Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 00356

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа би Зэвсэгт хүчний 150 дугаар ангийн нэхэмжлэлтэй,  Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар багийн 20 дугаар гудамжны 11б тоотод оршин суух,  Өндөр-Эрээн овогтой Эрдэнэбилэгийн Орхон /РЭ91082011/-д  холбогдох мэргэжлийн ахлагч бэлтгэх төвд суралцсан хугацааны сургалтын төлбөрийг 80 хувиар тооцож 2,628,031 төгрөг, ангиас олгосон дүрэмт хувцасны зардал 315,664 төгрөг нийт 2,943,695 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Зэвсэгт хүчний 150 дугаар анги шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Цэргийн алба хаагчийн эд хөрөнгийн хариуцлагын тухай” Монгол Улсын хуулийн 10.1 дүгээр зүйлд “Шалгалтаар тогтоосон цэргийн албан хаагчийн учруулсан бодит хохирлын хэмжээ нь хохирол учрах үед мөрдөгдөж байсан хууль тогтоомжид заасан нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээнээс хэтрээгүй бол тухайн цэргийн анги, байгууллагын захирагч /дарга/ шалгалтын дүнг үндэслэн учирсан хохирлыг арилгуулахаар 14 хоногийн дотор эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэх тухай тушаал гаргана”, 10.5 дугаар зүйлд “Эд хөрөнгийн хариуцлага хүлээсэн цэргийн албан хаагч цэргээс халагдах, чөлөөнд гарах, цугларалт дуусах үед төлбөрөө төлж дуусаагүй бол үлдсэн төлбөрийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль тогтоомжид заасны дагуу төлүүлнэ” гэж заасан. Монгол Улсын Батлан хамгаалахын сайдын 2008 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 75 дугаар тушаалаар батласан ”Ахлагчийн алба хаах журам”-ын 4 дүгээр зүйлд хүний нөөцийн байгууллага нь мэргэжлийн газар хэлтэстэй хамтран хүн нэг бүртэй биечлэн ярилцаж, харилцан тохиролцсоны үндсэн дээр ахлагчийн албанд шинээр авч буй иргэнтэй гэрээг бичгээр байгуулна, 4 дүгээр зүйлийн 7 дахь заалтад алба хаах анхны гэрээг 5 жилийн хугацаагаар байгуулна. Тухайн ахлагчтай гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсан нөхцөлд 1 жил ажилласан бол 80, 2 жил ажилласан бол 60, 3 жил ажилласан бол 40, 4 жил ажилласан бол 20 хувиар тооцож сургуульд суралцсан зардлыг төлүүлнэ. Сайн дураараа төлөөгүй, төлөхөөс зайлсхийсэн тохиолдолд харъяалах анги нь шүүхэд нэхэмжпэл гаргаж шийдвэрлүүлнэ гэж заасан ба Э.Орхоноор анги байгууллагын төлбөр тооцоог барагдуулахаар “Цэргийн алба хаагчийн эд хөрөнгийн хариуцлагын тухай хууль”,  Монгол улсын Батлан хамгаалахын сайдын  2008 оны 75 дугаар тушаалаар баталсан “Ахлагчийн алба хаах журам” ЗХЖШ-ын даргын 2015 оны Б/252 дугаар тушаал, “Халах тухай”, Ангийн захирагчийн 2015 оны А/87 дугаар тушаал “Төлбөр төлүүлэх тухай”, БХИС- ийн  Ахлагчийн сургуулийн 2015 оны 08/59 дүгээр тушаал”-ыг тус тус үндэслэн 2014 оны Б/172 дугаар тушаалаар тус ангид буудагч албан тушаалд томилогдон ажилллаж байгаад 66 өдөр ажил таслан цэргийн дүрэм, ахлагчийн алба хаагчид тавигдах шалгуур үзүүлэлтийг хангаагүй тул цэргийн жинхэнэ албанаас бэлтгэлээр халагдсан.

 Э.Орхоныг мэргэжлийн ахлагч бэлтгэх төвд суралцсан хугацааны сургалтын төлбөр 2,628,031 төгрөг, ангиас олгосон дүрэмт хувцасны зардал 315,664 төгрөг, нийт 2,943,695 төгрөгийг  гаргуулахаар 2015 оны 12 дугаар сарын 04-нд 655 дугаар мэдэгдэх хуудсыг оршин суугаа хаягаар хүргүүлсэн боловч одоог хүртэл төлбөрөө барагдуулаагүй, сайн дураараа төлөөгүй тул төлбөр тооцоог барагдуулах асуудлыг холбогдох хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Э.Орхон шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Өндөр-Эрээн овогтой Эрдэнэбилэгийн Орхон нь Зэвсэгт хүчний 150 дугаар ангиас гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.

Э.Орхон надаас мэргэжлийн ахлагч бэлтгэх төвд суралцсан хугацааны сургалтын төлбөр 2.628.031 төгрөг, ангиас олгосон хувцасны зардал 315.664 төгрөг, нийт 2.943.695 төгрөгийг нэхэмжилснийг зөвшөөрч байна. Дээрх нэхэмжилсэн 2.943.695 төгрөгийг 2017 оны 10 дугаар сарын 01-ний дотор төлж хохирлыг барагдуулах болно гэжээ.

Нэхэмжлэгч Зэвсэгт хүчний 150 дугаар анги шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Тус анги нь Э.Орхонд холбогдох иргэний хэргийн хариуцагчийн шүүхэд ирүүлсэн хариу тайлбартай итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулан танилцсан ба хариуцагч Э.Орхон нь 2.943.695 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын шүүхэд ирүүлсэн тайлбарыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Зэвсэгт хүчний 150 дугаар анги нь хариуцагч Э.Орхоноос мэргэжлийн ахлагч бэлтгэх төвд суралцсан хугацааны сургалтын төлбөрийг 80 хувиар тооцож 2,628,031 төгрөг, ангиас олгосон дүрэмт хувцасны зардал 315,664 төгрөг нийт 2,943,695 / хоёр сая есөн зуун дөчин гурван мянга зургаан зуун ерэн тав/ төгрөгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Э.Орхон нь “....Э.Орхон надаас мэргэжлийн ахлагч бэлтгэх төвд суралцсан хугацааны сургалтын төлбөр 2.628.031 төгрөг, ангиас олгосон хувцасны зардал 315.664 төгрөг, нийт 2.943.695 төгрөгийг нэхэмжилснийг зөвшөөрч байна ....” гэх тайлбараа шүүхэд ирүүлсэн ба нэхэмжлэгчийн төлөөлөгч нь хариуцагчийн ирүүлсэн хариу тайлбартай танилцсан энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41,1,3-т зааснаар Зэвсэгт хүчний 150 дугаар анги нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдаж байна. Хариуцагч Э.Орхоноос нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнд тохирох тэмдэгтийн хураамж болох 62049 төгрөгийн тал хувь болох 31025 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Зэвсэгт хүчний 150 дугаар ангийн нэхэмжлэлийн шаардлага 2,943,695 / хоёр сая есөн зуун дөчин гурван мянга зургаан зуун ерэн тав/ төгрөгийг хариуцагч Э.Орхон төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Э.Орхоноос  улсын тэмдэгтийн хураамжид 31.025 /гучин нэгэн мянга хорин тав/ төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

 

 ШҮҮГЧ                  Б.МӨНХТУЯА