| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Боролзойн Халиун |
| Хэргийн индекс | 186/2017/0276/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/220 |
| Огноо | 2017-06-06 |
| Зүйл хэсэг | 126.1., 146.1., |
| Улсын яллагч | Д.Нямсүрэн |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 06 сарын 06 өдөр
Дугаар 2021/ШЦТ/220
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,
нарийн бичгийн дарга Ц.Золзаяа,
улсын яллагч Д.Нямсүрэн,
шүүгдэгч А.С , түүний өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ нарыг оролцуулж, тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1, 146 дугаар зүйлийн 146.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.С -д холбогдох эрүүгийн 201725030335 дугаартай хэргийг 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Боржигон овгийн А.С , Улаанбаатар хотод 1968 оны 02 дугаар сарын 20-ны өдөр төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, Бэст Бэйкери ХХК-д жолооч ажилтай, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт, Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Дэнжийн 42 дугаар гудамжны 584/б тоотод оршин суух хаягтай, Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 18 дугаар гудамжны 857 тоотод бүртгэлтэй, регистрийн дугаар.
Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/;
Шүүгдэгч А.С нь 2017 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр Далайхүү худалдааны төвийн баруун талд өөрийн унаж явсан 4471 УБС улсын дугаартай Тоёота эксив маркийн машин дотор иргэн Д.Б т хүч хэрэглэн хурцал үйлдсэн, улмаар түүнийг машинаасаа түлхэн гаргаж бэлэн 1.000.000 төгрөг, 2 ширхэг гар утас, мөнгөн бөгж, түрийвч зэрэг 1.265.000 төгрөгийн эд зүйл бүхий гар цүнхийг нь булаан авч зугтсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч А.С шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би хохирогчид хүч хэрэглэж бэлгийн харьцаанд ороогүй. Бид нар хоорондоо ярилцаж тохиролцож бэлгийн харьцаанд орсон. Хохирогчийн цүнх, утас, бичиг баримт, ээмэг, бөгж нь машинд унасан байсан. Би тухайн үед мэдээгүй. Ажил дээр очоод машинаа солих гэхэд машинд маань хохирогчийн цүнх нь байсан. Тэгээд хохирогчийн эд зүйлийг буцаагаад өгсөн, миний хувьд ийм хэрэгт холбогдсондоо маш их харамсаж байна, уучлаарай...” гэв.
Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав
Хохирогч Д.Б мэдүүлэхдээ: “...2017 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр би нөхөр Энхболдтой маргалдаад Шарга морьтоос гарсан юм. Гараад найз Нямсүрэн рүү залгатал 6 буудалд Өнөр баар гээд газар ороод хүлээж бай гэсэн. Тэгээд би ганцаараа Өнөр баар руу ороод ганцаараа 2 шил сэнгүр, 1 хундаг архи уугаад хүлээж байтал найз маань утасдаад очиж амжихгүй боллоо гэсэн. Би бааранд согтоод, бас нилээн уйлсан. Тэгээд би 17:00 цагийн үед гарсан. Би гарахдаа цамцан дээрээ цүнхээ мөрлөж үүрээд гадуур нь нэхий дээлээ нөмрөөд гарсан. Тэгээд такси барихад нэг такси зогсоод би ард нь суусан. Би архи уугаад их амархан согтдог, дээр нь салхинд гараад бүр амархан согтсон. Ямар ч байсан таксины жолоочтой маргалдаад байсан. Миний дух, гар шалбараад, нүдний шил хүртэл хагараад унасан байсан. Тэгээд тэр жолооч Далайхүү төвийн орчим ирээд хүч хэрэглэсэн. Миний өмдний товч тасарсан байсан. Мэдээж гэр бүлтэй хүн юу гэж тийм зүйлийг хүлээн зөвшөөрөх вэ. Би тэр үед хөлөөрөө өшиглөснөө санаж байна. Нилээн ноцолдсон. Миний дотуур хувцас бүр авах юмгүй муухай болсон байсан. Тэгээд хүч хэрэглээд надтай бэлгийн хавьталд орсон. Тэгээд босохоор нь би өшиглөсөн юм. Тэгтэл намайг машинаасаа чирээд буулгачихсан. Миний нэхий дээлийг гаргаж шидчихээд шууд миний цүнх юмнуудыг аваад явчихсан. Тэгтэл нэг эгч ирээд чи харахад архичин биш л баймаар юм юу болов гээд би цагдаагийн газар ирсэн. Цүнхэнд 2 гар утас байсан. Нэг самсунг галакси мега гээд утас, бас нэг жижиг гар утас, миний хэтэвч, бүх бичиг баримт, валют, бэлнээр 1.000.000 гаран төгрөг байсан. 1 сая төгрөг нь би Солонгосын виз гаргуулах гээд эгч Оюун-Эрдэнээс 2-3 хоногийн өмнө авсан байсан мөнгө байгаа юм. Дөрвөлжин холбоостой 36 см, 585 сорьцтой орос монетон гинж байсан /7-8 жилийн өмнө авч байсан/. Түлхүүр будаг шунх гээд зүйлүүд байсан. Тэдгээрээс цүнх, хэтэвч, бичиг баримт, чихэвч, жижиг гар утас зэргийг буцааж авсан. Миний гар хөхөрч, дух шалбарсан, нүдний шил хагарсан. Миний шилийг авч шидсэн. Тэгээд шууд өмд доош татаад товчийг нь тасдаад тайлсан. Тэгээд хүчээр секс хийсэн. Хүчээр хийсэн учраас ямар ч хамгаалалт хэрэглээгүй. Би хашгирч хүн дуудаж чадаагүй. Ямар ч байсан өшиглөж, түлхэж байсан. Тэр хүн миний гар хүзүү рүү цохисон. Тэгээд би эмэгтэй хүн учраас яаж ч чадаагүй...” гэжээ /хх-12-15/.
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн ¹1902 дугаар дүгнэлт:
“1. Д.Б ийн биед дух, зүүн бугалга, баруун гарын шууны зулгаралт цус хуралт гэмтэл учиржээ.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул ХЗДХС, ЭМЯ-ны А-216/422 тоот тушаалаар батлагдсан гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэг тогтоохгүй болно.
4. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой.
5. Д.Б нь бэлгийн замын халдварт өвчингүй байна.” гэжээ /хх-18/.
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2017 оны 04 дүгээр сарын 3-ны өдрийн ¹1999 дугаар дүгнэлт:
“1. Шинжилгээнд ирүүлсэн ягаан өнгийн дотоож гэмтэлгүй байна.” гэжээ /хх-60/.
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн ¹3348 дугаар дүгнэлт:
“1. Шинжилгээнд ирүүлсэн ягаан өнгийн торон дотоожин дээр үрийн шингэн болон биологийн гаралтай бусад ул мөр илрээгүй.” гэжээ /хх-62/.
Эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-8/, эд зүйл түр хураан авч үзлэг хийсэн тэмдэглэл /хх-9/, хохирлын 1.000.000 төгрөг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-101/, эд зүйлийн үнэлгээ /хх-39/, эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол /хх-41/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-28-30/ зэргийг шинжлэн судлав.
Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн тухайн хэргийг шүүхээс хянан шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан байна гэж шүүх дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлгээр хэргийг хянан хэлэлцээд Прокуророос шүүгдэгч А.С од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хэрэгсэхгүй болгох, мөн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг өөрчилж хөнгөрүүлэн зүйлчлэх нь үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Учир нь шүүгдэгч А.С нь хүч хэрэглэн бусдыг хүчиндсэн гэх хангалттай нотлох баримт хэрэгт авагдаагүй ба Далайхүү худалдааны төвийн баруун тийшээ харсан хяналтын камерын 2017 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 17.34-17.50 цагийн үед бичигдсэн дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, шинжээчийн дүгнэлтүүд болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар шүүгдэгч А.С нь хохирогчид хүч хэрэглэж хүчиндсэн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй, хэдийгээр хохирогч намайг хүчиндсэн гэж мэдүүлэх боловч, түүний мөрдөн байцаалтын шатанд өгсөн тайлбар мэдүүлгүүд зөрүүтэй байх тул шүүгдэгчид холбогдох хүчингийн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Мөн прокуророос шүүгдэгч А.С ыг хохирогчийг машинаасаа түлхэн гаргаж бэлэн 1.000.000 төгрөг, 2 ширхэг гар утас, мөнгөн бөгж, түрийвч зэрэг 1.265.000 төгрөгийн эд зүйл бүхий гар цүнхийг нь булаан авч зугтсан гэх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.1 дэх хэсэгт зааснаар ял сонсгосон боловч дээрх үйлдэл нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд, хохирогч, шүүгдэгч нараас асууж авсан тайлбар, мэдүүлгээр хангалттай тогтоогдохгүй байна.
Өөрөөр хэлбэл хохирогч Д.Б нь 2017 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтэс анх өгсөн тайлбартаа “...Би өөрөө маш их согтсон байсан болохоор алдсан, хаяснаа мэдэхгүй байна. Би гар цүнхээ булаалгасан байх гэж бодож байна. Би ухаангүй болтлоо согтсон байсан. Ямар нэгэн зүйл санахгүй байна...” гэж мэдүүлсэн, мөн 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хохирогчоор мэдүүлэхдээ “...намайг машинаасаа чирээд буулгачихсан. Миний нэхий дээлийг гаргаж шидчихээд шууд миний цүнх юмнуудыг аваад явчихсан...” гэж мэдүүлсэн зэрэг зөрүүтэй байдлаас үзэхэд шүүгдэгч нь шунахайн сэдэлтээр хохирогчийн эд зүйлийг авч зугтаасан эсэхийг тогтоох боломжгүй, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлийг нарийвчлан шалгаж тогтоогоогүй нь эргэлзээтэй байх тул түүнд холбогдох хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд 2017 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр шүүгдэгч А.С нь унаж явсан 4471 УБС улсын дугаартай Тоёота эксив маркийн машин дотор нь иргэн Д.Б ийн санамсаргүй орхиж буусан бэлэн 1.000.000 төгрөг, 2 ширхэг гар утас, мөнгөн бөгж, түрийвч зэрэг 1.265.000 төгрөгийн эд зүйл бүхий гар цүнхийг авч завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, зохих эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч А.С нь хохирогчид 1 сая төгрөг төлсөн бөгөөд хохирогч Д.Б нь цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай..
Шүүх шүүгдэгчид ял оногдуулахдаа түүнийг анх удаагаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, хорихоос өөр төрлийн ял шийтгэх боломжтой гэж үзлээ.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2, 248 дугаар зүйлийн 248.1.1, мөн хуулийн 283, 290, 294, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Прокуророос шүүгдэгч А.С -д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хэрэгсэхгүй болгосугай.
2. Прокуророос шүүгдэгч А.С -д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 151 дүгээр зүйлийн 151.1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.
3. Шүүгдэгч Боржигон овгийн А.С ыг санамсаргүй олдсон эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
4. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 151 дүгээр зүйлийн 151.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.С ыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу 1.200.000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 47 дугаар зүйлийн 47.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.С нь торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл уг ялын хэмжээнээс хамааруулан шүүх торгох ялыг 3 жил хүртэл хугацаагаар хорих ялаар сольж болохыг мэдэгдсүгэй.
6. Шүүгдэгч А.С нь хохирогчид 1.000.000 төгрөг төлсөн болохыг дурьдаж, хохирогч Д.Б нь цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.
7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1, 88.1.7 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг CD /Си Ди/-ийг хэргийг хадгалах хугацаагаар дуусах хүртэл хэрэгт хавсаргахыг дурьдсугай.
8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХАЛИУН