Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 00395

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг  шүүгч Б.Мөнхтуяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанд;

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 5 дугаар багийн 1-11 тоотод оршин суух Хиа боржигин овогт Дансүрэнгийн Нэргүй /РА62031707/-гийн хүсэлттэй,

Эрх олгосон баримт бичиг буюу хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Дэмбэрэлсамбуу, нэхэмжлэгч Д.Нэргүй нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Нэргүй шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие Дансүрэнгийн Нэргүй нь 1982 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр  Хөвсгөл аймгийн Хүнсний үйлдвэрт туслах ажилтнаар анх ажилд орсон бөгөөд намайг ажилд ороход хөдөлмөрийн дэвтэр нээж олгохдоо  миний аав Дансүрэнгийн нэрийг Дансран гэж үг, үсгийн алдаатай бичсэн байсныг тухайн үедээ анзаараагүй  өнгөрсөн юм. Харин одоо өндөр насны тэтгэвэрт орох гэтэл Дансрангийн Нэргүй гэсэн  хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч Дансүрэнгийн Нэргүй мөн болохыг тогтоолгох шаардлагатай боллоо.

Иймд Хөвсгөл  аймгийн Хүнсний үйлдвэрийн захиргаанаас 1982 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Дансрангийн Нэргүйд нээж олгосон 042957 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Дансүрэнгийн Нэргүй мөн болохыг тогтож өгнө үү.    

Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон хүсэлт гаргагчийн хүсэлтийг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь

Нэхэжлэгч Д.Нэргүй нь хөдөлмөрийн дэвтрийн буюу эрх олгосон баримт бичгийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгосноор өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх зүйн тодорхой үр дагаварыг бий болгож байх ба Хөвсгөл  аймгийн Хүнсний үйлдвэрийн захиргаанаас 1984 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр нээж олгосон Дансрангийн Нэргүйд гэж бичигдсэн  042957 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Дансүрэнгийн Нэргүй мөн болох нь хавтаст хэрэгт авагдсан дараах баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал:Нэхэмжлэгчид 2012 оны 8 дугаар сарын 04-ны өдөр олгосон иргэний үнэмлэхний хуулбар,

 Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Улсын бүртгэлийн төв архиваас 2017 оны 3 дугаар сарын 23-ны өдөр ирүүлсэн “... Дамба овогтой Дансүрэн, Соном овогтой Балжинням нарын гэр бүлд 1962 оны 03 дугаар сарын 17-ны өдөр төрүүлсэн ра62031707 регистрийн дугаартай охин Дансүрэнгийн Нэргүйг 1962 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Баянхонгор аймгийн Жаргалант сумын төрсний бүртгэлийн 72 дугаарт бүртгүүлсэн... “ гэх 102/009021 дугаартай төрсний бүртгэлийн лавлагаа,

 Хөнгөн ба Хүнсний үйлдвэрийн яамны харъяа Хөвсгөл аймаг дахь Хүнсний үйлдвэрийн захиргааны даргын 1982 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 114 дугаартай “... 1. Дор нэр дурдсан хүмүүсийг тус үйлдвэрт, ажилтан, ажилчнаар томилон ажилуулсугай. Үүнд: ... в/  Талх, гоймонгийн цехэд ... 3. Дансрангийн Нэргүйг 1982 оны 09 дүгээр сарын 17-ны өдрөөс .... нормчноор ...... тус тус томилсугай..” гэх Ажилд авах тухай тушаалын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,

Хөвсгөл  аймгийн Хүнсний үйлдвэрийн захиргаанаас 1984 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр нээж олгосон Дансрангийн Нэргүйд гэж бичигдсэн  042957 дугаартай хөдөлмөрийн дэвтэр болон хөдөлмөрийн дэвтрийн бичилттэй хэсгийг нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,

   Гэрч Б.Пүрэвсүрэнгийн 2017 оны 3 дугаар сарын 22-ны өдөр өгсөн: “...Намайг Хөвсгөл аймгийн Хүнсний үйлдвэрт нормчноор 1984 онд ажил ороход Д.Нэргүй нь нормчноор ажиллаж байсан ба бид хоёр 1989 оныг хүртэл цуг ажиллаж байгаад Д.Нэргүй нь ажлаасаа гарсан юм. Д.Нэргүйгийн эцэг, эх хоёр нь хоёулаа багш мэргэжилтэй аавыг Дансүрэн, ээжийг нь Балжинням гэдэг хүмүүс байсан юм. Манай байгууллагынхан Нэргүйг “Дансүрэнгийн” Нэргүй гэдэг байсан бөгөөд түүний эцгийн нэрийг “ Дансран “ гэж хэллэгээрээ бичих тохиолдол гардаг байсан...” гэх мэдүүлэг,  

Гэрч Д.Батсүрэнгийн 2017 оны 3 дугаар сарын 22-ны өдөр өгсөн: “...Д.Нэргүй нь намайг Хөвсгөл аймгийн Хүнсний үйлдвэрт нормчноор ажиллаж байхад 1982 онд нормчноор ажилд ороод надтай хамт нэг ээлжинд гардаг байсан бөгөөд 1989 онд хүртэл ажилласан  юм. Д.Нэргүйгийн аавыг Дансүрэн гэдэг багш хүн байсан, ээжийг нь сайн мэдэхгүй. Манай байгууллагынхан Нэргүйг “Дансүрэнгийн Нэргүй” гэдэг байсан бөгөөд түүний эцгийн нэрийг “ Дансран “ гэж хэллэгээрээ бичих тохиолдол гардаг байсан...” гэх мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бичмэл нотлох баримтаар тогтоогдож байх тул хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар "эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй" нэхэмжлэлд төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

 Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118,133 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-д зааснаар Хөвсгөл  аймгийн Хүнсний үйлдвэрийн захиргаанаас 1984 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Дансрангийн Нэргүйгийн нэрээр нээж олгосон 042957 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Дансүрэнгийн Нэргүй / ра62031707 /-г мөн болохыг тогтоосугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Д.Нэргүйгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд  шийдвэрийг гардуулснаар  гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Б.МӨНХТУЯА