Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 58

 

 

 

 

 

 

 

 

 

 

            М.Б-т холбогдох эрүүгийн

             хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Зориг  даргалж, шүүгч Ц.Оч, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

                                                        

            прокурор Ц.Гансүлд,

            нарийн бичгийн дарга Ц.Билгүүн нарыг оролцуулан,

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дашдондов даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 1004 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Ц.Гансүлдийн бичсэн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 59 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлийг үндэслэн М.Б-т холбогдох 1808012491193 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Д......... овгийн М...... Б..........., Төв аймгийн Баян-Өнжүүл суманд 19.. оны .. дугаар сарын ..-ний өдөр төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл .., эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, Сүхбаатар дүүргийн .. дугаар хороо, .. дугаар хороолол, .. дугаар байрны .. тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: НЮ.................../,

 

М.Б нь 2018 оны 2 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 32 дугаар байрны 198 тоотод иргэн А.А-ын 570,000 төгрөгийн үнэ бүхий “I phone-7” загварын гар утсыг “утсаар чинь яриад өгье” гэж  илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар дээрэмдэж авсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас М.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: М.Б-т холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилж, М.Б-ыг бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх аргаар залилан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр М.Б-ыг 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар М.Б-т зан үйлээ засах сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг М.Б-т мэдэгдэж, М.Б-ын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

                Прокурор Ц.Гансүлд бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Залилах гэмт хэрэг нь өмчлөх эрхийн эсрэг бусад гэмт хэргээс ялгарах гол онцлог шинж нь бусдын өмч хөрөнгийг шууд өөрийн мэдэлд авах үйлдлээс гадна өмч хөрөнгийг өөрийн мэдэлдээ оруулж, буцааж өгөхгүй ашиглах, захиран зарцуулах эрхийг олж авсан байдагаараа ялгагдана. Тодруулбал, залилах гэмт хэргийн хохирогч нь сайн дурын үндсэн дээр эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхтэйгээ өмч хөрөнгөө бусдад шилжүүлдэг бөгөөд өөрийнх нь хяналтан доор түр ашиглах боломж олгосныг бусдад өмч хөрөнгө, өмчлөх эрхээ шилжүүлсэн гэж үзэхгүй. Хэргийн нөхцөл байдлын хувьд яллагдагч М.Б нь “гар утсаар чинь яриад өгье” гэж хэлээд хохирогч А.А-ын гар утсыг авсан үйлдэл нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр авсан шинжийг, хохирогч А.А нь түүнд гар утсаа авч явах зөвшөөрөл өгөөгүй байхад яллагдагч М.Б нь дур мэдэн авч явсан үйлдэл нь бусдын эд хөрөнгийг хууль бусаар авсан шинжийг тус тус хангаж байна. Хохирогч А.Аын “...Таксины жолооч залуу гэрт дагаад орсон. Гэрт хүн байгаагүй учир жижиг өрөөнд орж охиныхоо хэтэвчнээс мөнгө авч өгөх гээд эргэхэд араас “гар утсаа өгч бай, утсаар чинь яриад өгье” гэсэн. Тэгэхээр нь би гар утсаа өгөөд мөнгө авах гээд явсан. Тэгтэл миний гар утсыг аваад шатаар буугаад явсан. Би араас нь гар утсыг өгчих, наадахыг чинь хэрэглэж болохгүй. Мөнгөө аваач ээ” гэхэд тоогоогүй яваад өгсөн. Би араас нь гараад хартал байхгүй байсан...” гэх мэдүүлгээс /хх 17-18, 19-21/  үзвэл яллагдагч М.Б нь бусдын эд хөрөнгийг илээр авсан байх ба хохирогчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан үйлдлийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэж үзнэ. Түүнчлэн хохирогч А.А нь өөрийн өмч хөрөнгө болох “I phone-7” загварын гар утсаа захиран зарцуулах эрхтэйгээр бусдад шилжүүлээгүй буюу тухайн эд зүйлийг өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхтэйгээр яллагдагч М.Б-т өгөөгүй байх тул уг үйлдэл “залилах” гэмт хэргийн шинжгүй болно. Харин М.Б-ын үйлдэл нь идэвхитэй бөгөөд ухамсартай үйлдэл байхын сацуу хууль бус болох нь илэрхий атал шунахайн сэдлээр бусдын эд хөрөнгийг хууль бусаар авч явсан байх тул дээрэмдэх гэмт хэргийг санаатай үйлдсэн гэж үзэхээр байна.

Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 1004 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар М.Б-т холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ прокурорын бичсэн эсэргүүцлийн үндэслэлээр хязгаарлахгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

 

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй болж чадаагүй байна.

 

            Прокуророос шүүгдэгч М.Б-ыг 2018 оны 2 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 32 дугаар байрны 198 тоотод иргэн А.А-ын 570,000 төгрөгийн үнэ бүхий “I phone-7” загварын гар утсыг “утсаар чинь яриад өгье” гэж  илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар дээрэмдэж авсан хэмээн үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн ирүүлжээ.

 

            Анхан шатны шүүх дээрх хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцээд “... М.Б-ын үйлдэлд дээрэмдэх гэмт хэргийн хууль бусаар авсан шинж тогтоогдоогүй. Хохирогчийн эд хөрөнгийг “эхнэр лүү чинь утсаар яриад өгье” гэж хэлээд аваад явсан нь залилах гэмт хэргийн шинжид хамааралтай...” гэж дүгнэн М.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэрэг үйлдсэнээр зүйлчлэн шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.

Учир нь, хохирогч А.А: “... 2018 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 23 цагийн үед “Ардын эрх” орчмоос саарал өнгийн автомашинд суугаад гэрийнхээ үүдэнд буухад хөлс нь 7,500 төгрөг гарсан байсан. Өөрт байсан мөнгөө тоолоход хүрээгүй учир гэртээ дагуулан орж 5,000 төгрөг өгөхөөр болсон. Гэрт ороход хүн байгаагүй. Нөгөө залуу намайг дагаж орж ирээд “ахаа утсаар чинь нэг яриад өгье” гэхээр нь утсаа өгтөл тэр дороо гүйгээд гарсан...” /хх 18/, “... гар утсыг аваад шатаар буугаад явсан... Гэхдээ хөөж барьсан зүйл байхгүй. Өмнөх мэдүүлэг дээрээ буруу ойлгогдохоор мэдүүлсэн байна ...” хх 21/, яллагдагч М.Б: “... 1-р хорооллын 32 дугаар байрны гадаа очоод “7,000 төгрөг гарлаа” гэж хэлэхэд “мөнгө байхгүй, гэрээс ороод мөнгө аваад өгье” гэсэн. Гэрт нь дагаж ороод үүдэнд нь зогсоод “мөнгөө өг” гэтэл “за хоёулаа өөр тийш явъя” гэхээр нь татгалзсан. Би мөнгөө нэхээд хэсэг маргалдсан. Тэр үед халааснаасаа 2,000 төгрөг гаргаж ирээд “май энийг ав, өөр мөнгө байхгүй” гэхээр нь би авахгүй гэсэн. Би “эхнэр, хүүхэд чинь байдаг юм бол утсаараа яриад мөнгөө аваад өгчих” гэхэд залгахгүй байсан. “Алив би эхнэр рүү чинь яръя” гэхэд дугаарыг нь хэлэхгүй байсан. Гартаа утсаа барьсан байхаар нь “алив өгч бай, би залгаад өгье” гэхэд утсаа өгсөн. Залгах гэтэл дугаарыг нь хэлэхгүй, утас нь цоожтой байхаар нь би гар утсыг нь аваад шатаар буусан. Араас гарч ирээд “гар утсаа авъя” гэхээр нь “мөнгөө өгөөд аваарай” гэж хэлээд явсан...” /хх 43/ гэж тус тус мэдүүлжээ.

 

Дээрх нотлох баримтуудыг нэгтгэн дүгнэхэд хохирогч А.А нь автомашинаар үйлчлүүлсэн хөлсөө төлөөгүйн улмаас төлбөр, тооцооны маргаан үүсч, шүүгдэгч М.Б нь үйлчилгээний хөлсөнд хохирогчийн “I phone-7” загварын гар утсыг барьцаалж, хөлсөө төлсний дараа өгөх зорилгоор авсан байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан дээрэмдэх, залилах гэмт хэргүүд нь санаа зорилгын хувьд хохирогчийн эд хөрөнгийг бүр мөсөн өөрийн мэдэлд шилжүүлэн авч, эд хөрөнгийн ашиг хонжоо олох гэсэн шунахайн сэдэлтээр үйлддэг онцлогтой. Гэтэл шүүгдэгч М.Бын үйлдэлд дээрэмдэх, залилах гэмт хэргүүдийн аль алинд нь заавал байх ёстой дээрх шинж бүрэн тогтоогдоогүй байна. Автомашинаар үйлчлүүлсний хөлсөө хохирогч А.А төлөөгүйн улмаас гар утсыг нь хөлсөө төлөх хүртэл түр авсан гэсэн шүүгдэгчийн мэдүүлгийг үгүйсгэх баримт хэрэгт авагдаагүйн улмаас гэмт хэргийн сэдэлт, санаа зорилгод эргэлзээ төрөхөөр нөхцөл байдал үүсч байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд... эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ.” гэж заасан гэм буруугүйд тооцох зарчмын дагуу М.Б-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон, түүнийг цагаатгаж, дээрэмдэх гэмт хэргээр зүйлчлэн шийдвэрлүүлэхийг хүссэн прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

   1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 1004 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, М.Б-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон, түүнийг цагаатгасугай.

 

   2. Прокурор Ц.Гансүлдийн бичсэн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 59 дүгээр улсын яллагчийн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай. 

 

3. Шүүгдэгч М.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.ЗОРИГ

ШҮҮГЧ                                                            Ц.ОЧ

                        ШҮҮГЧ                                                           М.ПҮРЭВСҮРЭН