-ийн 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн “...Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар баг, Зулзагын гол гэх газраас иргэн М.Ё-ын эзэмшлийн эр бяруу 2 толгой, эм шүдлэн үхэр 1 толгой зэрэг үхрийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн байдлаар 1,800,000 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт /хх-ийн 56-57/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч Б.Г-, Б.Б- нарыг бусдын олон тооны буюу 3 бодыг бүлэглэж, машин механизм ашиглаж хулгайлсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Хууль тогтоогч 2020 оны 1-р сарын 16-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлд олон тооны мал гэдэгт хоёр түүнээс бодыг ойлгохоор өөрчлөлт оруулсан ба уг хуулийн өөрчлөлт хэрэгжиж эхэлснээс хойш дээрх гэмт хэрэг үйлдэгдсэн байх тул гэмт хэрэг үйлдэгдэх үед дагаж мөрдөгдөж буй хуулиар олон тооны мал гэж зүйлчилж ирүүлсэн нь зөв байна.

Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудаас үзэхэд шүүгдэгч Б.Г- 2020 оны 2-р сарын 26-ны өдөр хохирогчийн үхрийг бэлчээрт байхад нь 3 тооны бярууг нь тууж гэрийнхээ ойролцоо 200 метр орчим байх модтой жалганд аваачиж холбож уясан, мөн өдрийн орой шүүгдэгч Б.Б- гэрт нь ирэхэд дагуулж гаран уг бяруунуудыг үзүүлэн хамтдаа тууж жалганы ойролцоо байх модон жорлонд аваачиж нуусан, 2-р сарын 28-ны өдөр шүүгдэгч Б.Г- Б.Б- руу удаа дараа утсаар залгасан, мөн өдрийн 22 цагийн орчимд шүүгдэгч Б.Б- найз болох энэ хэрэгт гэрчээр асуугдсан Ж.Б-, Б.Бат-Ирээдүй, А.Г- нарыг дуудан хамтдаа Зулзагын голд бяруунуудыг нуусан газарт очиж шүүгдэгч Б.Г-т 3 тооны бярууг нядлан, арьстай нь Тоёота приус-30 маркийн ХХ-ХХ ДАА улсын дугаартай ТБ авто финанс ХХК-ийн өмчлөлийн суудлын автомашин, Ниссан Скайлайн маркийн ХХ-ХХ ДАХ улсын дугаартай Мөнхжаргалын Алтанцэцэгийн өмчлөлийн суудлын автомашин, Тоёота марино маркийн 12-26 ДАХ улсын дугаартай Б- Ганбаярын өмчлөлийн суудлын автомашинууд ачиж Дархан суманд, А.Г-ын хашаанд авчран арьсыг өвчиж, О4 цагийн орчимд дууссан, маргааш нь буюу 29-ний өдөр Б.Б-, А.Г- нар 3 дахь бярууны махыг зарах гэж цагдаад баригдсан үйл баримт тогтоогдож байна. Энэ үйл баримтын талаар хэн аль нь маргаагүй байна.

 

Шүүгдэгч Б.Б- “...Б.Г- бярууны талаар хэлээд гэрийнхээ доод талын жалганд 3 бяруу уяснаа харуулсан. Тухайн үед хохирогчид өс санаад 9 бяруунаас 3 бярууг нь уясан гэж хэлсэн. Би бяруунуудыг харчхаад тавиад явуул гэсэн боловч Б.Г- одооо тавьж явуулж болохгүй гэж хэлсэн. Тэгээд Б.Г- 3 бярууг хооронд нь холбож хөөгөөд айлын жорлонд оруулсан. Хэд хоногийн дараа би Дарханд гэртээ амарч байхад Б.Г- надруу хориод удаа залгасан байсан. Би эргүүлээд залгахад ирж бяруугаа ав гэсэн. Би авахгүй гэсэн чинь тэгвэл өөр хүнд зарлаа гэсэн. Би тэг л гэж хэлсэн. Хэсэг хугацааны дараа залгаад ах утсаа авахгүй байна. Чи машинтайгаа хүрээд ир гэсэн.Тэрнээс хойш над руу бяруунууд чинь үхэх гээд байна ирж ав гээд байнга залгадаг болсон. 02 дугаар сарын 28-нд шөнө 22 цагийн үед дүү охины хамт Дарханы Сод Монгол шатахуун түгээх газар байна гээд ярьсан. Надаар шатахуун хийлгээд Зулзага явсан. 3 бярууг алахад миний оролцоо байгаагүй. Анхнаасаа хулгайн мал гэдгийг нь мэдэж байсан бол би очихгүй байсан. Би хулгайн үйлдэл дууссаны дараа очсон” гэж мэдүүлжээ.

 

Шүүгдэгч Б.Б-ын өмгөөлөгч Ө.Өлзиймаа “...Шүүгдэгч Б.Б-ыг сэтгэл санаа нэгдэн оролцсон гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт гэмт хэрэг бүлэглэн гэмт үйлдсэн гэж зүйлчилсэн нь үндэслэлгүй, хохирогчийн 3 тооны үхэр 2020 оны 2 дугаар сарын 26-ны өдөр хулгайд алдагдсан, хулгайд алдагдсан 3 тооны малыг Б.Г- ганцаараа хулгайлан авсан үйл баримт тогтоогдсон, Б.Г- хулгайн үйлдэл төгссөний дараа Б.Б-од өөрийн эзэмшилд байгаа үхрийг харуулсан, хулгайн гэмт хэрэг хийсний дараа хэрхэн зарцуулах нь хувь хүний асуудал, хулгайн малын харснаар хулгайлах гэмт хэрэг хийсэн гэж үзэхгүй, Б.Б- нь бусдын малыг хулгайлсан, бүлэглэж үйлдсэн нөхцөл тогтооогдохгүй байх тул цагаатгаж өгнө үү” гэж мэтгэлцжээ.

 

“Хулгайлах” гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар, шунахай сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, бүрмөсөн, үнэ төлбөргүй өөрийн өмчийн адил захиран зарцуулах боломж бүрдүүлснээр бүрэн төгсөх ба шүүгдэгч Б.Г-т 3 тооны бярууг хохирогчийн гэрийн ойролцоо жалганд уяснаар хулгайлах гэмт хэрэг төгссөн гэж үзэх үндэслэлгүй ба тэр хэвээр орхисон бол хохирогч олох боломжтой байжээ.

 

Бэлчээр гэдэг мал амьтан идэшлэх өвс, ус бүхий эдэлбэр газрыг хэлэх ба хохирогчийн гэрийн ойролцоох жалганд өөрөөр хэлбэл бэлчээрт нь уяж орхисноор бүрмөсөн, үнэ төлбөргүй өөрийн өмчийн адил захиран зарцуулах боломж бүрдүүлсэн гэж үзэх үндэслэлгүй ба уг 3 тооны бярууг амбаарт аваачиж нуун нядалж, машинд ачсанаар гэмт хэрэг бүрэн төгссөн байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа яллах үндэслэл болохгүй” байхаар заасан ба шүүгдэгч Б.Г-ийн “Б.Б- сургалтын төлбөрт мөнгө хэрэгтэй учраас мал мэдэж байгаарай гэж захисан учраас бяруунуудыг хулгайлсан” гэх мэдүүлгийг шүүгдэгч Б.Б- үгүйсгэжээ.

 

Б.Г-ийн мэдүүлэг нь шүүгдэгч Б.Б- Б.Г-ийн хамт жалганаас 3 тооны бярууг тууж амбаарт нуусан, 2 хоногийн дараа бярууг авахаар дээр дурдсан нэр бүхий гэрчүүдийг дуудан тээвэрлэж Дарханд авчирсан, 3 бярууны махыг зарж борлуулан мөнгийг өөрөө авсан зэрэг үйл баримтаар нотлогдож байх тул шүүгдэгч Б.Г-ийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох үндэслэлтэй байна.

 

Өөрөөр хэлбэл Б.Б- мал хулгайлах гэмт хэрэгт захиалагч, хамтран тууж амбаарт аваачиж нуусан, тээвэрлэх унаа хөсгийг олж зохион байгуулж, тээвэрлэж, борлуулсан үйлдлээрээ гүйцэтгэгчийн хувиар оролцжээ.

 

Шүүгдэгч Б.Б-ын өмгөөлөгч шүүхийн хэлэлцүүлгээс өмнө Б.Б-ын сургалтын төлбөр гэмт хэрэг гарахаас өмнө төлөгдсөн байсан гэх баримт гаргаж өгсөн боловч энэ нь шүүгдэгч Г.Г-ийн мэдүүлгийг үгүйсгэх баримт биш ба шүүгдэгч Б.Б- мах борлуулсан мөнгөөр ямар төлбөр төлөх, юунд зарцуулах байсан нь хэрэгт ач холбогдолгүй болно.

Хулгайлах гэмт хэрэг үйлдэгдэж байгааг мэдээгүй гэх Ж.Б-, Б.Бат-Ирээдүй, А.Г- нарын мэдүүлгийг үгүйсгэх үндэслэлгүй ба Б.Б-ын гуйлтаар Г.Г-ийн гэрийн ойролцоогоос мал нядлан ачсан, Г.Г-ийн мал гэж итгүүлсэн зэрэг байдлаас үзэхэд гэмт хэрэгт хамтран оролцсон гэх байдал тогтоогдохгүй байна.

Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:

 

Шүүгдэгч нар нь хууль бусаар бусдын эд хөрөнгөнд учруулсан хохирлыг нөхөн төлсөн, хохирогч М.Ё- нь шүүгдэгч нараас нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй гэж байх тул энэ тогтоолоор шүүгдэгч нараас гаргуулах төлбөргүй байна.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч Б.Г-, Б.Б- нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд учруулсан хохирлын нөхөн төлсөн хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан “гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн” эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байх боловч уг нөхцөлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт “бүлэглэж” гэж гэмт хэргийн шинж болгон заасан байх тул хүндрүүлэх нөхцөл байдалд тооцох үндэслэлгүй байна.

 

Шүүгдэгч Б.Г- нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн зүйлийн 2.1, 2.2, 2.4 дэх хэсэгт заасан хорих ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй буюу 1 жил 1 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Б.Б- нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн нөхцөл байдлыг харгалзан 2 жилийн хугацаагаар хорих ял тус тус  оногдуулж, шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах ялыг хөнгөрүүлж болохоор заасан ба шүүгдэгч Б.Б- нь гэмт хэрэгт оролцсон байдал, гэм буруугийн талаар маргаж байх тул түүнд ял шийтгэхдээ оногдуулах ялыг хөнгөрүүлэх үндэслэлгүй байна.

 

Хууль тогтоогч “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэдэгт гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгохоор, 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулахаар заажээ.

 

Капитал зууч ХХК-ийн 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн “...Б.Г-ийн жолоодож явсан Тоёота марино маркийн 12-26 ДАХ улсын дугаартай хар өнгийн суудлын автомашины /1997 онд Япон улсанд үйлдвэрлэсэн, ашиглалтын хугацаа дууссан, өнгө үзэмж, чанар байдал муудсан/ зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2020 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар 500,000 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 63-65/,

 

Капитал зууч ХХК-ийн 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн “...Ж.Б-ын жолоодож явсан Ниссан Скайлайн маркийн ХХ-ХХ ДАХ улсын дугаартай сувдан цагаан өнгийн суудлын автомашины /ашиглалтын хугацаа дууссан, өнгө үзэмж, чанар байдал муудсан/ зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2020 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар 2,500,000 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 70-72/,

 

Капитал зууч ХХК-ийн 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн “...Б.Бат-Ирээдүйн жолоодож явсан ТБ авто финанс ХХК-ийн өмчлөлийн Тоёота приус-30 маркийн ХХ-ХХ ДАА улсын дугаартай суудлын автомашины зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2020 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар 10,500,000 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 84-86/ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслүүдийн нийт үнэ 13,500,000 төгрөг болох нь тогтоогдож байна.

 

Гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан тохиолдолд тээврийн хэрэгслийг хураах зохицуулалт нь бусдын өмчлөлийн тээврийн хэрэгслийг гэмт хэрэгт ашигласан тохиолдолд гэмт хэрэгт хамааралгүй этгээдийн хөрөнгийг хурааж болохгүй гэсэн агуулгатай тул шүүгдэгч Б.Г-, Б.Б-ын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан Тоёота приус-30 маркийн ХХ-ХХ ДАА улсын дугаартай ТБ авто финанс ХХК-ийн өмчлөлийн суудлын автомашин, Ниссан Скайлайн маркийн ХХ-ХХ ДАХ улсын дугаартай Мөнхжаргалын Алтанцэцэгийн өмчлөлийн суудлын автомашин, Тоёота марино маркийн 12-26 ДАХ улсын дугаартай Б- Ганбаярын өмчлөлийн суудлын автомашинуудын үнэ болох нийт 13,500,000 төгрөгийг шүүгдэгч нарын хэрэгт оролцсон оролцоо, тэдний хувийн байдал зэргийг харгалзан хувь тэнцүүлэн шүүгдэгч Б.Г-оос 6,750,000 төгрөг, шүүгдэгч Б.Б-оос 6,750,000 төгрөг тус тус гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Г-, Б.Б- нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

  1.  Б- овогт Б- Г-, Б- овогт Б-гийн Б- нарыг бусдын олон тооны малыг бүлэглэж, машин механизм ашиглаж хулгайлсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4 дэх хэсэгт заасан “мал хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4 дэх хэсэгт зааснаар Б- овогт Б-гийн Б-од 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4 дэх хэсэгт зааснаар Бүс хайрхан овогт Болд-Эрдэний Г-т 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Б-од оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял, Б.Г-т оногдуулсан 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1.3, 7.5 дугаар зүйлийн 1, 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Тоёота приус-30 маркийн ХХ-ХХ ДАА улсын дугаартай ТБ авто финант ХХК-ийн өмчлөлийн суудлын автомашин, Ниссан Скайлайн маркийн ХХ-ХХ ДАХ улсын дугаартай Мөнхжаргалын Алтанцэцэгийн өмчлөлийн суудлын автомашин, Тоёота марино маркийн 12-26 ДАХ улсын дугаартай Б- Ганбаярын өмчлөлийн суудлын автомашинуудын нийт үнэ 13,500,000 төгрөгийг шүүгдэгч Б.Г-, Б.Б- нараас хувь тэнцүүлэн буюу тус тус  6,750,000 /зургаан сая долоон зуун тавин мянган/ төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.

 

  1. Хэрэгт шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Г-, Б.Б- нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                                   

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Г.ГЭРЭЛТ-ОД