Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Доржгочоогийн Баатархүү |
Хэргийн индекс | 020/2014/0547/З |
Дугаар | 221/МА2015/0248 |
Огноо | 2015-06-12 |
Маргааны төрөл | Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэл, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2015 оны 06 сарын 12 өдөр
Дугаар 221/МА2015/0248
С.Ч-н нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүх бүрэлдэхүүнд шүүгч Д.Батбаатар, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Э.Намжим, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.С, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ц.Я нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 115 дугаар шийдвэртэй, С.Ч-н нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор, шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.Ч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “С.Ч намайг хохироосон буюу Улсын бүртгэгч хууль тогтоомж, журам зөрчиж, алдаатай буруу шийдвэр гаргасны улмаас Г.Л-д олгогдсон өмчлөх эрхийн 2005 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 000172504 дугаартай /Ү-2203012900/ гэрчилгээг хүчингүй болгон Г.Л, Б.Д, Л.А, А нарын нэр дээр 2011 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 000166375 дугаарт бүртгэсэн Ү-2203012900 “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ”-г хүчингүй болгож, дээрх орон сууцны өмчлөх эрхийг С.Ч миний нэр дээр бүртгэж, өмчлөх эрхийн гэрчилгээ олгохыг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгаж өгнө үү.
Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, 5 дугаар хороолол, Усны гудамж, 8 дугаар байр, 14 тоот 112,44 мкв талбай бүхий 4 өрөө орон сууцыг С.Ч би “М” ХХК-тай 2003 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 06 тоот “Орон сууц худалдах, худалдан авах гэрээ” байгуулан худалдан авсан бөгөөд уг орон сууцны үнийг би өөрөө бүрэн төлсөн юм. Гэтэл С.Ч миний худалдаж авсан орон сууцны өмчлөх эрхийг анх удаа улсын бүртгэлд бүртгэж, 2005 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн өмчлөх эрхийн 00172504 дугаартай /Ү-2203012900/ гэрчилгээг олгохдоо улсын бүртгэгч холбогдох нотлох баримтуудын бодитой, үнэн, зөвийг нягтлан шалгалгүй ажилдаа хайнга хандаж, хууль тогтоомж, журам зөрчин алдаатай буруу шийдвэр гаргаж иргэн С.Ч намайг хохироосон байна.
... Улмаар дээрх хууль тогтоомж, журам зөрчсөн, алдаатай буруу шийдвэрийн үндсэн дээр өмчлөх эрх олгогдсон Г.Л-н хүсэлтээр 2011 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр улсын бүртгэгч дахин хууль тогтоомж зөрчсөн алдаатай, буруу шийдвэр гаргаж, Б.Д, Л.А, А нарыг дээрх орон сууцны өмчлөгчөөр нэмж бүртгэн, өмчлөх эрхийн 000166375 дугаартай /Ү-2203012900/ гэрчилгээ олгосон байна.
Дээрх Улсын бүртгэлийн удаа дараа хууль тогтоомж зөрчин олгосон хууль бус бүртгэл, гэрчилгээнүүдийн улмаас С.Ч би өөрийн худалдан авсан орон сууцаа өмчилж чадахгүй хохироод байна. Энэ асуудлаар Улсын бүртгэлинй холбогдох газарт гомдол гаргасан боловч шийдвэрлэж өгсөнгүй. Би байрны гэрчилгээ буруу материал дээр үндэслэж гарсан гэдгийг 2014 оны сүүлчээр мэдсэн. Материалуудыг үзэхэд хүчингүй материалуудаар гэрчилгээ олгогдсон байна. Гэрчилгээ Г.Л, Б.Д, Л.А, А нарт буруу бичигдэж олгогдсоноос болж би хохирч байна” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Иргэний өөрийн хөрөнгөөр захиалан бариулсан байр, орон сууц, обьектын өмчлөх эрхийг Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйл, Эрхийн улсын ерөнхий бүртгэгчийн 2004 оны 50 дугаар тушаалаар батлагдсан Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийг хөтлөх журмын 4 дүгээр зүйлийн 4.1, 4.3 дахь заалтуудыг үндэслэн бүртгэдэг байсан.
