Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 61

 

СҮХБААТАР АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН

 ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ

ШИЙТГЭХ ТОГТООЛ

 

2016 оны 09 сарын 15 өдөр               Дугаар 61                                           Баруун-Урт

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Насанбуян даргалж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цолмон

Улсын яллагч Г.Амарсайхан

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Хүдэр

Шүүгдэгч Б.Зоригтбаатар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Зоригтбаатарт холбогдох 201617000170 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, 1970 оны 06 дугаар сарын 08-ний өдөр төрсөн, 46 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 7, эхнэр, хүүхдүүдийн хамт Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын 5-р багт хувийн малаа маллаж амьдардаг, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэл эдлэж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн, регистрийн дугаар ЛИ70060876, Ширээт овгийн Би-Ирлээгийн Зоригтбаатар

 

Холбогдсон хэргийн талаар/ яллах дүгнэлтээр /:

 

  Шүүгдэгч Б.Зоригтбаатар нь 2016 оны 06 дугаар сарын 01-ний орой 21.00 цагийн үед тус сумын нутаг “Өлзийт” гэх газар өөрийн эзэмшлийн 03-44 СҮА улсын дугаартай Бонго маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн 7 дугаар бүлгийн 7.12-д заасан “Жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ /уулзвар нэвтрэх тохиолдлоос гадна/ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөны улмаас иргэн Б.Мөнхбатын жолоодож явсан Рекстон маркийн автомашинтай мөргөлдөж зам тээврийн осол гарган зорчиж явсан зорчигч Б.Отгон-Дэлгэрмаа, Ц.Энхбат, М.Эгшиглэн нарын бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

     

           Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 

 

- Шүүгдэгч Б.Зоригтбаатар шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Би Түвшинширээ сумын иргэн сумандаа мал малладаг малчин хүн. Адуугаа хайх гээд гэрээсээ баруун зүгт явж байсан. Хоёр жижиг тэрэг зөрөхөд сайн ч анзаараагүй, адуугаа харах гээд зүүн тийш эргэсэн. Тэгээд гэнэт л машин ороод ирэх шиг болсон. Тэгээд юу болсныг сайн санахгүй байна. Би машины цонхоор шидэгдээд, ухаан алдсан байсан. Ослын улмаас Энхбат, Отгондэлгэрмаа, Эгшиглэн нарт хүндэвтэр гэмтэл учирсан. Гурван хүнд хөнгөн гэмтэл учирсан. Дахин согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үед тээврийн хэрэгсэл жолоодохгүй, замын хөдөлгөөний дүрмийг баримтлана. Миний буруутай үйлдэл байсан. Хохирогч иргэний нэхэмжлэгч нарт нийт 27 сая төгрөгийн хохирол төлсөн. Одоо надаас нэхэмжилж байгаа зүйл байхгүй гэв. 

 

  - Хохирогч Ц.Энхбат мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: Б.Мөнхбаттай Түвшинширээ сум руу явахдаа танилцсан бөгөөд Б.Мөнхбатын 88-11 сүа улсын дугаартай Рекстон маркийн авто машинтай Түвшинширээ сум руу овоо тахих ажлаар явсан юм. Бид гурван машинтай Түвшинширээ сумаас зүүн урагш 18км-т “Өлзийт” овоо руу явж байх замд гэнэт зүүн талаасаа баруун зүгт чиглэсэн цэнхэр өнгийн Бонго маркийн авто машин гарч ирээд миний сууж явсан машинтай мөргөлдсөн, түүнээс хойш надад санаж байгаа зүйл алга байна. Жолооч Г.Мөнхбат нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Тухайн үед би жолоочийн хажуу талын урд суудал дээр, бүс зүүгээгүй байсан. Миний биед зүүн талын 3 хавирга, сүүж хугарсан, толгой доргисон байсан гэсэн. Өөр мэдэгдэх зүйлгүй байна. Нэхэмжлэх зүйл байхгүй. Би Улаанбаатар хот руу эмчилгээнд явна эмчилгээний явцад гарах зардал мөнгийг буруутай этгээдээс нэхэмжилнэ, одоогоор хэдэн төгрөгний ямар зардал гархыг одоо хэлж мэдэхгүй байна. Эмчилгээнд явж ирсний дараа асуудлыг гарган мэдүүлнэ, өөр гомдол санал байхгүй...” гэжээ. /хх-16-17/

 

- Хохирогч Б.Отгондэлгэрмаа мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: Б.Мөнхбат бид нэг айлын хүргэн бэрүүд байгаа юм. Би 2016 оны 06 сарын 01-ний өдөр нөхөр Т.Алтанхундага, түүний эгч, хүргэн ах гэх мэт хүмүүсийн хамт Түвшинширээ сумын Өлзийт овооны тахилгыг зохион байгуулахаар 3 машинтай явсан. Би Б.Мөнхбат ахын 88-11 СҮА улсын дугаартай Рекстон маркийн авто машинд сууж явсан юм. Би Түвшинширээ сумаас орой гараад л унтсан байсан бөгөөд болсон асуудлыг мэдэхгүй, нэг сэрэхэд би Түвшинширээ сумын эмнэлэгт 05.30 минутанд сэрсэн бөгөөд хажууд байсан хүнээс бид яасан тухай асуухад биднийг зам тээврийн осолд орсон тухай ярьсан. Би арын суудал дээр баруун талаасаа 3 дахь суудал дээр сууж явсан, миний зүүн гар шуу хэсгээрээ хугарсан, баруун хөл шилбэ хэсгээрээ шалбарсан, 2 нүд хөхөрсөн, миний дух хэсэгт шил зоогдсон байсан гэсэн, толгой өвдөж эрүү гүйцэд сайн ангайж болохгүй байгаа, толгойн тал хэсэг нь хөндүүр, зүүн чихний ар тал урагдаж шалбарсан, 2 гар, хөл хөх няц болсон байгаа. Би Улаанбаатар хот явж нарийн шинжилгээ хийлгэх шаардлагатай байгаа, мөн сэтгэл санааны хохирол болон цалингаа нэхэмжилнэ. Буруутай этгээдээс сэтгэл санааны хохирол 3.000.000 сая төгрөг нэхэмжлэнэ. Бид Жавхлан худалдааны төвд 2016 оны 03 сараас хойш ажиллаж байгаа, би 2016 оны 06 сарын 01-ны өдөр чөлөө аваад явсан тухайн худалдааны төвөөөс сард 400.000 төгрөгний цалин авдаг, одоо би ажилаа хийж чадахгүй байгаа. Иймд би ажилдаа орох хүртлэх тухайн цалингаа нэхэмжилнэ. Биднийг анх эмнэлэгт хэвтээд эмчлүүлж байх үед Зоригтбаатарын ар тал гэр бүлээс биднийг шаардлагатай эм тариагаа аваад хэрэглэж бай, бид Улаанбаатар орж малаа борлуулна гээд явсан боловч одоог хүртэл ямар нэгэн төлбөр тооцоо хийгээгүй бид хохиролтой байгаа... гэжээ. /хх-19/

 

- Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Алтанзул мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: Хохирогч Эгшиглэн нь 8 настай учир би хууль ёсны төлөөлөгчөөр цаашид хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл оролцоно. М.Эгшиглэнгийн зүүн талын гараа дээш гүйцэт өргөхгүй, хацар дух хэсэгтээ сорвитой, духных нь сорви арилахгүй тод хэлбэрээр үүссэн байгаа.Цаашид буруутай этгээдээс хүүхдийнхээ эмчилгээний төлбөрийг нэхэмжилнэ гэжээ./ хх- /

 

- Насанд хүрээгүй хохирогч М.Эгшиглэн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: Би аав ээж хоёртойгоо аавынхаа машинтай хөдөө явсан. Тэгээд би унтаад явж байсан, нэг сэрхэд хүмүүс бархиралдаж байсан.Би яг юу болсон, яасан эсэхийг мэдэхгүй байна. Миний цээж, мөр хэсгээр өвдөж байсан, гэхдээ одоо гайгүй болсон ... гэжээ./ хх-21 /

 

- Иргэний нэхэмжлэгч Б.Мөнхбат мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: Түвшинширээ сумруу “Бага Өлзийт” овооны тахилгад оролцох гээд Баруун-Уртаас 2016 оны 06 сарын 01-ний өдөр 13.00 цаг өнгөрөөж гараад үдийн хойно оройхон Түвшинширээ суманд очоод бид хоол унд идчихээд орой 20.00 цаг өнгөрөөгөөд сумаас зүүн урагш 20 км орчимд 3 машинтай баруунаас зүүн зүгт чиглэн хөрсөн замаар явж байсан. Миний өмнө нь бидэнтэй хамт явж байсан 2 машин, би өөрийн эзэмшилийн 88-11 СҮА улсын дугаартай Рекстон маркийн авто машинтай хамгийн ард явж байсан юм. Гэтэл гэнэт зүүнээс баруун зүгт чиглэн маш хурдтай цэнхэр өнгийн Бонго маркийн авто машин маш хурдтай орж ирсэн. Би өөрийн явж байсан замаа бүрэн чөлөөлөөд замынхаа баруун гар тал руу гартал зүүн гар талын урд талаас тухайн авто машин орж ирж маш хүчтэй мөргөж бидний машин ертөнцийн зүгээр баруун урагш харж зогссон. Тухайн үед Бонго маркийн авто машины жолооч Б.Зоригтбаатар нь ганцаараа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. 2 машин болон зорчигч нарт маш их гэмтэл учирч бид Түвшинширээ сум руу эмнэлгийн тусламж дуудсан. Би 40 км цагийн хурдтай явж байсан, суудлын бүс зүүгээгүй байсан. Миний машинд 5 том хүн 1 хүүхэдтэй нийт 6 зорчигчтой явж байсан. Миний биед хүзүү хөшиж, толгой өвдөж байгаа, зүүн нүдний дээд зовхинд уруулын дотор талд 2 оёдол, өөрийн үүдний 2 шүд суларч унах гээд байгаа, зүүн хөлний шилбэний дотор талд цус хураад хөхөрсөн байгаа өөр мэдэгдэх зүйл одоогоор байхгүй цаашид яах эсэхийг мэдэхгүй байна. Би Солонгос улсад 2003 онд үйлдвэрлэсэн 2009 оны 12 сарын 04-ны өдөр Монгол Улсад орж ирсэн Рекстон маркийн авто машиныг 2013 оны 10-р сард 16.000.000 сая төгрөгөөр худалдаж авч байсан, түүнээс хойш өрхийн хэрэглээнд унаж хэрэглэж байсан, Миний машины чанар байдал маш сайн байсан тухайн машинд асар их гэмтэл учирсан эргэж засварлаж бараг боломжгүй болсон. Иймд би уг авто машинаа мөнгөн дүнгээр нь нэхэмжилж байна. Би буруутай этгээдээс авто машины хохирлын үнэлгээг гаргуулсаны дараа төгрөгөөр нэхэмжилнэ, шүд болон бусад эрүүл мэндэд учирсан хохиролоо одоо хэлж мэдэхгүй Улаанбаатар хот руу эмчилгээнд явна, үүний дараа тухайн үед нь нэхэмжилнэ...гэжээ./ хх-23/

- Иргэний нэхэмжлэгч Т.Алтанхундага мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: Би Б.Зоригтбаатар гэх хүнийг танихгүй, Б.Мөнхбат нь манай хүргэн ах байгаа юм. Би хүргэн ах Б.Мөнхбат, эгч Т.Алтанзул, эхнэр Б.Отгон-Дэлгэрмаа нар болон бусад хүмүүсийн хамт 88-11 СҮА улсын дугаартай Рекстон маркийн авто машинтай Түвшинширээ сум руу овооны тахилганд явсан. Бид орой 19 цагийн үед очиж байж байгаад сумаас зүүн урагш овоо руу явсан. Бид тухайн үед замдаа унтсан байсан бөгөөд нэг сэрэхэд эмнэлэгийн түргэн тусламж ирсэн, харанхуй болсон байсан. Би тухайн үед унтаж явсан учир яг ямар асуудал болсон эсэхийг мэдэхгүй байна. Би жолоочийн арын цонхон талын суудал дээр сууж явсан, би толгой өвдөж шөнө унтаж чадахгүй, бөөр, нуруу, хүзүү хөшиж, нүд бүрэлзэж, дагз руу хатгуулж өвдөж байна. Би эхнэр Б.Отгон-Дэлгэрмаатай хамт Улаанбаатар хот явж нарийн шинжилгээ хийлгэх шаардлагатай байгаа. Иймд  гарах зардал мөнгийг буруутай этгээдээс нэхэмжилнэ, сэтгэл санааны хохиролд би 3.000.000 төгрөг нэхэмжилнэ. Бонго маркийн автомашины жолооч Зоригтбаатар нь Түвшинширээ сумын эмнэлэгт очсоны дараа согтуу “би архи уусан юм яадаг юм, би үүнийг нь мэдсэн бол бүгдийг нь нэг нэгээр нь дайрдаг байж” гэх мэтийн зүйлийн талаар ярьж байсан нь бидэнд маш хэцүү санагдаж байсан..гэжээ/ хх-25 /.

 

- Иргэний нэхэмжлэгч Х.Мөнх-Эрдэнэ мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: Би тэр өдөр Түвшинширээ сум руу орчихоод овоо тахихаар явж байсан юм. Сумаас гарахдаа 3 машин явсан. Миний сууж явсан машин хар өнгийн жийп байсан. Маркийг нь бол мэдэхгүй. Бидний өмнө 2 жижиг тэрэг явж байсан. Тэгээд Түвшинширээ сумаас зүүн хойшоо гараад 20 гаран км явж байтал өөдөөс хөх цэнхэр өнгийн ачааны портер маркийн машин гараад ирсэн. Уг газар нь харагдах орчин багатай газар байсан. Тухайн газарт 2 зэрэгцээ зам байсан бөгөөд бид баруун гар талынх нь замаар явж байсан. Харин нөгөө машин зүүн гар талын замаар өөдөөс ирж байснаа гэнэтхэн замаас гараад бидний явж байсан зам руу орж ирсэн. Тэгтэл манай жолооч мөн баруун гар талруугаа дараад замаас гартал нөгөө машин биднийг дагаж гарч ирээд мөргөсөн. Тэр машины жолооч согтуу байсан. Уул нь анх ирж байсан замаараа зөрсөн бол дүрмийн дагуу зөв зөрөх байсан. Гэтэл уг машин бидний явж байсан зам руу орж ирээд биднийг замаас гарахад дагаж гараад мөргөлдсөн. Миний сууж явсан машин нэг их хурдан яваагүй. Урд талд нь хоёр жижиг тэрэг явж байсан болохоор түүний араас дагаад 50-60 милийн хурдтай явсан байх. Машины кабинд 7 хүн сууж явсан. Би машины арын суудлын буруу талын хаалган талд сууж явсан. Миний биед тухайн ямар нэг гэмтэл учраагүй. Миний биед гэмтэл учраагүй болохоор шинжээч эмчид үзүүлж дүгнэлт гаргуулах шаардлагагүй гэж үзэж байна. Манай машины жолооч эрүүл байсан. Надад нэхэмжлэх зүйл байхгүй..гэжээ./ хх-29 /

 

- Гэрч Т.Алтантулга мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: Б.Мөнхбат нь миний төрсөн эгчийн нөхөр, Б.Зоригтбаатар гэх хүнийг танихгүй. 2016 оны 06 сарын 01-ний өдөр 14.00 цагийн орчимд Баруун-Уртаас садан төрлийн хүмүүстэйгээ 5 машинтай гарсан бид Түвшинширээ суманд нутгийн уул овооны тахилгад ирсэн юм. Манай хүргэн ах Б.Мөнхбат нь 88-11 СҮА улсын дугаартай Рекстон маркийн машинтай, би 31-11 СҮА улсын дугаартай Марк-110 маркийн авто машинтай явж байсан, бид Түвшинширээ сумаас зүүн урагш 18 орчим киллометрт би түрүүлээд урд нь миний араас Camrv маркийн авто машинтай Б.Эрдэнэцогт, түүний араас 88-11 СҮА улсын дугаартай Рекстон маркийн машинтай Б.Мөнхбат бид цуваагаар явж байсан, тэгтэл зүүнээс баруун зүгт чиглэсэн замаар 03-44 СҮА улсын дугаартай цэнхэр өнгийн Бонго 3 маркийн авто машин зам тавьж өгөхгүй, маш хурдтай зөрсөн. Би тухайн үед өөрөө замаа чөлөөлөн зөрсөн. Тэгээд явж байгаад ард явсан 88-11 СҮА улсын дугаартай Рекстон маркийн машин алга болчихоор нь эргээд харсан чинь маш ихээр тоос гарч байгаа харагдсан. Эргээд ирэхэд тухайн хоёр машин мөргөлдсөн байсан, дотор нь байсан хүмүүс цусандаа холилдсон, бүгд машинаасаа гараад газар хэвтсэн байсан. Тухайн үед 21.00 цаг өнгөрч байсан ба гэгээ тасраагүй байсан. Жолооч Г.Мөнхбат нь огт архи хэрэглэдэггүй хүн. 03-44 СҮА улсын дугаартай Бонго-3 маркийн автомашины жолооч их согтуу ямар асуудал болсон эсэхийг ч сайн мэдэхээргүй байсан. Тухайн машинд 5 том хүн 1 хүүхэд байсан...гэжээ./ хх- 30-31/

 

- Гэрч С.Насанжаргал мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: Би Б.Зоригтбаатартай 1994 онд гэр бүл болж бид 3 хүүхэдтэй хамт амьдарч байгаа. Манай нөхөр Б.Зоригтбаатар, 3 настай охинтойгоо гурвуулаа хүүхдийн баяр охиндоо бэлэг авч өгөе, бензин тостой болоё гээд Түвшинширээ сум руу 2016 оны 06 дугаар сарын 01-ний өглөө 10.00 цагийн үед ирчихээд бид хоёр салаад явсан тэгээд Зоригтбаатар нь алга болсон орой 16.00 цагийн үед нилээд согтуу ирсэн, бид өөрсдийнхөө 03-44 СҮА улсын дугаартай Бонго 3 маркийн авто машинтай явж байсан тул тэрээр машинаа барих боломжгүй байсан. Тэгээд би шуудангаас хүүхдээ тосох гээд хүлээлгэхээр шийдээд Зоригтбаатарыг Эрдэнэбаттай явж бай, очоод малаа хурааж бай, би машинаа авч үлдээд араас чинь очьё гээд явуулсан. Тэгээд би удалгүй араас нь яваад хөдөө гэртээ очиход нөхөр маань ирээгүй байсан. Удалгүй Батбаярынхаар дамжаад хүргүүлээд ирлээ гээд ирсэн, ирэхдээ уусан архи нь гайгүй болсон байсан. Батбаяр нь хүргэж өгчихөөд буцсан. Зоригтбаатар одоо унтлаа унтлаа гээд хэвтэх гэж байгаа бололтой байсан. Энэ үед би үнээ тугалаа хаших гээд гарсан, тэгээд үнээ тугал гээд завгүй байж байгаад харсан чинь гэрээсээ баруун зүгт явж байгаа харагдсан, би энэ одоо хаашаа явж байгаа юм бол доо гэж бодоод байж байтал маш их тоос манарч байгаа харагдсан. Гэтэл Зоригтбаатар нь машинтай мөргөлдсөн байсан. Түүнтэй хэн ч хэрэлдэж маргалдаагүй. Тэр бүр уугаад байдаггүй, уусан үедээ хүнтэй хэрэлдэж, маргалдана гэж байдаггүй, их л дуу муутай хүн...гэжээ./ хх-32-34 /

 

- Гэрч Б.Эрдэнэцогт мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: Би Б.Мөнхбатыг танина, садан төрлийн холбоотой. Би Улаанбаатар хотод амьдардаг бөгөөд Түвшинширээ сумын уул овоо тахих зорилготой садан төрлийнхөө хүмүүстэйгээ бид хамт тус сумаас зүүн урагш 18 орчим киллометрт байх газар явж байсан. Бид тухайн үед 3 машинтай хамгийн урд талд 31-11 СҮА улсын дугаартай марк 110, түүний араас миний жолоодож явсан 62-02 УБХ улсын дугаартай camrv маркийн авто машин, ард талд 88-11 СҮА улсын дугаартай Рекстон маркийн авто машинтай явж байсан. Гэтэл гэгээ тасраагүй байсан 21.00 цагийн орчимд зүүнээс баруун зүгт чиглэн 03-44 СҮА улсын дугаартай Бонго 3 маркийн цэнхэр өнгийн авто машин их хурдтай бидний урд явсан машинд зам тавьж өгөхгүй маш ойрхон зөрсөн, бид ч мөн адил зам тавьж өгөөд зөрсөн.Харин бидний ар талд явж байсан Рекстон маркийн авто машинтай мөргөлдөж осол гаргасан байсан. Бид тэр даруй мэдээд эргэн очиход уг 2 авто машинд байсан хүмүүс машинаасаа гарчихсан цусандаа холилдсон, Бонго 3, Рекстон маркын авто машинууд нь баруун зүгт харсан байдалтай зогсож байсан. Бид Түвшинширээ сум руу дуудлага өгч, гэмтсэн хүмүүст тусламж үзүүлсэн. Бидэнтэй хамт явж байсан Б.Мөнхбат нь ямар нэгэн архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Бонго 3 маркийн авто машин жолоодож явсан Б.Зоригтбаатар нь согтуу гэмээр янз бүрийн хараал хэлж үйл хөдлөл нь согтуу шинжтэй байсан. Сүүлд нь эхнэр Насанжаргал нь ирээд “ үгэнд орохгүй, согтуу байж “ гэх мэт зүйл ярихыг нь сонсоод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсныг мэдсэн... гэжээ./ хх-35-36 /

 

- Гэрч Х.Батбаяр мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: 2016 оны 06 дугаар сарын 01-ний орой 18.00 цагийн үед манайд Эрдэнэбаттай хамт ирээд гэрлүүгээ надаар хүргүүлнэ гээд Эрдэнэбатыг явуулсан, тэгээд манайд цаг орчим болоод би түүнийг гэрт нь хүргэж өгсөн. Биднийг очиход түүний эхнэр Насанжаргал ирсэн байсан. Б.Зоригтбаатар нь дунд зэргийн согтолттой байсан, манайд архи дарс уугаагүй, хэнтэй уусан эсэхийг нь мэдэхгүй...гэжээ./ хх- 37-38/

 

- Гэрч Г.Эрдэнэбат мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: 2016 оны 06 дугаар сарын 01-ний орой 17.00 цагийн үед Б.Зоригтбаатарын эхнэр Насанжаргал утсаар залгаад чи хөдөө гэрлүүгээ явах гэж байна уу? Би Б.Зоригтбаатарыг явуулж байя би шуудан тосох ажилтай, мал хачин болж байгаа гэхлээр нь би Зоригтбаатарыг суулгаад хөдөө гэрлүүгээ явах замдаа Батбаярынхаар ороод тэгээд Б.Зоригтбаатар нь би Батбаяраар хүргүүлнээ гэхлээр нь би тэнд үлдээгээд цааш явсан, эргэж уулзаагүй. Б.Зоригтбаатар нь согтуу, гэхдээ гайгүй байх шиг байсан... гэжээ./ хх-39 /

 

- Гэрч Г.Алдарбаатар мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: Би тэр орой дуудлагад очиход хоёр тээврийн хэрэгсэл дундаа мөргөлдсөн байдалтай байсан. Тухай үед нийт долоон хүн хөнгөн болон хүндэвтэр гэмтэл байсан хүн бүрээр нь эрэмбэлэн ялгаж анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлэн сумын төвийн Эрүүл мэндийн төвд тээвэрлэн авчирч дараах анхан шатны тусламж үйлчилгээг хүн тус бүрээр нь хийсэн. Ц.Энхбат 39 настай, эрэгтэй, 5,6-р хавирга хугарал, түнхний гэмтэл, М.Эгшиглэн 8 настай, эмэгтэй, зүүн талын эгэмний хугарал, Б.Отгон-Дэлгэрмаа 26 настай, эмэгтэй,зүүн гарын шууны хугаралтай байсан.. гэжээ/ хх-41 /

- Гэрч У.Эрдэнэцэцэг мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: Би Б.Мөнхбат гэдэг хүнийг нь танихгүй юм байна. Харин Б.Зоригтбаатарын танина ээжийн дүүгийн охинтой суусан манай хүргэн болох хүн. Б.Зоригтбаатар нь төлөв даруу үнэнч шударга, нас тогтсон, хүнд их тус хүргэж байдаг. Мөн малд дуртай өөрийн хэдэн малдаа сайн эзэн болж явдаг. Хурдан морь уяж сойх их дуртай. Сумын алдарт уяач, сумын сайн малчин, нутаг усандаа болон олны дунд нэр хүндтэй, ажилд сайн, их хөдөлмөрч хүн гэж бодож байна. Гэр бүлийн хувьд ам бүл 7, эхнэр гурван хүүхэд, хоёр зээгийн хамт амьдардаг...гэжээ./хх-42 /

 

- Гэрч А.Түвшинбаяр мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: Б.Зоригтбаатарыг танина, манай 5-р багийн иргэн. Би тус багийн иргэд нийтийн хурлын дарга болох хүн, садан төрлийн холбоо байхгүй. Б.Зоригтбаатар нь нас төгтсон, төлөв даруу хүн. Малд дуртай, хурдан морь уяж сойх их дуртай, нутаг усандаа болон олны дунд нэр хүндтэй, ажилд сайн, их хөдөлмөрч хүн гэж бодож байна. Гэр бүлийн хувьд ам бүл 4, эхнэр хоёр хүүхдийн хамт амьдардаг. Архи их уусан үедээ агсам болж ааш зан өөрчлөгдөж ойр байгаа хүнтэй таарамжгүй болдог. Хүнд агсам тавьж маргаан хаа ганц үүсгэж байгаа дуулддаг...гэжээ./ хх-43 /

 

-  Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд.2016.06.02. / хх- 05-08/

 

- Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэлүүд.2016.06.01. / хх- 09-10 /

 

-  Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх- 13/

 

- Зам орчны байдал /хх-14/

 

- Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 264 тоот актын дүгнэлтэнд: 1.М.Эгшиглэнгийн биед зүүн эгэм ясны хөндлөн зөрөөтэй хугарал, дух, зүүн хацарт зулгарсан шарх гэмтэл тогтоогдлоо. 2.Уг гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3.Дээрх гэмтлүүд нь ШЭГЗТЖ-н 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4.Цаашид эрүүл мэнд энгийн хөдөлмөрийн чадварт тогтмол нөлөөлөхгүй... гэжээ /хх-53/.

 

- Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 265 тоот актын дүгнэлтэнд: 1.Б.Отгон-Дэлгэрмаагийн биед тархи доргилт, зүүн гарын шууны нарийн ясны метафиз хэсгийн хугарал, баруун зүүн нүдний эргэн тойронд, баруун бугалганы гадна дунд хэсэгт, баруун хөлийн шилбэний урд дунд хэсэгт, шагайн дотор талд цус хуралт, зүүн гарын тохойд, баруун хөлийн шилбэний урд дунд хэсэгт, баруун гарын сарвууны ар хэсэгт цэгчилсэн олон тооны зулгаралт, 2 талын шанааны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Уг гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3.Дээрх гэмтлүүд нь ШЭГЗТЖ-н 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4.Цаашид эрүүл мэнд энгийн хөдөлмөрийн чадварт тогтмол нөлөөлөхгүй гэжээ./хх-63-64/

 

- Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 260 тоот актын дүгнэлтэнд: 1.Ц.Энхбатын биед тархи доргилт, зүүн сүүжний ясны суудал хэсгийн цууралт, зүүн 4,5,6-р хавирганы хөндлөн цууралт, дух, хамар, баруун хацар, шанаа, эрүү, уруулыг хамарсан, баруун гарын сарвууны ар 3,4,5-р хурууны харалдаа, зүүн өвдгөнд зулгарсан шарх, зүүн сарвууны ар талдаа жижиг жижиг олон тооны цэгчилсэн зулгаралт, зүүн гуяны гадна дээд хэсэгт цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. 2.Уг гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр тухайлбал зам тээврийн ослын үед үүсгэгдэх боломжтой. 3.Дээрх гэмтлүүд нь ШЭГЗТЖ-н 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4.Цаашид эрүүл мэнд энгийн хөдөлмөрийн чадварт тогтмол нөлөөлөхгүй гэжээ. /хх-109-110/

 

- Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 261 тоот актын дүгнэлтэнд: 1.Т.Алтанхундагын биед тархи доргилт, тархины дух, зулай хэсэг цусан хураа /63-68HU/, баруун нүдний эргэн тойронд, зүүн нүдний дотор буланд цус хуралт, баруун нүдний алиманд цусан хураа гэмтлүүд тогтоогдлоо. 2.Уг гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3.Дээрх гэмтлүүд нь ШЭГЗТЖ-н 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид эрүүл мэнд энгийн хөдөлмөрийн чадварт тогтмол нөлөөлөхгүй гэжээ. /хх-57-58/

 

- Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 263 тоот актын дүгнэлтэнд: 1.Т.Алтанзулын биед тархи доргилт, эрүүний баруун буланд, зүүн өвдгөнд цус хуралт, зүүн эрүү, цээжний зүүн талд хөхний дээд хэсэгт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2.Уг гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3.Дээрх гэмтлүүд нь ШЭГЗТЖ-н 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид эрүүл мэнд энгийн хөдөлмөрийн чадварт тогтмол нөлөөлөхгүй гэжээ. /хх-68/

- Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 266 тоот актын дүгнэлтэнд: 1.Х.Мөнх-Эрдэний биед тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. 2.Уг гэмтэл хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр тухайлбал зам тээврийн ослын үед үүсгэгдэх боломжтой. 3. Дээрх гэмтлүүд нь ШЭГЗТЖ-н 2.6-т зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн  зэрэгт хамаараахгүй. 4.Цаашид эрүүл мэнд энгийн хөдөлмөрийн чадварт  нөлөөлөхгүй.. гэжээ. /хх-72/  

- Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 262 тоот актын дүгнэлтэнд: 1.Б.Мөнхбатын биед тархи доргилт, зүүн нүдний дээд зовхинд хөндлөн зүсэгдсэн шарх, зөөлийн эдийн няцрал, дээд уруулын дотор талд язарсан шарх, зүүн хөмсөгний гадна буланд зулгаралт, зүүн шилбэний дотор дунд хэсэгт цус хуралт, зүүн хацарт сорвитой гэмтэл тогтоогдлоо. 2.Уг зүсэгдсэн шарх гэмтэл нь ир үзүүртэй, бэсэд гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3.Дээрх гэмтлүүд нь ШЭГЗТЖ-н 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид эрүүл мэнд энгийн хөдөлмөрийн чадварт тогтмол нөлөөлөхгүй.. гэжээ. /хх-86-87/

 

- Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 259 тоот актын дүгнэлтэнд:   1.Б.Зоригтбаатарын биед тархи доргилт, баруун хацар шанаа, эрүү, баруун мөр, бугалганы дээд хэсгээс шуу хүртэл, баруун дал, хэвлийн баруун талд, хүйсний баруун талд зулгарсан шархнууд, зүүн мөрнөөс сарвууны үе хүртэл олон тооны цэгчилсэн зулгаралт, баруун тохой, баруун шууны дотор хүнд хэсэг, хэвлийн баруун талд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. 2.Уг гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3.Дээрх гэмтлүүд нь ШЭГЗТЖ-н 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид эрүүл мэнд энгийн хөдөлмөрийн чадварт тогтмол нөлөөлөхгүй гэжээ./хх-126-127/

 

-  Шинжээчийн 33 тоот дүгнэлтэнд: 1.Жолооч Б.Зоригтбаатар нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн байна. 2.Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 7-р бүлгийн 7.12-д заасан “Жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ /уулзвар нэвтрэх тохиолдолоос гадна/ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөн байна. 3.Жолооч Б.Мөнхбат нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна. 4.Замын нөхцөл байдал нөлөөлсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна гэжээ. /хх-49/

 

- Б.Зоригтбаатарын Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/хх- 140/

 

- 00818921 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх- 144/

 

- Б.Зоригтбаатарын Жолоочийн үнэмлэхний хуулбар /хх- 142/

 

- Б.Зоригтбаатарын иргэний үнэмлэхний хуулбар /хх- 139/

 

- Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын 5-р багийн Засаг даргын 2016.06.02-ны өдрийн 270 дугаартай тодорхойлолт /хх-145/

 

- Б.Мөнхбатын Жолоочийн үнэмлэхний хуулбар /хх- 146/

 

- 01251207 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх- 147/

 

-  Хохирогч Г.Батсайхан, Д.Цэцэгмаа нарын хохирлын баримтууд/ хх- 94- 109/

-    Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ. 2016.06.28 /хх-148/

 

- Ачтан эмнэлгийн 2016.06.17-ны өдрийн тодорхойлолт /хх-143/ 

 

-    “Мега марз” ХХК-ний кассын орлогын баримт.2016.07.05 /хх-149, 151/

 

- “Мега марз” ХХК-ний 2016.07.05-ны өдрийн №5053/0716 дугаартай Автомашины эвдрэл хохирлын үнэлгээний тайлан /хх-150/

 

- “Мега марз” ХХК-ний 2016.07.05-ны өдрийн №5052/0716 дугаартай Автомашины эвдрэл хохирлын үнэлгээний тайлан /хх-152/

 

- “Лэндс ХХК” ХХК-ний кассын орлогын баримт.2016.07.14 /хх-154/ 

 

- “Лэндс ХХК” ХХК-ний 2016.07.14-ний өдрийн №БЗД-00011423 дугаартай Автомашины эвдрэл хохирлын үнэлгээний тайлан. Гэрэл зургууд /хх-155-161/

 

- Хохирогч Ц.Энхбатад төлсөн эмчилгээний зардлын баримтууд/хх-163/

 

- Иргэний нэхэмжлэгч Б.Мөнхбатад төлсөн эмчилгээний зардлын баримтууд /хх-164/

 

- Хас банкний төлбөрийн баримт.2016.06.02 /хх-166/ 

 

-Гүнгоо ХХК-ний эмийн сангаас эм тари авсан авсан баримт /хх-166-170/

 

-Төрийн банкний мөнгөн шилжүүлгийн баримтууд /хх-171-176/

 

- Хаан банкний мөнгөн шилжүүлгийн баримт /хх-194/ 

 

- Т.Алтанзулын Сүхбаатар аймгийн Прокурорын газарт гаргасан хүсэлт. 2016.09.01

 

-Төрийн банкний ордогын мэдүүлэгүүд.2016.08.10, 2016.09.02

 

-Ц.Энхбатын Сүхбаатар аймгийн Прокурорын газарт гаргасан хүсэлт. 2016.09.02

-Хаан банкны орлогын мэдүүлэг. 2016.08.17, 2016.08.19

 

-Хаан банкны мөнгөн шилжүүлэг. 2016.09.14

 

- Б.Отгондэлгэрмаагийн Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гаргасан хүсэлт. 2016.09.13

 

- Хаан банкны орлогын мэдүүлэг. 2016.08.17, 2016.08.19

 

- Хаан банкны орлогын мэдүүлэг. 2016.09.01, 2016.08.10, 2016.09.13

 

- Б.Мөнхбатын Сүхбаатар аймгийн Прокурорын газарт гаргасан хүсэлт. 2016.09.01

 

- Т.Алтанхундагын Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гаргасан хүсэлт /2016.09.13/ зэрэг болно.

 

 

Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Зоригтбаатарт холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.1 болгож өөрчлөх нь зүйтэй гэж шүүх үзлээ. 

Учир нь Б.Зоригтбаатарыг зам тээврийн осол гарган бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан гэж Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдсэн, улсын яллагч нь шүүх хуралдаанд түүнийг ослын улмаас бусдад их хэмжээний хохирол учруулсан гэж мөн зүйл ангиар яллаж байгаа зэрэг нь үндэслэлгүй хийгээд Эрүүгийн хуулийг буруу хэрэглэжээ.

Жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулах нь Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.1-д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй ба Б.Зоригтбаатарын үйлдсэн гэмт хэргийн улмаас 3 хүнд хүндэвтэр гэмтэл учирсан тул энэ зүйл ангиар хэргийг зүйлчлэх үндэстэй байна.

Харин Б.Зоригтбаатарын үйлдсэн гэмт хэргийн улмаас иргэний нэхэмжлэгч Б.Мөнхбатад 6.235.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний шууд хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.1, 215.2-т заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй юм. Тухайлбал, Хөрөнгө, Даатгалын үнэдгээний “Лэндс” ХХК иргэний нэхэмжлэгч Б.Мөнхбатын өмчлөлийн Ssangyong Rexton маркийн 8811 СҮА улсын дугаартай машины эвдрэл, хохирлын үнэлгээг 6.235.000 төгрөгөөр тогтоожээ/ хх- 155-157/.

 

Шүүгдэгч Б.Зоригтбаатар нь 2016 оны 06 дугаар сарын 01-ний орой 21 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын 5-р багийн нутаг Өлзийт гэх газарт өөрийн эзэмшлийн 03-44 СҮА улсын дугаартай Бонго маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7 дугаар зүйлийн 7.12-т “ Жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ /уулзвар нэвтрэх тохиолдлоос гадна/ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө ” гэсэн заалтыг зөрчин Ssangyong Rexton маркийн 8811 СҮА улсын дугаартай машиныг мөргөж зам тээврийн осол гарган иргэн Ц.Энхбатын биед “тархи доргилт, зүүн сүүжний ясны суудал хэсгийн цууралт, зүүн 4,5,6-р хавирганы хөндлөн цууралт, дух, хамар, баруун хацар, шанаа, эрүү, уруулыг хамарсан, баруун гарын сарвууны ар 3,4,5-р хурууны харалдаа, зүүн өвдгөнд зулгарсан шарх, зүүн сарвууны ар талдаа жижиг жижиг олон тооны цэгчилсэн зулгаралт, зүүн гуяны гадна дээд хэсэгт цус хуралт” бүхий, Б.Отгондэлгэрмаагийн биед “ тархи доргилт, зүүн гарын шууны нарийн ясны метафиз хэсгийн хугарал, баруун зүүн нүдний эргэн тойронд, баруун бугалганы гадна дунд хэсэгт, баруун хөлийн шилбэний урд дунд хэсэгт, шагайн дотор талд цус хуралт, зүүн гарын тохойд, баруун хөлийн шилбэний урд дунд хэсэгт, баруун гарын сарвууны ар хэсэгт цэгчилсэн олон тооны зулгаралт, 2 талын шанааны зөөлөн эдийн няцрал “ бүхий, М.Эгшиглэнгийн биед “зүүн эгэм ясны хөндлөн зөрөөтэй хугарал, дух, зүүн хацарт зулгарсан шарх ”  бүхий хүндэвтэр гэмтлүүдийг тус тус учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Б.Зоригтбаатарын шүүх хуралдаанд болон мөрдөн байцаалтанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Ц.Энхбат, Б.Отгон-Дэлгэрмаа, М.Эгшиглэн, иргэний нэхэмжлэгч Б.Мөнхбат, Т.Алтанхундага, Т.Алтанзул, Х.мөнх-Эрдэнэ, гэрч Т.Алтантулга, Б.Эрдэнэцогт, Г.Алдарбаатар нарын мэдүүлгүүд, Шинжээчийн дүгнэлтүүд болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.   

 

Хэргийн нөхцөл байдлыг судлахад, шүүгдэгч Б.Зоригтбаатар нь хөдөө газар, ямар нэгэн саад бартаагүй шулуун замд явахдаа өөдөөс чигээрээ ирж яваа машины замд/урсгалд/ орсноос зам тээврийн осол гаргасан нөхцөл байдал хэрэгт тогтоогдох бөгөөд энэ нь иргэний нэхэмжлэгч Х.Мөнх-Эрдэнийн ” Тухайн газарт 2 зэрэгцээ зам байсан бөгөөд бид баруун гар талынх нь замаар явж байсан. Харин нөгөө машин зүүн гар талын замаар өөдөөс ирж байснаа гэнэтхэн замаас гараад бидний явж байсан зам руу орж ирсэн. Тэгтэл манай жолооч мөн баруун гар талруугаа дараад замаас гартал нөгөө машин биднийг дагаж гарч ирээд мөргөсөн. Уул нь анх ирж байсан замаараа зөрсөн бол дүрмийн дагуу зөв зөрөх байсан “ гэх, иргэний нэхэмжлэгч  Б.Мөнхбатын ” Гэнэт зүүнээс баруун зүгт чиглэн маш хурдтай цэнхэр өнгийн Бонго маркийн авто машин маш хурдтай орж ирсэн. Би өөрийн явж байсан замаа бүрэн чөлөөлөөд замынхаа баруун гар тал руу гартал зүүн гар талын урд талаас тухайн авто машин орж ирж маш хүчтэй мөргөж бидний машин ертөнцийн зүгээр баруун урагш харж зогссон ” гэх болон бусад гэрчүүдийн мэдүүлгүүдээр нотлогдоно.

Иймд уг ослын талаар гарсан Техникийн шинжээчийн 01 тоот “ Жолооч Б.Зоригтбаатар нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 7 дугаар бүлгийн 7.12-д “Жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ /уулзвар нэвтрэх тохиолдолоос гадна/ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөн байна. 3.Жолооч Б.Мөнхбат нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна. 4.Замын нөхцөл байдал нөлөөлсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна” гэх дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзнэ. 

 

Шүүгдэгч Б.Зоригтбаатарт холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй, хэргийн зүйлчлэл тохирсон, хэрэг хангалттай нотлогдож тогтоогдсон байх түүнийг тээврийн хэрэгслийг хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчин бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэлээ. 

 

Б.Зоригтбаатар нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг үндэслэн түүний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жилийн хугацаагаар хасч, торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

     

           Шүүгдэгч Б.Зоригтбаатар үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн, гэмт хэргийн улмаас бусдын эрүүл мэндэд учруулсан хохирлоо сайн дураараа төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.3, 55.1.9 дэх хэсэгт заасан ял оногдуулахад хөнгөрүүлэх нөхцөл байдлууд болох ба харин Эрүүгийн хуулийн 56 дугаар зүйлд заасан ял оногдуулахад хүндрүүлэх нөхцөл байдал үгүй байна. 

           Тэрээр тухайн өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байх боловч үүнийг мөрдөн байцаалтаар шалган тогтоогоогүй байна. Учир нь Б.Зоригтбаатар нь ослын газраас шууд эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд цагдаагийн байгууллага хэрэг учралын газарт үзлэг хийхэд байгаагүй байжээ. 

 

Б.Зоригтбаатар энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл, бичиг баримт ирээгүй, тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй буюу хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нэхэмжлэх зүйлгүй гэдгээ шүүхэд ирүүлсэн хүсэлтэндээ тус тус дурджээ.

 

Шүүгдэгч Б.Зоригтбаатарын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах буюу тодорхой үйл ажиллагаа явуулах эрхийг хасах ял хэрэглэх тул хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Б.Зоригтбаатарын №495722 дугаартай Жолоочийн үнэмлэхийг Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлнэ.

 

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Зоригтбаатарт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1-д зааснаар өөрчилж, зүйлчилсүгэй. 

 

2. Шүүгдэгч Ширээт овгийн Би-Ирлээгийн Зоригтбаатарыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчин бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1-д зааснаар шүүгдэгч Б.Зоригтбаатарын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жилийн хугацаагаар хасч, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 6 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 1.152.000 /нэг сая нэг зуун тавин хоёр мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

 

 4. Ялтан Б.Зоригтбаатар энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг дурдсугай.

 

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.7-д заасныг баримтлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ялтан Б.Зоригтбаатарын № 495722 дугаартай Жолоочийн үнэмлэхийг Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 47 дугаар зүйлийн 47.3 дахь хэсэгт зааснаар ялтан нь торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл уг ялын хэмжээнээс хамааруулан шүүх торгох ялыг гурван жил хүртэл хугацаагаар хорих ялаар сольж болохыг мэдэгдсүгэй.

 

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1.1-д заасныг баримтлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ялтан Б.Зоригтбаатарт урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 303.2, 304 дүгээр зүйлийн 304.1-т зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч тэдний төлөөлөгч нь зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүх энэ тухай талуудад нэн даруй мэдэгдэн, тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй. 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           С.НАСАНБУЯН