Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 001/ХТ2020/00391

 

Ж.Бын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 181/ШШ2019/00978 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 1302 дугаар магадлалтай,

Ж.Бын нэхэмжлэлтэй

МУ-ын ЗГт холбогдох

Ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх, дэвтэрт бичилт хийлгүүлэх  тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Раднаабазарын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2013 оны 02 сард Төрийн албаны зөвлөлөөс зарлагдсан Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргын сонгон шалгаруултад орж тэргүүн байр эзлэн төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөж, уг албан тушаалд томилогдон Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан. 2014 онд Засгийн газар солигдож улмаар шинээр бүрэлдэн байгуулагдсан. Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 390 дүгээр тогтоолоор намайг ажлаас чөлөөлснийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т заасан тай нийцээгүй гэж үзэн Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 1697 дугаар шийдвэрээр намайг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 4 344 139 төгрөгийг Монгол Улсын Засгийн газраас гаргуулан олгож шийдвэрлэсэн. Гэтэл одоог хүртэл шүүхийн шийдвэр биелэгдээгүй байгаа бөгөөд миний бие шүүхэд хүсэлт гаргаснаар 2015 оны 05 сарын 26-ны өдрийн 19250 тоот Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамж гарч мөн өдөр 1779 тоот гүйцэтгэх хуудас бичигдэн Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргэгдсэн байдаг. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас ажиллагаа явуулж урьд авч байсан дундаж цалин хөлс болох 4 344 138 төгрөгийг л гаргуулсан бөгөөд ажилд эгүүлэн тогтоох ,ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгээгүй. Ингээд шүүхийн шийдвэрийн биелэлтийг хангуулах үүднээс шат шатны байгууллагад хандсан боловч МУ-ын ЗГ арга хэмжээ авалгүйгээр өнөөдрийг хүрлээ. Иймд 2015 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэлх хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор болох нийт 68 854 302 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ж.Б нь 2013-2014 оны хооронд Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад Засгийн газрын 2014 оны 12 дугаар сарын 17-ны өдөр ажлаасаа чөлөөлөгдсөн. Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүх 2015 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 1697 дугаар шийдвэрээр түүнийг албан тушаалд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 4 344 139 төгрөгийг Монгол Улсын Засгийн газраас гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдсэн байдаг. Харин ажилгүй байсан хугацаа гэх 2015 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэлх хугацааны 68 854 302 төгрөгийг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна. Учир нь нэхэмжлэгч Ж.Б өнгөрсөн жилүүдэд улс төрийн албан тушаал эрхлэн ажиллаж байсан. Тухайлбал, Ардчилсан нам болон Монгол улсын их хурлын гишүүн асан Г.Уянгын байгуулсан Тусгаар тогтнол, эв нэгдлийн намд удирдах албан тушаалд ажиллаж байсан ба 2016 оны сонгуульд нэр дэвшсэн байдаг. Иймд түүнийг 2015 оноос хойш ажилгүй байсан гэж үзэх үндэслэл байхгүй юм. 2002 оны Төрийн албаны тухай хууль болон одоо мөрдөгдөж байгаа шинэ Төрийн албаны тухай хуулиар төрийн нарийн бичгийн дарга нь төрийн жинхэнэ албан хаагч бөгөөд улс төрийн албан тушаалыг давхар хашихыг хориглож, мөн Улсын Их Хурал, орон нутгийн өөрөө удирдах байгууллагын сонгуульд нэр дэвших бол албан тушаалаасаа чөлөөлөгддөг зохицуулалттай гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 181/ШШ2019/00978 дугаар шийдвэрээр  Хөдөлмөрийн тухай хуулийн 128.1.5, 69 дүгээр зүйлийн 69,1 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Монгол улсын засгийн газраас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 68 854 302 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.Бод олгож, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт холбогдох нөхөн бичилт хийхийг хариуцагч МУ-ын ЗГт даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 502 250 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 28 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулан нэхэмжлэгчид олгож, хариуцагч Монгол Улсын Засгийн газраас улсын тэмдэгтийн хураамжид 502 222 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж. Ж.Бод буцаан олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 1302 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 181/ШШ2019/00978 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах гомдолд төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Раднаабазар хяналтын гомдолдоо: ... Шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Үүнд: Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан нотлох баримт үнэлэх зохицуулалтуудыг зөрчсөн тухайд: Хэрэгт авагдсан нотлох баримтаар буюу Нийгмийн даатгалын ерөнхий газар, Сонгуулийн ерөнхий хорооноос шүүхэд ирүүлсэн лавлагаагаар нэхэмжлэгч Ж.Б нь 2015 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс хойш 9 сар гаруй хугацаанд өөр байгууллагад хөдөлмөрийн гэрээгээр ажилласан, мөн 2016 онд “Тусгаар тогтнол эв нэгдэл” эвслээс Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн 64 дүгээр тойрогт нэр дэвшсэн нь тогтоогдож байдаг. Гэтэл эдгээр нотлох баримтыг шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгтээ дурдсан боловч үнэлэлт, дүгнэлт огт өгөлгүй хэт нэг талыг баримтлан эдгээр хугацааг нэхэмжлэлийн шаардлагаас хасч тооцохгүй байгаа нь хууль хэрэглэх зарчим, нотлох баримтыг үнэлэх зарчим, эрх тэгш байх зарчмуудыг зөрчиж байна. 2002 оны Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2-д “...Төрийн жинхэнэ албан хаагч Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвших бол тухайн ээлжит сонгуулийн жилийн нэгдүгээр сарын нэгний өдрөөс өмнө...” чөлөөлөгдсөн байх зохицуулалттай байсан бөгөөд одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгаар ч ийм зохицуулалттай байдаг. Иймд шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Ж.Б нь хариуцагч МУ-ын ЗГт холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 68 854 302 төгрөгийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлж, дэвтэр нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийг гаргажээ. Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй маргасан ба шүүх хуралдаан дээр 54 844 515 төгрөгийг хүлээн зөвшөөрч, үлдэх 14 009 787 төгрөгийг зөвшөөрөхгүй гэсэн тайлбар гаргасан байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хэргийг хянаад, шийдвэрийг хэвээр үлдээжээ. Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчдын эрхийг хязгаарласан, зөрчсөн алдаа гаргаагүй байна.

Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор  харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтын талаар хэрэглэх ёстой хэм хэмжээг хэрэглэж, эрх зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийх үүрэгтэй бөгөөд хоёр шатны шүүхийн хууль хэрэглээний алдааг хяналтын шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасан эрх хэмжээний хүрээнд залруулах нь зүйтэй гэж үзлээ.

Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлтэй байна. Хариуцагч МУ-ын ЗГ нь нэхэмжлэгчийг сонгуульд нэр дэвшснээр түүнийг ажилд эгүүлэн авах үр дагавар байхгүй болсон гэх үндэслэлээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад маргаж, энэ талаар гомдол гаргасан бөгөөд гомдол үндэслэлтэй болохоос гадна гомдлын агуулга нь шүүх хуралдаан дээр гаргасан нэхэмжлэлийн зарим хэсгийг зөвшөөрсөн шинжтэй тайлбараа үгүйсгэсэн байна.

Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 1697 дугаар шийдвэрээр Ж.Быг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговорт 4 344 139 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн, шийдвэр хуулийн хүчин төгөлдөр байна.

Ж.Б нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлохдоо “...хариуцагч шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй, ажилд эгүүлэн аваагүй байгаа...” тул 2015 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 08 хүртэл хугацааны цалин, хөлстэй тэнцэх олговрыг гаргуулна гэжээ.

Хоёр шатны шүүх хариуцагч шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй, нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрх зөрчигдсөн хэвээр байгаа гэх дүгнэлтийг хийхдээ хариуцагчийн гаргасан тайлбар, нотолгоог үнэлж, хэрэглэвэл зохих хэм хэмжээг хэрэглээгүй нь хууль хэрэглээний алдаатай болсон байна.

Зохигчийн хооронд үүссэн маргааны үйл баримтад тухайн үед үйлчилж байсан 2002 оны Төрийн албаны тухай хуулийг хэрэглэх ба хуулийн 7.1.7-д зааснаар Яамны Төрийн нарийн бичгийн дарга нь төрийн захиргааны албан тушаалтанд хамаарах бөгөөд төрийн жинхэнэ албан хаагч байдаг байна.

Төрийн жинхэнэ албан хаагч улс төрийн намын гишүүн байх, улс төрийн нам, хөдөлгөөн, улс төрийн намын дэргэдэх төрийн бус байгууллага болон шашны байгууллагын үйл ажиллагаанд хуулиар зөвшөөрснөөс бусад тохиолдолд аливаа хэлбэрээр оролцохыг хуулиар хоригложээ. Тус хуулийн 23.2-т зааснаар төрийн жинхэнэ албан хаагч Улсын Их хурлын сонгуульд нэр дэвших бол тухайн ээлжит сонгуулийн жилийн нэгдүгээр сарын нэгний өдрөөс өмнө чөлөөлөгдөх ёстой “байх ба Ж.Б нь 2016 оны 5-6 сард Тусгаар тогтнол эв нэгдэл эвслээс Улсын Их хурлын ээлжит сонгуулийн 64 дүгээр тойрогт нэр дэвшиж, сонгуульд оролцож байсан нь Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий хорооны 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 49 тоот албан бичиг, Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий хорооны 2016 оны 05 дугаар 31-ний өдрийн 57 тоот тогтоол, нэр дэвшигчдийн жагсаалт гэсэн баримтуудаар /хх-55/ тогтоогджээ.

Ж.Б нь Улсын Их хурлын сонгуульд нэр дэвшиж, оролцсон тул Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2-т зааснаар төрийн албанаас чөлөөлөгдөх үндэслэлтэй байсан байх ба ийнхүү чөлөөлөгдснөөр хөдөлмөрийн гэрээ дуусгавар болно. Улмаар хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон үеэс хойш ажилтан олговор шаардах эрхгүй юм.

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасан ажилгүй байсан хугацааг шүүхийн шийдвэр гарсан 2015 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс хуулиар төрийн албанаас чөлөөлөгдөх ёстой 2016 оны 01 сарын 01 хүртэл тооцоход нэхэмжлэгч нь 14 009 850 төгрөгийн олговрыг шаардах эрхтэй, энэ үндэслэлээр шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулна. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь энэ хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгүүлэх үүрэгтэй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 1302 дугаар магадлалын 1 дэх заалт, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 181/ШШ2019/00978 дугаар шийдвэрийн 1 дэх заалтад “...68 854 302...гэснийг ...14 009 850... гэж, ...даалгасугай гэснийг даалгаж, нэхэмжлэлээс 54 844 452 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж, шийдвэрийн 2 дах заалтад “...502 222 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.Бод буцаан олгосугай... гэснийг 227 999 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.Бод олгосугай.” гэж тус тус өөрчлөн, магадлал болон шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

     ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                  Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                           П.ЗОЛЗАЯА