| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Барнямын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 155/2017/00501/и |
| Дугаар | 00626 |
| Огноо | 2017-06-15 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 06 сарын 15 өдөр
Дугаар 00626
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Их-Уул сумын 1 дүгээр багт оршин суух Хөх нуур овогт Шагдарсүрэнгийн Баасанжаргал / РЖ67022405/-ийн хүсэлттэй,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ундрах оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ш.Баасанжаргал шүүхэд гаргасан хүсэлтдээ тайлбарлахдаа: Миний бие нь Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Саруул-Амьдрал нэгдэлд 1983 оны 6 дугаар сарын 20-нд малчнаар элсэн орсон юм. Түүнээс хойш тус нэгдэлд хоньчин, саальчнаар 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал нэгдэл тартал ажиллаж ирсэн юм. Гэтэл одоо 50 нас хүрсэн, 4 хүүхэдтэй тэтгэвэрт орох болтол нэгдэлд ажиллаж байсан хугацааны хөдөлмөрийн дэвтэрт бичилт дутуу хагас бичигдсэн, зарим тамга тэмдэг дарагдаагүй зэргээс миний нэгдэлд ажиллаж байсан хугацаа тооцогдохгүй байгаа юм.
Иймд Ш.Баасанжаргал намайг Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Саруул-Амьдрал нэгдэлд 1983 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хоньчин, малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч нь ажиллаж байсан байдлаа сэргээн тогтоолгосноор өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх зүйн тодорхой үр дагаврыг бий болгож байх ба Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Саруул-Амьдрал нэгдэлд 1983 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хоньчин, малчнаар ажиллаж байсан болох нь түүний хүсэлт болон хавтаст хэрэгт авагдсан доорх баримтуудаар тогтоогдож байна.
Тухайлбал: Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Саруул-Амьдрал нэгдлийн даргын 1983 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 27 дугаартай “ 1. 1983 онд 8 дугаар анги төгсөж МХЗЭ-ийн илгээлт болон сургуулийн хувиараар ХАА-д хувиарлагдан ирсэн ... Шагдарын Баасанжаргал нарыг 1 дүгээр бригадад... тус тус томилон 1983 оны 6 дугаар сарын 20-ноос эхлэн ажилуулсугай” гэх 8 дугаар анги төгсөж МХЗЭ-ийн илгээлт болон сургуулийн хувиараар МАА-д д хувиарлагдан ирсэн сурагчдыг ажилд хувиарлах тухай тушаалын хуулбар,
Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Саруул-Амьдрал нэгдлийн даргын 1986 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 67 дугаартай “1. Нэгдүгээр бригадын ... Ш.Баасанжаргал нарт БНМАУ-ын сайд нарын Зөвлөлийн 1977 оны 165 дугаар тогтоолыг үндэслэн хүүхдийг нь зургаан сарын настай болтол тэтгэмж олгосугай...” гэх Нярай хүүхдээ асрахад тэтгэмж олгох ба ажилд түр хугацаагаар томилох тухай тушаалын хуулбар,
Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Саруул-Амьдрал нэгдлийн даргын 1988 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 02 дугаартай “1. Нэгдүгээр хэсгийн малчин ... Ш.Баасанжаргал ... нарт сайд нарын зөвлөлийн 1977 оны 165 дугаар тогтоолыг үндэслэн хүүхдийг нь зургаан сарын настай болтол нь зохих тэтгэмж олгосугай” гэх Нярай хүүхдээ асрахад тэтгэмж олгох тухай тушаалын хуулбар,
Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Саруул-Амьдрал нэгдэлд 1989-1990 онуудад хоньчин, малчнаар ажилласан жил, авсан цалин хөлсийг сумын архивын 70 дугаар данснаас түүвэрлэн гаргасан Хөвсгөл аймгийн Их-Уул сумын засаг даргын Тамгын газрын 2017 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 3/133 дугаартай цалин хөлсний лавлагаа, цалингийн тооцооны хүснэгтийн хуулбар,
Гэрч Т.Сэр-Одын 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдөр өгсөн: “...Ш.Баасанжаргал нь Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Саруул-Амьдрал нэгдэлд 1983 оноос 1990 оныг дуустал хоньчин малчнаар тасралтгүй ажилласан. Би Их-Уул сумын Саруул-Амьдрал нэгдлийн 1 дүгээр бригадад саальчин, 2 дугаар бригадад фермийн эрхлэгчээр 1960-1990 онуудад тасралтгүй ажилласан...” гэх мэдүүлэг,
Гэрч Д.Ичинхорлоогийн 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдөр өгсөн: “ ... Миний мэдэхийн Ш.Баасанжаргал нь 1980-1990 оныг хүртэл Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Саруул-Амьдрал нэгдлийн 1 дүгээр бригадад малчнаар ажиллаж байсан. Би Их-Уул сумын Саруул-Амьдрал нэгдлийн 1 дүгээр бригадад 1980-1992 оныг хүртэл малчнаар тасралтгүй ажилласан...” гэх мэдүүлэг, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бичмэл нотлох баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Харин нэхэмжлэгчид холбогдох лавлагааг гаргаж өгөх боломжгүй болох нь Хөвсгөл аймгийн архивын тасгийн 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 10/264 дугаартай “ Тус аймгийн Их-Уул сумын Саруул-Амьдрал нэгдлийн даргын 1990 оны тушаал шүүж үзэхэд Ш.Баасанжаргалыг малчнаас чөлөөлсөн тушаал байхгүй тул холбогдох лавлагаа гаргаж өгөх боломжгүй байна ” гэх тодорхойлолт хэрэгт авагдсан байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар "эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй" нэхэмжлэлд төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Хөх нуур овогт Шагдарсүрэнгийн Баасанжаргал / РЖ67022405 /-г Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Саруул-Амьдрал нэгдэлд 1983 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хоньчин, малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ш.Баасанжаргалын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хура лдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацаагтоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА