Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 00401

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанд:

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Хөвсгөл эрчим хүч ХХК-ий нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 6 дугаар багийн 08-08 тоотод оршин суух  Баатарууд овогт Цэнд-Аюушийн Эрдэнэбаатар/РХ67030312/-д холбогдох

1.400.000 /нэг сая дөрвөн зуун мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Оюунбилэг Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Хишигсүрэн, хариуцагч Ц.Эрдэнэбаатар нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Хөвсгөл эрчим хүч ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ц.Эрдэнэбаатар нь манай байгууллагад түлшний няраваар 2002 он хүртэл хугацаанд ажиллаж байхдаа 1.400.000 / нэг сая дөрвөн зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан бөгөөд уг өрийг төлж байгууллагын хохиролыг барагдуулаагүй байна. Ц.Эрдэнэбаатар нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа дээрх өр төлбөрийг 2002 оноос 2004 оны 6 дугаар сар хүртэл хугацаанд цалингаасаа суутгуулан барагдуулсан гэх боловч цалингийн хүснэгтнээс тодорхой харагдахгүй байгаа юм. Иймд энэ асуудлыг хуулийн дагуу шийдэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Хишигсүрэн шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Ц.Эрдэнэбаатар нь манай байгуллагад нярваар ажиллаж байх хугацаандаа 1400,000 төгрөгний өр төлбөр гаргасан юм. Тэгээд уг мөнгө нь одоо болтол манай байгууллагын дансанд өрөөр тусгагдаад явдаг. Ийм учраас шүүхэд нэхэмжлэл гаргасан. Гаргасан нэхэмжлэлээ дэмжиж байна гэв.

Хариуцагч Ц.Эрдэнэбаатар шүүхэд болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие Ц.Эрдэнэбаатар нь Хөвсгөл аймгийн Эрчим хүчний үйлдвэрт 1988 онд анх ажилд ороод  1988-1999 онуудад засварчнаар, 1999-2002 онуудад засварчин түлшний няраваар, 2002-2004 онуудад засварчнаар тасралтгүй 16 жил ажилласан. Би 1999 оноос 2002 он хүртэл түлшний няравын ажлыг хавсран гүйцэтгэж байсан  ба 2002 онд уг ажлыг хүлээлгж өгөх үед дутагдал гарсан тул 2002 оноос 2004 оны 6 сар хүртэл цалингаасаа суутгуулан төлж барагдуулсан. Хөвсгөл аймаг нь 2004 оны 08 сард төвийн эрчим хүчинд холбогдсон тул эрчим хүчний үйлдвэрийн ажилчдыг цомхотгоход миний бие уг цомхотголд орж ажлаас чөлөөлөгдсөн ба байгууллагын дотоод журмын дагуу тойрох хуудас зуруулж, зохих тэтгэмж, амралтын мөнгө зэргээ бодуулж, өр төлбөр тооцоогүй гэж хүлээлгэн өгсөн. Үүнээс хойш 15 жил өнгөрсөн байх ба миний бие энэ хугацаанд Мөрөн суманд байнга оршин сууж байгаа, тухайн байгууллагаас намайг өр төлбөртэй талаар огт мэдэгдэж байгаагүй болно.

Иймд энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын тайлбарыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хөвсгөл аймгийн Хөвсгөл эрчим хүч ХХК-ий нэхэмжлэлтэй, хариуцагч Ц.Эрдэнэбаатарт холбогдох 1.400.000 /нэг сая дөрвөн зуун мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Ц.Эрдэнэбаатар нь Хөвсгөл аймгийн Эрчим хүчний үйлдвэрт засварчин-түлшний няраваар 1999 оноос 2002 оныг хүртэл хавсран ажиллаж байхдаа 1.400.000 төгрөгийн дутагдал гаргасан тал дээр маргахгүй байх ба харин энэ өрөө 2002-2004 оны хооронд уг байгууллагад ажиллахдаа төлж барагдуулсан гэж мэтгэлцжээ.

Ажилтан нь хөдөлмөрийн гэрээнд заасан үүргээ хангалтгүй биелүүлсний улмаас байгууллагад 1.400.000 төгрөгийг хохирол учруулсан болох нь:

Эрчим хүчний удирдах газрын харъяа Хөвсгөл аймгийн Эрчим хүчний үйлдвэрийн даргын 2002 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 22 дугаартай “ ... 7. Байгууллагад учирсан хохирлыг Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 136 дугаар зүйлд заасны дагуу тооцон нярвын ажил хийж байсан Ц.Эрдэнэбаатарын 1.400.000 төгрөгийг хохирлыг зөвшөөрсөн баримт тооцоон дээр тохиролцон барагдуулахыг ерөнхий санхүүч Д.Саранчимэгт даалгасугай...” гэх Ажлаас чөлөөлж, өөр ажилд шилжүүлэх тухай тушаалын хуулбар болон Ц.Эрдэнэбаатарын өөрийн тайлбараар тогтоогдож байна.

Хариуцагч нь шүүх хуралдаанд “....үүнээс хойш 15 жил өнгөрсөн байх ба миний бие энэ хугацаанд Мөрөн суманд байнга оршин сууж байгаа, тухайн байгууллагаас намайг өр төлбөртэй талаар огт мэдэгдэж байгаагүй болно....” гэж тайлбарлаж байх ба Хөвсгөл аймгийн Эрчим хүч ХХК нь нэхэмжлэлээ 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр гаргаж шүүх нэхэмжлэлийг 2017 оны 3 дугаар сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэсэн ба нэхэмжлэгч нь 14 жил 8 сар гарны дараа шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Иргэний хуулийн 74 дүгээр зүйлд Хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байна гэж заасан ба мөн хуулийн 75 дугаар зүйлд   хуульд өөрөөр заагаагүй бол хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа 10 жил байдаг ба гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг 3 жил гэж тусгай хугацаа заасан байх ба нэхэмжлэгч нь шүүхэд 14 жил 8 сар гарны дараа  нэхэмжлэл гаргасан нь нэхэмжлэгч нь шаардах эрхээ хэрэгжүүлэх хөөн хэлэлцэх хугацаа дууссан үед нэхэмжлэл шүүхэд гаргасан байна гэж дүгнэх үндэслэлийг бий болгож байна.

Нэхэмжлэгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь энэ 14 жил 8 сар гарны хугацаанд  хөөн хэлэлцэх хугацаа сэргээлгэх хүсэлт шүүхэд гаргаагүй, хөөн хэлэлцэх хугацааг ямар шалтгаанаар хуульд заасан гомдол гаргах хугацааг хэтрүүлж гаргасан энэ талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй, шүүхэд ирүүлээгүйг дурдаж байна.

Иймд нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Хөвсгөд эрчим хүч ХХК-ий 1.400.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 37.350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 75 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Хөвсгөл эрчим хүч ХХК-ий хариуцагч Ц.Эрдэнэбаатарт холбогдох 1.400.000 /нэг сая дөрвөн зуун мянга / төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 37.350 /гучин долоон мянга гурван зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар  гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                      Б.МӨНХТУЯА