Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 00405

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхтуяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын 01 дүгээр багт оршин суух Өвөлжөөт овогт Өвгийн Баттогтох /РН80060971/-ын нэхэмжлэлтэй,

Д.Ганбаатарт үрчлэгдсэн Г.Түвшинжаргалын үрчлэлтийг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг, нэхэмжлэгч Ө.Баттогтох, гуравдагч этгээд Д.Ганбаатар нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ө.Баттогтох шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Өвгий овогтой Баттогтох нь Г.Золжаргалтай үерхэж байх хугацаанд 2005 оны 05 дугаар сарын 21-ний өдөр хүү Түвшинжаргал нь төрсөн бөгөөд тухайн үед бид хоёр гэрлэлтээ батлуулаагүй, оюутан байсан ба хадам эцэг, эх хоёр маань өөрийн гал дээр гарсан зээгээ үрчилж авна гэсний улмаас хадам эцэг Дөшийн Ганбаатарт хүү Түвшинжаргалыг өргүүлсэн юм. Одоо хүү маань эцэг, эхээ гэх болж сүүлийн зургаан жил бидэнтэй хамт амьдарч байгаа юм. Мөн би хүүгийн эх Г.Золжаргалтай гэрлэлтээ батлуулан олон жил амьдарч байгаа бөгөөд хүү Түвшинжаргал маань хоёр эрэгтэй дүүтэй болж өнөр өтгөн хамт амьдарч байгаа тул өргүүлсэн хүү Г.Түвшинжаргалын үрчлэлтийг хүчингүй болгуулах хүсэлтэй байна.

Иймд 2005 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 268 дугаартай үрчлэлтийн гэрчилгээг хүчингүй болгож, үрчлэлтийг хүчингүйд тооцож өгнө үү гэжээ.

Үрчлэн авагч Д.Ганбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би хүүгийнхээ үрчлэлтийг хүчингүй болгуулахыг зөвшөөрч байна. Нэгэнт өөрийн нь төрсөн аав, ээж нь авья гэж байгаа учраас зөвшөөрч байна гэв.

Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон хүсэлт тайлбарыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ө.Баттогтох нь үрчлэлт хүчингүй болгуулснаар хүү Г.Түвшинжаргалыг өөрсдийн асрамжинд авах эрх зүйн тодорхой үр дагаврыг бий болгож байх ба 2005 оны 5 дугаар сарын 21-ний өдөр төрсөн хүү Г.Түвшинжаргалыг Д.Ганбаатарт үрчлүүлсэн болох нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Иргэний бүртгэлийн 2005 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн №0045938-268 дугаартай үрчлэлтийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,

Нэхэмжлэгч Ө.Баттогтохын ....2005 оны 05 дугаар сарын 21-ний өдөр хүү Түвшинжаргалыг хадам эцэг, эх хоёр маань өөрийн гал дээр гарсан зээгээ үрчилж авна гэсний улмаас хадам эцэг Дөшийн Ганбаатарт өргүүлсэн юм. Одоо хүү Г.Түвшинжаргал маань хоёр эрэгтэй дүүтэй болж өнөр өтгөн бидэнтэй хамт амьдарч байгаа тул өргүүлсэн хүү Г.Түвшинжаргалыг үрчлэлтийг хүчингүй болгуулах хүсэлтэй байх тул хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү.... гэх,

Үрчлэн авагч Д.Ганбаатарын Би хүүгийнхээ үрчлэлтийг хүчингүй болгуулахыг зөвшөөрч байна. Нэгэнт өөрийн нь төрсөн аав ээж нь авья гэж байгаа учраас зөвшөөрч байна... гэх хүсэлт зэргийг нь харгалзан үзэж Д.Ганбаатарт үрчлүүлсэн хүү Г.Түвшинжаргалын үрчлэлтийг хүчингүй болгуулах хүсэлтийг хангаж, хүү Г.Түвшинжаргалыг Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын 1 дугаар багт оршин суух Ө.Баттогтохын асрамжинд үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

Нэхэмжлэгч Ө.Баттогтохын улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар "эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй" нэхэмжлэлд төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 133 дугаар зүйлийн 133.1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.6, Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2-д зааснаар Онход овогт Дөшийн Ганбаатар /РЮ63052112/-д үрчлэгдсэн Онход овогт Ганбаатарын Түвшинжаргал /РЮ05252119/-ын үрчлэлтийг хүчингүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.7, гэр бүлийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-д зааснаар хүү Г.Түвшинжаргалыг төрүүлсэн эцэг, эх Өвөлжөөт овогт Өвгийн Баттогтох, Онход овогт Ганбаатарын Золжаргал нарын асрамжинд үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ө.Баттогтохоос Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэртанилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Б.МӨНХТУЯА