Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2015 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 221/МА2015/0150

 

Чулуут интернэшнл ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Мөнхтуяадаргалж, шүүгч П.Соёл-Эрдэнэ, шүүгч Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Батзориг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Ганбаатар, Д.Пунцаг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Маасүрэн, Э.Батцэцэг нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 08 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор, Чулуут интернэшнл ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмалын газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Чулуут интернэшнл ХХК-аас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ашигт малтмалын газрын 2012 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн гэрээний төсөлд улсын төсвөөр хийгдсэн хайгуулын ажлын нөхөн төлбөрт 52 200.74 ам доллар буюу 68 869 379,17 төгрөгийн нөхөн төлбөр ногдуулсан юм. Нөхөн төлбөрийн хэмжээг манай компани доорхи үндэслэлүүдээр хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж байна.

Өнөөдрийн байдлаар улсын төсвийн хөрөнгөөр хайгуулын ажилд гарсан зардлын нөхөн төлбөр асуудлыг Ашигт малтмалын тухай хуулийн 60 дугаар зүйл, Засгийн газрын 2007 оны 81 дүгээр тогтоолын хоёрдугаар хавсралтаар батлагдсан журмаар тус тус зохицуулж байна.

Санал зөрж байгаа нь нэгдүгээрт геологийн зураглал, ерөнхий эрлийн ажлын зардлыг нөхөн төлбөрт хамруулах тухай, хоёрдугаарт нөхөн төлбөрийн хэмжээг тодорхойлж байгаа аргачлалтай тус тус холбоотой байна.

Дээрх эрх зүйн зохицуулалтаар нарийвчилсан эрэл, эрэл үнэлгээ болон бусад бүх хайгуулын шатны ажлын зардлыг нөхөн төлүүлэхээр заасан байна. Манай компанийн эзэмшиж байгаа тусгай зөвшөөрөл бүхий талбайн хувьд улсын төсвийн хөрөнгөөр эдгээр үе шатны хайгуулын ямар ч ажил хийгдээгүй бөгөөд энэ үе шат болох 1:200000, 1:50000-ны масштабын геологийн зураглал, ерөнхий эрлийн ажил хийгдсэн байдаг.

Иймд геологийн зураглал, ерөнхий эрлийн ажилд гарсан зардал хууль, журмын дагуу нөхөн төлөгдөхгүй гэж ойлгож байна. Уул уурхайн хэлтсийн мэргэжилтний гаргасан тооцоонд тусгагдсан дараах 1:50000-ны масштабын геологийн зураглал, ерөнхий эрлийн ажил 1994-1996 онд хийгдсэн байхад 1991 оны Засгийн газрын 20 дугаар тогтоолтой холбоотой тохируулга хэрэглэсэн, хэрэглэж байгаа тохируулга болох ерөнхий түвшний математик гаргалгаа, геологийн зураглал, ерөнхий эрлийн ажлын үед олон төрлийн ажил хийгддэгээс нийт зардлын дийлэнх нь зураглалын ажлын зардал эзэлдэг байхад үндсэн ажлыг суваг нэвтрэлт гэж үзсэн үндэслэлүүдийг зөвшөөрөх боломжгүй байна.

Судалгааны талбайд хийгдсэн олон төрлийн ажлуудаас ганц сувгийн ажлыг голлож авснаас болж нийт талбайд малтагдсан 860 м куб сувгийн ажлын хэмжээнд, Жоншит Толгойн участикт нэвтэрсэн 380 м куб сувгийг харьцуулах замаар үндсэн тооцоог хийсэнтэй, тэр үеийн ханшийг нийтлэг даган мөрддөг Монгол Улсын хэрэглээний барааны үнийн ерөнхий индекс буюу 4,6 гэсэн коэффицентийг /1996-2012/

хэрэглээгүй зэрэг үндэслэлүүдийг зөвшөөрөх боломжгүй байна. Бидний саналаар тэр үеийн ажлын өртөг болох 617550 төгрөгийг хэрэглээний барааны үнийн ерөнхий индексээр тооцож 2.840.730 төгрөгийн нөхөн төлбөрт тооцуулах хүсэлттэй байна гэжээ.

Хариуцагч Ашигт малтмалын газраас шүүхэд гаргасан хариу тайлбартааЧулуут интернэшнл" ХХК-д Төв аймгийн Баяндэлгэр сумын нутаг Жонш толгой гэдэг газарт ашигт малтмалын ашиглалтын 6506А тоот тусгай зөвшөөрлийг 2003 оны 10 дугаар сарын 31-ний өдөр, ашигт малтмалын ашиглалтын 12214А тоот тусгай зөвшөөрлийг 2006 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр, ашигт малтмалын 16834А тоот тусгай зөвшөөрлийг 2011 оны 5 дугаар сарын 18-ны өдөр тус тус олгосон байна.

"Чулуут интернэшнл" ХХК-ийн ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон талбай дээр 1994-1996 онуудад "Гурван гол" ХХК-ийн Баяндэлгэрийн хайгуулын 5 дугаар анги

1:50000-ны масштабтай харьцаатай геологийн зураглал, геохимийн судалгааны ажил, суваг малталт 864.2 м куб, эрлийн маршрут, 80.0 т.км, шурф нэвтрэлт 391.2 т.м сорьцлолтууд, дээжлэлтүүдээр эрлийн ажлыг гүйцэтгэж нийт 1396.0 км кв талбайг хамарч, 22.391.196 төгрөгийн зардал гаргажээ.

Ашигт малтмалын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг улсын төсвийн хөрөнгөөр хайгуулын ажил хийж, нөөцийг нь тогтоон улсын нэгдсэн бүртгэлд бүртгэгдсэн орд газраас олборлолт явуулж байгаа тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй хайгуулын ажилд улсын төсвөөс гаргасан зардлыг гэрээний үндсэн дээр улсын төсөвт буцааж нөхөн төлнө гэж заасан байна.

Ашигт малтмалын газар нь "Улсын төсвийн хөрөнгөөр хийсэн хайгуулын ажлын зардлын хэмжээг шинэчлэн тогтоох, төсөвт нөхөн төлөх журам"-ын тухай Засгийн газрын 2007 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 81 дүгээр тогтоолоор шинэчлэгдсэн журмын дагуу тооцож аж ахуйн нэгжүүдтэй гэрээ байгуулж Ашигт малтмалын тухай хуулийн хэрэгжилтийг хангаж ажилладаг болно. "Улсын төсвийн хөрөнгөөр хийсэн хайгуулын ажлын зардлын хэмжээг шинэчлэн тогтоох, төсөвт нөхөн төлөх журам"-ын 1.2-т Улсын төсвийн хөрөнгөөр хийсэн хайгуулын ажлын зардлыг нөхөн төлүүлэхэд улсын төсвөөс ашигт малтмалын ордыг илрүүлэн нөөцийг тогтооход зарцуулсан нарийвчилсан эрэл, эрэл үнэлгээ, хайгуулын бүх шатны ажлын зардал (цаашид "хайгуулын ажлын зардал" гэх)-ууд хамрагдана гэж заасны дагуу улсын төсвийн хөрөнгөөр хийгдсэн эрлийн ажлын үед зураглалын ажил, маршрут, геохими, геофизикийн ажил, уул өрмийн ажил, агаарын фото зураг болон дээжлэлтийн зэрэг ажлуудын зардлыг тооцож "Чулуут интернэшнл" ХХК-тай 52.200.74 ам доллар буюу 68.869.379 төгрөгийн нөхөн төлбөр гэрээ байгуулахаар болж байна.

Гэтэл тус компани нь нөхөн төлбөрийн гэрээ байгуулахаас татгалзаж байгаа нь Ашигт малтмалын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасан шаардлагыг зөрчиж байна. "Чулуут интернэшнл" ХХК нь 2012 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр Техник эдийн засгийн үндэслэлийг хэлэлцүүлсэн ба 09-05 дугаар дүгнэлтийг үндэслэн Ашигт малтмалын газрын даргын 2012 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 583 дугаар тушаал гарч техник эдийн засгийн үндэслэлийг хүлээн авсан байна.

Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн 2012 оны 9 дүгээр 21-ний өдрийн 09-05 дугаар дүгнэлтийн 10 дугаар зүйлд Улсын төсвийн хөрөнгөөр хийсэн хайгуулын ажлын нөхөн төлбөрийн гэрээг Ашигт малтмалын газартай байгуулахыг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөс анхааруулж шийдвэрлэсэн байна.

Чулуут интернэшнл ХХК-ийг Улсын төсвийн хөрөнгөөр хийсэн хайгуулын ажлын зардлын нөхөн төлбөрийн гэрээ байгуулахыг даалгаж өгнө үү гэжээ.

Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 8 дугаар шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 60.2 дахь хэсэгт заасныг баримтлан "Чулуут интернэшнл" ХХК-ийн ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий Төв аймгийн Баяндэлгэр сумын нутагт Жоншт толгойн хайлуур жоншны ордын талбайд улсын төсвийн хөрөнгөөр хийгдсэн хайгуулын ажлын зардал 52.200.74 ам доллар буюу 68 869 379.17 төгрөг нөхөн төлүүлэхээр тогтоосон Ашигт малтмалын газрын Уул уурхайн хэлтсийн 2012 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн нөхөн төлбөрийн гэрээг нөхөн төлүүлэх зардлыг шинэчлэн тогтоож гэрээ байгуулах хүртэл түдгэлзүүлж шийдвэрлэжээ.

Хариуцагч Ашигт малтмалын газар давж заалдах гомдолдооАшигт малтмалын газар нь Ашигт малтмалын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасны дагуу "Чулуут Интернэшнл" ХХК-ийн эзэмшлийн ашигт малтмалын ашиглалтын 6506А, 12214А, 16834А тоот тусгай зөвшөөрлүүдийн талбайд нөхөн төлбөрийн гэрээ байгуулахаар хуульчилсан.

Тус компанийн эзэмшлийн Жоншт толгойн хайлуур жоншны орд дээр 1994-96 онуудад "Гурван гол" ХХК-ийн Баяндэлгэрийн хайгуулын 5 дугаар анги 1:50000-ны масштабтай харьцалтай геологийн зураглал, геохимийн судалгааны ажил, суваг малталт 864,2 м.куб, эрлийн маршрут 80,0 т.км, шурф нэвтрэлт 391,2 т.м, сорьцлолтууд, дээжлэлтүүдээр эрлийн ажлыг гүйцэттэжээ. Энэ эрэл зураглалын ажил нь нийт 1396,0 км.кв талбайг хамарч, 22,391,196 төгрөгийг зарцуулсан. Эрлийн ажлын хүрээнд Шар булгийн ам, Жоншт толгой, Шинэ булгийн хөндий, Авдрантын район зэрэг газруудыг хамарсан байна. Жоншт толгой талбайд буюу "Чулуут интернэйшнл" ХХК-ийн МҮ-006506, МҮ-012214, МҮ-016834 тоот ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийн 202.76 га талбайд 15 км эрлийн маршрут, 12 ш штуф сорьцон дээж, 26 ш цэгэн дээж. 10 ш канав буюу 380,8 м3 суваг малталтын ажил хийгджээ.

Тухайн ордын талбайд ногдох зардлыг Монгол улсын Засгийн газрын 2007 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 81 дүгээр тогтоолоор шинэчлэгдэн батлагдсан "Улсын төсвийн хөрөнгөөр хийсэн хайгуулын ажлын зардлын хэмжээг шинэчлэн тогтоох, төсөвт нөхөн төлөх журам"-ын 2.4-д заасны дагуу тухайн тайлангийн нийт зардлын дүн болох 22,391,196 төгрөгөөс тухайн үеийн ханшаар 9,866,429 төгрөг тооцоолсон болно. Энэ нь тухайн тайлангийн нийт ажил болон нийт зардлын 44% нь Жоншт толгойн орд дээр ногдож байгаа гэсэн үг юм.

Гэтэл шүүхийн шийдвэрээр Жоншт толгойн ордын 202.76 га талбайд хийгдсэн 15м/км эрлийн маршрут. 12 штуф сорьцон дээж, 94 ш ховилон дээж, 26 ширхэг цэгэн дээж, 10 ш канав буюу 380.8 м куб суваг малтмалтын ажлын дээр бусад зардлаас 1 га-д ногдох зардлыг 202.76 га талбайн хэмжээгээр үржүүлэн нэмж, гэрээ байгуулахын өмнөх жилийн хэрэглээний үнийн индексээр тооцон нөхөн төлүүлэх төлбөрийг шинэчлэн тогтоож, гэрээ байгуулахыг даалгасан нь Ашигт малтмалын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг болон, Монгол улсын Засгийн газрын 2007 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 81 дүгээр тогтоолтой нийцэхгүй байна.

Иймд Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 8дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Чулуут интернэшнл ХХК Төв аймгийн Баяндэлгэр сумын нутаг Жонш толгой гэдэг газар 202,76 га талбай бүхий ашигт малтмалын ашиглалтын 6506А тусгай зөвшөөрлийг 2003 оны 10 дугаар сарын 31-ний өдөр, 12214А тусгай зөвшөөрлийг 2006 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр, 16834А тусгай зөвшөөрлийг 2011 оны 05 дугаар сарын 18-ны өдөр тус тус авч, үйл ажиллагаа явуулсан байна.

Хариуцагчаас, Чулуут интернэшнл ХХК-ийн дээрх дугаарууд бүхий ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийн нийт 202,76 га талбайд улсын төсвийн хөрөнгөөр хийгдсэн хайгуулын ажлын зардлын нөхөн төлбөрт 52,200,74 ам.доллар буюу 68,869,379.17 төгрөг төлүүлэхээр шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчээс, улсын төсвийн хөрөнгөөр хийгдсэн геологийн зураглал, ерөнхий эрлийн ажлын зардлыг нөхөн төлбөрт хамруулахгүй, нөхөн төлбөрийн хэмжээг тодорхойлж байгаа аргачлал буруу, иймд нөхөн төлбөрийн үнийн дүнг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

1994-1995 онуудад Чулуут интернэшнл ХХК-ийн ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон талбай дээр Гурван гол ХХК-ийн Баяндэлгэрийн хайгуулын 5 дугаар анги 1:50000-ын харьцалтай геологийн зураглал хийж, геохимийн болон шлихийн судалгааны дээж 10886-г авч, бусад дээжлэлт 1021, суваг малталт 864,4 м.куб, эрлийн маршрут 80,0 т.км, шурф нэвтрэлт 392,6 т.м хийж гүйцэтгэсэн нь нийт 1396.0 км.кв талбайг хамарч 22,391,196.0 төгрөгийн зардал гаргасан хэмээн хайгуулын ажлын тайлан гаргажээ.

Явуулсан ажлын дүнд Шар булагт алт, Жонш толгойд хайлуур жоншны илрэлүүдийг тогтоож, 2 газар бал чулууны илрэл олж, сонирхолтой гэсэн илрэлүүд дээр 1:10000-ны эрэл хийжээ.

Харин, хэрэгт нотлох баримтаар авагдсан, 2014 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн шинжээчийн дүгнэлтээр ...судалгааны ажлуудаас зөвхөн уулын суваг малталтын ажлыг суурь ажил хэмээн тооцож, улмаар нийт зардлын хэмжээг зөвхөн уулын суваг малталтын зардалд харьцуулан суурь үнэлгээ болгон нөхөн төлбөрийг тооцон гаргасан нь буруу. 1964-1965 онд хийгдсэн 1:200000 харьцлын геологийн зураглалын ажлын зардлаас нөхөн төлбөр тооцохгүй, учир нь энэ ажил Засгийн газрын 81 дүгээр тогтоолын улсын төсвөөс хайгуулын ажилд гарсан зардлын нөхөн төлбөрийн хэмжээг тооцох, төлөх журмын 2 дахь хэсэгт тусгагдаагүй зардал. Иймд нөхөн төлбөрийн хэмжээг Жонш толгойн хэсэгт хийгдсэн 1:10000 харьцлын нарийвчилсан эрлийн ажлын бодит зардлыг тусад нь тооцон гаргаж, холбогдох тооцоог гаргах байсан... гэж, 2014 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн шинжээчдийн нэгдсэн дүгнэлтээр ... Жонш толгойн хайлуур жоншны илрэлийн талбайд гүйцэтгэсэн геологийн судалгааны ажил нь нарийвчилсан эрлийн шатны ажилд хамрагдаж байна. Хүснэгтээс харахад нэг га талбайд ногдох зардал нь 1889,60 төгрөг болж байна. Үүнээс үндэслэн Жонш толгойн 3 ашиглалтын талбайд ногдох зардал нь тухайн үеийн байдлаар 384,495.15 төгрөг байна гэсэн хайгуулын ажлын анхны зардлыг гаргаж тооцлоо. Эндээс гэрээ байгуулахын өмнөх үеийн ерөнхий түвшингээр тооцсноор Чулуут интернэшнл ХХК-ийн 6506А, 12214А, 16834А тусгай зөвшөөрөл бүхий талбайд хамаарах нөхөн төлбөрийн хэмжээ гарна гэж үзлээ. гэсэн дүгнэлтүүд гарсан.

Ашигт малтмалын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д Улсын төсвийн хөрөнгөөр хайгуулын ажил хийж, нөөцийг нь тогтоон улсын нэгдсэн бүртгэлд бүртгэсэн орд газраас олборлолт явуулж байгаа тусгай зөвшөөрөл эзэмшигч хайгуулын ажилд улсын төсвөөс гаргасан зардлыг олборлолт явуулж эхэлсэн хугацаанаас эхлэн гэрээний үндсэн дээр улсын төсөвт буцаан нөхөн төлнө, 60.8-д Нөхөн төлбөрийн хэмжээг тооцох, төлөх журмыг Засгийн газар батална.60 дугаар зүйлийн 60.2-т Улсын төсвийн хөрөнгөөр хийсэн хайгуулын ажлын зардалд ашигт малтмалын ордын нарийвчилсан эрэл, эрэл-үнэлгээний ажлын тухайн талбайд ногдох зардал, хайгуулын бүх шатны ажилд улсын төсвөөс гаргасан зардлыг тус тус оруулан тооцно гэж заажээ.

Дээрх нотлох баримтуудаар нэхэмжлэгч Чулуут интернэшнл ХХК-д нөхөн төлбөр ногдуулсан Ашигт малтмалын газрын Уул уурхайн хэлтсийн 2012 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн гэрээгээр ногдуулсан 68,869,379.17 төгрөгийн нөхөн төлбөр нь Ашигт малтмалын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2-т заасан болон Засгийн газрын 2007 оны 81 дүгээр тогтоолоор батлагдсан Улсын төсвөөс хайгуулын ажилд гарсан зардлын нөхөн төлбөрийн хэмжээг тооцох, төлөх журам-ын Нэгийн 2-т Улсын төсвийн хөрөнгөөр хийсэн хайгуулын ажлын зардлыг нөхөн төлүүлэхэд улсын төсвөөс ашигт малтмалын ордыг илрүүлэн нөөцийг тогтооход зарцуулсан нарийвчилсан эрэл, эрэл-үнэлгээ, хайгуулын бүх шатны ажлын зардлууд хамрагдана гэж заасан байх тул геологийн зураглал, ерөнхий эрлийн ажилд гаргасан зардал нөхөн төлүүлэх хайгуулын ажлын зардалд хамаарахгүй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Тодруулбал, Шинжээчдийн дүгнэлтээр Жонш толгойн хайлуур жоншны ордын 202,76 га талбайд хийгдсэн ажил нь эрэл-үнэлгээний ажилд хамаарахгүй, цэгэн, штуфын ба ховилон сорьцлолтууд, уулын суваг нэвтрэлтийн ажлын үр дүнгээр хүдрийн биетийн хэлбэр хэмжээ, хайлуур жоншны таамаг нөөцийг P2 зэргээр тогтоосон тул нарийвчилсан эрлийн ажилд хамаарахаар байх тул нарийвчилсан эрлийн ажилд улсын төсвөөс зарцуулсан зардлыг Ашигт малтмалын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 60.2, Засгийн газрын 2007 оны 81 дүгээр тогтоолоор батлагдсан Улсын төсвөөс хайгуулын ажилд гарсан зардлын нөхөн төлбөрийн хэмжээг тооцох, төлөх журам-ын Нэгийн 2-т зааснаар нөхөн төлүүлэх үндэслэлтэй.

Учир нь Засгийн газрын 2007 оны 81 дүгээр тогтоолоор батлагдсан Улсын төсвөөс хайгуулын ажилд гарсан зардлын нөхөн төлбөрийн хэмжээг тооцох, төлөх журам-д 1991 оны 1 дүгээр сарын 16-наас өмнө төсвийн хөрөнгөөр хийсэн хайгуулын ажлын зардал хамаарахаар заасан байх тул цаг хугацааны хувьд маргаан бүхий 1994-1995 онуудад улсын төсвийн хөрөнгөөр хийгдсэн ажлын зардлыг тооцоход уг журмын хоёрын 6 дахь заалт хамаарагдахгүй. Харин дээрх журмын хоёрын 4,5 дахь хэсгүүдэд заасан аргачлалаар нэхэмжлэгч компанийн 202,76 га талбайд хийгдсэн нарийвчилсан эрэл, эрэл-үнэлгээний ажлын зардлыг тооцох боломжтой байна.

Иймд дээрх үндэслэлээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 8 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА

ШҮҮГЧ П.СОЁЛ-ЭРДЭНЭ

ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН