Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 00403

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Бямбасүрэн даргалж, шүүгч Б.Отгонбямба, шүүгч Г.Даваахүү нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн 28 дугаар гудамжны 6 тоотод оршин суух, РТ56102072 дугаар регистртэй, Шаваршууд овогт Даваасүрэнгийн Пүрвээ,

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн 28 дугаар гудамжны 6 тоотод оршин суух, РТ62091361 дугаар регистртэй, Армагууд овогт Гомбын Цэцэгээ нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газарт холбогдох,

Гэмт хэргийн улмаас учирсан сэтгэл санааны хохирол 20.000.000 /хорин сая / төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны01 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, 155/2016/00140/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Өлзийбуян, нэхэмжлэгч Д.Пүрвээ, Г.Цэцэгээ, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Б.Түмэндэмбэрэл, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Буяндалай, хариуцагчийн өмгөөлөгч С.Оюунжаргал нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Пүрвээ, Г.Цэцэгээ нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр суманд цагдаагаар ажиллаж байсан Д.Пүрэвхүүгийн хууль бус үйлдлийн улмаас 2010 оны 10 дугаар сарын 6-ны өдрөөс 7-нд шилжих шөнө хүүгийн минь алтан амь хохирч, улмаар эцэг, эх болох бид хоёр сэтгэл санааны нөхөж баршгүй их хохирол амссан юм. 

Цагдаагаар ажиллаж байсан Д.Пүрэвхүү нь энэ үйлдэлдээ буруутай нь тогтоогдож одоо Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харъяа 425 дугаар ангид ял эдлэж байна.

Иймд Монгол улсын Засгийн газрын 132 дугаар тогтоолоор батлагдан Зарим төрлийн гэмт хэргийн хохирогчид төрөөс нөхөн төлбөр олгох журам-д Эрүүгийн хуулийн 391 дүгээр зүйлд хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан хохирол, 391.3-д сэтгэл санаанд учирсан хохирлыг мөнгөн хэлбэрээр нөхөн төлүүлнэ гэж тус тус заасны дагуу манай гэр бүлд цагдаагийн байгууллагын ажилтаны хууль бус үйлдлээс болж хүүгийн минь алтан амь нас хохирч, хүүхэд өнчирч, эцэг, эхэд нь сэтгэл санааны маш их хохирол учирсаны улмаас 20.000.000 /хорин сая/ төгрөг буюу сэтгэл санаа болон амь насны хохирлыг төрөөс нэхэмжилж байгаа тул тус нөхөн төлбөрийг бидэнд барагдуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Д.Пүрвээ, Г.Цэцэгээ нар шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хөвсгөл аймгийн Цагдаагийн газраас ирүүлсэн тайлбартай танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Д.Пүрэвхүү нь Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр суманд Цагдаагаар ажиллаж байхдаа 2010 оны 10 дугаар сарын 6-ны өдрөөс 7-нд шилжих шөнө хүү П.Октябрийг албан үүрэгтээ хайнга хандсаны улмаас хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр алсан гэмт хэргийг үйлдэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1-д зааснаар хорих ялаар шийтгүүлээд одоо ялаа эдэлж байгаа.

Цагдаагаар ажиллаж байсан Д.Пүрэвхүү нь албан үүргээ зөрчсөн нь анхан болон давж заалдах шатны шүүхээр бүрэн тогтоогдож, түүний гэм буруутай үйлдлийн улмаас хүүгийн минь амь нас хохирсон болох нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож тогтоогдож анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор уг гэмт хэргийн улмаас хохирогчид гэм хор учирснаас үүссэн бусад хохирлоо баримтаа бүрдүүлж нэхэмжлэх эрх нь нээлттэй үлдсэний дагуу Иргэний хуулийн 498.1, 498.2-т зааснаар Хохирогч нарт учирсан сэтгэл санааны хохирол, замын зардал болон бусад зардлыг Цагдаагийн байгууллага буюу төрөөс гаргуулах нь хууль зүйн үндэслэлтэй юм. Иймд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 391 дүгээр зүйлийн 391.1-д заасны дагуу хохирогч бидэнд учирсан эд хөрөнгийн бус хохирлыг хуульд заасны дагуу шүүхээр тогтоолгож холбогдох байгууллагаас гаргуулах саналтай байгаа юм.

Харин Д.Пүрэвхүүгээс хохирогч У.Нарангэрэл нь тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүг тогтоолгох хүсэлтэй байгааг анхаарч үзнэ үү.

Мөн Цагдаагийн байгууллагаас шүүхэд ирүүлсэн тайлбар нь ойлгомжгүй байгаа ба хохирогчид учирсан гэм хорын хохирлыг гаргуулах шаардлага тавьж байгаа юм. Төрүүлж өсгөсөн эх хүний хувьд маш их гомдолтой байна. Миний хүү айл гэр болоод сайхан амьдарч байсан. Гэрээс нь эрүүл саруул авч явчихаад амь насыг нь хохироосонд болон өнчин хоцорсон хүүхдээ харахаар миний сэтгэл их шаналж явдаг. Г.Цэцэгээ би бэр Ч.Нарангэрэлийг төлөөлөн шүүхэд нэхэмжлэл гаргасан юм гэжээ.

Нэхэмжлэгч Д.Пүрвээ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2010 оны 10 дугаар сарын 6-ны шөнө хэсгийн цагдаа Д.Пүрэвхүү манай хүүг гэрээс нь ирж аваад хэрцгийгээр хөнөөсөнөөс болж бид сэтгэл санаагаар хохирч, үр хүүхэд нь өнчирсөн. Үүнээс болж манай эхнэрийн зүрх өвдөж байнгын унадаг өвчтэй болж, улмаар байнга эмнэлэгт хэвтэж эмчлүүлдэг. Дөнгөж 25 нас хүрч байсан хүүхдээ цагдаа хүний гарт алдсандаа гомдолтой байдаг. Миний хүү айл болоод 300 гаруй малтай, хувьдаа машинтай, мянгат малчин болно гэж ярьдаг, малын орлого, төл мал, мах сүүгээ борлуулаад сардаа 400.000-500.000 төгрөгийн орлого олдог ажилч хичээнгүй хүү байсан. Тэр үед хүү маань гэр бүл болоод 1 жил болсон, хүү нь дөнгөж 1 нас л хүрч байсан бөгөөд энэ хэргээс болж манай ач хүү маань унадаг өвчтэй болсон, энэ талаарх сумын Засаг даргын тодорхойлолт гаргаж өгсөн байгаа. Одоо манай хүү байсан бол улс нийгэмдээ өчнөөн төгрөгийг ажил хөдөлмөр эрхлэх байсан. Энэ хэргээс болж бид сэтгэл санаагаар унаж, өвчин хуучтай болсон учир бидэнд сэтгэл санааны хохирол 20.000.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

Нэхэмжлэгч Г.Цэцгээ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2010 оны 10 дугаар сарын 6-ны өдөр манай хүү цагдаа Д.Пүрэвхүүгийн гарт амиа алдсан. Бид нар сэтгэл санааны маш их хохирол амссан учир шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хүүгээ алдсанаас хойш би маш их сэтгэлээр унаж, улмаар унаж татдаг өвчтэй болсон. Шүүхэд Д.Пүрэвхүүгийн үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлыг гаргуулахаар Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1, 498.2-т заасны дагуу нэхэмжлэл гаргасан тул бидэнд гэм хорын хохирол гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Буяндалай шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах тасгийн дарга Д.Буяндалай би Д.Пүрвээ, Г.Цэцэгээ нарын гаргасан нэхэмжлэлтэй иргэний хэрэгт Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газрыг төлөөлөн оролцож байгаа ба иргэн Д.Пүрвээ, Г.Цэцэгээ нараас гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр зөвшөөрөхгүй байна. Үүнд: Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т зааснаар иргэний нэхэмжлэгч нь эрүүгийн хэрэгт иргэний нэхэмжлэл гаргаагүй, эсхүл гаргасан нэхэмжлэлийг нь хэлэлцээгүй орхисон бол иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмын дагуу нэхэмжлэх эрхтэй талаар заасан. Гэтэл Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын Чандмань-Өндөр сум дахь цагдаагаар ажиллаж байсан Д.Пүрэвхүүгийн үйлдсэн гэмт хэргийг Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр гэм бурууг нь эцэслэн тогтоож, гэмт хэргийн улмаас учирсан иргэний нэхэмжлэлтэй холбоотой асуудлыг хамтад нь шийдвэрлэсэн байна. Нэхэмжлэгч талаас Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 391 дүгээр зүйлийн 391.3-т заасан үндэслэл журмын дагуу сэтгэл санааны хохирлоо нэхэмжилсэн байгаа ба Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 44 дүгээр бүлэг нь Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны явцад хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгчийн хууль зөрчсөн /хууль бусаар ял шийтгэсэн, баривчилсан, цагдан хорьсон, албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлсэн, эмнэлгийн байгууллагад байлгасан, албадан эмчлэх арга хэмжээ хэрэглэсний улмаас учирсан хохирол/ ажиллагааны улмаас эд хөрөнгийн хохирол, сэтгэл санааны үр дагаврыг арилгах асуудлыг зохицуулсан агуулгатай юм. Д.Пүрэвхүү нь тус байгууллагад хэсгийн цагдаагаар ажиллаж байсан бөгөөд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах субъект биш, түүний үйдсэн гэмт хэргийн шинж байдал нь ч дээрх хуулийн заалттай нийцэхээргүй байгаа юм.

Мөн түүнчлэн нэхэмжлэлд Монгол улсын Засгийн газрын 2011 оны 132 дугаар тогтоолоор батлагдсан Зарим төрлийн гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох журам-ыг баримтлан шийдвэрлүүлэхээр тусгажээ. Засгийн газрын тогтоолоор батлагдсан уг журам нь тодорхой төрлийн зарим гэмт хэргийн хохирогчид Гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох сан-аас нөхөн төлбөр олгохтой холбоотой харилцааг зохицуулсан журам бөгөөд хэрэв уг журмын дагуу дагуу нөхөн төлбөр авах хүсэлтэй бол нэхэмжлэгч тал хүсэлтээ шүүхэд бус Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хандаж гаргах зохицуулалттай байна. Д.Пүрэвхүүгийн үйлдсэн гэмт хэрэг нь бие даасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулсан учир шүүхээс гэм буруутай нь тогтоогдож, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн, мөн иргэний нэхэмжлэлтэй холбоотой асуудал нь шийдвэрлэгдсэн байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчийн тайлбарыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Пүрвээ, Г.Цэцэгээ нар нь хариуцагч Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газарт холбогдуулан Засгийн газрын 2011 оны 132 дугаар тогтоол, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 391 дүгээр зүйлийн 391.3-т заасныг үндэслэн сэтгэл санаанд учирсан гэм хорын хохирол 20.000.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан ба шүүх хуралдаанд Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1, 498.2-т заасныг үндэслэн сэтгэл санаанд учирсан гэм хорын хохирол 20.000.000 төгрөг гаргуулна гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан байна.

Шүүх тодруулсан шаардлагыг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч Д.Пүрвээ, Г.Цэцэгээ нар нь ... талийгаач хүү минь айл болоод 300 гаруй толгой малтай байсан. Малын орлого, төл мал, мах сүүгээ борлуулаад сардаа 400.000-500.000 төгрөгийн орлого олдог байсан. Энэ гэмт хэргээс болж манай ач хүү унадаг өвчтэй болсон, бид сэтгэл санаагаар маш их унаж, өвчин хуучтай болсон учир бидэнд сэтгэл санааны хохирол 20.000.000 төгрөг гаргуулж өгнө үү гэж,

Хариуцагч Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газар нь ... Д.Пүрэвхүү нь тус байгууллагад хэсгийн цагдаагаар ажиллаж байсан, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах эрх бүхий субъект биш, Засгийн газрын тогтоолоор батлагдсан 2011 оны 132 дугаартай тогтоол журам нь тодорхой төрлийн зарим гэмт хэргийн хохирогчид Гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох сан-аас нөхөн төлбөр олгохтой холбоотой харилцааг зохицуулсан журам бөгөөд хэрэв уг журмын дагуу дагуу нөхөн төлбөр авах хүсэлтэй бол нэхэмжлэгч тал хүсэлтээ шүүхэд бус Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хандаж гаргах зохицуулалттай. Д.Пүрэвхүүгийн үйлдсэн гэмт хэрэг нь бие даасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулсан учир шүүхээс гэм буруутай нь тогтоогдож эрүүгийн хариуцлага хүлээсэн, иргэний нэхэмжлэлтэй холбоотой асуудал нь шийдвэрлэгдсэн тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргаж байна.

Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-д Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ.

498.2-т Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй /-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана гэж заасан.

Хэдийгээр Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын цагдаагаар ажиллаж байсан Д.Пүрэвхүү нь 2010 оны 10 дугаар сарын 06-ны өдөр тус сумын иргэн талийгаач Пүрвээгийн Октябрийг согтуугаар зодож санаатай алсан гэмт хэргийг үйлдсэн болох нь Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүхийн 2012 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 13 дугаартай шийтгэх тогтоолын хуулбараар тогтоогдож байх боловч талийгаач нь амьд байсан бол нэхэмжлэгч Д.Пүрвээ, Г.Цэцэгээ нарыг шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлх хугацаанд 20.000.000 төгрөгийн орлого олох байсан нь хангалттай нотлогдохгүй, эрүүл мэнд, сэтгэл санаагаар хэрхэн яаж хохирол учирсан талаарх нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.

Нэхэмжлэгч нар нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүргээ хангалттай хэрэгжүүлээгүй, хэрхэн ямар аргаар тооцож 20,000,000 төгрөг гаргасан байдал нь ойлгомжгүй, нэхэмжлэлийн үндэслэл тодорхойгүй байна.

Иймд шүүх нэхэмжлэлийг хангах хууль зүйн үндэслэлгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Харин нэхэмжлэгч нар нь дээрхээс өөр үндэслэлээр шүүхэд дахин нэхэмжлэл гаргахад энэ шийдвэр саад болохгүй болохыг дурдлаа. 

Нэхэмжлэгч нараас хавтаст хэрэгт гаргаж өгсөн дараах нотлох баримтуудыг шүүх үнэлээгүй болно. Үүнд: Монгол улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2013 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 155 дугаартай тогтоолын хуулбар, /хх-ийн 11-12-р тал/, Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 2013 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 1/555 дугаартай албан бичгийн хуулбар, /хх-ийн 31-р тал/, Монгол улсын Хууль зүйн яамны 2013 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 7/1444 дугаартай албан бичгийн хуулбар, /хх-ийн 32-33-р тал/ зэрэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан нотлох баримтын шаардлага хангахгүй, нэхэмжлэгч Г.Цэцэгээгийн амбулаториар эмчлүүлэгчийн карт гэх дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн 10 хуудас баримт нь хэнийх болох нь тодорхойгүй, Чандмань-Өндөр сумын Ёлгос багийн эмчийн тодорхойлолтонд хүний их эмч Раднаагийн Нармандах гэх тэмдэг дарсан, Чандмань-Өндөр сумын эрүүл мэндийн төвийн тодорхойлолт гэх баримт нь өөр өнгийн бал сольж бичсэн, байгууллагын албан бланк ашиглаагүй байх тул шүүх дээрх баримтуудыг үнэлээгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нар нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдлаа.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2, 498 дугаар зүйлийн 498.1, 498.2-т зааснаар Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газарт холбогдох сэтгэл санаанд учирсан гэм хорын хохиролд 20.000.000 /хорин сая/ төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч Д.Пүрвээ, Г.Цэцэгээ нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нар нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Н.БЯМБАСҮРЭН

                ШҮҮГЧИД                          Б.ОТГОНБЯМБА

                                                            Г.ДАВААХҮҮ