Дээрх эрхийн улсын бүртгэлийн Ү-2203012900 дугаартай орон сууцны архивын нотлох баримтуудыг хянан үзэхэд “М” ХХК-аас ирүүлсэн 2006 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн “Захиалгаар барьсан орон сууцны жагсаалт”-нд 14 тоот орон сууцны захиалагчаар иргэн С.Ч-н нэр дээр ирсэн боловч Г овогтой Л-ын бүртгүүлэхийг хүссэн 2005 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн мэдүүлэгт хавсаргагдсан С.Ч-н өргөдөл, “М” ХХК-ийн 2005 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 124 тоот, 2005 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 131 тоот албан бичиг, Г.Л-тэй байгуулсан 2003 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 06 тоот Орон сууц захиалах, гүйцэтгэх гэрээ бусад нотлох баримтуудыг үндэслэн Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, Усны гудамж 8 дугаар байрны 14 тоот хаягт байрлах орон сууцыг Г.Л-н өмчлөлд бүртгэсэн нь тухайн үед мөрдөгдөж байсан холбогдох хууль, журамд нийцсэн байна.
Иймд, С овогтой Ч-н нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Гуравдагч этгээд Г.Л шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Миний ээж С.Ч нь 2003 онд “М” ХХК-тай орон сууц худалдах, худалдан авадх гэрээ байгуулж, Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, Усны гудамж 8-р байрны 14 тоот орон сууцыг худалдан авч зохих төлбөрийг төлсөн. Улмаар дээрх орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ Г.Л миний нэр дээр гарсан. Дээрх орон сууцны миний нэрээр хийгдсэн өмчлөх эрхийн бүртгэлийг хүчин төгөлдөр бус гэж үзэн өөрийн төрсөн ээж С.Ч-н өмчлөлд дээрх орон сууцны өмчлөх эрхийг бүртгүүлэхийг зөвшөөрч байна. Татгалзах зүйлгүй болно” гэжээ.
Гуравдагч этгээд Б.Д шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Энэхүү маргааны гол зүйл болсон 4 өрөө оон сууцны хууль ёсны өмчлөгч нь Б.Д миний бие болон миний охин Л.А, А мөн гэж үзэж байна. Учир нь энэ байрны өмчлөх эрхийг Г.Л-д ээж нь өөрөө зөвшөөрөл олгон өгч, улмаар Г.Л хамтран өмчлөгч нэмүүлэх өөрийн хүсэлтээр охин бид хоёрын нэрийг оруулсан. Гэтэл 2014 оны 06 дугаар сард Г.Л-тэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхэд нэхэмжлэл гарган маргах болсноос хойш ээж нь болох С.Ч нь ийм увайгүй зан гаргаж, охин бид хоёрыг байрнаасаа хөөж явуулаад бидэнд өмч хөрөнгө хуваахгүй гэсэндээ ийм нэхэмжлэл гаргасан гэж үзэж байна. Иймд, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 115 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 109.1, 109.2, 110.1, 183.2, 183.3, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 4 дүгээр зүйлийн 4.1, 13 дугаар зүйл, 14 дүгээр зүйл, 15 дугаар зүйлийн 15.1, 18 дугаар зүйлийн 18.1, 18.5-д заасныг тус тус баримтлан “С.Ч намайг хохироосон буюу Улсын бүртгэгч хууль тогтоомж, журам зөрчиж, алдаатай буруу шийдвэр гаргасны улмаас Г.Л-д олгогдсон өмчлөх эрхийн 2005 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 000172504 дугаартай /Ү-2203012900/ гэрчилгээг хүчингүй болгон Г.Л, Б.Д, Л.А, А нарын нэр дээр 2011 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 000166375 дугаарт бүртгэгдсэн Ү-2203012900 “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ”-г хүчингүй болгож, дээрх орон сууцны өмчлөх эрхийг С.Ч миний нэр дээр бүртгэж, өмчлөх эрхийн гэрчилгээ олгохыг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгаж өгнө үү” гэсэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч С.Ч давж заалдах гомдолдоо: “С.Ч миний нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 115 дугаар шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч байгаа тул шийдвэрийг хүчингүй болгож, С.Ч миний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү хэмээн давж заалдах гомдол гаргаж байна.
