| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Барнямын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 155/2017/00403/и |
| Дугаар | 00634 |
| Огноо | 2017-06-16 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 06 сарын 16 өдөр
Дугаар 00634
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа би Д.Дунгармаагийн нэхэмжлэлтэй, Х.Баттулгад холбогдох
Машины үнэ 7.000.000 /долоон сая төгрөг / гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр 155/2017/00403/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь
Нэхэмжлэгч Д.Дунгармаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие Д.Дунгармаа нь Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Эрүүл мэндийн төвд эх баригч ажилтай бөгөөд 2013 онд цалингийн зээл авч “Пажеро” маркийн автомашин 7.000.000 төгрөгөөр худалдан авсан юм. Гэтэл Х.Баттулга нь уг машиныг 2014 онд авч яваад дур мэдэн худалдан борлуулсан байсан ба цалингийн зээлийг би ганцаараа төлж барагдуулсан болно. Тухайн үед бид гэрлэлтээ цуцлуулаагүй байсан бөгөөд Х.Баттулга нь хамт амьдарч байх үедээ мөн миний таньдаг хүмүүсээс надаар зээл авахуулчихаад мөнгийг нь аваад гэрээсээ явсан учир би дахин цалингийн зээл авч түүний өмнөөс хүмүүсийн өрийг дарж, өөрөө цалингийн зээл төлж амьдарч байна. Тэрээр машин худалдан авахад нэг ч төгрөг нэмэрлээгүй, цалингийн зээлнээс төлөлт хийлцээгүй байж машиныг маань дур мэдэн захиран зарцуулж, өөрийн амин хувийн хэрэгцээндээ зарцуулсан байгаа тул машины үнийг гаргуулан авч цалингийн зээлийн төлөлтөө хийж дуусгах шаардлагатай байна.
Иймд Баттулгаас Пажеро маркийн машины үнэ 7 сая төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Х.Баттулга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Миний бие Х.Баттулга нь Д.Дунгармаагийн нэхэмжлэлтэй 7.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагчаар оролцож байгаа ба түүний шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.
Нэхэмжлэгч Д.Дунгармаа нь надаас Пажеро маркийн автомашины үнэ 7.000.000 төгрөгийг гаргуулах хүсэлт гаргасан байна. Миний бие нь 7.000.000 төгрөгөөс 3.000.000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, мөн Д.Дунгармаа нь 3.000.000 төгрөгийг авахыг зөвшөөрч, бид хоёр 3.000.000 төгрөгийг хэмжээнд эвлэрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгч Д.Дунгармаа шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Миний бие Дашбалжир овогтой Дунгармаа нь Халтар овогтой Баттулгаас 7.000.000 төгрөг нэхэмжилж өргөдөл өгсөн. Х.Баттулгатай ярилцаж нэхэмжлэлийн шаардлагаас 4.000.000 төгрөг гаргуулах хэсгээсээ татгалзаж, 3.000.000 төгрөг гаргуулахаар тохироцсон тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын шүүхэд ирүүлсэн тайлбарыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Дунгармаа нь хариуцагч Х.Баттулгаас 7.000.000 / долоон сая / гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Д.Дунгармаа нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 7.000.000 төгрөгнөөс 3.000.000 төгрөг авна, нэхэмжлэлийн шаардлагаас 4.000.000 төгрөг гаргуулах хэсгээсээ татгалзаж байна гэснийг хариуцагч Х.Баттулга зөвшөөрч, зохигч 3.000.000 төгрөгийн хэмжээнд эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжид 126950 төгрөгийг урьдчилан төлөх байсан ба нэхэмжлэгч нь 127.000 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжинд төлжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувь бууруулж тогтооно гэж заасан тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтэнд төлсөн 127.000 төгрөгөөс 63.475/жаран гурван мянга дөрвөн зуун далан тав/төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж 63.525 жаран гурван мянга таван зуун хорин тав/ төгрөгийг улсын улсын орлогоос буцаан гаргуулж,
Иргэний хэрэг шүүхэд хянан үийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 56.4-т зааснаар зохигчид эвлэрсэн үнийн дүнд ноогдох улсын тэмдэгтийн хураамж болох 62.950 / жаран хоёр мянга өсөн зуун тавь / төгрөгийн тал хувь болох 31.475 / гучин нэгэн дөрвөн зуун далан тав/ төгрөгийг хариуцагч Х.Баттулгаас гаргуулан нэхэмжлэгч Д.Дунгармаад олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Д.Дунгармаагийн нэхэмжлэлтэй хариуцагч Х.Баттулгад холбогдох 7.000.000 / долоон сая / төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн зохигч 3.000.000 /гурван сая / төгрөгийн хэмжээнд эвлэрсэн тул зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 56 дугаар зүйлийн 56.1,56.4 Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Д.Дунгармаагийн Төрийн банкны 4901000149 тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 127.000 / нэг зуун хорин долоон мянга / төгрөгөөс 63.475 / жаран гурван мянга дөрвөн зуун далан тав/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 63.525 / жаран гурван мянга таван зуун хорин тав/ төгрөгийг буцаан , хариуцагч Х.Баттулгаас 31.475 / гучин нэгэн дөрвөн зуун далан тав/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Дунгармаад олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА