Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 00407

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхтуяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанд;

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн 10-33 тоотод оршин суух Хэрдэг овогт Дэмбэрэлийн Мөнхдэлгэр /РС75101911/-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар багийн 4-1 тоотод оршин суух Банзрагчийн Оюунцэцэг /РЮ68021804/-д холбогдох

     Зээлийн төлбөр 3.920.000 / гурван сая есөн зуун хорин мянга / төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ундрах, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Отгонцэцэг, хариуцагчийн өмгөөлөгч С.Оюунжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

          Нэхэмжлэгч Д.Мөнхдэлгэр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Л.Мөнхдэлгэр би Б.Оюунцэцэгт 2014 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр зээлийн гэрээний дугаар нь 121 дугаартай гэрээгээр 2.000.000 / хоёр сая / төгрөгийг  6 сарын хугацаатай 8 хувийн хүүтэйгээр зээлсэн билээ.

           Гэтэл Б.Оюунцэцэг нь зээлсэн 2.000.000 төгрөгийг одоог хүртэл өгөөгүй бөгөөд би нэг сарын хүү нь 160.000 төгрөг болж байгаа ба 24 сарын хүү нь 3.840.000 төгрөг болж байгаа ба түүний 50 хувь нь 1.920.000 төгрөгийг мөн үндсэн зээл болох 2.000.000 төгрөгийг нэмж нийтдээ 3.920.000 төгрөгийг Б.Оюунцэцэгээс нэхэмжилж байгаа тул гаргуулж өгнө үү гэжээ.

           Нэхэмжлэгч Д.Мөнхдэлгэр шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Б.Оюунцэцэг нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа манай эхнэр болох Н.Наранцэцэг / Нараа / -аар дамжуулан авсан гэж мэдүүлсэн хэдий ч зээлийн гэрээг Д.Мөнхдэлгэр надтай байгуулж, 2.000.000 төгрөгийг өөрийн дансруу хийлгэж авсан тул бэр эгч гэх Т.Эрдэнэчимэгийг хамтран хариуцагчаар оруулах хүсэлтийг зөвшөөрөхгүй байна. Учир нь би энэ хүнийг огт танихгүй, одоо л мэдэж байна. Ийм нэхэмжлэлийнхээ шаардлагыг дэмжиж байгаа тул шүүх хуралдааныг зарлаж хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ. 

Хариуцагч Б.Оюунцэцэг шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Д.Мөнхдэлгэрийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Д.Мөнхдэлгэр нь нэхэмжлэлийнхээ агуулга, үндэслэлийг буруу бичсэн, үнэн байдлын талаар огт бичээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байна. Би Д.Мөнхдэлгэрээс нэг ч төгрөг зээлж аваагүй ба түүний эхнэр Нараа /Наранцэцэг/-аас бэр эгч Г.Эрдэнэчимэг нь 2.000.000 төгрөгийг нэг сарын хугацаатай, 8 хувийн хүүтэй зээлж авсан ба манай бэр Нарааг танихгүй тул би түүнд зуучилж өгсөн юм. Гэтэл бэр эгч зээлсэн мөнгөө төлөлгүй хот руу эмчилгээнд явсан бөгөөд Мөрөн суманд диско бар ажиллуулж байсан хоёр хүүхэд нь тус зээлийг төлнө гэсэн  боловч төлөөгүй юм. Би Нараатай хамт очиж хүүхдүүдтэй нь уулзуулж байсан. Манай бэр одоо ч авсан зээлээ төлнө гэж хэлдэг юм. Хэдэн сарын дараа Нараа “ нөхөр уурлаад байна, танд итгэж би танай эгчид мөнгө зээлсэн та гарын үсэг зурж өгөөч, эгч тань зээлээ төлчихвөл асуудалгүй шүү дээ” гэж гуйхаар нь би түүний авчирсан зээлийн гэрээнд гарын үсэг зурсан ба бэр эгчдээ энэ талаар хэлэхэд “зээлээ төлнө, маргааш байхгүй” гэж хэлсэн. Үүнийг Д.Мөнхдэлгэрийн эхнэр Нараа, бэр эгч болон түүний хоёр хүүхэд сайн мэднэ. Д.Мөнхдэлгэр нь над руу утсаар яриад намайг доромжилсон бөгөөд дараа нь бид хоёр учраа ололцсон. Би түүнд сар бүр цөөн цөөнөөр мөнгө өгч зээлийг нь төлье гэж хэлсэн. Гэтэл шүүхэд өгсөн тул үнэн зөвөөр асуудлыг шийдүүлнэ. Иймд 3.920.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ. 

Хариуцагч Б.Оюунцэцэг шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Д.Мөнхдэлгэр нь надаас зээлийн төлбөр нийт 3.920.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Уг мөнгийг би бэр эгч Т.Эрдэнэчимэгт зээлж авахад нь зуучилж өгсөн. Дараа нь бэр эгч нэг сарын хугацаатай зээл авсан 2.000.000 төгрөгөө өгөлгүй хэдэн сар болсон тул би эхнэр Нараагийн нь хүссэнээр зээлийн гэрээнд гарын үсэг зурж өгсөн. Учир нь тэр үед бэр эгчтэй ярихад удахгүй хэсэгчилсэн байдлаар бага багаар төлнө гэж хэлсэн. Иргэний хуульд зааснаар тухайн зээлийг зээлдүүлэгчид шилжүүлж өгснөөр зээлийн гэрээ байгуулсанд тооцогддог, харин гэрээ хийж байгуулсанаар хүү авах эрх үүсдэг. Түүнээс биш зээлийн гэрээнд гарын үсэг зурснаар талуудын хооронд зээлийн харилцаа үүсдэг. Миний хувьд уг зээлийг Т.Эрдэнэчимэг авсан тул хамтран зээлдэгчээр татаж оролцуулах хүсэлт гаргасан боловч хангахаас татгалзсан ба иргэний журмаар нэхэмжилж байгаа тохиолдолд Оюунцэцэг эсхүл Т.Эрдэнэчимэг хоёрын хэн нь авсан тэр хүнээс зээлийн төлбөрийг гаргуулах ба бидний хэн байх нь зээлдэгч Д.Мөнхдэлгэрт хамаагүй. Өөрөөр хэлбэр зээл, зээлийн хүүгийн бүх төлбөрөө авснаар хохиролгүй болдог. Зээл болон 2.000.000 төгрөгийг Т.Эрдэнэчимэг авсан гэдгийг Мөнхдэлгэр сайн мэдэж байгаа. Анх нэг сарын хугацаатай авч байсан тул гэрээ хийгээгүй харин ч хүү авахуулахын тулд гэрээ хийсэн гэдгийг Д.Мөнхдэлгэр, Т.Эрдэнэчимэг хоёр мэднэ. Бэр эгч сар бүрийн буюу зургаан сарын хүү төлнө, маргаангүй гэж байсан ба зээлийнхээ хүүг хоёр удаа төлсөн.

Иймд Б.Оюунцэцэг би зээл 2.000.000 төгрөгийг зээлдэгч Д.Мөнхдэлгэрээс аваагүй тул 2014 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 121 дугаартай зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хууль зөрчсөн гэрээ тул  121 дугаартай зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Д.Мөнхдэлгэр сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Д.Мөнхдэлгэр би Б.Оюунцэцэгийн тус шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл гаргасантай танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд: 1. Б.Оюунцэцэг надаас 2014 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 121 дугаартай зээлийн гэрээ байгуулж 2.000.000 төгрөгийг ХААН банк дахь 5890279615 данс руу шилжүүлсэн, мөн зээлийн гэрээнд өөрөө гарын үсэг зурсан ба ямар нэгэн дарамт шахалт үзүүлээгүй, айлган сүрдүүлээгүй болно. Энэ хүн нь надаас зээлсэн 2.000.000 төгрөгөө Эрдэнэчимэг гэдэг хүн авсанг намайг сайн мэднэ гэжээ. Би энэ тухай огт мэдэхгүй бөгөөд зээлийн гэрээнд Б.Оюунцэцэг нь өөрөө гарын үсэг зурсан тул би энэ хүнээс мөнгөө нэхэмжилж шүүхэд нэхэмжлэл гаргасан.

2.Б.Оюунцэцэг нь тус шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийг зөрчсөн гэжээ. Энэ нь хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэж байгаа нь буруу бөгөөд хүчин төгөлдөр хэлцэл тул сөрөг нэхэмжлэлийг би хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэхүү 121 дугаартай зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 39 дүгээр зүйлд заасан хэлцэл болно.

Иймд Б.Оюунцэцэгийн 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад бичмэл нотлох баримтууд болон зохигчдын тайлбарыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Мөнхдэлгэр нь хариуцагч Б.Оюунцэцэгээс үндсэн зээл, зээлийн хүүгийн хамт 3.920.000 / гурван сая есөн зуун хорин мянга / төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан  ба хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

  Хариуцагч Б.Оюунцэцэг нь Д.Мөнхдэлгэртэй байгуулсан 2014 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр байгуулсан “Зээлийн гэрээ”-г хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан байна.

Нэхэмжлэгч Д.Мөнхдэлгэр нь 2014 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хариуцагч Б.Оюунцэцэгтэй зээлийн гэрээ байгуулж 2.000.000 төгрөгийг 2014 оны 01 дүгээр сарын 06-ноос 2014 оны 7 дугаар сарын 06-ны өдөр хүртэл буюу 6 сарын хугацаатай, 8 хувийн хүүтэй, зээл, зээлийн хүү төлөх хугацаанд зээлийн төлөлтийг төлөөгүй тохиололд зээл, зээлийн хүүгийн төлбөрийг бүрэн барагдуулж дуусах хүртэлх хугацаанд  хугацаа  хэтэрсэн хоног тутамд зээлийн үндсэн хүүгийн 20 хувиар тооцож нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тооцож гэрээ байгуулсан ба зээлдэгч нь үндсэн зээлийн үлдэгдэл, хүү, алдангийг төлөлгүй, зээлийн гэрээний 2.6, 3.1.3-т заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөх үүргийг зөрчсөн ба  зээлдэгч нь 2.000.000 сая төгрөг өөрөө аваагүй, зээлдүүлэгчийг таньдаг байсан, бэр эгч Г.Эрдэнэчимэгт зуучилж өгсөний улмаас зээлийн гэрээнд гарыг үсэг зурсан гэж маргаж  байна.

Шүүх талуудын хооронд байгуулсан гэрээг Иргэний хуульд нийцсэн зээлийн гэрээ байна гэж үзлээ. Учир нь: Хуульд “зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно”, “хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ”, “мөнгө зээлдэгч шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж заасан ба нэхэмжлэгч Д.Мөнхдэлгэр нь зээлдэгчийн өмчлөлд бэлэн мөнгө шилжүүлэн өгсөн хүү, алданги, хугацаагаа харилцан тохиролцсон байгаа нь Иргэний хуулийн 282, 283 дугаар зүйлийн Зээлийн гэрээний хэлбэр, шаардлагыг хангаж гэрээ байгуулсан байх тул хуулийн хүчин төгөлдөр гэрээ байна гэж үзлээ.

Мөн хариуцагч Б.Оюунцэцэг нь “.... би Д.Мөнхдэлгэрээс нэг ч төгрөг зээлж аваагүй, харин түүний эхнэр Нараа /Наранцэцэг/-аас бэр эгч Г.Эрдэнэчимэг нь 2.000.000 төгрөгийг нэг сарын хугацаатай, 8 хувийн хүүтэй зээлж авсан ба манай бэр Нарааг танихгүй тул би түүнд зуучилж өгсөн юм. ... хэдэн сарын дараа Нараа “нөхөр уурлаад байна, танд итгэж би танай эгчид мөнгө зээлсэн та гарын үсэг зурж өгөөч, эгч тань зээлээ төлчихвөл асуудалгүй шүү дээ” гэж гуйхаар нь би түүний авчирсан зээлийн гэрээнд гарын үсэг зурсан ...” гэх тайлбарыг гарган ирүүлжээ.

Мөн өдрөө буюу 2017 оны 02 дугаар сарын 16 ны өдөр  хариуцагч Б.Оюунцэцэг нь шүүхэд ” ... бэр эгч болох Т.Эрдэнэчимэгийг энэ хэрэгт хамтран хариуцагчаар татаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж өгнө үү ...” гэсэн хүсэлтийг гаргасан байна.     

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-д Шаардлагатай гэж үзвэл шүүх шийдвэрээ гаргахаас өмнө хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөр этгээдийг хамтран хариуцагчаар татан оролцуулж болохоор заасан байх боловч хамтран хариуцагчаар татан оролцуулах эсэх асуудлыг шүүх зөвхөн нэхэмжлэгчийн зөвшөөрөлтэйгээр шийдвэрлэхээр байх ба нэхэмжлэгч Д.Мөнхдэлгэр нь ”... Эрдэнэчимэгийг хамтран хариуцагчаар оруулах хүсэлтийг зөвшөөрөхгүй байна. Би энэ хүнийг огт танихгүй, одоо л мэдэж байна ...” гэсэн тайлбарыг шүүхэд ирүүлжээ.

Иймд Т.Эрдэнэчимэгийг энэ иргэний хэрэгт хамтран хариуцагчаар татан оролцуулах нь нэхэмжлэгч хэнд холбогдуулж нэхэмжлэл гаргахаа шийдвэрлүүлэх  шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үндсэн зарчмыг зөрчиж байна гэж шүүх үзэн хариуцагчийн хүсэлтийг хангахаас татгалзсан болно.

Мөн хариуцагч нь сөрөг нэхэмжлэлдээ 2 сарын зээлийн хүү бэр эгчийгээ төлсөн гэдэг боловч хэдэн төгрөгийг хэзээ хэрхэн төлсөн талаар ямар нэгэн баримт ирүүлээгүй, энэ талаар хуралдааны явцад маргаж мэтгэлцээгүй учир нэхэмжлэлийн шаардлагад тооцох  үндэслэлгүй байна.

Хариуцагчаас Э.Энхтөгсийг гэрчээр асуулгах тухай хүсэлт ирүүлснийг хангаж шийдвэрлэсэн ба гэрч Э.Энхтөгс нь “...Оюунцэцэг эгч нэг эгчтэй хамт ирээд энэ хүн таньд зээлдүүлсэн мөнгөө нэхээд байна, тэр мөнгөө өг гэхэд манай ээж надаас мөнгө аваад тэр хүнд өгсөн. Би ээжийгээ хүнээс хүүтэй мөнгө зээлсэн гэдгийг мэдэж байгаа ч хэн гэдэг хүнээс, хэдэн төгрөг авсныг мэдэхгүй...” гэж мэдүүлжээ. Э.Энхтөгсийн мэдүүлгээс түүний ээж буюу Т.Эрдэнэчимэг нь  Д.Мөнхдэлгэрээс хүүтэй  мөнгө зээлсэн гэж үзэх боломжгүй учир дээрхи гэрчийн мэдүүлгийг,

 Мөн нэхэмжлэгч Д.Мөнхдэлгэрийн шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “ Оюунцэцэг нь надаас 2014 оны 01 дүгээр сарын 6-ны өдөр 121 дугаартай зээлийн гэрээ байгуулж 2000000 төгрөгийг ХААН банкны 5890279615 данс руу мөнгөө шилжүүлсэн ...” гэж,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Отгонцэцэг нь шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Мөнхдэлгэр нь 2014 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 121 дугаартай зээлийн гэрээг хариуцагч Б.Оюунцэцэгтэй байгуулж 2.000.000 төгрөгийг зээлдүүлсэн байдаг юм. Тухайн үед хариуцагчийн өөрийнх нь өгсөн Хаан банкны дансны дугаар луу шилжүүлсэн байдаг юм. 2.000.000 төгрөгийг 6 сарын хугацаатай сарын 8 хувийн хүүтэй зээлдүүлсэн гэсэн тайлбаруудыг гаргадаг ба үүгээр хариуцагч Б.Оюунцэцэг нь тухайн зээлсэн 2.000.000 төгрөгийг аваагүй гэж үзэх үндэслэлгүй байх тул өмгөөлөгч С.Оюунжаргалын нотлох баримтаар гаргаж өгсөн Б.Оюунцэцэгийн дансны хуулгыг шүүх үнэлээгүй болохыг тус тус дурдаж байна.

Иймд зээлийн гэрээний үүргээс хариуцагч Б.Оюунцэцэг нь чөлөөлөгдөх үндэслэлгүй, 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн зээлийн гэрээнд гарын үсэг зурсан байх ба уг мөнгийг өөрөө аваагүй, зуучилж өөр хэн нэгэнд өгсөн болохоо нотлож чадахгүй байна.

 Зээлдэгч буюу хариуцагч Б.Оюунцэцэгээс үндсэн зээл 2.000.000 /хоёр сая/ төгрөг, үндсэн зээлийн хүү 960.000 / есөн зуун жаран мянга/ төгрөг нийт 2.960.000 /хоёр сая есөн зуун жаран мянга/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Мөнхдэлгэрт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг буюу 960.000 / есөн зуун жаран мянга/   төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

            Хариуцагчийн  2014 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр байгуулсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах сөрөг нэхэмжлэлийн тухайд:

Зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх боломжгүй байна. Учир нь: хариуцагч Б.Оюунцэцэг нь “...Уг мөнгийг би бэр эгч Т.Эрдэнэчимэгт зээлж авахад нь зуучилж өгсөн. Дараа нь бэр эгч нэг сарын хугацаатай зээл авсан 2.000.000 төгрөгөө өгөлгүй хэдэн сар болсон тул би эхнэр Нараагийн нь хүссэнээр зээлийн гэрээнд гарын үсэг зурж өгсөн ... би зээл 2.000.000 төгрөгийг зээлдэгч Д.Мөнхдэлгэрээс аваагүй тул 2014 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 121 дугаартай зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хууль зөрчсөн гэрээ тул  121 дугаартай зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү...” гэсэн сөрөг нэхэмжлэлийг шүүхэд ирүүлсэн хэдий ч талууд хуульд заасан шаардлага хангаж зээлийн гэрээг бичгээр хийсэн байх ба хариуцагч Б.Оюунцэцэг нь нэхэмжлэгч Д.Мөнхдэлгэртэй хийсэн гэрээг хийх үедээ хуульд зааснаар “ хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан” хэлцэл гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй, шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй болохоо хуульд заасан журмын дагуу танилцсан боловч ач холбогдол бүхий нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй, “зээлийн гэрээг, хүчин төгөлдөр бусад тооцуулна” гэдгээ нотлож чадахгүй байх тул хариуцагч Б.Оюунцэцэгийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 77.670 /далан долоон мянга зургаан зуун дал/ төгрөг, сөрөг нэхэмжлэлд  хариуцагч Б.Оюунцэцэгээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 46950 /дөчин зургаан мянга есөн зуун тавин/ төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж хариуцагч Б.Оюунцэцэгээс Д.Мөнхдэлгэрийн нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан хэсгийн дүнд тохирох 62310 /жаран хоёр мянга гурван зуун арван/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Мөнхдэлгэрт олгохоор шийдвэрлэлээ.

Өмнөх 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч   Д.Мөнхдэлгэр “.... би Улаанбаатар хотод ажлаар явж байгаа тул ... шүүх хуралдаанд биечлэн оролцох хүсэлтэй байх тул хурлыг хойшлуулж өгнө үү....” гэх,

 Хариуцагч Б.Оюунцэцэг нь шүүх хуралдаанд ирээгүй боловч Хөвсгөл аймаг дахь шүүхийн Тамгын газрын мейл хаягаар ирүүлсэн сөрөг нэхэмжлэлийг тус тус хүлээн авч,

   2017 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагч Б.Оюунцэцэг “... хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгч оролцуулж, өөрийгээ өмгөөлүүлэх хүсэлтэй байгаа тул өмгөөлөгч С.Оюунжаргалд хэргийн материал танилцуулж, тайлбар гаргах боломж олгож өгнө үү...” гэх хүсэлтийг хүлээн авч,

   2017 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн шүүх хуралдаанд хариуцагч Б.Оюунцэцэгийн өмгөөлөгч С.Оюунжаргал “... Т.Эрдэнэчимэгийн хүү Б.Энхтөгсийг гэрчээр асууж өгнө үү...” гэх хүсэлтүүдийг шүүхэд тус тус ирүүлснийг шүүх хүлээн авч хариуцагч, өмгөөлөгч нарын эрхийг нь хангаж шүүх хуралдааныг гурван удаа хойшлуулсан. Мөн 2017 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Отгонцэцэг, хариуцагчийн өмгөөлөгч С.Оюунжаргал нар шүүх хуралдаанд оролцсон ба нэхэмжлэгч Д.Мөнхдэлгэр, хариуцагч Б.Оюунцэцэг  нарын эзгїйд хэргийг хянан шийдвэрлэсэн зэргийг                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                     дурдах нь зїйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь;

 1. Иргэний хуулийн  281 дүгээр зүйлийн 281.1, 282.1-д зааснаар хариуцагч Б.Оюунцэцэгээс  2.960.000  /хоёр сая есөн зуун жаран мянга/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Мөнхдэлгэрт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 960.000 /есөн зуун жаран мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2-д зааснаар хариуцагч Б.Оюунцэцэгийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2,  57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Д.Мөнхдэлгэрийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 77.670 /далан долоон мянга зургаан зуун дал/ төгрөг сөрөг нэхэмжлэлд хариуцагч Б.Оюунцэцэгээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 46950 /дөчин зургаан мянга есөн зуун тавь/ төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан хэсэгт тохирох 62.310 /жаран хоёр мянга гурван зуун арав/ төгрөгийг хариуцагч Б.Оюунцэцэгээс  гаргуулж нэхэмжлэгч Д.Мөнхдэлгэрт олгосугай.

 

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд  шийдвэрийг гардуулснаар  гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Б.МӨНХТУЯА