| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Барнямын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 155/2017/00430/и |
| Дугаар | 00649 |
| Огноо | 2017-06-19 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 06 сарын 19 өдөр
Дугаар 00649
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Арбулаг сумын 1 дүгээр багт оршин суух, Баршаг овогт Бадрахын Цэрэндэжид / РБ65102904/-ийн хүсэлттэй,
Ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхгэрэл, нэхэмжлэгч Б.Цэрэндэжид нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Цэрэндэжид шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Бадрахын Цэрэндэжид нь 1982 онд 8 дугаар анги төгсөж Номгоны ХАА-н техник мэргэжлийн сургуульд элсэн орж хоёр жил суралцаад 1984 оны 6 дугаар сарын 29-ний өдөр тракторч-машинч мэргэжил эзэмшин төгссөн болно. Төгссөнөөсөө хойш 1987 оны 10 дугаар сар хүртэл Номгоны ХАА-д тракторчноор ажиллаж байсан болно. 1987 оны 10 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн Арбулаг сумын 8-н жилийн дунд сургуульд цагаан хэрэглэл угаагчаар 1989 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл ажилласан болно. Дараа нь Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Мандал нэгдэлд 1989 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн малчнаар орсон юм. Түүнээс хойш хоньчин, үхэрчнээр 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал нэгдэлд ажиллаж ирсэн юм. Мөн нэгдэл тарсан хэдий ч хэдэн мал хувьчлан авч одоог хүртэл малчнаар ажиллаж байна. Гэтэл одоо өндөр насны тэтгэвэрт орох гэтэл тухайн нэгдэлд ажиллаж байсан болон Номгоны ХАА-д ажиллаж байсан хөдөлмөрийн дэвтрийн бичилт дутуу хагас бичигдсэн, зарим нэг тамга тэмдэг дутуузэргээс болон миний нэгдэлд ажиллаж байсан хугацаа тогтоогдохгүй байна.
Иймд Б.Цэрэндэжид миний дээрх ажиллаж байсан байдлуудыг сэргээн тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон нэхэмжлэгчийн хүсэлт, тайлбарыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Цэрэндэжид нь ажиллаж байсан байдлаа сэргээн тогтоолгосноор өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх зүйн тодорхой үр дагаврыг бий болгох ба Сэлэнгэ аймгийн Номгоны Хөдөө аж ахуйн техник мэргэжлийн сургуульд 1982 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1984 оны 6 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл суралцсан, Сэлэнгэ аймгийн Шаамрын Сангийн аж ахуйд 1984 оны 6 дугаар сарын 29-ний өдрөөс 1985 оны 8 дугаар сарын 20-ний өдрийг хүртэл тракторын жолоочоор, Хөвсгөл аймгийн Арбулаг сумын 8-н жилийн дунд сургуульд 1987 оны 10 дугаар сарын 09-ний өдрөөс 1989 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл цагаан хэрэглэл угаагчаар ажиллаж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан доорх баримтуудаар тогтоогдож байна.
Тухайлбал: Сэлэнгэ аймгийн Номгон сангийн аж ахуйн даргын 1984 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 179 дугаартай 1.Сэлэнгэ Шаамарын 1 дүгээр ТМС-ийг төгсөж хувиарлагдаж ирсэн ... Бадрахын Цэрэндэжид ...нарыг үр тарианы 2 дугаар бригадад ...тус тус ажиллуулсугай... гэх ТМС төгсөгчдийг ажилд авах, буцалтгүй тэтгэмж олгох тухай тушаалын хуулбар,
Хөвсгөл аймгийн Арбулаг сумын 8-н жилийн дунд сургуулийн захиргаанаас 1990 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Б.Цэрэндэжидэднээж олгосон 328269 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн бичилттэй хэсгийг нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,
Арбулаг сумын 8-н жилийн дунд сургуулийн захирлын 1987 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 56 дугаартай 1. Сургуулийн зарим ажилчид дутуу декриттэй тул оронд нь ... Б.Цэрэндэжидийг 1987 оны 10 дугаар сарын 09-ний өдрөөс ... ажиллуулсугай гэх Ажилчин ажилд түр авах тухай тушаалын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,
Арбулаг сумын 8-н жилийн дунд сургуулийн захирлын 1989 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 83 дугаартай Нэг. ... Банзрагч овогтой Цэрэндэжид нарыг 1989 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн цагаан хэрэглэл угаагчийн ажлаас чөлөөлж нэгдлийн зөвлөлийн мэдэлд шилжүүлсүгэй... гэх Ажлаас чөлөөлөх тухай тушаалын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,
Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Мандал нэгдэлд 1989-1990 онуудад малчнаар ажилласан жил, авсан цалин хөлс бүхий 70 дугаар дансны хуулбар,
Гэрч Д.Баасансүрэнгийн 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдөр өгсөн: ... Б.Цэрэндэжид нь Арбулаг сумын 8-н жилийн сургуульд ажиллаж байгаад 1989 онд сумынхаа малчин Базаргордоотой гэр бүл болон хөдөө амьдрах болсон бөгөөд тэр үеэс хойш Арбулаг сумын Мандал нэгдлийн 1 дүгээр бригадад хоньчиноор нэгдэл тартал ажилласан. Би Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Мандал нэгдлийн сүү тосны заводод туслах мастераар 1986 оноос нэгдэл тартал буюу 1991 оныг дуустал ажилласан... гэх,
Гэрч Т.Одхүүгийн 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдөр өгсөн: ...Б.Цэрэндэжид нь Арбулаг сумын 8-н жилийн сургуулийн халуун усанд угаагчаар 1987 оны 10 дугаар сард анхн ажилд орсон бөгөөд 1989 оны 11 дүгээр сард хүнтэй суугаад хөдөө мал маллан амьдрах болоод ажлаасаа гарсан юм. Би Арбулаг сумын 8-н жилийн сургуульд байрын цэвэрлэгчээр 1986 оноос 1990 оныг хүртэл ажилласан юм... гэх мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бичмэл нотлох баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийг зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Харин нэхэмжлэлийн шаардлагаас Сэлэнгэ аймгийн Номгоны хөдөө аж ахуйн сангийн аж ахуйд 1985 оны 08 дугаар сарын 20-ний өдрөөс 1987 оны 10 дугаар сар хүртэл тракторчиноор ажилласан, мөн 1989 оны 11 дүгээр сарын 15-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Арбулаг сумын Мандал нэгдэлд малчнаар ажиллаж байсан гэснийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх зүйтэй байна.
Учир нь: нэхэмжлэгч Б.Цэрэндэжид нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:... би Сэлэнгэ аймгаас 1987 онд биш 1985 оны 8 дугаар сарын 20 хүртэл тэнд ажиллаж байгаад ирсэн... гэх тайлбарыг гаргасан бөгөөд дээрхи хугацаанд ажиллаж байсан байдал нь нотлох баримтаар тогтоогдохгүй байна.
Нэхэмжлэгчид холбогдох лавлагааг гаргаж өгөх боломжгүй болох нь Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2017 оны 6 дүгээр сарын 09-ний өдрийн 10/310 дугаартай Тус аймгийн Арбулаг сумын Мандал нэгдлийн 1989-1990 оны даргын тушаал шүүж үзэхэд Б.Цэрэндэжидийг малчнаар томилж, чөлөөлсөн тушаал байхгүй тул холбогдох лавлагааг гаргаж өгөх боломжгүй байна .... гэх тодорхойлолт хэрэгт авагдсан байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар "эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй" нэхэмжлэлд төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 133.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Баршаг овогт Бадрахын Цэрэндэжид / РБ65102904/-г Сэлэнгэ аймгийн Номгоны Хөдөө аж ахуйн техник мэргэжлийн сургуульд 1982 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1984 оны 6 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл суралцсан, Сэлэнгэ аймгийн Шаамрын Сангийн аж ахуйд 1984 оны 6 дугаар сарын 29-ний өдрөөс 1985 оны 8 дугаар сарын 20-ний өдрийг хүртэл тракторчноор, Хөвсгөл аймгийн Арбулаг сумын 8-н жилийн дунд сургуульд 1987 оны 10 дугаар сарын 09-ний өдрөөс 1989 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл цагаан хэрэглэл угаагчаар ажиллаж байсан байдлыг тогтоож, Сэлэнгэ аймгийн Номгоны хөдөө аж ахуйн сангийн аж ахуйд 1985 оны 08 дугаар сарын 20-ний өдрөөс 1987 оны 10 дугаар сар хүртэл тракторчноор ажилласан, мөн 1989 оны 11 дүгээр сарын 15-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Арбулаг сумын Мандал нэгдэлд малчнаар ажиллаж байсан гэснийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Цэрэндэжидийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА