Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 25 өдөр

Дугаар 2020/ШЦТ/265

 

 

 

 

 

 

 

 

2020      08        25                                             2020/ШЦТ/265

                                   

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн

Улсын яллагч С.Алтай

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Цэрэндолгор

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх С.Алтайгаас 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг баримтлан 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 19 дүгээр зүйлийн 19.2-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 147 дугаар зүйлийн 147.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хатгин овогт Ганбаатарын Энхбаярт  холбогдох эрүүгийн 1721000350329 дугаартай хэргийг 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1990 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумад төрсөн, 30 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг Хан-Уулын 16-03 тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэл: Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 69 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1- д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар, 2016 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 21 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 3 сар 1 хоногийн баривчлах ялаар, Дорнод аймаг дахь Сум дундын шүүхийн  2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 108 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгэгдэж байсан, Хатгин овогт Ганбаатарын Энхбаяр. /РД: *******/

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ганбаатарын Энхбаяр нь 2017 оны 06 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар багт байрлах өндөр настны асрамжийн газрын цонхоор буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч иргэн Н.Ганхуяг, ******* нарын Нокиа 3310 маркийн 2 ширхэг гар утсыг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр хулгайлж 24.000 төгрөгийн хохирол учруулсан, мөн хохирогч ******* Скай маркийн 40.000 төгрөгийн үнэтэй гар утсыг авах зорилгоор илээр, амь биед аюултайгаар хүч хэрэглэн довтолж хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулан дээрэмдсэн гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

     Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

     Шүүгдэгч Г.Энхбаяр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй гэв.

 

     Шүүгдэгч *******ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2017 оны 07 дугаар сарын 06-ны өдөр согтуу гадуур явж байгаад Хэрлэн сумын 7 дугаар багт байрлах асрамжийн газрын цонхоор нь ороход хүмүүс унтаж байсан. ... ингээд дэрнийхээ хажууд гар утсаа тавиад унтаж байсан 2 хүний гар утасыг авсан.  Тухайн утаснууд нь Nokia-3310 гэх утаснууд байсан. ... мөн унтаж байсан нэг эгчийн гар утсыг авах гэтэл нөгөө эгч сэрээд миний цамцнаас зуурсан. Ингээд би түүнийг намайг цагдаад өгчих байх гэж бодоод нэг удаа түлхээд нэг жийгээд цонхоор гараад зугтаасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 130-131 дүгээр тал/

 

            Хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Хэрлэн сумын 7 дугаар баг Ахмадын асрамжийн газарт 24 цагийн турш асрагчийн үүрэг гүйцэтгэж ажилласан. ... унтаж байсан чинь үл таних эрэгтэй хүн гар утсыг минь авч байсан. Би тэр хүнийг шууд түлхсэн улмаар тухайн хүн миний гар утсыг авч байснаа газарт унагасан ба би гар утсаа газраас авах гээд тонгойход намайг ор руу түлэхсэн. ... нүүрийг нь харах гээд цамцнаас нь татсан чинь миний цээж рүү нэг удаа өшиглөсөн ... газарт унасан утсыг аваад цонхоор гараад явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 42 дугаар тал/,

 

            Хохирогч *******ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тухайн үед манай ахмадын асрамжийн газар Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар багт байрлаж  байсан бөгөөд би 06 дугаар сарын 23-ны орой 2 цагийн орчимд унтаж амарсан. Унтахдаа өөрийн эзэмшлийн Nokia-3310 гар утсаа орныхоо толгойн хажууд тавиад орой унтсан. Өглөө сэрээд утсаа алга болсон талаар мэдсэн. Гомдол, санал нэхэмжлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 43-44 дүгээр тал/

 

Хохирогч Г.Ганхуягийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тухайн үед манай ахмадын газрын асрамжийн газар Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар багт байрлаж байсан. Би өөрийн эзэмшлийн Nokia-3310 гар утсаа алдсан. ... гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 46-47 дугаар тал/

 

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Ж.Жаргалангийн 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 375 дугаар:

     1. ******* биед цээжний урд талын цус хуралт, цээжний хэнхэрцгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

     2. Уг гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой.  

     3. Уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт. /хх-ийн 63 дугаар тал/,

 

            - Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 37 дугаар хуудас/

            - Таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 38-40 дугаар хуудас/

            - Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 85-105 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн  болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:

Шүүгдэгч Ганбаатарын Энхбаяр нь 2017 оны 06 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар багт байрлах өндөр настны асрамжийн газрын цонхоор буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч иргэн Н.Ганхуяг, ******* нарын Нокиа 3310 маркийн 2 ширхэг гар утсыг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр хулгайлж 24.000 төгрөгийн хохирол учруулсан, мөн хохирогч ******* Скай маркийн 40.000 төгрөгийн үнэтэй гар утсыг авах зорилгоор илээр, амь биед аюултайгаар хүч хэрэглэн довтолж хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулан дээрэмдсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, хохирогч С.Уранчимэг, *******, Г.Ганхуяг нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, урьд ял шийтгүүлж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар, эд зүйлийн үнэлгээ, таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Дорнод аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******ыг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 19 дүгээр зүйлийн 19.2-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 147 дугаар зүйлийн 147.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна. 

 

Иймд шүүгдэгч *******ыг 2015 оны Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан, 2002 оны эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 19 дүгээр зүйлийн 19.2-д заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар бусдын эд хөрөнгийг орон байранд нэвтэрч хулгайлах, 147 дугаар зүйлийн 147.1-д  зааснаар бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж дээрэмдсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.  

 

2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 19 дүгээр зүйлийн 19.2-д “Энэ хуулийн тусгай ангийн хоёр буюу түүнээс дээш зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулсан нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйг нийлмэл гэмт хэрэгт тооцно.” гэж заажээ. 

 

Хохирогч *******, Г.Ганхуяг, С.Уранчимэг нар нь шүүгдэгчид гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй талаараа мэдүүлсэн байх тул шүүгдэгч *******ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг нь харгалзан Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг баримтлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 05  сарын хугацаагаар баривчлах ялаар, 147 дугаар зүйлийн 147.1-д зааснаар 03 жил 01 хоногийн хорих ялаар тус тус шийтгэж, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1-д зааснаар оногдуулсан 03 жил 01 хоногийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар оногдуулсан 05 сарын хугацаагаар баривчлах ялын заримыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 03 жил 04 сарын хорих ялаар тогтоож,  уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж шийдвэрлэх нь гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ.

 

Шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 болон 6.6-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоодохгүй байна.  

 

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүй, ёс зүйн ухамсар дутмаг байдал, амар хялбар аргаар мөнгөтэй болох санаа зорилго зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

Шүүгдэгч нь өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, шунахайн сэдэлтээр бусдын өмчлөх эрхэд нь хор уршиг зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч *******ын ******* тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд нэн даруй хүргүүлэхээр шийдвэрлэв.

 

            Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Хатгин овогт Ганбаатарын Энхбаярыг Монгол Улсын Эрүүгийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг баримтлан, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 19 дүгээр зүйлийн 19.2-д заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар бусдын эд хөрөнгийг хүн амьдрах орон байранд нэвтэрч хулгайлсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1-д зааснаар бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж дээрэмдсэн гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

 

2. Шүүгдэгч Ганбаатарын Энхбаярыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг баримтлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 05 сарын хугацаагаар баривчлах ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1-д зааснаар 03 жил 01 хоногийн хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1-д зааснаар 03 жил 01 хоногийн хугацаагаар оногдуулсан хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар оногдуулсан 05 сарын баривчлах ялын заримыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 03 жил 04 сарын хорих ялаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан 03 жил 04 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

          5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн  хөрөнгө, орлогогүй,  бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдаж ирсэн шүүгдэгч *******ын ******* регистрийн  дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг  Дорнод аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд даруй хүргүүлсүгэй.

 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******т авсан хязгаарлалт тогтоох, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус өөрчлөн, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.  

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                     Г.НАМУУНТУЯА