| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Барнямын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 155/2017/00274/и |
| Дугаар | 00385 |
| Огноо | 2017-04-04 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 04 сарын 04 өдөр
Дугаар 00385
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа би Капитал банкны Хөвсгөл салбарын нэхэмжлэлтэй, Хөвсгөл аймгийн Урт цахиур ХХК-д холбогдох
Үндсэн зээлийн төлбөр, хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 60.425.606.64 /жаран сая дөрвөн зуун хорин таван мянга зургаан зуун зургаан төгрөг жаран дөрвөн мөнгө / гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь
Нэхэмжлэгч Капитал банкны Хөвсгөл салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Зээлдэгч “Уртцахиур” ХХК нь 2015 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр ЗГ/ХӨ-05 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулж 70,000,000 төгрөгийг 36 сарын хугацаатай, сарын 2,1 хувийн хүүтэйгээр зээлсэн. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар багийн 1 дүгээр хэсэгт орших 198м.кв талбайтай хувийн сууц, 401,8,м.кв талбайтай өмчлөх эрхтэй газар, Хөвсгөл аймгийн Түнэл сумын Үертийн ам гэх газарт орших 94м.кв талбайтай ажлын байр, 5292м.кв эзэмших эрхтэй газрын хамт барьцаалсан.Зээлдэгч “Уртцахиур” ХХК нь өнөөдрийг хүртэлх хугацаанд үндсэн зээлийн төлбөр 21.033.020.08 төгрөг, зээлийн хүү 21,026,933.76 төгрөг, нийт 42,579,115.61 төгрөг төлсөн. 2016 оны 11 дүгээр сараас хойш төлөлт хийгээгүйн улмаас зээлийн гэрээний эргэн төлөлтийн гарфикаа зөрчин зээлээ төлөөгүй байна.
Зээлдэгч “Урт цахиур” ХХК нь 2015 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр тус банктай байгуулсан ЗГ/ХӨ-04 тоот зээлийн гэрээний дагуу төлөгдөх үндсэн зээл 48.966.979.92 төгрөг, зээлийн хүү 10.956.492.39 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 502.134.33 төгрөг, нийт 60.425.606.64 төгрөг байх тул зээлдэгч “Урт цахиур” ХХК-аас тус зээлийн төлбөрийг гаргуулж хохиролгүй болгоно уу гэжээ.
Хариуцагч Хөвсгөл аймгийн Урт цахиур ХХК-ий захирал А.Отгонбаяр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Манай Урт цахиур ХХК нь 2015 оны 01 дүгээр сард тус банкнаас 70.000.000 төгрөгийн зээлийг авсан. Манай компаний үйл ажиллагаа 2016 оны 5 дугаар сар хүртэл хэвийн явагдаж байгаад 6 сараас хойш доголдож эхэлсэн ба энэ нь иргэдийн худалдан авах чадвар ихэнх худалдааг зээл болон бартераар хийх болсон бөгөөд зээлээр авсан иргэд нь төлбөрөө хугацаандаа хийхгүй байгаа зэргээс шалтгаалсан юм.... Капитал банкны нэхэмжилсэн үндсэн зээл үндсэн зээл 48.966.979.92 төгрөг, зээлийн хүү 10.956.492.39 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 502.134.33 төгрөг, нийт 60.425.606.64 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна.
Капитал банкны Хөвсгөл салбартай байгуулсан зээлийн гэрээний дагуу 2018 оны 01 дүгээр сард төлж дуусах ёстой бөгөөд тус зээлээ төлж барагдуулахаар худалдан авсан ажлын байр, техник тоног төхөөрөмжөө худалдан борлуулж дээрхи хугацаанаас өмнө төлж барагдуулна гэжээ.
Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын шүүхэд ирүүлсэн тайлбарыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Капитал банкны Хөвсгөл салбар нь хариуцагч Хөвсгөл аймгийн Урт цахиур ХХК-аас үндсэн зээлийн төлбөр, хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 60.425.606.64 / жаран сая дөрвөн зуун хорин таван мянга зургаан зуун зургаан төгрөг жаран дөрвөн мөнгө /гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Хөвсгөл аймгийн Урт цахиур ХХК-ий захирал А.Отгонбаяр нь “....Капитал банкны нэхэмжилсэн үндсэн зээл үндсэн зээл 48.966.979.92 төгрөг, зээлийн хүү 10.956.492.39 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 502.134.33 төгрөг, нийт 60.425.606.64 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. .....” гэх тайлбараа шүүхэд ирүүлсэн ба нэхэмжлэгчийн төлөөлөгч нь хариуцагчийн ирүүлсэн хариу тайлбартай танилцсан энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч ХААН банкны Хөвсгөл салбарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 460.078 төгрөгөөс тал хувь болох 230.039 төгрөгийг буцаан , хариуцагч Хөвсгөл аймгийн Урт цахиур ХХК-аас 230.039 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Капитал банкны Хөвсгөл салбарт буцаан олгох нь зүйтэй байна.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 460.078 төгрөгийн тал хувь болох 230.039 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 –т зааснаар нэхэмжлэгч Капитал банкны Хөвсгөл салбарын нэхэмжлэлийн шаардлага 60.425.606.64 / жаран сая дөрвөн зуун хорин таван мянга зургаан зуун зургаан төгрөг жаран дөрвөн мөнгө /-г хариуцагч Хөвсгөл аймгийн Урт цахиур ХХК төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Капитал банкны Хөвсгөл салбарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 460.078 /дөрвөн зуун жаран мянга далан найм / төгрөгний тал хувь болох 230.039 /хоёр зуун гучин мянга гучин ес/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Хөвсгөл аймгийн Урт цахиур ХХК-аас 230.039 / хоёр зуун гучин мянга гучин ес / төгрөг, Голомт банкны Хөвсгөл салбар Татварын хэлтсийн 4901000149 тоотод данснаас буцаан 230.039 / хоёр зуун гучин мянга гучин ес / төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Капитал банкны Хөвсгөл салбарт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА