| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Барнямын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 155/2017/00569/и |
| Дугаар | 00635 |
| Огноо | 2017-06-16 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 06 сарын 16 өдөр
Дугаар 00635
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Рашаант сумын 4 дүгээр багт оршин суух Халх шавь овогт Мандалжавын Мөнхбаяр /РЗ67051208 /-ийн
Мандалжавын Мөнхбаярын ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, 155/2017/00569/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Өлзийбуян, нэхэмжлэгч М.Мөнхбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М.Мөнхбаяр нь шүүхэд гаргасан хүсэлт болоод шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний биеМандалжавын Мөнхбаяр нь Хөвсгөл аймгийн Рашаант сумын Улаан-Од нэгдэлд МХЗЭ-ийн илгээлтээр /Илгээлт №621/ 8-р анги төгсч шууд үйлдвэрлэлд хувиарлагдан 1983.07.15-ний өдрөөс эхлэн саальчинаар ажиллаж тасралтгүй 1993 оны 8 дугаар сарын 1 хүртэл буюу тус нэгдлийг тарж дуустал ажилласан боловч өндөр насны тэтгэвэрт орох болтол тухайн нэгдэлд ажилласан сүүлийн жилүүдэд буюу 1991,1992,1993 оны хөдөлмөрийн хөлс олгосон баримт халагдсан тушаал хөдөлмөрийн дэвтрийн бичилт дутуу байгаагаас миний нэгдэлд ажилласан хугацаа бүрэн тооцогдохгүй байгаа юм. Иймд М.Мөнхбаяр миний бие Хөвсгөл аймгийн Рашаант сумын Улаан-Од нэгдэлд 1983.07.15-ний өдрөөс 1993 оны 12 сарын 31 ний өдрийг дуустал үхэрчин сальчинаар ажиллаж байсныг миний тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Мандалжавын Мөнхбаяр нь ажиллаж байсан байдлаа тогтоолгосоноор өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх зүйн үр дагаварыг бий болгож байх ба нэхэмжлэгч М.Мөнхбаяр нь 1983 оны 7 дүгээр сарын 15 ний өдрөөс 1991 оны 7 дугаар сарын 31-ны өдрийг дуустал Хөвсгөл аймгийн Рашаант сумын Улаан-Од нэгдэлд саальчин малчнаар ажиллаж байсан болох нь доорхи баримтаар тогтоогдож байна.
Тухайлбал: Мандалжав овогтой Мөнхбаярт 1983 оны 10 дугаар сарын 26 ний өдөр Хөвсгөл аймгийн Рашаант сумын Улаан-Од нэгдлээс нээж олгосон хөдөлмөрийн дэвтрийг нотариатаар гэрчлүүлсэн хуулбар 2 хуудас, Үүнд: 1983 оны 07 дугаар сарын 15 ний өдөр ажилд орсон Рашаант сумын Улаан-Од нэгдлийн 1 дүгээр бригадад малчнаар томиолов гэх бичилттэй, ажилласан хоног авсан цалин хөлсний бичилт нь 1983 оны 7 дугаар сараас 1990 оны 12 дугаар сар дуустал бичигдсэн мөн баталгаажиж гарын үсэг тэмдэг дарагдсан,
Хөвсгөл аймгийн Рашаант сумын Улаан-Од нэгдлийн дарга Ү.Пүрэвсүрэнгийн 1989 оны 12 дугаар сарын 05-ний өдрийн 37 дугаар Нэмэгдэл чөлөө олгох тухай тушаалын хуулбар, Хөвсгөл аймгийн архивын тасаг хуулбар үнэн тэмдэг дарагдсан. Уг тушаалын хавсралтын 1-д Мандалжав Мөнхбаяр малчин сард 40 төгрөгөөр гэж бичигдсэн бичилттэй,
Хөвсгөл аймгийн Рашаант сумын Улаан-Од нэгдлийн дарга Ц.Жамсрангийн 1983 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 28 дугаартай Ерөнхий боловсролын сургуулийн 8 дугаар анги төгсөгчдийг ажилд томилох тухай тушаал, Хөвсгөл аймгийн Архивын тасаг хуулбар үнэн тэмдэг дарагдсан баримт байх бөгөөд уг тушаалын 6-д Мандалжавын Мөнхбаяр 1 дүгээр бригадад саальчинаар ...нарыг тус тус 7 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн томилсугай гэсэн бичилттэй,
Хөвсгөл аймгийн Рашаант сумын засаг даргын тамгын газрын дарга Б.Саранцэцэгийн 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 3/109 дугаартай ... Мандалжав овогтой Мөнхбаяр нь тус нэгдэлд 1983-1991 онд малчнаар ажиллаж цалин авч байсныг цалингийн цэснээс түүвэрлэж лавлагаа олгов гэх албан бичгийн хамтаар цалин хөлсийг түүвэрлэсэн баримт 2 хуудас, 70 дугаар данс буюу цалин хөлс олгож байсан хүснэгтийг 14 хуудас баримтаар хуулбарлан ирүүлсэн, / Хөвсгөл аймгийн Рашаант сумын засаг даргын тамгын газар хуулбар үнэн тэмдэг дарагдсан/ 1983 оны 7 дугаар сараас 1991 оны 8 дугаар сар хүртэл цалин хөлс бодогдсон,
МХЗЭ-ийн хорооноос 1983 оны 10 дугаар сарын 10-ны өдөр ...Мандалжав овогтой Мөнхбаяр... эх оронч эрмэлзлэлээ илэрхийлэн явж байгаа тул МХЗЭ-ийн хүндэт илгээлт олгов... гэх Илгээлт эх хувиараа 1 хуудас,
Хүндэт нөхөр М.Мөнхбаяр танд ...социалист уралдаанд өндөр амжилт гаргасныг тэмдэглэж баярын бичиг дурсгалын зүйлээр шагнаж дурсгав. Аймгийн ХЗЭ-ийн хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга Б.Содномдорж гэсэн 1991 оны 5 дугаар сарын 30-ний өдөр гэсэн Баярын бичиг эх хувиараа,
1985 оны 10 дугаар сарын 07-ний өдрийн сонинд... Рашаант сумын Улаан Од нэгдлийн малчид Отор-85- аянд сайн оролцож ... Зүүнээс Үхэрчин М.Батмөнх, илгээлтийн эзэн,саальчин М.Мөнхбаяр, гэх бичилт бүхий зурагтай хайчилбар эх хувиараа,
Гэрч Б.Сэлэнгийн 2017 оны 6 дугаар сарын 07-ны өдөр өгсөн: ...М.Мөнхбаяр нь Хөвсгөл аймгийн Рашаант сумын 8-н жилийн дунд сургуулийг төгсөөд Улаан-Од нэгдэлд ажиллахаар эвлэлийн илгээлтээр гараад аав Мандалжавын үнээний фермд саальчнаар анх ажиллаж болсон. Тэгээд 1989 онд манай үнээний ферм тараад манайх 1 дүгээр бригадад, М.Мөнхбаяр 2 дугаар бригад руу салж хувиарлагдан малчнаар ажилласан. Мөн Мөнхбаяр нь Улаан-Од нэгдэл тартал буюу 1993 оныг дуустал нэгдэлдээ малчин саальчнаар ажилласан хүн. Би Хөвсгөл аймгийн Рашаант сумын Улаан-Од нэгдэлд саальчнаар ажиллахаар 1982 онд илгээлтээр гараад нэгдэл тартал тасралтгүй ажилласан .. гэх мэдүүлэг,
Гэрч Ү.Пүрэвсүрэнгийн 2017 оны 6 дугаар сарын 07-ны өдөр өгсөн: ....Би Хөвсгөл аймгийн Рашаант сумын Улаан-Од нэгдлийн даргаар 1984 онд томилогдон очиход М.Мөнхбаяр 1 дүгээр бригдад саальчнаар,аав Мандалжав нь тус 1 дүгээр бригадад фермийн эрхлэгчээр ажилладаг байсан. Миний санахын М.Мөнхбаярыг 1983 онд 8 дугаар анги төгсөөд эвлэлийн илгээлтээр гарч нэгдлийн саальчин болсон гэж үеийнхэн нь тухайн үед ярьцгаадаг байсан. Тэгээд 1991 онд намайг аймгийн төв рүү ажиллахаар сумаасаа шилжихэд М.Мөнхбаяр тэндээ ажилласаар байсан ... гэх мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бичмэл нотлох баримтаар тогтоогдож байна.
Харин нэхэмжлэгч М.Мөнхбаярын 1991 оны 7 дугаар сараас 1993 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал Рашаант сумын Улаан-Од нэгдэлд малчин, мөн Улаан-Од компанид малчнаар үргэлжлүүлэн ажилласан гэснийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Учир нь: Мандалжав овогтой Мөнхбаярын хөдөлмөрийн дэвтэрт 1993 оны 8 дугаар сарын 01-ний өдөр нэгдлийн малчны үүрэгт ажлаас чөлөөлөв гээд нэгдлийн даргын 1993 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 56 тоот тушаалаар гэж бичсэн байх боловч тухайн тушаал байхгүй, дээрхи хугацаанд М.Мөнхбаярын ажилласан хоног, авсан цалингийн талаар хөдөлмөрийн дэвтэрт бичилтгүй, мөн Рашаант сумын засаг даргын тамгын газрын дарга Б.Саранцэцэгийн ирүүлсэн архивын баримтанд түүний мөн хугацааны цалин хөлстэй холбоотой ямар нэгэн баримт байхгүй байна.
Мөн шүүхэд М.Мөнхбаярын эх хувиар нь ирүүлсэн Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн батлах, 1992 ондМ.Мөнхбаярт Рашаант сумын Улаан-Од нэдлийн зөвлөлөөс олгосон Баярын бичиг зэрэг нь засвартай байх бөгөөд Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн батлахын овог нэр засвартай, мөн зураг нь дарагдсан тэмдэгний хэсэггүй байгаа нь уг Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн батлах Мандалжавын Мөнхбаярынх мөн эсэхэд, Баярын бичгийн тухайд 1992 гэж он тавигдсан нь тухайн бичвэрийн хэсгүүдийн өнгөтэй зөрүүтэй тод, тооны доод цаасны хэсэг үрэгдсэн байгаа нь тухайн онд уг баярын бичгийг авсан эсэхэд тус тус эргэлзээ төрүүлж байх ба дээрхи баримтуудыг үнэлж хэргийн тухайн хугацаанд ажилласан эсэхийг шийдвэрлэх боломжгүй байна.
Иймд Мандалжавын Мөнхбаярын гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар "эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй" нэхэмжлэлд төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 116, 118, дугаар зүйл, 133 дугаар зүйлийн 133.1.1-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Мандалжавын Мөнхбаярыг 1983 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс 1991 оны 7 дугаар сарын 31-нийг дуустал Хөвсгөл аймгийн Рашаант сумын Улаан-Од нэгдэлд саальчин, малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, 1991 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал ажиллаж байсан гэснийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч М.Мөнхбаярын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацаагтоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА