Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 00436

 

 

             Зохигчдийн эвлэрлийг баталж, хэргийг

     хэрэгсэхгүй болгох тухай

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

 Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн 8 дүгээр гудамжны 55 тоотод оршин суугч Т.Нямсүрэнгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар багийн 32 дугаар гудамжны 04 тоотод оршин суугч Б.Түмэн-Аюушид холбогдох 1.040.288 төгрөг гаргуулах тухай  иргэний хэргийг хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

           Нэхэмжлэгч Т.Нямсүрэн шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Тогооч овогтой Нямсүрэн миний бие нь 1991 оноос өнөөдрийг хүртэл иргэдэд үйлчилж бараа борлуулдаг ажилтай билээ. Надтай хамтран ажиллаж байсан Мөрөн сум 5 дугаар багийн  32-04 тоот хаягт байрлалтай Б.Түмэн-Аюуш нь 2016 оны 04-р сарын 27-ны өдөр 2.308.500 төгрөгийн бараа авсан. Б.Түмэн-Аюуш нь тухайн үед “Бат хүлэг” хүнсний дэлгүүрийг түрээслэн ажиллуулж байсан бөгөөд манайхтай хамтран ажиллах гэрээ байгуулж, авсан барааны төлбөрийг тухайн сарын 25-ны дотор төлж барагдуулж байна гээд авсан. Авсан нийт барааны үнийн дүнгээс өдөр болгон хүн явуулж авсаар 808,500 төгрөг, мөн 2016 оны 07-р сарын 01-ний өдөр нийт 883,350 төгрөгийн барааг буцаан авсан. Ингээд үлдэгдэл барааны төлбөр болох 616.650 төгрөгийг 2016 оны 04-р сарын 27-ны өдрөөс хойш өгч барагдуулахгүй өнөөдрийг хүрлээ. Манайхаас авсан бараа байвал буцаан өгч төлбөрийг дуусгавар болгож болно гэхээр “бараа чинь байхгүй” тэгвэл барааны мөнгөө авъя гэхээр “мөнгө байхгүй, ажил хийж байгаа цалингаа аваад өгнө” гэсэн боловч өнөөдрийг хүртэл нэгч төгрөг өгсөнгүй. Утас руу нь залгахаар утсаа авахгүй, гэрт очиход байхгүй, хотод байгаа гэж хэлүүлээд уулзахгүй байна. Сүүлд мессэж бичихэд 2016 оны 12 дугаар сарын эхний 7 хоногт яг төлнө гэсэн боловч өнөөдрийг хүртэл мөн л нэг ч төгрөг өгсөнгүй. Б.Түмэн-Аюуш байгуулсан гэрээний дагуу тохиролцсон хугацаанд барааны төлбөрийг барагдуулахгүй бол хоног тугамд 0,3%-ийн алданги тооцно гэсэн заалтыг хүлээн зөвшөөрч гэрээ байгуулан нотариатаар баталгаажуулан бараа авсан. Авсан барааны он сар өдөр болох 2016 оны 04 дүгээр сарын сарын 27-ны өдөр, 2016 оны 05-р сарын 25-ны дотор төлбөрийг хийх байсан гэж үзээд 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдрөөс 2017 оны 01-р сарын 11-ны өдөр хүртэл 229 хоног байгаа бөгөөд алданги 423,638 төгрөг, нийт 1.040.288 төгрөгийг гаргуулж өгч тусална уу гэжээ.

           Нэхэмжлэгч Н.Нямсүрэн шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Миний бие  нь хариуцагч Б.Түмэн-Аюушаас 1.040.288 төгрөгийг гаргуулахаас нэхэмжлэл гаргасан. Би хариуцагч Б.Түмэн-Аюуштай харилцан тохиролцож  үндсэн мөнгө болох 600.000 төгрөгийг авахаар, харин хүү болох 440.288 төгрөгийг хасаж тооцож авахгүй байхаар хоорондоо эвлэрч тохиролцсон юм.  Хариуцагч Б.Түмэн-Аюуш нь барааны үнэ болох 600.000 төгрөгөө надад төлж намайг хохиролгүй болгосон тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.           

    Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Мөнх-Очир нь шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие нь хариуцагч Б.Түмэн-Аюушийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа ба хариуцагч Б.Түмэн-Аюуш нь нэхэмжлэгч Т.Нямсүрэнтэй 600.000 төгрөг өгөхөөр эвлэрч, улмаас тус мөнгийг өгч нэхэмжлэгчийг хохиролгүй болгосон тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.  

ҮНДЭСЛЭХ нь:

 Нэхэмжлэгч Т.Нямсүрэн нь хариуцагч Б.Түмэн-Аюуштай хамтран ажиллах гэрээгээр ажиллан  бараа нийлүүлж байсан бөгөөд барааны үлдэгдэл 616.650 төгрөгийг авч чадаагүй ба Б.Түмэн-Аюуш байгуулсан гэрээний дагуу тохиролцсон хугацаанд барааны төлбөрийг барагдуулахгүй бол хоног тугамд 0,3%-ийн алданги тооцно гэсэн заалтыг хүлээн зөвшөөрч гэрээ байгуулан нотариатаар баталгаажуулан бараа авсан. Өгөөгүй хугацааны алданги 423.638  нийт  1.040.288 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. 

    Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Т.Нямсүрэн нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 1.040.288 төгрөгнөөс 600.000 төгрөг авна, нэхэмжлэлийн шаардлагаас 440.288 төгрөг гаргуулах хэсгээсээ татгалзаж байна гэснийг хариуцагч Б.Түмэн-Аюуш зөвшөөрч, зохигч 600.000 төгрөгийн хэмжээнд эвлэрсэн ба хариуцагч нь төлсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн  29517 төгрөгнөөс 14759 төгрөгийг улсын орлогод  үлдээж, 14758 /арван дөрвөн мянга долоон зуун тавин найм/-н төгрөгийг улсын улсын орлогоос буцаан гаргуулж, зохигчид эвлэрсэн үнийн дүнд ноогдох улсын тэмдэгтийн хураамж болох 18650 / арван найман мянга зургаан зуун тавь/ төгрөгийн тал хувь болох 9325 / есөн мянга гурван зуун хорин  тав/ төгрөгийг хариуцагч Б.Түмэн-Аюушаас гаргуулан нэхэмжлэгч Т.Нямсүрэнд олгох нь зүйтэй байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д  заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Т.Нямсүрэнгийн нэхэмжлэлтэй хариуцагч                       Б.Түмэн-Аюушд холбогдох 1.040.288 / нэг сая дөчин мянга хоёр зуун наян найм/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн зохигч 600.000 /зургаан зуун  мянга/ төгрөгийн хэмжээнд эвлэрсэн тул зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 58 дугаар зүйлийн 58.1,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Т.Нямсүрэнгийн Төрийн банкны 4901000149 тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 29.517  /хорин есөн мянга таван зуун арван долоо / төгрөгөөс 14759 төгрөгийг  улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 14758 /арван дөрвөн мянга долоон зуун тавин найм/-н төгрөгийг буцаан, хариуцагч Б.Түмэн-Аюушаас  9325 /  есөн мянга гурван зуун хорин тав/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.Нямсүрэнд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл  гаргах  эрхгүйг  дурдсугай.

 

 

 

           

ШҮҮГЧ                    Б.МӨНХТУЯА