| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гаанжуурын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 188/2019/001/э |
| Дугаар | 1144 |
| Огноо | 2019-11-01 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Ж.Отгончимэг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 11 сарын 01 өдөр
Дугаар 1144
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,
нарийн бичгийн дарга Б.Сосорбарам,
улсын яллагч Ж.Отгончимэг /томилолт/,
шүүгдэгч Н.Б, түүний өмгөөлөгч Б.Баттулга /ҮД-2814/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Г” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Н-ийн Б-д холбогдох 1908023951290 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол улсын иргэн, Бовогт Н Б
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Н.Б нь 2019 оны 04 дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, “Ухны ам”-ны энгэрт байрлах иргэн Ц.Г-ийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай зуслангийн сууцны вакуум цонхоор нэвтрэн орж, шилэн хорготой хийморийн морь, навчин тамхи, 0.75 литрийн 2 ширхэг, 1 литрийн виски 3 ширхэг, конъяк 1 ширхэг, япон сакай 1 ширхэг зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 785.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
1. Хохирогч Ц.Г-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр эхнэр Энхтуяагийн хамтаар зуслангийнхаа байшин дээр очоод баруун талруу харсан тагтныхаа цонхонд завсар гарсан байсныг хаагаад тэгээд байшиндаа цэвэрлэгээ хийгээд явсан. Маргааш нь зуслангийн сахиул Ч.С эхнэр Э надруу залгаад танай дээд давхарын урагшаагаа харсан цонхныхоо хөшгийг татаагүй явчихсан байна гэж хэлж байсан юм. Зуслангийн сахиулын утаснаас 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр 2-оос 3 удаа залгасан байсан. Би тухайн үедээ утасны залгасаныг мэдээгүй. Харин манай охин Саранчимэг лүү сахиул зуслангийн байшингийн чинь цонх салхинд онгойсон байна, аав чинь утсаа авахгүй байна, хэлээрэй гэж хэлсэн юм. Би тухайн өдрийн орой 23 цагийн орчимд мэдчихээд орой болсон болохоор нь яриагүй юм. Тэгээд маргааш өглөө сахиул Эрдэнэчимэг лүү залгаад юу болсон талаар асуухад ойрд салхи ихтэй байна, танай цонх чинь тал онгойсон байна гэж хэлж байсан. Би тухайн үед очиж амжихгүй гэж хэлээд хагас бүтэн сайнаас очъё гэж хэлээд одоохондоо түр аргалах арга байна уу гэхэд цонхыг нь скочоор тогтоогоод байж байя гэж хэлэхэд нь тэг гэсэн юм. Манай зуслангийн сахиул С, Э цонх тогтоох гэж байгаад манай байшинлуу орж үзсэн байсан. Тэгэхэд нь байшингийн дотор нь салхинаас болоод эд зүйлсийг чинь замбараагүй болгочихсон байна гэж хэлсэн. Би тэгээд 2019 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр эхнэр Энхтуяа, охин Загдсүрэнгийн хамт очсон юм. Манай эхнэр, охин хоёр гэрээ цэвэрлэж байгаад охин Загдсүрэн маань салхинд ийм болоогүй байна. Хүн ороод хулгай хийсэн юм шиг байна. Таны хайрцагтай архинууд чинь алга болсон байна. Кордонон хайрцагнуудыг онгойлгоод хаясан байна гэж хэлсэн. Би тухайн үед сахиул Сайнбилэгийг дуудаад салхинд цонх онгойгоогүй байна гэж хэлээд цонхруу очоод түгжээг нь шалгаж үзэхэд нэмэлт түгжээг нь мулт татчихсан нь тодорхой байсныг үзүүлсэн. Нэг давхарын хөргөгчин дээр байдаг байсан шилэн хорготой хийморийн морины сувинерээс шилэн хоргийг нь салгаад хийморийн морийг нь авсан байсан, 50.000 төгрөгөөр үнэлнэ. Эмэгтэй хүний ботинк 100.000 төгрөгөөр үнэлнэ. Ballantines /schoth biski blanded/, chivas regal, Jack daniels, johnie walker, hennessy cocnac, япон сакай, буун хэлбэртэй шилэн виски зэрэг эд зүйл алга болсон. Эдгээр вискиг хүмүүсийг надад гадаадаас ирэхдээ бэлгэнд өгч байсан болохоор үнийг нь сайн мэдэхгүй байна... ...Миний байшингийн хаалга, цоож, цонх болон бусад зүйлд ямар нэг эвдрэл гэмтэл учраагүй. Надад учирсан 785.000 төгрөгийн хохирлыг Н.Б бүрэн барагдуулж өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-иийн 12х, 15х/,
2. Гэрч О.Э-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр би нөхөр Ц.Г, охин Загдсүрэнгийн хамт Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Зүүнсалаа Ухны аманд байрлах зуслангийнхаа байшинд очсон юм. Тэгээд байшиндаа цэвэрлэгээ хийж байтал манай байшинд байсан архи, навчин тамхи, эмэгтэй хүний ботинк гутал зэрэг эд зүйлс алга болчихсон байхаар нь хулгайч орсон байна гэж мэдсэн. ...2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр очиход зүгээр байсан. 2019 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр очиход хулгайч орчихсон байсан. Манай зуслангийн сахиул Сайнбилэг манай нөхөр Гүррагчаатай 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр цонх чинь онгорхой байна гэж утсаар ярьсан байсан. 2019 оны 04 дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө хулгайч орсон байх гэж бодож байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21х/,
3. Гэрч Г.Загдсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2019 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр аав Ц.Гүррагчаа, ээж О.Энхтуяа нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо Зүүнсалаа Ухны аманд байрлах зуслангийн байшин дээрээ очиход шкафны хаалга онгорхой дотор нь байсан зүйлс газраар тарчихсан байхаар нь аав Гүррагчаа цонх салхинд онгойж салхилж дотор нь байсан эд зүйлсийг унагаасан байх гэж хэлсэн. Харин ээж О.Энхтуяа бид хоёр цэвэрлэгээ хийж байгаад эмэгтэй ботинк, хийморийн морь, архи, навчин тамхи зэрэг зүйлсийг алга болсныг мэдээд аавд хэлтэл аав, ээж хоёр цагдаад гомдол гаргасан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23х/,
4. Гэрч Ч.С-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр миний сахидаг айл болох Гүррагчаагийн цонх нь онгорхой байсан. Тиймээс би дугаар руу нь залгатал утсаа аваагүй. Тиймээс охин руу нь залгаж “Танай зуслангийн гэрийн цонх нь онгорхой байна” гэтэл за би аавд хэлье гэж хэлсэн. Маргааш нь Гүррагчаа над руу залгаад “цонхыг нь ороод хаагаач” би хагас бүтэн сайнаас очно гэж хэлсэн. Тэгээд би гэрт нь ортол шкаф нь онгорхой баахан эд зүйлс газраар өнхөрсөн, гүнгүрваа нь газраар салаад унасан хэвтэж байсан. Бүх зүйлс нь эмх замбаараагүй байсан. Тэгээд би цонхных нь гадна талд нь гараад гадна талаас нь скочдоод онгойхгүй болгоод үлдээсэн. 2019 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Гүррагчаа ах ирээд юмаа шалгатал архи болон морьтой сувинер, эмэгтэй хүний гутал алга болсон байсан гэсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26-27х/,
5. Гэрч О.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 04 дүгээр сарын дундуур яг хэдний өдөр гэдгийг нь санахгүй байна би Мөнх-Оргил, Буяннэмэх нартай гэрийнхээ ойролцоо гудамжинд архи уугаад сууж байсан чинь Мөнх-Оргил гэрлүүгээ явсан ба Буяннэмэх бид хоёр юм яриад сууж байгаад би тасраад унтчихсан байсан. Тэгээд гэртээ байж байтал Буяннэмэх намайг гэрээс орой дуудахаар нь гартал 3 хайрцаг виски, хэдэн ширхэг навчин тамхи барьчихсан байхаар нь энэ юу юм бэ гэж асуутал таньдаг хүнээсээ авсан юм аа гэж хэлсэн. Тэгээд Мөнх-Оргилыг буцаж дуудаад бид гурав нөгөө архи вискинээс нь уугаад салсан юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 31х/,
6. “Мастер үнэлгээ” ХХК-ний эд зүйлийн үнэлгээ “хийморийн морь-50000, ботинк-80000, виски 4 ширхэг-430000, коняк-120000, сакай-30000, шилэн виски-60000 төгрөг буюу бүгд 770.000 төгрөг, /хх-ийн 40х/, мөн навчин тамхи-15000 төгрөг, нийт дүн 785.000 төгрөг” /хх 45-46х/,
7. Шүүгдэгч Н.Б-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 51х/, оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 52х/, нийгмийн даатгалын ерөнхий газрын тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны лавлагаа /хх-ийн 53х/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 54х/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 55х/, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /хх-ийн 76х/, авто тээврийн үндэсний төвийн тээврийн хэрэгсэл бүртгэлгүй тухай лавлагаа /хх-ийн 78х/,
8. Шүүгдэгч Н.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би өдрийг нь сайн санахгүй байна. 2019 оны 04 дүгээр сарын 10-даар Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт найз Менх-Оргил, Батжаргал нарын хамт гудамжинд 0.75 литрийн Хараа нэртэй архинаас 1 шилийг хувааж ууж дуусгаад дахин 0.5 литрийн Хараа нэртэй архинаас 1 шилийг авч хувааж ууж байтал, Батжаргал тасраад уначихсан, тэгэхээр нь Батжаргалыг хашаа руу нь оруулж өгчихөөд үлдсэн архиа Мөнх-Оргилтой хувааж ууж дуусгасан. Тэгээд Мөнх-Оргил гэртээ харилаа гээд надаас салаад явсан. Харин би дахиад архи уумаар санагдаад байхаар нь мөнгө байхгүй байсан болохоор Зүүнсалааны эцсээс хойш зуслан орсон юм. Тэгээд би ганцаараа шөнийн 21 цагийн үед зуслангийн айлуудын дундуур явж байтал улаан өнгийн 2 давхар эзэнгүй тоосгон байшин харагдахаар нь хашааг нь давж орчихоод ойр хавьд хүн хартал, харагдахгүй болохоор нь 2 давхарын цонхоор нь авирч гараад вакум цонхыг нь түлхэж онгойлгож дотогш ортол 2 давхрын өрөөнд нь 3 ширхэг жижиг цаасан хайрцагтай зүйлс байхаар нь нээгээд үзтэл дотроо 2-3 ширхэгтэй архи, вискинууд байхаар нь тухайн хайрцагтай зүйлсийг авч гараад 1 ширхэг том цаасан хайрцаганд нийлүүлж хийсэн тэгээд буцаж ороод цаасан хайрцаганд байсан эмэгтэй хүний ботинкэн 1 хос гутал, хайрцагтай навчин тамхи, шилэн хорготой морь байсаныг нь авч гараад архитай цаасан хайрцагандаа нийлүүлж хийгээд зам дагаад тэврээд алхсан юм. Тэгээд би замдаа явж байгаад эмэгтэй хүний ботинкэн хос гутал, шилэн хорготой морь хоёрыг нь хаячихаад Батжаргал, Мөнх-Оргил нарыг гэрээс нь дуудаад хулгайлсан архиа хувааж уугаад, тамхийг нь татаад дуусгасан юм. Намайг айлаас архи болон бусад зүйлс хулгай хийхэд хамт явсан хүн байхгүй. Би ганцаараа хулгай хийсэн. Миний хулгайлсан архинууд 7 шил архи байсан. Зарим нь жижигхэн шилтэй виски байсан юм. Миний хулгайлсан эд зүйлсийг нэг хүн ганцаараа аваад явах боломжтой 1 ширхэг цаасан хайрцаганд бүгдээрээ багтаж байсан, Өргөөд явахад хөнгөхөн байсан. Батжаргал, Мөнх-Оргил нар намайг айлаас хулгай хийсэн талаар мэдээгүй, Би тэр хоёрт хэлэхдээ ахаасаа авсан. Манай ах гадаадад байж байгаад ирсэн гэж худлаа ярьсан юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 97-99х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг болно.
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Н.Б нь 2019 оны 04 дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, “Ухны ам”-ны энгэрт байрлах иргэн Ц.Гүррагчаагийн эзэмшлийн зуслангийн байшингийн вакум цонхоор нэвтрэн орж, шилэн хорготой хийморийн морь, навчин тамхи, 0.75 литрийн 2 ширхэг, 1 литрийн виски 3 ширхэг, конъяк 1 ширхэг, япон сакай 1 ширхэг зэрэг эд зүйлийг нууцаар, хууль бусаар авч гаран бусдад 785.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь:
Хохирогч Ц.Г-ийн: “... Зуслангийн сахиулын утаснаас 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр 2-оос 3 удаа залгасан байсан ба манай охин Саранчимэглүү зуслангийн сахиул зуслангийн байшингийн чинь цонх салхинд онгойсон байна, аав чинь утсаа авахгүй байна хэлээрэй гэж хэлсэн байсан. Тэгээд маргааш өглөө сахиул Эрдэнэчимэглүү залгаад юу болсон талаар асуухад ойрд салхи ихтэй байна, танай цонх чинь тал онгойсон байна гэж хэлж байсан. Би тэгээд 2019 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр эхнэр Энхтуяа, охин Загдсүрэнгийн хамт очсон, охин Загдсүрэн маань салхинд ийм болоогүй байна, хүн ороод хулгай хийсэн юм шиг байна. Таны хайрцагтай архинууд чинь алга болсон байна гэхээр нь цонхруу очоод түгжээг нь шалгаж үзэхэд нэмэлт түгжээг нь мулт татчихсан байсан. Нэг давхарын хөргөгчин дээр байдаг байсан шилэн хорготой хийморийн морины сувинерээс шилэн хоргийг нь салгаад хийморийн морийг нь авсан байсан, эмэгтэй хүний ботинк, Ballantines /schoth biski blanded/, chivas regal, Jack daniels, johnie walker, hennessy cocnac, япон сакай, буун хэлбэртэй шилэн виски зэрэг эд зүйл алга болсон” гэх мэдүүлэг /хх-иийн 12х, 15х/,
Гэрч О.Э-ийн: “...2019 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр би нөхөр Ц.Гүррагчаа, охин Загдсүрэнгийн хамт Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Зүүнсалаа Ухны аманд байрлах зуслангийнхаа байшинд очиход манай байшинд байсан архи, навчин тамхи, эмэгтэй хүний потенк гутал зэрэг эд зүйлс алга болчихсон байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 21х/,
Гэрч Г.З-ийн: “...Би 2019 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр аав Ц.Г, ээж О.Э нарын хамт зуслангийн байшин дээрээ очиход шкабны хаалга онгорхой дотор нь байсан зүйлс газраар тарчихсан байсан ба эмэгтэй ботинк, хийморийн морь, архи, навчин тамхи зэрэг зүйлсийг алга болсныг мэдээд аавд хэлтэл аав, ээж хоёр цагдаад гомдол гаргасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 23х/,
Гэрч Ч.С-ийн: “...2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр миний сахидаг айл болох Гүррагчаагийн цонх нь онгорхой байсан.Охин руу нь залгаж “Танай зуслангийн гэрийн цонх нь онгорхой байна” гэтэл за би аавд хэлье гэж хэлсэн. Маргааш нь Г над руу залгаад “цонхыг нь ороод хаагаач” би хагас бүтэн сайнаас очно гэж хэлсэн. Тэгээд би гэрт нь ортол шкаф нь онгорхой баахан эд зүйлс газраар өнгөрсөн, гүнгүрваа нь газраар салаад унасан хэвтэж байсан. Бүх зүйлс нь эмх замбаарагүй байсан. Тэгээд би цонхных нь гадна талд нь гараад гадна талаас нь скочдоод онгойхгүй болгоод үлдээсэн. 2019 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Гүррагчаа ах ирээд юмаа шалгатал архи болон морьтой сувинер, эмэгтэй хүний гутал алга болсон байсан гэсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27х/,
Гэрч О.Б-ын: “...2019 оны 04 дүгээр сарын дундуур яг хэдний өдөр гэдгийг нь санахгүй байна би Мөнх-Оргил, Буяннэмэх нартай гэрийнхээ ойролцоо гудамжинд архи уугаад сууж байгаад Мөнх-Оргил гэрлүүгээ явсан. ...Тэгээд гэртээ байж байтал Буяннэмэх намайг гэрээс орой дуудахаар нь гартал 3 хайрцаг виски, хэдэн ширхэг навчин тамхи барьчихсан байхаар нь энэ юу юм бэ гэж асуутал таньдаг хүнээсээ авсан юм аа гэж хэлсэн. Тэгээд Мөнх-Оргилыг буцаж дуудаад бид гурав нөгөө архи вискинээс нь уугаад салсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 31х/,
“Мастер үнэлгээ” ХХК-ний эд зүйлийн үнэлгээ “хийморийн морь-50000, ботинк-80000, виски 4 ширхэг-430000, коняк-120000, сакай-30000, шилэн виски-60000, навчин тамхи-15000 төгрөг”, нийт 785.000 төгрөг /хх 40-41х, 45-46х/,
Шүүгдэгч Н.Б-ийн: “...би дахиад архи уумаар санагдаад байхаар нь мөнгө байхгүй байсан болохоор би ганцаараа шөнийн 21 цагийн үед зуслангийн айлуудын дундуур явж байтал улаан өнгийн 2 давхар эзэнгүй тоосгон байшин харагдахаар нь хашааг нь давж орчихоод ойр хавьд хүн хартал, харагдахгүй болохоор нь 2 давхарын цонхоор нь авирч гараад вакум цонхыг нь түлхэж онгойлгож дотогш ортол 2 давхрын өрөөнд нь 3 ширхэг жижиг цаасан хайрцагтай зүйлс байхаар нь нээгээд үзтэл дотроо 2-3 ширхэгтэй архи, вискинууд байхаар нь тухайн хайрцагтай зүйлсийг авч гараад 1 ширхэг том цаасан хайрцаганд нийлүүлж хийсэн. Тэгээд буцаж ороод цаасан хайрцаганд байсан эмэгтэй хүний ботинк 1 хос гутал, хайрцагтай навчин тамхи, шилэн хорготой морь байсаныг нь авч гараад архитай цаасан хайрцагандаа нийлүүлж хийгээд зам дагаад тэврээд алхсан юм. Тэгээд би замдаа явж байгаад эмэгтэй хүний ботинк хос гутал, шилэн хорготой морь хоёрыг нь хаячихаад Б, М нарыг гэрээс нь дуудаад хулгайлсан архиа хувааж уугаад, тамхийн татаад дуусгасан юм. Б, М нар намайг айлаас хулгай хийсэн талаар мэдээгүй, Би тэр хоёрт хэлэхдээ ахаасаа авсан. Манай ах гадаадад байж байгаад ирсэн гэж худлаа ярьсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 97-99х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж , бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Шүүгдэгч Н.Б нь хулгайлах гэмт хэргийг үйлдэхдээ хохирогч Ц.Г-ийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалт бүхий орон байр болох зуслангийн байшингийн цонхны түгжээг мулталж нэвтэрсэн байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар хүндрүүлэн зүйлчлэх үндэслэл болох ба Н.Б нь өөрийн үйлдлийг хууль бус болохыг мэдсээр байж шунахайн сэдлээр бусдын өмчлөх эрхэд халдсаныг энэ гэмт хэргийг санаатай үйлдсэн гэж үзнэ.
Иймд шүүгдэгч Н.Б-ийг “хулгайлах” гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн болно.
Хохирол төлбөрийн тухайд: Шүүгдэгч Б.Б нь хохирогч Ц.Г-д хохирлыг барагдуулсан, хохирогч нь “гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлсэн /хх-ийн 15х/ байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанд улсын яллагч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Н.Б-д 2 жил 2 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай гэх дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч “шүүгдэгч Н.Бийн хувийн байдал, хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан оногдуулах хорих ялыг 2 дахин багасгаж өгнө үү ” гэсэн саналыг тус тус гаргасан.
Шүүгдэгч Н.Б гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг хохирогчид сайн дураар нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Н.Б нь хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан хуулийн шаардлагыг хангаж байх тул шүүх уг заалтыг журамлан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй хорих ял оногдуулах боломжтой гэж үзсэн болно.
Иймд шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлыг төлж барагдуулсан, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Н.Бэд 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч Н.Б-ийн үйлдсэн хэргийн шинж, нөхцөл байдал, түүний хувийн байдал зэргийг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Н.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд урьд авсан “хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, хорих ялыг энэ өдрөөс эхлэн тоолж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 4 дахь заалт, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Н-ийн Б-ийг “хулгайлах” гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Н.Б-д 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б-д оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Н.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч Н.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх хорих ялын хугацааг 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн тоолсугай.
6. Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
7. Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Н.Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.АЛТАНЦЭЦЭГ