Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 08 сарын 10 өдөр

Дугаар 00739

 

Хариуцагчийн биелүүлсэнийг баталж, хэргийг

     хэрэгсэхгүй болгох тухай

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа би

Нэхэмжлэгч:  Хөвсгөл аймгийн  Мөрөн сумын 8 дугаар баг, 2 дугаар сургуулийн зүүн талд байрлах “Эрч-Центр” ХХК-ий нэхэмжлэлтэй,  

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 6 дугаар багийн 2-5 тоотод оршин суух, РУ76061616 регистрийн дугаартай, Шуудай овогт Дэмбэрэлсамбуугийн Галтад холбогдох нэхэмжлэлийг 2017 оны 6 дугаар  сарын 14-ний өдөр хүлээн авч, 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Э.Батсайхан шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.Галт нь Улаанбаатар хотоос Хөвсгөл аймгийн Мөрөн сумын хооронд иргэд, аж ахуй нэгжийн ачаа, бараа материалыг тээвэрлэх ажлыг хийж гүйцэтгэдэг. 2016 оны 9 дүгээр сард Д. Галт нь манай компанийн Солонгос улсаас импортлон оруулж ирсэн ачаа барааг  Улаанбаатар хотоос Хөвсгөл аймгийн Мөрөн суманд тээвэрлэн хүргэхээр тохиролцож, манай компани нийт 12 хайрцаг бараа буюу гутал ачиж, ачаа тээвэрлүүлсэн.  Гэтэл Галт нь манай компанийн ачаа бараанаас 1 хайрцаг/ дотроо 8 ширхэг хос гуталтай/ барааг алга болгож дутаасан бөгөөд тэрээр үүнийгээ ч хүлээн зөвшөөрсөн. Галт нь дутаасан барааны үнэ болох 1.641.500 төгрөгийг 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн дотор төлж өгнө гэж харилцан тохиролцож, гэрээг байгуулсан боловч өнөөдрийг хүртэл төлж барагдуулаагүй байна.  Иймд Д.Галтаас нийт 1.641.500 /нэг сая зургаан зуун дөчин нэгэн мянга таван зуу/ төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.Галт шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие нь Эрч центр                ХХК-ий хүсэлтийн дагуу 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр 12 хайрцаг / дотроо 8 ширхэг/ гутлыг тээвэрлэхээр болж тус хайрцагтай гутлуудыг ачаад Хөвсгөл рүү гарах гээд Нарантуул зах дээр зогсож байхдаа нэг хайрцаг буюу 8 ширхэг гутлыг нь машин дээрээсээ алдсан нь үнэн. Иймд миний Эрч центр ХХК-ий нэхэмжилж буй 8 ширхэг гутлын үнэ 1.641.500 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна гэжээ.

 

Нэхэмжлэгч Эрч-Ценрт ХХК-ий итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Амаржаргал шүүхэд ирүүлсэн тайлбартаа:  Д.Галтад холбогдох 1.641.500 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Д.Галт нь нэхэмжлэлийн шаардлага болох 1.641.500 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

   Нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Эрч-Ценрт ХХК нь хариуцагч Д.Галтад холбогдуулан 1.641.500 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. 

   Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Эрч-Ценрт ХХК –ий  нэхэмжлэлийн шаардлага болох 1.641.500 төгрөгийг хариуцагч Д.Галт нь төлөхийг зөвшөөрсөн  тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.

   Иймд хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлйин 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Эрч-Центр ХХК-ий улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 41.214 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж 20.607 төгрөгийг хариуцагч Д.Галтаас гаргуулан нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Эрч- Центр ХХК-д  олгох нь зүйтэй байна.

   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

   1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн     74.2-т зааснаар нэхэмжлэгч Э.Батсайханы нэхэмжлэлтэй хариуцагч Д.Галтад холбогдох 1.641.500 /нэг сая зургаан зуун дөчин нэгэн мянга таван зуу/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

   2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Эрч-Центр ХХК-ий Голомт банкны 4901000149 тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 41.214 / дөчин нэгэн мянга хоёр зуун арван дөрөв төгрөгийг  улсын орлогод хэвээр үлдээж, 20.607 /  хорин мянга зургаан зуун долоо /  төгрөгийг хариуцагч Д.Галтаас гаргуулан нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Эрч-Центр ХХК –д   олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн     74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                          Б.МӨНХТУЯА