Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Эрдэнэбилэгийн Оюун-Эрдэнэ |
Хэргийн индекс | 240/2016/0078/Э |
Дугаар | 79 |
Огноо | 2016-09-14 |
Зүйл хэсэг | 215.3., |
Улсын яллагч | Ц.Ариунжаргал |
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2016 оны 09 сарын 14 өдөр
Дугаар 79
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж,
Нарийн бичгийн дарга: Б.Алдармаа,
Улсын яллагч: Ц.Ариунжаргал,
Шинжээч: О.Чулуунбаатар,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: Н.*******,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ц.Баярмаа,
Шүүгдэгч: Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овгийн *******ы *******д холбогдох 201616000125 тоот эрүүгийн 1 хавтас хэргийг 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн,
Б.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Өмнөговь аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт шороон зам дээр ******* ӨМӨ улсын дугаартай Тоёота марк-2 маркийн автомашин жолоодож яваад Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 9.2, 2.7а дахь заалтуудыг зөрчин зам тээврийн осол гаргасны улмаас тээврийн хэрэгсэлд зорчиж явсан М.*******ы амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.******* мэдүүлэхдээ: 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хөдөө байдаг найзынхаа гэрээс хүнс авахаар сумаас гараад явж байтал *******ын утас нь дуугараад нэг хүнтэй ярьж байсан. Тэгээд цааш явж байтал гэнэт машины урдуур ява мотоцикльтой хүн ороод ирсэн. Талийгаач хамт явахаар болоод мотоциклоо ы гэрт үлдээсэн. Талийгаачийг би өмнө нь таньдаггүй байсан. Тэр үед хэний хүүхэд юм гэж асуухад Мөөгий ахын хүүхэд гэж байсан. Бид 3 дэлгүүрээс 0.75 литрийн Ерөөл архи нэг шил, 2,5 литрийн пиво аваад сумын төвөөс гарсан. Сумаас гараад талийгаач авсан пивоо задалсан. Надад хуванцар аягаар 2 удаа ирэхээр нь нэг, нэг удаа балгасан. Тэгээд талийгаач сумаас гараад 20-оод километр явж байтал бие засъя гэхээр зогсоод би дугуйны хийг шалгахад тийм ч сул байгаагүй. Тэгээд цаашаа явж байгаад гэнэт л машин далбигас гээд 4 дугуйн дээрээ зүүн тийшээ хараад зогссон. Би өөрөө эхлэж буугаад дараа нь хажууд сууж явсан хүнээ буулгаад хойд талаас талийгаачийг буулгах гэхэд толгойноос нь цус нөж гарсан байсан. Болгоомжгүй байдлаас болж осол аваар гарч хүний алтан амь эрсдсэн явдалд харамсаж байна гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.******* мэдүүлэхдээ: 2016 оны 06 дугаар сарын 06-нд манайх ******* суманд нүүж явсан юм. Манай гэрийн хүн суман дээр ажилтай гээд манай хүүтэйгээ хамт явсан. Тэгээд оройгоо ирэх ёстой байсан ирээгүй. Маргааш нь буюу 06 дугаар сарын 07-ны өдрийн 3 цагийн үед би очих гэж байна аав юу хийж байна гэсэн мсж надад хүүгээс минь ирсэн. Тэгээд утас нь холбогдохоо больчихсон. Шөнө нь осол болсон байна гэж хүмүүс ирж хэлсэн. Намайг очиход хүү маань нас барчихсан байсан. Оршуулгын зардалд 5 сая гаруй төгрөг гарсан. ******* ажил явдлын үед 300.000 төгрөг өгсөн, сүүлд 100.000 төгрөг ном уншуул гэж өгсөн. Одоо нэхэмжлэх зүйлгүй. Энэ хүн хүүгийн маань оронд хүү чинь болж явна гэж хэлсэн болохоор энэ хэргээс хөнгөн ял шийтгэлтэй гарвал дараа нь намайг харж хандах байх гэж бодож байна гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч О.Чулуунбаатар мэдүүлэхдээ: Хавтас хэргийн материал болон гэрэл зургийн үзүүлэлтээс харахад ертөнцийн зүгээр бол зүүн гар тийш. Жолооч талаараа бол баруун гар тийш шарвасан байна. Ер нь бол аль талын хий бага байна тэр тал руу нь шарвалт өгдөг практиктай. Гэхдээ би өөрөө тэр талын хүн биш учраас тэр талаар сайн мэдэхгүй байна.Жолоочийн буруутай үйл ажиллагаанаас болж хэрэг гарсан гэж үзэж байгаа. Шороон зам дээр 60-70 км/ц хурдтай явна гэдэг нь өөрөө хурдтайд тооцогдоно. Энэ 24-30 метр гэдэг нь өөрөө энэ шүүх хуралдааны танхимыг 2-3 дахин нэмсэнтэй тэнцэх зай байгаа. Энэ зайнд 60-70 км цаг хурдтай явж байсан бол самбаачилах хугацаа хангалттай байсан гэж үзэж байна.
Дүгнэлт Бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт гаргахдаа хэргийн газрын үзлэг, гэрэл зургууд, мөн мэдүүлгүүдийг үндэслэн дүгнэлт гаргасан. Шинжээч нарын хэн нь ч хэргийн газар дээр очоогүй учраас хавтас хэргийг үндэслэж дүгнэлт гаргасан. Жолооны механизм алдагдсанаас осол гарсан байж болно гэхдээ тухайн жолооч өөрөө жолоогоо алдсан тохиолдолд л жолооны механизм алдагдана гэв. Мөрдөн байцаалтын шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.*******ын мэдүүлсэн мэдүүлэгт: Манайх ер нь хөдөө байдаг юм. Бид нар одоо отор хийгээд ******* сумын урдхан талд явж байгаа юм. Талийгаач хүү маань эхнэр бид хоёртой болон 2 дүүтэйгээ ам бүл тавуулаа амьдардаг байсан юм. Эхнэр сумын төв дээр ажилтай гээд 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдөр талийгаач хүүтэй хамт ******* сумын төв рүү явсан. Тэгээд сумын төв дээр байх хугацаандаа буюу 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдөр талийгаач хүнтэй уулзана гээд 11 цагийн үед гараад явсан байсан. Тэгээд гар утас нь холбогдох боломжгүй болчихсон гэсэн. Тэгээд намайг хөдөө гэртээ байж байтал 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хүн ирж талийгаач хүүг маань осолд орчихсон, муу байгаа гэх талаар хэлсэн. Тэгээд би ирсэн чинь нас барчихсан байсан. ******* талийгаачийн ажил явдлын үеэр 300.000 төгрөг өгсөн, сүүлд ном уншуул гээд 100.000 төгрөг өгсөн. Өөр надад нэхэмжлээд байх зүйл байхгүй гэжээ. /хх-37-39/,
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.*******сүрэнгийн мэдүүлсэн мэдүүлэгт: 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдөр 16-17 цагийн үед Өмнөговь аймгийн ******* сумын төвөөс хойшоо 30 гаруй километрт байх “ ” гэх газарт гэж айлынхаас найз ******* хүнс авахаар цагаан өнгийн марк-2 маркийн улсын дугаарыг нь би мэдэхгүй байна автомашинтай талийгаач ******* бид гурав явсан. Явахаасаа өмнө ******* бид хоёр очих айлдаа хүнсний зүйл гээд 3 савтай жижиг ундаа, 1 ууттай чихэр, 2,5 литрийн Нийслэл пиво 2 ширхэг, 0.5 литрийн архи 1 шил, 0,75 литрийн архи 1 шилийг тус тус аваад цаасан хайрцагт хийгээд хойд талын сандал дээр тавьчихсан байсан. Тэгтэл ******* дэлгүүрээс замдаа хэрэглэнэ гээд 1 шил Ерөөл нэртэй 0,75 литрийн архи болон 2,5 литрийн Нийслэл пиво авсан. Тэгээд бид гурав сумын төвөөс хөдөлсөн. Хөдлөөд явахдаа машиныг ******* жолоодож явсан. Би жолоочийн хажуу талд буюу зүүн талын урд суудал дээр суусан. Талийгаач ******* нь хойд талын суудал дээр ганцаараа сууж явсан. Тэгээд ******* хөдлөөд нөгөө том савтай Нийслэл пиво задлаад шар хуванцар аяганд хийж өгсөн. Замдаа хувааж уугаад явсан. ******* пивоноос замд явж байхдаа бараг уугаагүй. Уусан бол нэг аягыг л уусан. Харин ******* явахаасаа өмнө архи уучихсан байсан. Би ч мөн архи уучихсан байсан. ******* чухам өмнө нь юм уусан байсан үгүйг мэдэхгүй байна. Тэгээд бид гурав замдаа буюу сумын төвөөс гараад 20 гаруй километр яваад нарийны дээд эхэн дээр зүүн талын хойд талын дугуйны хий сул байна гээд зогссон. Тэгээд запас дугуй гаргаж ирээд солих гэсэн чинь данхраад нь алга байна гээд дугуйгаа сольж чадаагүй запас дугуйгаа буцааж хийгээд хөдлөөд явсан. Дугуйны хийг бид гурав хоорондоо ярилцаж байгаад тийм их сулраагүй байна айлд хүрчихээр юм байна гэж ярилцаад хөдөлсөн. Тэгээд голоо уруудаж явж байгаад гэнэт л машин онхолдож чухам хэд эргэсэн мэдэхгүй байна. Ямар ч байсан буцаад дугуйн дээрээ зогссон. Юу болоод яагаад онхолдсон талаар би мэдээгүй Тэгээд машин жолоодож явсан ******* эхлээд машинаас буусан. Цонхоороо гарсан байх. Ер нь тухайн үед буюу онхолдохоос өмнө цонхнууд онгорхой байсан юм. Тэгээд намайг хаалгаар ******* буулгасан. Тэгээд зүүн талын хойд хаалгыг ******* онгойлгосон. Тэгтэл талийгаач арын суудал дээр түрүүлгээ харчихсан толгойноос нь гэдэс шиг улаан хүрэн мушгирсан зүйл унжчихсан цус гарчихсан байдалтай нас барчихсан байсан. ...Би миллийг нь хараагүй болохоор сайн мэдэхгүй байна барагцаагаар 60-70 километр цагийн хурдтай явж байсан байх. Тэгээд гэнэт шарваад онхолдсон. Ямар ч байсан нэг бүтэн эргэсэн. Тэгээд дугуйн дээрээ буусан. Яагаад онхолдсон талаар мэдээгүй. Жолоочийн тал руугаа далийгаад явчих шиг болсон. Тэгээд л нэг мэдсэн онхолдсон байсан” гэжээ. /хх-26/,
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Н.ын мэдүүлсэн мэдүүлэгт: “...******* ӨМӨ улсын дугаартай Тоёота Марк-2 маркийн автомашин миний эзэмшлийн автомашин байгаа юм. Би эхнэрийн ах Сүрэнхорол овогтой гэдэг хүнээс 3 сая төгрөгөөр худалдаж авсан байсан юм. Худалдаж аваад удаагүй байсан болохоор өөрийн нэр дээр шилжүүлж чадаагүй байсан. Би ******* болон эхнэрт нь унаад байж бай гээд үлдээгээд хөдөө явчихсан байсан юм. Надад нэхэмжлэх зүйл байхгүй. Би машины эвдрэл гэмтэлд ямар нэг байдлаар мөнгө нэхэмжлэхгүй...” гэжээ. /хх-ийн 43-р хуудас/ Мөрдөн байцаалтын шатанд гэрч Г.ы мэдүүлсэн мэдүүлэгт: “...Талийгаач М.******* нь манай найз байгаа юм. Талийгаач нь манай эхнэртэй нэг ангид сурч байсан юм. ...2016 оны 06 дугаар сарын 07-ны өдөр 11 цагийн үед талийгаач ******* нь мотоцикльтой ганцаараа хөдөө явлаа гээд явж байхтай нь тааралдсан. Тэгээд надаас хөдөө явлаа мөнгө байна уу гээд 6.000 төгрөг аваад явсан. Бодвол бензин хийх гэж байсан байх гэж бодсон. Тэгээд дахиж уулзаагүй. Намайг өдөр гэртээ унтаж байхад талийгаач манайд ирээд хашаанд мотоциклио тавиад эхнэрээс 20.000 төгрөг аваад явсан байсан...” гэжээ. /хх-ийн 45-р хуудас/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ө.ийн мэдүүлсэн мэдүүлэгт: “...Талийгаач М.******* нь манай ангийн хүүхэд байгаа юм. Манайхаар их орж гардаг, манай нөхөртэй найзууд байгаа юм. 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдөр 17 цагийн үед байх гэртээ байж байтал талийгаач ******* нь мотоцикльтой ганцаараа ирсэн. Тэгээд надаас 20.000 төгрөг гуйгаад мөнгөний хэрэг болоод байна. Хөдөө явах гэж байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би 20.000 төгрөг өгөөд явуулсан. Манай нөхөр тухайн үед гэрт унтаж байсан. Тэгээд мотоциклио үлдээгээд хашаанаас гараад явсан. Араас нь харсан чинь *******, ******* хоёрын машинд суугаад яваад өгсөн. ******* нь жолоо барьж байсан. ******* нь жолоочийн хажуу талын суудал дээр суучихсан байгаа харагдсан. Харин талийгаач машины арын хаалгыг нь татаж ороод суугаад хөдлөөд явсан. Талийгаач манайд ирэхдээ бага зэргийн согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Гэхдээ тийм их согтуу байгаагүй...” гэжээ. /хх-ийн 46-р хуудас/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч С.ын мэдүүлсэн мэдүүлэгт: “...Би ******* ӨМӨ улсын дугаартай Тоёота Марк-2 маркийн автомашиныг 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Нямаагийн гэж хүнд зарсан. Ажил төрөл ихтэй завгүй байсан учир бичиг баримтыг нь шилжүүлж амжаагүй байсан. Н.од 3.000.000 төгрөгөөр зарж мөнгөө бүгдийг авсан, өр авлага байхгүй...” гэжээ. /хх-ийн 47-р хуудас/,
Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 46 тоот шинжээчийн дүгнэлт 1.Талийгаачийн цогцост үзлэг шинжилгээгээр дээрхи оношинд бичигдсэн гэмтлүүд тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр тээврийн ослын үед үүсгэгдсэн байх боломжтой. 2.Талийгаачийн цогцост үзлэг шинжилгээгээр үхэлд хүргэсэн архаг өвчин тогтоогдсонгүй. 3.Талийгаач нь гавал тархины гэмтлийн улмаас нас баржээ. /хх-59/, 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 15 дугаартай бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт: 1.Уг осол юунаас болж яг хэний буруутай үйлдлээс болж гарсан байна вэ? Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн ямар заалтыг хэн нь хэрхэн зөрчсөн байна вэ? Хэрэв зөрчсөн бол уг зөрчил нь осол болоход нөлөөлсөн эсэх? 2.Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн ямар заалтыг хэн нь хэрхэн зөрчсөн байна вэ? Хэрэв зөрчсөн бол уг зөрчил нь осол болоход нөлөөлсөн эсэх? -Уг зам тээврийн осол нь жолооч Б.******* нь МУ-ын ЗХХДүрмийн 2.7.а/-д 'Согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”..., мөн МУ-ын ЗХХДүрмийн 9.2-т "Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна. 3.2016 оны 06 дугар сарын 08-ны өдрийн Өмнөговь аймгийн Замын цагдаагийн тасгийн зохицуулагч цагдаагийн ахлах дэслэгч Т.Түмэнжаргалын гаргасан ослын акт үндэслэлтэй эсэх? -Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, хэрэг бүртгэгч цагдаагийн ахлах дэслэгч Т.Түмэнжаргалын 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн гаргасан ослын акт нь үндэслэлтэй гэж үзэж байна. /хх-61/,
Мөрдөн байцаалтын шатанд шинжээч О.Чулуунбаатарын мэдүүлсэн мэдүүлэгт: Замын цагдаагийн ахлах зохицуулагч цагдаагийн ахмад О.Чулуунбаатар би 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Өмнөговь аймаг ******* сумаас хойш 32 километрт Тоёота марк-2 маркийн ******* ӨМӨ улсын дугаартай автомашин онхолдож зам тээврийн осол гаргасан гэх 201616000125 тоот хэргийн материалтай 2016 оны 06-р сарын 22-ны өдөр танилцаж бүрэлдэхүүнтэй шинжээчээр оролцож 15 дугаартай дүгнэлт гаргасан. Уг дүгнэлтэнд жолооч *******ы ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн дүрмийн 9.2-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасч, зайлшгүй тохиолдол зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг мөн дүрмийн 2.7-ын “а”-д согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн нь буруутай гэж үзсэн. Уг осол гарсан гэх зам нь шороон зам байх ба осол автомашины дугуй болон техникийн эвдэрлээс болж гарсныг хавтаст хэргийн материалаас тогтоох боломжгүй юм. Хэрэв жолооч *******ы ******* нь техникийн бүрэн бүтэн байдлаас болж зам тээврийн осол гарсан гэж үзэж бай бол Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.3-ын “а”-д “Жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/ хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2-р хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон, чиргүүлийн холбоос эвдэрсэн, харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед зөв талын хол, ойрын болон ар талын оврын гэрлүүд асахгүй болсон, цас, бороо орж байгаа үед жолоочийн талын шил арчуур ажиллахгүй хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно. Хөдөлгөөнд оролцож явах үед тээврийн хэрэгсэлд дээр дурдсанаас бусад гэмтэл /энэ дүрмийн 2-р хавсралтад заасан/ тохиолдвол түүнийг засах, хэрэв бололцоогүй бол аюулгүй байдлыг хангаж аль ойр байгаа зогсоол (гарааш) буюу засварын газарт очно” гэсэн заалтын зөрчсөн нь буруутай байна гэжээ. /хх-62/,
Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Б.*******гийн мэдүүлсэн мэдүүлэгт: “...Надад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар ял сонсгож байгааг хүлээн зөвшөөрч байна. Би сонсгосон ялыг ойлгосон. ... 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдөр ...талийгаач мотоциклоо ы гэрт үлдээсэн. Гарч ирэхдээ 20.000 төгрөг авч гарч ирсэн. Бид 3 дэлгүүрээс 0.75 литрийн Ерөөл архи нэг шил, 2,5 литрийн пиво аваад сумын төвөөс гарсан. Сумаас гараад талийгаач авсан пивоо задалсан. Надад хуванцар аягаар 2 удаа ирэхээр нь нэг, нэг удаа балгасан. ...Гэнэт л машин далбигас гээд 4 дугуйн дээрээ зүүн тийшээ хараад зогссон. Тэр хооронд надад самбаачлах боломж гараагүй. Би эхэлж машинаас гараад *******сүрэнг гаргасан. Тэр зүгээр байсан. Зөв талын арын хаалгыг нээхэд талийгаач суудал дээрээ түрүүлгээ хараад хэвтэж байсан. Түүний духнаас нь цус шиг юм гойжиж байсан. Тэгээд талийгаач өнгөрсөн байсан...Машиныг би жолоодож, *******сүрэн миний хажуу талд, талийгаач ард ганцаараа суугаад явж байсан...Осол гаргаж талийгаачийн амь насанд хүрсэндээ харамсаж байна...” гэжээ. /хх-ийн 78-79-р хуудас/ Эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол /хх-1/, Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-2/, Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-4-6/, Гэрэл зургийн үзүүлэлт /хх-7-15/, Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-16/, Гэрэл зургийн үзүүлэлт /хх-17-20/, Цогцсонд гадна үзлэг хийсэн тэмдэглэл /хх-21/, Гэрэл зургийн үзүүлэлт /хх-23-26/, Замын цагдаагийн газрын Зам тээврийн осол дээр гаргасан акт /хх-27-30/, Харьцуулах шинжилгээнд хэв хэлбэр авах тогтоол /хх-31/, Харьцуулах шинжилгээнд хэв хэлбэр авсан тэмдэглэл /хх-32/, Жолоочийн согтуурлыг багажаар шалгасан тэмдэглэл /хх-33/, Хураан авах тогтоол /хх-34/, Хураан авсан тухай тэмдэглэл /хх-35/, Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /хх-36/, Шинжилгээ хийх шинжээч томилох тогтоол /хх-49, 52, 55, 58, 63/ Батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авах тогтоол /хх-69-71/, Н.*******ын иргэний үнэмлэхний хуулбар /хх-80/, М.*******ы иргэний үнэмлэхний хуулбар /хх-81/, Банкуудын тодорхойлолт /хх-84-91/, Цагдаагийн Ерөнхий газрын Жолоочийн лавлагаа, мэдээлэл /хх-92/, Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-93/, ******* ӨМӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-94/, Б.*******гийн иргэний үнэмлэхний хуулбар /хх-103/,
Шүүгдэгч Б.*******гийн ажил байдлын тодорхойлолт, эд мөрийн баримт жолооны үнэмлэх зэрэг болно. Шүүгдэгч Б.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Өмнөговь аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт шороон зам дээр ******* ӨМӨ улсын дугаартай Тоёота марк-2 маркийн автомашин жолоодож яваад Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 9.2 “ жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.”, 2.7а “ согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно.” гэсэн заалтуудыг зөрчин зам тээврийн осол гаргасны улмаас тээврийн хэрэгсэлд зорчиж явсан М.*******ы амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.*******ын “...намайг хөдөө гэртээ байж байтал 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хүн ирж талийгаач хүүг маань осолд орчихсон муу байгаа гэх талаар хэлсэн. Тэгээд би ирсэн чинь нас барчихсан байсан. ******* талийгаачийн ажил явдлын үеэр 300.000 төгрөг өгсөн, сүүлд ном уншуул гээд 100.000 төгрөг өгсөн. Өөр надад нэхэмжлээд байх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-37-39/, гэрч Б.*******сүрэнгийн “...дугуйны хийг бид гурав хоорондоо ярилцаж байгаад тийм их сулраагүй байна айлд хүрчихээр юм байна гэж ярилцаад хөдөлсөн. Тэгээд голоо уруудаж явж байгаад гэнэт л машин онхолдож чухам хэд эргэсэн мэдэхгүй байна. Ямар ч байсан буцаад дугуйн дээрээ зогссон. Юу болоод яагаад онхолдсон талаар би мэдээгүй. Тэгээд машин жолоодож явсан ******* эхлээд машинаас буусан. Цонхоороо гарсан байх. Ер нь тухайн үед буюу онхолдохоос өмнө цонхнууд онгорхой байсан юм. Тэгээд намайг хаалгаар ******* буулгасан. Тэгээд зүүн талын хойд хаалгыг ******* онгойлгосон. Тэгтэл талийгаач арын суудал дээр түрүүлгээ харчихсан толгойноос нь гэдэс шиг улаан хүрэн мушгирсан зүйл унжчихсан цус гарчихсан байдалтай нас барчихсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-26/,
гэрч Н.ын “...******* ӨМӨ улсын дугаартай Тоёота Марк-2 маркийн автомашин миний эзэмшлийн автомашин байгаа юм. ...Би ******* болон *******гийн эхнэр буюу дүүдээ унаад байж бай гээд үлдээгээд хөдөө явчихсан байсан юм. Надад нэхэмжлэх зүйл байхгүй. Би машины эвдрэл гэмтэлд ямар нэг байдлаар мөнгө нэхэмжлэхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 43-р хуудас/, гэрч Ө.ийн “...Тэгэхээр нь би 20.000 төгрөг өгөөд явуулсан. Манай нөхөр тухайн үед гэрт унтаж байсан. Тэгээд мотоциклио үлдээгээд хашаанаас гараад явсан араас нь харсан чинь *******, ******* хоёрын машинд суугаад яваад өгсөн. ******* нь жолоо барьж байсан. ******* нь жолоочийн хажуу талын суудал дээр суучихсан байгаа харагдсан. Харин талийгаач машины арын хаалгыг нь татаж ороод суугаад хөдлөөд явсан. Талийгаач манайд ирэхдээ бага зэргийн согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Гэхдээ тийм их согтуу байгаагүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 46-р хуудас/, гэрч С.ын “...Би ******* ӨМӨ улсын дугаартай Тоёота Марк-2 маркийн автомашиныг 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Нямаагийн гэж хүнд зарсан. Ажил төрөл ихтэй завгүй байсаар бичиг баримтыг нь шилжүүлж амжаагүй байсан. Н.од 3.000.000 төгрөгөөр зарж мөнгөө бүгдийг авсан, өр авлага байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 47-р хуудас/, шинжээч О.Чулуунбаатарын “...Хөдөлгөөнд оролцож явах үед тээврийн хэрэгсэлд дээр дурдснаас бусад гэмтэл /энэ дүрмийн 2-р хавсралтад заасан/ тохиолдвол түүнийг засах, хэрэв бололцоогүй бол аюулгүй байдлыг хангаж аль ойр байгаа зогсоол (гарааш) буюу засварын газарт очно” гэсэн заалтын зөрчсөн нь буруутай байна” гэсэн мэдүүлэг /хх-62/,
Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 46 тоот шинжээчийн “ Талийгаачийн цогцост үзлэг шинжилгээгээр дээрхи оношинд бичигдсэн гэмтлүүд тогтоогдлоо, Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр тээврийн ослын үед үүсгэгдсэн байх боломжтой, Талийгаачийн цогцост үзлэг шинжилгээгээр үхэлд хүргэсэн архаг өвчин тогтоогдсонгүй, Талийгаач нь гавал тархины гэмтлийн улмаас нас баржээ “ гэсэн дүгнэлт /хх-59/, Бүрэлдэхүүнтэй шинжээчийн “ Уг зам тээврийн осол нь жолооч Б.******* нь МУ-ын ЗХХДүрмийн 2.7.а/-д “Согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”..., мөн МУ-ын ЗХХДүрмийн 9.2-т "Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна, Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, хэрэг бүртгэгч цагдаагийн ахлах дэслэгч Т.Түмэнжаргалын 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн гаргасан ослын акт нь үндэслэлтэй гэж үзэж байна.” гэсэн дүгнэлт /хх-61/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-4-6/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-7-15/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-16/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-17-20/, цогцсонд гадна үзлэг хийсэн тэмдэглэл /хх-21/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-23-26/, Замын цагдаагийн газрын Зам тээврийн осол дээр гаргасан акт /хх-27-30/, мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн Б.*******гийн мэдүүлэг зэрэг хавтас хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна. Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжилсэн нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үзлээ. Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгч Б.*******гийн үйлдэлд тохирсон байна.
Иймд шүүгдэгч Б.******* нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв. Шүүгдэгч Б.******* нь 0.27 хувийн согтолттой буюу согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон болох нь 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдөр жолоочийн согтуурлыг багажаар шалгасан тэмдэглэл /хх-33/,
гэрч Б.*******сүрэнгийн “...******* хөдлөөд нөгөө том савтай Нийслэл пиво задлаад шар хуванцар аяганд хийж өгсөн. Замдаа хувааж уугаад явсан. ******* пивоноос уусан бол нэг аягыг л уусан...” гэсэн мэдүүлэг /хх-26/, шүүгдэгч Б.*******гийн сэжигтнээр өгсөн “...би өгсөн пивоноос 2-3 удаа балгасан. Цагдаа нар шөнө ирээд согтуурал шалгах багажаар үлээлгэсэн тэгэхэд 0.27 хувь гарч байсан...” гэсэн мэдүүлэг /хх-75/ зэргээр тогтоогдож байна. Шүүгдэгч Б.*******гийн согтуурлыг эрх бүхий албан тушаалтан зохих журмын дагуу шалгасан ба шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.27 хувь гарсан тул согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Шинжээчийн 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 5323 тоот дүгнэлтээр шүүгдэгч Б.*******гийн гэх цусанд спиртийн агууламж илрээгүй гэсэн дүгнэлт гарсан хэдий ч гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал болон дүгнэлт гарсан цаг хугацааг харьцуулан үзэхэд согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй гэж үзэх боломжгүй байх тул шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 85 дугаар зүйлийн 85.4 дэх хэсэгт зааснаар шинжээчийн дүгнэлтийг баримтлаагүй болно. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт “Гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн, түүнийгээ нөхөн төлүүлэх буюу сэргээлгэхээр шаардлага тавьж байгаа иргэн, хуулийн этгээдийг иргэний нэхэмжлэгч гэнэ.” гэж заажээ. Иймд шүүгдэгч Б.*******гийн гэмт хэрэг үйлдэх үед жолоодож явсан ******* ӨМӨ улсын дугаартай Тоёота марк-2 маркийн автомашины хууль ёсны эзэмшигч нь Н. болох нь гэрч С.,
гэрч Н. нарын мэдүүлгээр тогтоогдож байх ба тээврийн хэрэгслийн хууль ёсны эзэмшигч болох гэрчээр мэдүүлэг өгсөн Н. нь “...Би машинаа ******* болон эхнэрт нь унаад байж бай гээд үлдээгээд хөдөө явчихсан байсан юм. Надад нэхэмжлэх зүйл байхгүй. Би машины эвдрэл гэмтэлд ямар нэг байдлаар хохирол, төлбөр, мөнгө нэхэмжлэхгүй...” гэсэн мэдүүлэг өгсөн байх /хх-ийн 43-р хуудас/ тул шүүх иргэний нэхэмжлэгчээр тогтоох шаардлагагүй гэж үзсэн болно. Шүүгдэгч Б.******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.9 дэх хэсэгт зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд, харин согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэмт хэрэг үйлдсэн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.10 дахь хэсэгт зааснаар ял хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцсон болно.
Шүүгдэгч Б.*******д ял шийтгэл оногдуулахдаа хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гомдол саналгүй, ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү гэсэн санал хүсэлт, түүний нийгэмд эзлэх байр сууриа олж эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, эрхэлсэн ажил албан тушаалдаа нэр хүндтэй зэрэг хувийн байдал болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн хорих ялыг тэнсэж хянан харгалзаж өгнө үү гэсэн хүсэлт зэргийг тус тус харгалзан үзэж оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзэж тэнсэж хянан харгалзахаар шийдвэрлэлээ. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жил хүртэл хугацаагаар хасахаар хуульчилсан тул шүүгдэгч Б.*******гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах нь зүйтэй гэж үзлээ. Иймд Б.*******д тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассантай холбогдуулан шүүхийн шийтгэх тогтоолын хувийн хамт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шүүгдэгчийн 744849 дугаартай B, С ангиллын жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаар дамжуулан Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газарт шилжүүлэхээр шийдвэрлэв. Шүүгдэгч Б.******* нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.*******д оршуулгын зардалд 400.000 төгрөг өгсөн болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн “ ******* бидэнд оршуулгын зардалд нийт 400.000 төгрөг төлсөн ба гомдол санал байхгүй...” гэсэн мэдүүлгээр шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. Харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.******* нь оршуулгын зардалд 5 сая гаруй төгрөг зарцуулагдсан гэх мэдүүлэг өгч байх боловч энэ талаарх нотлох баримтаа хэрэгт гаргаж өгөөгүй байх тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид уг гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирч улмаар эд хөрөнгийн хохирол учирсан байна гэж шүүх үзэж гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо иргэний журмаар жич нэхэмжлэл гаргах эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн болно. Шүүгдэгч Б.******* нь 2014 оны 06 дугаар сарын 08-ны өдрөөс бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан ба цагдан хоригдсон хоноггүй болно.
Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.******* овгийн *******ы *******г хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******г тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасч, 3 /гурав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******д оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
4.Шүүгдэгч Б.******* нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний биеийн байцаалттай холбоотой бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
5.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ******* овгийн *******ы *******гийн 744849 дугаартай B, С ангиллын жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаар дамжуулан Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газарт шилжүүлсүгэй.
6.Шүүгдэгч Б.******* нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 400.000 /дөрвөн зуун мянга/ төгрөг төлсөн болохыг дурдсугай.
7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******д оногдуулсан 3 /гурав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж 1/нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж засрал хүмүүжилд нь хяналт тавихыг Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.
8.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.5 дахь хэсэгт зааснаар хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шүүх шийдвэрлэхийг шүүгдэгч Б.*******д мэдэгдсүгэй.
9.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.******* нь хянан харгалзах хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдвэл шүүх түүнд энэ хуулийн 58 дугаар зүйлд заасныг баримтлан ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
10.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 293 дугаар зүйлийн 293.2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.******* нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
11.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.*******д урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
12.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.*******д авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
13.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Э.ОЮУН-ЭРДЭНЭ