... Улсын бүртгэгч нь Г.Л-н орон сууцны өмчлөх эрхийг бүртгүүлэх мэдүүлэг, түүнд хавсаргасан баримт бичгүүдийг хүлээн авч хянан үзэж, эрх зүйн дүгнэлт өгөх, зохих шийдвэр гаргахдаа дор дурдсан хууль тогтоомжийг дараах байдлаар зөрчсөн гэж үзэж байгаа юм. Үүнд:
1.Мэдүүлэгт хавсаргасан, Г.Л орон сууцыг өмчлөх эрхтэйг нотлох Г.Л болон “М” ХХК хоорондын 2003 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 06 дугаар Орон сууц захиалах, гүйцэтгэх гэрээнд “захиалагч” гэх Г.Л гарын үсэг зураагүй байдаг. Засгийн газрын 2004 оны 48 дугаар тогтоолоор батлагдсан “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн ажиллах журам”-ын 8.9-д “Улсын бүртгэгч нь иргэн, хуулийн этгээдийн өөрийнх нь хөрөнгөөр баригдсан нийтийн орон сууцны барилгыг бүртгэхдээ ... тухайн орон сууцны барилгаас худалдагдсан байр, өрөөг мэдүүлгээр орж ирсэн гэрээний үндсэн дээр дараагийн өмчлөгчид шилжүүлэн бүртгэж, эхний өмчлөгчийн гэрчилгээнээс хасалт хийх замаар бүртгэх үйл ажиллагаа эрхэлнэ” гэж заасны дагуу мэдүүлэгт холбогдох гэрээг зайлшгүй хавсаргах шаардлагатай бөгөөд Г.Л-н гарын үсэггүй Орон сууц захиалах, гүйцэтгэх гэрээ нь журмын дээрх шаардлагыг хангаагүй байна.
Нөгөөтэйгүүр, Г.Л-н гарын үсэггүй Орон сууц захиалах, худалдан авах гэрээ нь Г.Л-н тухайн орон сууцыг өмчлөх эрхтэйг нотлох баримт гэж үзэхэд учир дутагдалтай.
2.Иргэний хуулийн 145 дугаар зүйлийн 145.1-д “Орон сууцыг дангаар өмчлөх эрх хууль буюу хэлцлийн үндсэн дээр үүснэ”, 145.2-т “Орон сууц дангаар өмчлөх эрх үүсгэх хэлцлийг нотариатаар гэрчлүүлэн улсын бүртгэлд бүртгүүлнэ” гэж заасны дагуу мэдүүлэгт хавсаргах гэрээ хэлцэл нь нотариатаар гэрчлэгдсэн байх шаардлагатай. Гэтэл мэдүүлэгт хавсаргасан Г.Л-н гарын үсэггүй Орон сууц захиалах, худалдан авах гэрээ нь нотариатаар гэрчлэгдээгүй байна.
3.Эрхийн улсын бүртгэгчийн 2004 оны 3 дугаар хавсралтаар батлагдсан маягтын дагуу “М” ХХК-аас ирүүлсэн “Захиалгаар барьсан орон сууцны жагсаалт”-ын өмчлөгчөөр бүртгэгдэх этгээдэд С.Ч миний нэр бичигдсэн байдаг. Гэтэл улсын бүртгэгч орон сууцны өмчлөх эрхийг С.Ч миний нэрээр биш Г.Л-н нэрээр бүртгэж, бүртгэлийн гэрчилгээ олгосон нь дээрх Засгийн газрын тогтоолоос гадна дор дурдсан хуулийг тус тус зөрчсөн шийдвэр болжээ.
4. Улсын бүртгэгч нь С.Ч миний Геодези, зураг зүйн газрын харьяа Үл хөдлөх эд хөрөнгийн газарт хандсан өргөдөл, “М” ХХК-ийн “...орон сууцыг С.Ч худалдан авсан боловч Г.Л-д шилжүүлэн өгсөн ...” гэх албан бичгээр С.Ч миний худалдан авсан орон сууц Г.Л-д шилжсэн гэж үзэж өмчлөх эрхийн бүртгэлийг хийсэн нь үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх хэлцлийн талаар зохицуулсан дээрх хуулийг болон холбогдох тушаалыг тус тус зөрчсөн шийдвэр болжээ.
5. Г.Л өргөдөл гаргахдаа “... орон сууцыг Г.Л миний нэр дээр эзэмшлийн гэрчилгээ олгож өгнө үү” гэсэн байдаг. ... Өмчлөх бус эзэмшлийн гэрчилгээ олгохыг хүсч өргөдөл гаргасан Г.Л-н мэдүүлэг, түүнд хавсаргасан баримт бичгийг улсын бүртгэгч татгалзсан үндэслэлийн тайлбарын хамтаар буцаах нь зүйтэй байжээ.
6. Мэдүүлэгт хавсаргаж өгсөн 5-р давхрын технологийн байгуулалт буюу план зураг нь Засгийн газрын 2004 оны 48 дугаар тогтоолоор батлагдсан “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн ажиллах журам”-ын 8-ын 9/, 12/-т “Улсын бүртгэгч иргэн хуулийн этгээдийн өөрийнх нь хөрөнгөөр баригдсан нийтийн орон сууцны барилгыг бүртгэхдээ “... план зураг зэргийг үндэслэн бүртгэх, ... нотлох баримтад эд хөрөнгийн план зургийг заавал хавсаргах бөгөөд план зурагт эд хөрөнгийн талбайг өмчлөгчөөр нь тодорхойлуулж, бичүүлсэн байх үйл ажиллагаа эрхэлнэ” гэж заасан шаардлагыг хангаагүй байдаг.
7.Засгийн газрын 2004 48 дугаар тогтоолоор батлагдсан журамд заасны дагуу улсын бүртгэгч Г.Л-с хамтран өмчлөгч байхгүй гэж нотлон бичүүлж, нотариатчаар гарын үсгээ гэрчлүүлсэн өргөдлийг нь шаардан гаргуулах нь зүйтэй байжээ.
8.Мөн журамд заасны дагуу улсын бүртгэгч Г.Л-с орон сууцны барилгыг улсын комисст хүлээлгэн өгсөн тухай актыг шаардан гаргуулах нь зүйтэй байжээ.
9.Эрхийн улсын бүртгэгчийн үйл ажиллагаанд анхны бүртгэлийг хийхдээ зөвхөн анхны өмчлөгчийг бүртгэсний дараа дараагийн өмчлөгчид шилжүүлсэн бүртгэл хийх, өөрөөр хэлбэл анхны өмчлөгчөөс хэд хэдэн өмчлөгчид дамжсан байхад хамгийн сүүлийн өмчлөгчөөр анхны бүртгэл хийхийг хориглоно гэж заасныг улсын бүртгэгч мөн зөрчсөн байна.
Улсын бүртгэгч хууль тогтоомж зөрчин Г.Л-н нэр дээр орон сууцны өмчлөх эрхийг бүртгэн, бүртгэлийн гэрчилгээ олгосон нь С.Ч миний орон сууцаа хууль тогтоомжийн дагуу өмчлөх эрх, ашиг сонирхлыг зөрчсөн явдал болсон бөгөөд Г.Л нь бүртгүүлэх эрхгүй этгээд болж, эрхийн улсын бүртгэл буруу ташаа болсон.
С.Ч миний шаардсанаар бүртгүүлэх эрхгүй этгээд Г.Л нь бүртгэлд өөрчлөлт оруулахыг зөвшөөрсөн байдаг боловч бүртгүүлэх эрхгүй этгээд Г.Л-ийн нэмсэн бүртгүүлэх эрхгүй этгээд Б.Д нь зөвшөөрөхгүй байгаа бөгөөд удаа дараа намайг хэл амаар доромжлон, хөөж туух, элдвээр гүтгэх, зохисгүй байдал үзүүлж, гомдоож байгаа бөгөөд түүний энэ үйлдлээс болж өндөр настай миний даралт ихсэх, хөдөлмөрийн чадвар алдах зэргээр эрүүл мэндийн болоод сэтгэл санааны хувьд маш их хохирч байна.
Түүнчлэн, шүүхийн шийдвэр нийтэд ил тод болсон өнөө үед иргэн, хуулийн этгээд Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн энэ шийдвэрээс буруу ойлголт авч дээр дурдсан мэдүүлэг, түүнд хавсаргасан баримт бичгийг буруу, худлаа хуурамчаар бүрдүүлбэл бүртгэлийн байгууллага бүртгэж болдог, түүнийг шүүх зөвтгөдөг гэсэн мэдээллийн нийтэд түгээх нь учир дутагдалтай гэж үзэж байна.
Иймд С.Ч миний бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага буюу Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын бүртгэгчийн хууль тогтоомж зөрчин гаргасан захиргааны хууль бус актын улмаас зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, С.Ч миний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Улсын бүртгэлийн ерөнхий газраас Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, Усны гудамж 8 дугаар байрны 14 тоотод байршилтай, орон сууцны зориулалттай, 112,44 м.кв талбайтай дөрвөн өрөө орон сууцны өмчлөх эрхийг Г.Л-ийн гаргасан мэдүүлэг, түүнд хавсаргасан баримт бичгийг үндэслэн 2005 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр эрхийн улсын бүртгэлийн Ү-2203012900 дугаарт бүртгэж, 000172504 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг Г.Л-д олгожээ.
Улмаар улсын бүртгэлд бүртгүүлэн хууль ёсны өмчлөгч болсон Г.Л нь 2011 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр улсын бүртгэлийн газарт мэдүүлэг гарган, “Орон сууцны өмчлөлд хамтран өмчлөгч нэмж оруулах тухай” хэлцэл хийж, нотариатаар гэрчлүүлэн Б.Д, Л.А, А нар нэмэгдсэнийг эрхийн улсын бүртгэлд бүртгэн, 000166375 дугаартай гэрчилгээгээр баталгаажуулсан нь хуульд нийцсэн гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.
Улсын бүртгэлийн байгууллага мэдүүлэг гаргагчаас гаргасан мэдүүлэг нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан шаардлага хангасан, 14 дүгээр зүйлд заасан хүлээн авахаас татгалзах үндэслэл байхгүй бол мөн хуулийн 15 дугаар зүйлд заасан журмын дагуу бүртгэлийг хийх үүрэгтэй.
Нэхэмжлэгч С.Ч “Орон сууц захиалах, гүйцэтгэх тухай” 2003 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн Г.Л-ийн нэр дээрх гарын үсэг зурагдаагүй хуурамч гэрээнд үндэслэн өмчлөх эрхийн улсын бүртгэл хийсэн нь хууль бус гэж маргаж, давж заалдах гомдлын үндэслэл болгосон байна.
Гэтэл дээрх гэрээ болон орон сууц захиалах гэрээг нэхэмжлэгч С.Ч байгуулсан, Г.Л уг гэрээг улсын бүртгэлийн мэдүүлэг гаргахдаа хавсаргаж өгснийг үндэслэн бүртгэлийг хийсэн байхад зөрчилтэй нотлох баримт буюу Г.Л-ийн гарын үсэггүй, хуурамч гэрээнд үндэслэн улсын бүртгэл хийсэн гэж хариуцагчийг буруутгах боломжгүй.
Мөн “Захиалгаар барьсан орон сууцны жагсаалт”-ын 14 дэх хэсэгт “14 тоот 112.44 м.кв, 4 өрөө орон сууцны захиалагчаар С.Ч” гэж бичигдсэн байхад улсын бүртгэгч Засгийн газрын 2004 оны 48 дугаар тогтоолоор батлагдсан “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэгчийн ажиллах журам”-ын холбогдох заалтыг зөрчсөн гэжээ. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5 дахь хэсэгт мэдүүлэгт хавсаргах баримт бичгийг тодорхойлж өгсөн бөгөөд мөн зүйлийн 13.5.1 дэх хэсэгт “тухайн этгээд уг үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхтэйг нотолсон баримт бичиг”-ийг хавсаргахаар заасан байна.
С.Ч өөрийн захиалж, худалдаж авсан орон сууцныхаа өмчлөх эрхийн гэрчилгээг Г.Л-ийн нэр дээр авахад татгалзах зүйлгүй гэсэн өргөдөл гаргаж, нотариатаар гэрчлүүлсэн, “М” ХХК-аас “... орон сууцыг С.Ч нь худалдан авсан боловч өөрийн хүсэлтээр Г.Л-д шилжүүлэн өгсөн тул нэр дээр нь үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ олгож өгнө үү” гэсэн албан бичгийг Геодези зураг зүйн газрын харьяа Үл хөдлөх хөрөнгийн газарт хүргүүлсэн нь баримтаар нотлогдож байх тул С.Ч нь өөрийн төрсөн хүү Г.Л-ийн өмчлөлд уг орон сууцыг шилжүүлсэн гэж үзэж бүртгэл хийгдсэн нь хууль зөрчөөгүй байна.
Нэгэнт хүсэл зоригоо илэрхийлэн, маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр Г.Л-г бүртгүүлэхээр С.Ч-н гаргасан дээрх өргөдөл нь хуулийн шаардлага хангаж байгаа, энэ талаар нэхэмжлэгч болон гуравдагч этгээд Г.Л нараас маргаагүй байх тул хүчин төгөлдөр хэлцлийн үндсэн дээр улсын бүртгэлд бүртгүүлэх тухай мэдүүлгийг Г.Л улсын бүртгэлийн газарт гаргаж, өмчлөгчөөр бүртгүүлсэн байхад хариуцагчийн үйлдлийг хууль бус гэж үзэх үндэслэлгүй байна.
Харин анхан шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийн зүйл заалтыг зөв баримтлаагүй тул тогтоох хэсгийн 1 дэх заалтад зохих өөрчлөлтийг оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.3 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 115 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтаас “Иргэний хуулийн 109.1, 109.2, 110.1, 183.2, 183.3, ...” гэснийг хассан өөрчлөлтийг оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА
ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