| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Барнямын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 155/2017/00241/и |
| Дугаар | 00404 |
| Огноо | 2017-04-06 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 04 сарын 06 өдөр
Дугаар 00404
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 6 дугаар багийн 35-6 тоотод оршин суух, РХ39101004 дугаар регистртэй, Өвгө овогт Чойжоон Цэрэндэжид
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, 155/2016/00235/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Өлзийбуян, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Дондов нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ч.Цэрэндэжид шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Миний Чойжоо овогтой Цэрэндэжид нь 1963 оноос 1967 онуудад Чандмань-Өндөр сумын Хүн эмнэлэгт асрагч-цэвэрлэгчээр, 1968 оноос 1972 онуудад Хатгал хотын Хүн эмнэлэгийн аптекад шил угаагч-цэвэрлэгчээр, 1972 оноос 1988 онуудад Хатгал хотын Худалдааны трестэд худалдагчаар ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт орсон юм. Тэр үед 1963 оноос 1972 оны 9 жил ажилласан хугацааны минь бүрдэл болоогүй тул орхигдож үлдсэн юм.
2017 онд Монгол улсын Засгийн газрын тогтоолоор тэтгэвэр нь дутуу тогтоогдсон, ажилласан жил нь дутуу бодогдсон хүмүүсийн тэтгэвэрийг дахин бодуулах, тогтоолгох нэг сарын аян одоо явагдаж байгаа юм.
Иймд Ч.Цэрэндэжид миний 1963 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1967 оны 10 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл Чандмань-Өндөр сумын Хүн эмнэлэгт асрагч-цэвэрлэгчээр, 1967 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1972 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Хатгал хотын Хүн эмнэлэгийн аптекад шил угаагч-цэвэрлэгчээр ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Боржигон өвөг овогт Гэнэндарамын Дондовын шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би тэр үед 17-20-иод насны асуудлаа ярья гэж бодож байна. 1961 онд аав минь нас бараад би Хатгалаас Чандмань-Өндөр суманд шилжиж очсон юм. Цэрэндэжид нь миний төрлийн хүн.Эгч маань энэ үед Чандмань-Өндөр сумын хүн эмнэлэгт асрагч цэвэрлэгчээр ажиллаж байсан. Булнайн сувилалд хүртэл улирлын чанартай ажиллаж байсан байдлыг нь би мэднэ. Тэгээд дараа нь хүнтэй суугаад нөхрийгөө дагаад Хатгал руу шилжсэн юм. Тэгэхэд нь би мөн эгчийгээ дагаж очиж Хатгалд сургууль төгсөж байсан. Эгч маань Хатгалын хүн эмнэлэгийн актект шил угаагчаар ажилладаг байсан юм. Энэ байдлуудаа тогтоолгож тэтгэвэрээ дахин тогтоолгох хүсэлтэй байгаа юм. Биеийн байдал нь тааруу байдаг учраас би эгчийнхээ итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр нь оролцож байгаа юм. Иймд эгчийн минь дээрхи ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон нэхэмжлэгчийн хүсэлт, тайлбарыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь
Нэхэмжлэгч нь ажиллаж байсан байдлаа сэргээн тогтоолгосноор өндөр насны тэтгэвэрээ дахин тогтоолгох эрх зүйн тодорхой үр дагаврыг бий болгож байх ба Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын Хүн эмнэлэгт 1963 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөс 1967 оны 10 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл асрагч-цэвэрлэгчээр, Хатгал хотын Хүн эмнэлэгийн аптекад1967 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1972 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл шил угаагч-цэвэрлэгчээр ажиллаж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан доорх баримтуудаар тогтоогдож байна.
Тухайлбал: Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын Лениний-Алдар нэгдлийн Хүний бага эмчийн салбараас 1963 оны 07 дугаар сарын 09-ний өдөр нээж олгосон 1963-1967 онуудын эмнэлэгийн үзлэгийн бичилттэй “Хувийн ариун цэврийн дэвтэр”-ийн эх хувь
Гэрч Б.Долгоржавын 2017 оны 03 дугаар сарын 28 -ны өдөр өгсөн: “....Цэрэндэжид нь намайг Чандмань-Өндөр сумын хүн эмнэлэгт эх баригч бага эмчээр ажиллаж байхад 1963 онд эхээр / сарыг нь сайн санахгүй байна / асрагч, цэвэрлэгчээр ажилд анх орж байсан бөгөөд тэндээ 1967 оныг дуустал ажиллаж байгаад нөхөр Л.Чойжил нь Хатгалд ажиллахаар болсон гээд нөхрийгөө дагаад шилжсэн юм.... Би 1962 сургуулиа төгсөөд Чандмань-Өндөр сумын хүн эмнэлэгт эх баригч, бага эмчээр ажиллахаар томилогдсон бөгөөд тэндээ 1967 оныг хүртэл ажиллаж байгаад Арбулаг сумын Хүн эмнэлэгт нөхөр Тугалыг даган шилжин ажилласан юм...” гэх мэдүүлэг,
Гэрч Г.Сангаан 2017 оны 03 дугаар сарын 27 -ны өдөр өгсөн:”... Ч.Цэрэндэжид нь Хатгал хотын хүн эмнэлэгийн тасгийн харъяа эмийн аптект шил угаагч, үйлчлэгчээр 1968-1972 онуудад ажиллаж байгаад дараа нь ажлаасаа гарч Хатгал тосгоныхоо худалдаа бэлтгэлийн трестэд худалдагч болсон. Тухайн үед би хүн эмнэлэгт жолоочоор ажилладаг байсан бөгөөд аптекаас эм, тариа зөөдөг байлаа... Би Хатгал хотын хүн эмнэлэгийн тасагт 1960-1976 он хүртэл жолоочоор ажиллаж байсан...” гэх мэдүүлэг,
Гэрч С.Цэвэлмаагийн 2017 оны 03 дугаар сарын 27 -ны өдөр өгсөн:”...Намайг 1968 онд АУДуС-ийг эмч, эх баригч мэргэжилээр төгсөөд Хатгал хотын сум дундын эмнэлэгт ажиллахаар томилогдон ирэхэд Ч.Цэрэндэжид нь аптект шил угаагч үйлчлэгчээр ажиллаж байсан юм. Тэгээд тэндээ ажиллаж байгаад 1972 оноос Хатгалын худалдаа бэлтгэлийн тресэд худалдагчаар шилжин ажиллах болсон юм... Би Хатгал хотын Хүн эмнэлэгийн тасагт 1968 оноос 2000 оныг хүртэл эх баригч эмч, түргэний эмчээр тасралтгүй 30 гаруй жил ажиллаж байгаад өндөр настны тэтгэвэрт орсон юм... “ гэх мэдүүлэг, гэрэл зурагууд, иргэний үнэмлэхний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бичмэл нотлох баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар "эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй" нэхэмжлэлд төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Өвгө овогт Чойжоон Цэрэндэжид /РХ39101004/-г Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын Хүн эмнэлэгт 1963 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөс 1967 оны 10 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл асрагч-цэвэрлэгчээр, Хатгал хотын Хүн эмнэлэгийн аптекад1967 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1972 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл шил угаагч-цэвэрлэгчээр тус тус ажиллаж байдлыг тогтоосугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА