Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 128/ШШ2019/0084

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Батсүрэн даргалж, шүүгч А.Насандэлгэр, шүүгч А.Сарангэрэл нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны “4” танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:   Н.У.

Хариуцагч:     НЗД,

                       БГДЗД,

                      УБЕГ.

Гуравдагч этгээд: Иргэн А.Б,

                              “Б” ХХК,

                              “К”ХХК.

Нэхэмжлэлийн шаардлага: “Нийслэлийн Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 09-ны өдрийн А/05 дугаар захирамжийн “К”ХХК, иргэн А.Б нарт холбогдох хэсэг, мөн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 21-ны өдрийн А/979 дүгээр захирамжийн А.Бт холбогдох хэсэг, мөн Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн А/365 дугаар захирамжийн А.Бт холбогдох хэсэг, 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн А/319 дүгээр захирамжийн “Б”ХХК-д холбогдох хэсэг, Баянгол дүүргийн Засаг даргын 2015 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн А/180 дугаар захирамжийн А.Бт холбогдох хэсэг, Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 105 тоотод байрлах 1494 м кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг “К” ХХК болон иргэн А.Бын нэр дээр бүртгэсэн бүртгэлийг тус тус хууль бус болохыг тогтоолгож хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А, хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Б, хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.З, гуравдагч этгээд А.Бын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ж, гуравдагч этгээд “Б” ХХК-ийн төлөөлөгч Д.Б, иргэдийн төлөөлөгч Т.У нар оролцлоо.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.У 2016 оны 08 дугаар сарын 11-ний өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Н.У би Б.Э-тэй 2006 оны 01 дүгээр сараас 2012 оны 08 дугаар сар хүртэл хамтран амьдарч байсан. Хамтран амьдрахаас өмнө Б.Э нь Налайх дүүрэгт гэрт хоол, унааны мөнгөгүй нилээy ядруухан амьдарч байсан ба бусдын хөрөнгийг залилан мэхэлж онц их хэмжээний хохирол учруулсан, улсын төсвийн хөрөнгийг ашиглан шамшигдуулсан, мөрдөн байцаалтаас удаа дараа оргон зайлсан зэрэг Эрүүгийн хуулийн 3-4 зүйлээр Мөрдөн байцаах газарт шалгагдаж, Ганц худагт цагдан хоригдож байсан. Би түүнийг шүүх, цагдаа, өр төлбөрийн асуудлаа шийдвэрлэхэд нь зөвхөн тухайн үедээ гэхэд 57.500.000 төгрөгийн туслалцаа үзүүлж байсан бөгөөд тэр цагаас бид танилын холбоотой явж байгаад хамтран амьдарч улмаар бидний дундаас 1 хүүхэд төрсөн. Биднийг хамтран амьдарч байх хугацаанд охин Э.Ариунзаяа нь 2007 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр төрсөн бөгөөд миний хувьд 2006 онд жирэмсэн, 2007 оноос хойш нярай, хөхүүл хүүхэдтэй байсан тул албан ёсоор гэр бүл болоогүй ч эд хөрөнгө, бизнес, компаниудын үйл ажиллагааг даатган, Б.Э-т өөрийн бүхий л эд хөрөнгө, бизнес, компаниудын үйл ажиллагааг даатган, улмаар бусад шалтгаануудын улмаас түүний нэр дээр хүртэл компани байгуулан өгч үйл ажиллагаа явуулж байсан. Гэтэл Б.Э нь ил, далд хэлбэрээр элдэв арга мэх хэрэглэн миний эд хөрөнгүүдийг өөрийн нэр дээр шилжүүлэн авах, зарж борлуулан ашиг олох, улмаар тэгж олсон мөнгийг өөрийн нэр дээр шилжүүлэн, өөрт нууц хөрөнгө бий болгох зэргээр байнга ажиллаж байсан бөгөөд намайг багагүй хэмжээний хөрөнгөтэйг мэдэж байсан тул анхнаасаа бодлого зорилго, нарийн төлөвлөгөөтэйгөөр миний эд хөрөнгөд эзэн суух зорилгоор надтай ойртон дотносч, хамтран амьдарч байсан. Улмаар 2012 оноос Э.Бнадтай хамтран амьдрахаас зугтаж эхэлсэн бөгөөд энэ хугацаанд бий болсон бүхий л эд хөрөнгийг өөрийн болгох зорилгоор бидний хамт амьдарч байх хугацаанд хийгдсэн алдаа, дутагдалтай талуудыг ашиглан түүнд итгэн нэр дээр нь бүртгэгдсэн байсан миний эд хөрөнгүүдийг нэг мөсөн өөрийн болгох, эсхүл өөрийн нэр дээр байгаа байдлыг ашиглан өөрийн нэрээс түр хугацаагаар бултуулахаар бусдад хэлбэр төдий шилжүүлэх, эсхүл бусдад өндөр үнээр зарж борлуулан хөрөнгөжих, түүнийгээ хувирган өөр эд хөрөнгө бий болгох зэргээр хөдөлгөөнд оруулж эхэлсэн. Бид 2012 оноос эхлэн тусдаа амьдрах болсноор эд хөрөнгүүдийн маргаан үүсч эхэлсэн бөгөөд эрүү, иргэн, захиргааны маш олон хэргүүд үүссэн тул Э.Б нь тэдгээр хэргүүд шийдвэрлэгдэхээс өмнө түүний нэр дээр бүртгэгдсэн миний эд хөрөнгүүдийг үрэн таран хийх, өөрийн нэрээс түр холдуулан олон арга заль хэрэглэж эхэлсэн. Гэтэл би шүүх, цагдаагийн байгууллага шалгаж байгаа, шалгаж байх хугацаанд битүүмжилчихсэн байгаа тул ямар нэг асуудалгүй гэж бодон, хөрөнгийн маргаанаа шүүхээр шийдвэрлүүлэхээр явж байх хугацаанд Э.Бнь энэ хороонд өөрийн нэр дээр байсан байдлыг ашиглан танил талаа ашиглах, бусдад шан харамж өгөх байдлаар шүүх, цагдаагаас битүүмжилсэн байсан эд хөрөнгүүдийг “К” ХХК, А.Б нарт зарсан. Үл хөдлөх эд хөрөнгүүдийг зарсан үйлдэл болон “К” ХХК, А.Б нарт үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ олгосон улсын бүртгэлийн байгууллагын шийдвэр зэрэг нь 2012 оноос хойш хөрөнгийн маргаанаа шийдвэрлүүлэх гэж яваад одоо болтол шийдвэрлүүлж чадаагүй миний эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчиж, 2012 оноос хойш бүтэн 4 жил шүүх, цагдаагаар явж одоо л хөрөнгийн маргаанаа шийдвэрлүүлэх боломжтой болж байхад хууль бусаар олон эд хөрөнгүүдийг бусдад шилжүүлж, зарж борлуулж байгаа нь намайг асар ихээр хохироож байна. Тодруулбал Н.У би 2012 оноос хойш өнөөдрийг хүртэл дараах байдлаар шүүхэд хандаж ирсэн: 1. Н.Уээс Б.Э-т холбогдуулан 2012 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Улсын бүртгэлийн байгууллагын хууль бус актаар “К” ХХК болон А.Б нарын өмчлөлд шилжин бүртгэгдсэн Баянгол дүүргийн 6 дугаар хороо, Нэгдсэн 3 дугаар эмнэлгийн урд талд 5 давхар үл хөдлөх эд хөрөнгө болоод бусад хөрөнгүүдийн талаарх маргаан үүсгэсний дагуу иргэний хэрэг үүсгэж, 2014 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 1829 дүгээр шийдвэрээр “уг нэхэмжлэлтэй холбоотой хэргийг эрүүгийн журмаар шалгаж байгаа” гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. 2. Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхэд 2014 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Н.Уээс Б.Э-т холбогдуулан эд хөрөнгийн маргаанаа шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргахад 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 135 дугаар шийдвэрээр “уг нэхэмжлэлтэй холбоотой хэргийг эрүүгийн журмаар шалгаж байгаа” гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. 3. Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон эрүүгийн хэргийг 2015 оны 09, 10 дугаар сард Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас хэрэгсэхгүй болгосон тогтоол гарсан тул Н.У миний бие дахин 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Б.Э-т холбогдуулан Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд Улсын бүртгэлийн байгууллагын хууль бус актаар “К” ХХК, А.Б нарын өмчлөлд шилжсэн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөлийн маргааны асуудал хянагдаж байгаа. Гэтэл энэ бүх эрүүгийн хэрэг, шүүхийн маргаанууд явж байгааг мэдсээр байж Э.Бнь үл хөдлөх эд хөрөнгийг зориуд, санаатайгаар бусдад худалдаж улмаар цагдаа, шүүхийн байгууллагаас битүүмжлэлтэй, байсаар байтал хуурамч бичиг баримтад үндэслэн Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайвны өргөн чөлөө гудамж, 105 тоот хаягт байршилтай 1494 м.кв үл хөдлөх эд хөрөнгийг “К” ХХК, А.Б нарын өмчлөлд бүртгэсэн бүртгэлийг Улсын бүртгэлийн байгууллага хийсэн явдал нь хөрөнгийн маргаанаа шийдвэрлүүлэхээр 2012 оноос хойш бүтэн 4 жилийн хугацаанд миний эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байна. “К” ХХК, А.Б, Э.Бнь шүүх дээр маргаантай байгааг мэдсээр байж маргаан бүхий эд хөрөнгө болох Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайвны өргөн чөлөө, 105 тоотод байршилтай 1494 м.кв үл хөдлөх эд хөрөнгийг хоорондоо худалдаж, тэдгээрт Нийслэлийн улсын бүртгэлийн газраас 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 000354297 дугаар бүхий үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгосон нь хууль бус. Учир нь дээрх үл хөдлөх эд хөрөнгө нь дээр дурдсанаар Н.У болон Э.Бнарын хооронд үүссэн эд хөрөнгийн маргаануудын нэгээхэн хэсэг нь бөгөөд зөвхөн дээрх эд хөрөнгийн тухайд цагдаа, шүүх, прокурор зэрэг байгууллагын олон тооны тогтоол, захирамжаар битүүмжлэгдсэн, бусдад зарж борлуулахыг хориглосон байсан. Э.Бнь Баянгол дүүргийн 6 дугаар хороо, Нэгдсэн 3 дугаар эмнэлгийн урд байрлах ашиглалтад ороогүй 5 давхар объектыг битүүмжлэн тогтоол хүчин төгөлдөр байх хугацаанд бусдын өмчлөлд шилжүүлсэн болох нь Баянгол дүүргийн Прокурорын газрын 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 4816 тоот прокурорын тогтоолоор тогтоогдсон бөгөөд эрүүгийн хариуцлагад татах хугацаа өнгөрсөн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Э.Б, А.Б, “К”ХХК нар нь битүүмжлэлтэй байсан эд хөрөнгийг хууль бусаар хоорондоо шилжүүлэхдээ хуурамч бичиг баримт ашиглан улсын бүртгэлд өмчлөх эрхээ бүртгүүлсэн. Тодруулбал Э.Б, нөгөө талаас А.Б, “К”ХХК нар нь 2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 240 дугаартай нотариатаар гэрчлүүлэн 10.000.000 төгрөгийн үнийн дүн бүхий худалдах, худалдан авах гэрээ, 2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 274 дугаартай нотариатаар гэрчлүүлэн 1.800.000.000  тэрбум төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ гэсэн 2 өөр гэрээг 1 өдөр байгуулан Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайвны өргөн чөлөө гудамж, 105 тоотод байршилтай 1494 м.кв талбайтай, Ү-2205056019 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг хоорондоо худалдаж, улмаар Улсын бүртгэлийн байгууллагад татвар төлөхөөс зайлсхийсэн, татвар ногдох их хэмжээний орлогоо нуун дарагдуулсан, хуурамч гэрээ болох 10.000.000 төгрөгийн үнийн дүн бүхий гэрээг өгч, өмчлөх эрхээ бүртгүүлсэн байдаг. Улмаар өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдөлдөө хавсралт болгон 10.000.000 төгрөгийн үнийн дүнгээс татварт 200.000 төгрөг төлсөн баримтыг өгч өмчлөх эрхийн гэрчилгээ авсан. Гэтэл бодит байдал дээр 10.000.000 төгрөгөөр 1494 м.кв, зоорийн давхар болон дээшээ 5 давхар 30, 40 өрөө бүхий барилгыг зардаггүй, ийм барилга аравхан сая төгрөгийн үнэтэй байдаггүй гэдгийг ямар ч иргэн, улсын бүртгэгч, төрийн байгууллага мэдэх боловч мэдээжийн хуурамч бичиг баримт бүрдүүлэн орж ирж байгааг мэдсээр байж нягтлан шалгах үүргээ хэрэгжүүлэхгүй өмчлөх эрх шилжүүлсэн бүртгэл хийсэн нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль, Улсын бүртгэлийн ерөнхий хуулиудаар хуульчилсан улсын бүртгэл үнэн зөв, бодитой байх, нотлох баримтад үндэслэхтэй холбоотой бүхий л зохицуулалтыг зөрчсөн. Иймд Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайвны өргөн чөлөө гудамж, 105 тоотод байрших 1494 м.кв үл хөдлөх эд хөрөнгийг “К”ХХК болон иргэн А.Б нарын өмчлөлд бүртгэсэн бүртгэлийг хууль бусад тооцож, Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайвны өргөн чөлөө гудамж, 105 тоотод байрших 1494 м.кв үл хөдлөх эд хөрөнгийг “К”ХХК болон иргэн А.Б нарын өмчлөлд бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч Н.У 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдөр “Баянгол дүүргийн Засаг даргын 2015 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн А/180 дугаар захирамжаас Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Гурвалжин захын баруун талд байрлах 100 м.кв газрын эзэмших эрхийг иргэн Э.Бээс А.Бт шилжүүлэн олгосон хэсгийг хүчингүй болгуулах, Нийслэлийн Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн А/365 дугаар захирамжаас Баянгол дүүргийн 20 дугаар хороонд байрлах 100 м.кв газрыг А.Бт шинээр баталгаажуулан олгосон хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлжээ.

Нэхэмжлэгч Н.У 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр “Нийслэлийн Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн А/319 дүгээр захирамжаас Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд байрлах, 1856/0007 нэгж талбарын дугаар бүхий 25.000 м.кв газрын эзэмших эрхийг “Техник форум” ХХК-иас “Б”ХХК-д шилжүүлэн олгосон хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлжээ.

Нэхэмжлэгч Н.У 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдөр “Нийслэлийн Засаг даргын захирамжаар “Техник форум” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, орон сууцны зориулалтаар эзэмших эрхийн 0172347 дугаар гэрчилгээтэй 8200 м.кв талбай бүхий газрыг шилжүүлсэн Нийслэлийн Засаг даргын захирамжийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч Н.У нь Э.Бтэй хамтран амьдарч байсан. Энэ хугацаанд өөрийн өмч, хөрөнгөөр хуулийн этгээд байгуулсан. Тухайн үед өөрөө бага насны хүүхэдтэй байсан тул нөхрийнхөө нэр дээр маргаан бүхий газруудыг өмчлөл, эзэмшилд нь бүртгүүлсэн байдаг. Ингээд гэр бүлээ цуцлуулсны дараа Э.Бнь гэр бүлийн дундын өмчлөлийн маргаан Иргэний хэргийн шүүхэд хянагдаж байхад дээрх газруудыг бусдад худалдан борлуулж, шилжүүлсэн. Газрыг худалдан авсан хүмүүс дахиад өөр хүмүүст худалдсан байгаа. Нийслэлийн Засаг даргын А/979 дүгээр захирамжаар 830 м2 газрыг шилжүүлснийг Цагдаагийн байгууллага, Иргэний хэргийн шүүхийн шүүгчийн 2015 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн захирамжаар битүүмжилж худалдан борлуулахыг хориглосон шийдвэр гаргасан. Мөн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 624 тоот шүүгчийн захирамжаар маргаан бүхий газруудыг бусдад шилжүүлэхгүй байхыг даалгасан байхад үл тоон бусдад худалдан шилжүүлсэн. Баянгол дүүргийн Прокурорын газраас 326/2 тоот тогтоолоор Нийслэлийн Засаг даргын А/05 дугаартай захирамжид дурдагдсан 240 м2 газрыг битүүмжилсэн байгаа.

2014 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 7188 тоот шүүгчийн захирамжаар тус газрыг бусдад арилжих, худалдах хэлбэрээр эзэмшил болон өмчлөлийг өөрчлөхийг хориглосон. Мөн 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 624 тоот шүүгчийн захирамжаар тус эд хөрөнгийг бусдад худалдах, шилжүүлэхийг хориглосон шийдвэр гаргасан. Нийслэлийн Засаг даргын А/365 тоот захирамжид дурдсан 100 м2, мөн Баянгол дүүргийн Засаг даргын А/180 тоот захирамжид дурдсан 100 м2 талбайг 2014 оны 06 дугаар сарын 25 оны өдрийн 9583 тоот дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн захирамжаар захиран зарцуулахыг нь хориглосон байдаг. 2015 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 686 тоот дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар тус газрыг битүүмжилж үйл ажиллагаа явуулахыг хориглосон шийдвэр гаргасан. 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 624 дүгээр шүүгчийн захирамжаар худалдах, барьцаалах, бэлэглэхгүй байхыг даалгасан байгаа. Нийслэлийн Засаг даргын А/319 тоот захирамжид дурдсан 25,000 м2 бүхий Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд байрлах газрыг 2014 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 9583 тоот захирамжаар захиран зарцуулах эрхийг нь хориглосон. 2015 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 686 тоот захирамжаар тус газрыг битүүмжилж, үйл ажиллагаа явуулах эрхийг нь хязгаарласан байдаг. 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 624 тоот шүүгчийн захирамжаар тус газрыг бусдад барьцаалах, худалдах, бэлэглэхгүй байхыг даалгасан байх хугацаанд Э.Бболон “Техник форум” ХХК-ийн өмчлөлд байдаг газрыг бусдын эзэмшилд шилжүүлсэн. Шүүхийн болон Цагдаагийн байгууллагын тогтоол хүчин төгөлдөр байх хугацаанд бусдад шилжүүлсэн нь нэхэмжлэгч Н.Уийн эрхийг зөрчсөн гэж үзэж байна. Учир нь Н.У Э.Бтэй хамтран амьдарч байснаа шүүхээр тогтоолгосон, харин хамтын өмчлөлийн маргаан Иргэний шүүхэд хянан хэлэлцэгдэж байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэв.

Хариуцагч БГДЗДас шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: Баянгол дүүргийн Засаг даргын 2011 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 410 дугаар захирамжаар Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Петровис шатахуун түгээх станцын хойд талд үйлчилгээний зориулалтаар 100 м.кв газрыг Э.Бт 5 жилийн хугацаатай эзэмшүүлэн 2011 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээг байгуулсан. Газар эзэмшигч Э.Бнь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлд зааснаар газар эзэмшигчид олгосон эрхийн дагуу Баянгол дүүргийн Өмч, газрын харилцааны албанд хүсэлт гаргасны дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээний нэрийг Баянгол дүүргийн Засаг даргын 2015 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн А/180 дугаар захирамжаар А.Бт шилжүүлэн Баянгол дүүргийн Өмч, газрын харилцааны алба, А.Бтай 2016 оны 03 дугаар сарын 15-ны өдөр иргэн, хуулийн этгээдийн газар эзэмшүүлэх гэрээг байгуулсан. Э.Бийн дээрх газрыг захиран зарцуулах, худалдах, барьцаалах, бэлэглэх зэргийг хориглосон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын холбогдох тогтоол шийдвэр нь БГДЗД, Баянгол дүүргийн Өмч, газрын албанд албан ёсоор ирээгүй бөгөөд энэ талаарх мэдээлэл Баянгол дүүргийн Өмч, газрын харилцааны албаны мэдээллийн санд байхгүй. Иймд Газрын тухай хуульд зааснаар газар эзэмшигч Э.Б, А.Б нарын хүсэлт болон БГДЗДд олгосон бүрэн эрхийн дагуу Баянгол дүүргийн Засаг даргын 2015 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн А/180 дугаар захирамж гарсан учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Н.Уийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайвны өргөн чөлөө гудамж, 105 тоотод байрлах 1494 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай, 80 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг Э.Бийн 2014 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр тус хэлтэст хандаж гаргасан мэдүүлэг, бүртгүүлэхийг хүссэн өргөдөл, иргэний үнэмлэхийн хуулбар, 2014 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Э.Бт олгосон газар эзэмших эрхийн гэрчилгээ, газар эзэмшүүлэх гэрээ, хянан баталгааны дүгнэлт, Хот байгуулалт, газрын кадастр, мэдээллийн хэлтсийн дугаар өгсөн тухай 2014 оны 3/1390 дүгээр албан бичиг, кадастрын зураг, эд хөрөнгийн план зураг, фото зураг, бусад нотлох баримтуудыг үндэслэл болгон Э.Бийн өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн Ү-22050056049 дугаарт 2014 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр бүртгэж, өмчлөх эрхийн 000338268 тоот гэрчилгээ олгосон байна. 2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 260 дугаартай Баянгол дүүргийн Тойргийн нотариатын гэрчилсэн үйлчилгээний барилга худалдах, худалдан авах гэрээг  үндэслэн өмчлөх эрх “К”ХХК, А.Б нарын хамтран өмчлөлд бүртгэж өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон байна. Ийнхүү бүртгэх үед тухайн үл хөдлөх эд хөрөнгөд эрх бүхий байгууллагаас захиран зарцуулах эрхийг хязгаарласан, битүүмжилсэн, хориг тавьсан тухай тусгай тэмдэглэл хийгдээгүй байсан. Мөн Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлд зааснаар тухайн мэдүүлгийг хүлээн авахаас татгалзах үндэслэл байгаагүй. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ “...шүүх, цагдаагаас битүүмжлэгдсэн байсан хөрөнгийг зарсан байна” гэжээ. Гэтэл дээрх үл хөдлөх эд хөрөнгийг 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Э.Бээс “К”ХХК, А.Б нарын өмчлөлд шилжүүлсэн тухай худалдах, худалдан авах гэрээг бүртгэх үед эрх бүхий байгууллагаас битүүмжилсэн тухай тогтоол шийдвэр албан ёсоор ирээгүй байсан. Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн бүртгэлийн тухай хуульд заасан чиг үүргийнхээ дагуу бүртгэлийн үйл ажиллагааг эрхлэн хөтөлдөг байгууллага бөгөөд худалдагч, худалдан авагч нарын хооронд хийгдсэн, албан ёсны эрх бүхий нотариатаар гэрчлүүлсэн гэрээний үнийн дүнд хөндлөнгөөс орох эрхгүй. Үүний дараа дээрх үл хөдлөх хөрөнгийг давхар тус бүрээр нь салгаж бүртгэлд нэмэлт өөрчлөлт оруулсан. 2015 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Д.А-тай байгуулсан барьцаат зээлийн гэрээ бүртгүүлсэн байх бөгөөд өнөөдрийн байдлаар албан ёсоор дуусгавар болоогүй. Мөн өмчлөгч А.Бын өргөдлөөр уг үл хөдлөх эд хөрөнгөд 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр урьдчилсан тэмдэглэл бүртгэгдсэн. Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 2016 оны 3/14618, 3/13611 дүгээр албан бичгүүдийг үндэслэл болгон дээрх үл хөдлөх эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлээд байна. Тус газар нь эд хөрөнгийн эрхийг улсын бүртгэлд бүртгэхдээ Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйл, Эрхийн улсын ерөнхий бүртгэгчийн 2004 оны 50 дугаар тушаалаар батлагдсан Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн бүртгэлийг хөтлөх журмын 4 дүгээр зүйлийн 4.1-д заасныг үндэслэн бүртгэдэг бөгөөд архивын хувийн хэрэг дэх нотлох баримтуудыг хянан үзэхэд тухайн бүртгэл нь холбогдох хууль, дүрэм, журмын дагуу нотлох баримтыг үндэслэн хийгдсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.З шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа:  “Анх маргаан бүхий 5 дугаар хорооны үл хөдлөх хөрөнгийг бүртгэхдээ улсын бүртгэлийн хууль тогтоомжид заасан нотлох баримтын бүрдлийг хангасан материалуудыг үндэслэж бүртгэл хийгдсэн байдаг. Тухайн үед захиран зарцуулах эрхийг нь түдгэлзүүлсэн байсан гэж байна. Гэтэл түдгэлзүүлсэн гэх 326 тоот албан бичиг нь 2012 онд гарсан. Маргаан бүхий үл хөдлөх хөрөнгө нь 2014 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр улсын бүртгэлд бүртгэгдсэн. Өөрөөр хэлбэл 2012 оны албан бичгээр 2014 оны бүртгэлийн ажиллагааг түдгэлзүүлэх боломжгүй юм. Тухайн үед нотлох баримтын шаардлага хангасан байсан тул улсын бүртгэлийн байгууллага Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасны дагуу бүртгэхээс татгалзсан үндэслэлүүд байгаагүй тул бүртгэлийн ажиллагааг хийсэн байдаг. Тиймээс улсын бүртгэлийн байгууллага хууль тогтоомж зөрчөөгүй. Үүний дараа 2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн Худалдах, худалдан авах гэрээгээр “К”ХХК болон иргэн А.Б нарт маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлсэн байгаа. Уг газрыг шилжүүлэх үед ямар нэг байдлаар захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн шийдвэр байгаагүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “Техник форум” ХХК нь Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд Нийслэлийн Засаг даргын 2011 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 612 дугаар захирамжаар 25.000 м.кв талбай бүхий газрыг 5 жилийн хугацаатай эзэмших эрх үүсч, газар эзэмшүүлэх гэрээ байгуулж гэрчилгээ олгосон. “Техник форум” ХХК, “Б”ХХК-ийн хооронд 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 16/17 тоот хамтран ажиллах гэрээ байгуулж хамтрахаар болсон тул уг газрын эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх “Техник форум” ХХК-ийн албан бичиг, хүсэлтийн дагуу судлан үзэж шийдвэрлэсэн. Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт А.Б нь дүүргийн Засаг даргын 2015 оны А/180 дугаар захирамжаар эзэмшиж байсан газар эзэмших эрхийн гэрчилгээгээ Нийслэлийн Засаг даргын захирамжаар баталгаажуулах хүсэлт гаргасны дагуу 2016 оны А/365 дугаар захирамжаар баталгаажуулсан нь Н.Ут хамааралгүй бөгөөд хууль ёсны эрх, ашгийг хөндөөгүй. Нийслэлийн Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн А/05 дугаар захирамжаар Э.Бээс “К”ХХК, А.Бт Баянгол дүүргийн 05 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйлчилгээний зориулалтаар 240 м.кв газрын газар эзэмших эрхийг шилжүүлэн эзэмшүүлсэн. Нийслэлийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/979 дүгээр захирамжаар Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Техник форум” ХХК-ийн хүсэлтийг Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд зааснаар А.Бт газар эзэмших эрхийг шилжүүлэн эзэмшүүлсэн. Иймд Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3, 38.4-д заасныг үндэслэн газар эзэмших эрхийг “Б”ХХК-нд олгосон байх бөгөөд Н.Уийн хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, “Техник форум” ХХК-д өөрийн эзэмшлийн 80.000 м.кв талбай бүхий газрыг Нийслэлийн Засаг даргын 2015 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн А/110 тоот захирамжаар хүчингүй болгосон байна. Иймд Нийслэлийн Засаг даргын зүгээс шүүхийн шийдвэрийг биелүүлэхийн тул “Техник форум” ХХК-ийн газар эзэмших эрхийг сэргээхдээ өндөр хүчдэлийн хамгаалалтын зурвас газрыг хасч олгохоор судалж байгаа болно. Нэхэмжлэгч Н.Уийн хууль ёсны ашиг сонирхлыг хөндөх үйл ажиллагаа тогтоогдохгүй байх тул нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй” гэжээ.

Хариуцагч Нийслэлийн Засаг даргын  итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Б шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “Техник форум” ХХК нь Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд Нийслэлийн Засаг даргын 2011 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн А/612 тоот 25,000 м2 газрыг 5 жилийн хугацаатай эзэмшихээр болж гэрээ байгуулсан байдаг. Ингээд “Техник форум” ХХК “Б”ХХК-ийн хооронд 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдөр 16/17 тоот хамтран ажиллах гэрээ байгуулж, маргаан бүхий газрын эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлсэн. Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн А.Б нь дүүргийн Засаг даргын А/180 дугаар захирамжаар газар эзэмшиж байсан гэрчилгээгээ Нийслэлийн Засаг даргын захирамжаар баталгаажуулах хүсэлт гаргасны дагуу 2016 оны А/365 тоот захирамжаар баталгаажуулсан. Энэ шийдвэр нь иргэн Н.Ут огт хамааралгүй, түүний хууль ёсны эрх ашиг сонирхол нь хөндөгдөхгүй байна гэж үзэж байна. Нийслэлийн Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн А/05 дугаар захирамжаар иргэн Э.Бээс “К”ХХК болон иргэн А.Бт Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутагт дэвсгэрт үйлчилгээний зориулалтаар 240 м2 газрын газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлсэн байдаг.

Нийслэлийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн А/971 дүгээр захирамжаар Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт “Техник форум” ХХК-ийн эзэмшлийн газрыг Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3, 38.4-т заасны дагуу иргэн А.Бт газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлсэн. Энэ шийдвэр нь мөн иргэн Н.Уийн өмчлөх эрхийг зөрчөөгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Гуравдагч этгээд А.Бын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Н.Уийн нэхэмжлэлтэй Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэрэгт гуравдагч этгээд А.Бын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс энэхүү тайлбарыг гаргаж байна. Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайвны өргөн чөлөө гудамж, 105 тоот хаягт орших 5 давхар карказ буюу 80%-ийн гүйцэтгэлтэй 1494 м.кв үл хөдлөх эд хөрөнгийг худалдана гэсний дагуу Э.Бтэй харилцан тохиролцож 2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулан худалдан авсан болно. Эрхийн улсын бүртгэлийн Ү-2205056049 дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайвны өргөн чөлөө, 105 тоот хаягт байрлах 1494 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийн анхны өмчлөгчөөр Э.Ббүртгэлтэй байснаас гадна Улсын бүртгэлийн ерөнхий газрын эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газрын 2014 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн лавлагаагаар “Эрхийн улсын бүртгэлийн Ү-2205056049 дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайвны өргөн чөлөө, 105 тоот хаягт байрлах 1494 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийн анхны өмчлөгчөөр Э.Ббүртгэлтэй байснаас гадна Улсын бүртгэлийн ерөнхий газрын эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газрын 2014 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн лавлагаагаар “Эрхийн улсын бүртгэлийн Ү2205056049 дугаартай, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, 10 дугаар хороолол Энхтайвны өргөн чөлөө гудамж, 105 тоот үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр иргэн Э.Ббүртгэлтэй байх бөгөөд өнөөдрийн байдлаар уг эд хөрөнгөд үүрэг ногдуулсан тухай бүртгэл хийгдээгүй байна” гэсэн хариуг ирүүлсний үндсэн дээр хууль ёсны өмчлөгчтэй харилцан тохиролцож, гэрээ байгуулсан болно. Нөгөөтэйгүүр дээрх үл хөдлөх хөрөнгийг иргэн А.Б болон “К”ХХК нарын хамтран өмчлөлд бүртгэх үед эрх бүхий байгууллагаас битүүмжилсэн тухай тогтоол, шийдвэр албан ёсоор ирээгүй буюу захиран зарцуулах эрхийг хязгаарласан, битүүмжилсэн, хориг тавьсан тухай тэмдэглэл хийгдээгүй, байсан тул төлбөр тооцоог бүрэн хийж дуусгасны дагуу тооцоо нийлсэн акт үйлдэн 2014.11,28-ны өдөр үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлд бүртгүүлж, гэрчилгээг авч хууль ёсны өмчлөгч нар болсон. “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулахаас өмнө иргэн А.Б нь 2014 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр “К”ХХК-тай “Барилгын ажил гүйцэтгэх захиалагчийн гэрээ”-г байгуулан дээрх үл хөдлөх эд хөрөнгийг хамтран худалдан авсан. Дээрх үл хөдлөх хөрөнгийг худалдан авснаас хойш иргэдтэй Үйлчилгээний зориулалттай талбай захиалгаар барих хөрөнгө шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай захирамжаар хүсэлтэд дурдсан Э.Бийн нэр дээр бүртгэлтэй үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгөнд ямар нэгэн тодорхой ажиллагаа /худалдах, барьцаалах, бэлэглэх зэрэг/ гүйцэтгэхгүй байхыг даалгаж шийдвэрлэсэн боловч Э.Бийн нэр дээр бүртгэлтэй байсан Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайвны өргөн чөлөө гудамж, 105 тоот хаягт орших үл хөдлөх эд хөрөнгийг 2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Э.Бболон “К”ХХК, А.Б нар нь “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулан, 2014 оны 11 сарын 28-нд Э.Бийн нэр дээрх бүртгэл хүчингүй болж “К”ХХК болон А.Б нарын дээр бүртгэсэн учир дээрх шүүгчийн захирамж хамааралгүй болно. 2014 оны 11 сарын 28-нд Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайвны өргөн чөлөө гудамж, 105 тоот хаягт орших үл хөдлөх эд хөрөнгийг “К”ХХК болон А.Б нарын дээр бүртгэсэн улсын бүртгэгч С.Оюунболд Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд заасан журмын дагуу бүртгэлийг хийх үед дээрх үл хөдлөх эд хөрөнгийг эрх бүхий байгууллагаас битүүмжилсэн тухай тогтоол, шийдвэр албан ёсоор ирээгүй буюу захиран зарцуулах эрхийг хязгаарласан, битүүмжилсэн, хориг тавьсан тухай тэмдэглэл хийгдээгүй байсныг тайлбарлаж, нотолдог. Иймд нэхэмжлэгч Н.Уийн маргаж буй гол үндэслэл болох Э.Бнь цагдаагаас битүүмжилсэн байсан Баянгол дүүргийн 6-р хороо, 3-р эмнэлгийн дэргэд байрлах үл хөдлөх эд хөрөнгийг “К”ХХК болон иргэн А.Б нарт зарсан гэх тайлбар нь үндэслэлгүй юм. Иргэн А.Б нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг Иргэний хуульд заасан хууль ёсны өмчлөгчөөс шилжүүлэн авсан бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхээ Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд заасны дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ авч өмчлөх эрхээ баталгаажуулсан тул иргэн Н.Уийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээд А.Бын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ж шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “Иргэн А.Б нь Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 5 давхар карказ буюу 80 хувийн гүйцэтгэлтэй 1494 м2 үл хөдлөх эд хөрөнгийг худалдана гэсэн зарын дагуу Э.Бтэй харилцан тохиролцож 2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулж худалдан авсан. Үл хөдлөх хөрөнгийн Ү-2205056049 дугаартай улсын бүртгэлд бүртгэгдсэн Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 1494 м2 үл хөдлөх эд хөрөнгийн анхны өмчлөгчөөр Э.Ббүртгэлтэй байснаас гадна Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тасгийн 2014 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн лавлагаанд Ү-2205056049 дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 1494 м2 үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлж авсан байдаг.

Өнөөдрийн байдлаар Э.Бнь тухайн эд хөрөнгийн анхны өмчлөгч нь байснаас гадна маргаан бүхий эд хөрөнгөнд үүрэг ногдуулсан тухай бүртгэл хийгдээгүй гэх хариуг холбогдох байгууллагуудаас ирүүлсэн байдаг. Дээрх эд хөрөнгийг иргэн А.Б болон “К”ХХК-ийн хамтран өмчлөлд бүртгэх үед эрх бүхий байгууллагаас битүүмжилсэн шийдвэр, тогтоол гараагүй. 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр эд хөрөнгийг улсын бүртгэлд бүртгүүлж, гэрчилгээ авсан нь иргэн А.Б болон “К” ХХК нар юм. Худалдах, худалдан авах гэрээ байгуулахаас өмнө 2014 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр иргэн А.Б “К” ХХК-тай барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулан дээрх үл хөдлөх эд хөрөнгийг хамтран худалдаж авсан. Ингээд иргэдэд талбай захиалах хөрөнгийг баталгаажуулах тухай захирамжаар Э.Бийн нэр дээр байсан эд хөрөнгөнд ямар нэг тодорхой ажиллагаа хийхгүй байхыг даалгаж шийдвэрлэсэн боловч 2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр гэрээ байгуулсан тул Э.Бийн нэр дээрх эд хөрөнгийн бүртгэл хүчингүй болсон байгаа. Мөн Нийслэлийн Засаг даргын А/05, А/979, А/365, А/319 дүгээр захирамжуудаар газар эзэмших эрхийг хуульд заасны дагуу шилжүүлэн авсан. Газрын албанд дээрх үл хөдлөх эд хөрөнгийг түдгэлзүүлсэн шийдвэр, тогтоол ирээгүй. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Н.Уийн нэр дээр бүртгэлтэй эд хөрөнгө байгаагүй, харин анхны эзэмшигч нь Э.Ббайсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Гуравдагч этгээд “Б”ХХК-ийн захирал Д.Б шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: Нийслэлийн Засаг даргын  2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн А/319 дүгээр захирамжаар Сонгинохайрхан дүүргийн  20 дугаар хороонд байрлах, нэгж талбарын 1856/0007 дугаар бүхий 25.000 м.кв газрын эзэмших эрхийг “Техник форум” ХХК-иас холбогдох журмын дагуу шилжүүлэн авсан. Үүнээс өмнө  2015 онд бид харилцан тохиролцож тухайн газрын эзэмших эрхийг шилжүүлэн авах гэрээг үйлдсэн. Н.У, Э.Б, “Техник форум” ХХК-ын хоорондох иргэний маргааны талаар манай компанийн зүгээс мэдэх зүйл огт байхгүй. Тус иргэний хэрэгт тийм захирамж гарсныг ч мэдэхгүй. Бид хуулийн дагуу “Техник форум” ХХК-иас газар эзэмшүүлэх эрхийн шилжүүлэн авах үед төрийн захиргааны байгууллагаас ямар нэгэн шүүхийн хоригтой байна, шилжүүлж болохгүй гэж зүйл огтоос тавиагүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээд “Б” ХХК-ийн захирал Д.Б шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “2016 онд 3 компани хөрөнгө оруулалт хийхээр “Б”ХХК-ийн нэр дээр маргаан бүхий газрыг шилжүүлж үйл ажиллагаа явуулахаар болсон боловч энэ маргаан үүссэн. Үүнээс хойш 3 жил болж байна. Газрыг шилжүүлэх үед захиран зарцуулах эрхийг нь түдгэлзүүлсэн ямар нэг шүүхийн шийдвэр, тогтоол байгаагүй. Н.У, Э.Бнар хамтран амьдарч байсан гэдгээр бусдын эд хөрөнгөнд халдаж болохгүй” гэв.

Гуравдагч этгээд “К”ХХК-ийн захирал М.Ж шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: “Гуравдагч этгээд А.Б бид хоёрын эрх, хууль ёсны ашиг сонирхол адилхан учраас А.Быг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцуулах сонирхолтой байна. Миний бие өвчтэй байгаа учраас шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй болно” гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ;

            Нэхэмжлэгч Н.У Нийслэлийн Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн А/05 дугаар захирамжийн “К”ХХК, иргэн А.Б нарт холбогдох хэсэг, мөн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 21-ны өдрийн А/979 дүгээр захирамжийн А.Бт холбогдох хэсэг, мөн Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн А/365 дугаар захирамжийн А.Бт холбогдох хэсэг, 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн А/319 дүгээр захирамжийн “Б”ХХК-д холбогдох хэсэг, Баянгол дүүргийн Засаг даргын 2015 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн А/180 дугаар захирамжийн А.Бт холбогдох хэсэг, Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 105 тоотод байрлах 1494 м кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг “К” ХХК болон иргэн А.Бын нэр дээр бүртгэсэн бүртгэлийг тус тус хууль бус болохыг тогтоолгож хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

            Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас Нийслэлийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/979 дүгээр захирамжийн А.Бт холбогдох хэсгийг хүчингүй болгох шаардлагыг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

            Нэхэмжлэгч Н.У иргэн Э.Бтэй хамтын амьдралтай байх хугацаандаа өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгүүдийг түүний нэр дээр шилжүүлэх, компани байгуулж өгөх зэргээр итгэж хамтран ажиллаж, амьдарч байсан ч эдгээр хөрөнгүүдийг бусдад шилжүүлэх, өөрийн болгох байдлаар миний өмчлөх эрхийг зөрчсөн гэж маргаж байгаа хэдий ч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэл тогтоогдохгүй байна.

            Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/184 дүгээр захирамжаар “Техник форум” ХХК-д Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт 830 м кв газрыг үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлсэн бөгөөд тус компаний захирал Э.Биргэн А.Бтай газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулсныг үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/979 дүгээр захирамжаар А.Бт шилжүүлж шийдвэрлэсэн нь хууль бус гэж дүгнэв.

            Учир нь Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн 2015 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 7686 дугаар захирамжаар[1] “Техник форум” ХХК-ийн эзэмшилд байх Баянгол дүүргийн 20 дугаар хороонд байрлах 830 м кв газрыг захиран зарцуулахыг хориглосон байна. Тус захирамжийн дагуу Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2015 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 2/8050 дугаар албан бичгээр[2] захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлэх талаар Нийслэлийн өмчийн харилцааны газарт мэдэгдсэний дагуу 2015 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 5/2155 дугаар албан бичгээр нийслэлийн газрын мэдээллийн санд 830 м кв газрын захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлж тэмдэглэсэн талаараа нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд хариу мэдэгджээ.

            Гэтэл Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/979 дүгээр захирамжаар “Техник форум” ХХК-иас иргэн А.Бт шүүгчийн захирамжаар захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн хугацаанд шилжүүлжээ.

            Өөрөөр хэлбэл иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар маргаан бүхий газрын захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлж энэ талаарх эрхийг сэргээсэн хариуг холбогдох эрх бүхий газраас ирүүлээгүй  байхад эзэмших эрхийг шилжүүлсэн нь Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-д  заасан газар эзэмшихэд шударга ёс, тэгш байдлыг хангах зарчим, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т “Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ энэ хуулийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байна.” гэснийг тус тус зөрчсөн гэж дүгнэв.

            Түүнчлэн дээрх газрын захиран зарцуулах эрхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2016 оны 03 дугаар сарын 09-ны өдрийн 1/8390 дүгээр албан бичгээр буюу Нийслэлийн Засаг даргын хууль зөрчиж гарсан А/979 дүгээр захирамжийн дараа сэргээхийг мэдэгдсэн баримт хэрэгт авагдсан байна.

            Ийнхүү захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн хугацаанд газар эзэмших эрхийг шилжүүлсэн нь хууль бус байх тул Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д “ Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдлээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан , эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно.” гэж зааснаар нийслэлийн Засаг даргын 2015 оны маргаан бүхий А/979 дүгээр захирамжийн А.Бт холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэв.

Харин Нийслэлийн Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 09-ны өдрийн А/05 дугаар захирамжийн “К”ХХК, иргэн А.Б нарт холбогдох хэсэг, 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн А/365 дугаар захирамжийн А.Бт холбогдох хэсэг, 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн А/319 дүгээр захирамжийн “Б”ХХК-д холбогдох хэсэг, Баянгол дүүргийн Засаг даргын 2015 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн А/180 дугаар захирамжийн А.Бт холбогдох хэсэг, Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 105 тоотод байрлах 1494 м кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг “К”ХХК болон иргэн А.Бын нэр дээр бүртгэсэн бүртгэл тус тус холбогдох хуулийг зөрчөөгүй байна.

            Баянгол дүүргийн Засаг даргын 2011 оны 410 дугаар захирамжаар тус дүүргийн 20 дугаар хороо, Гурвалжингийн захын баруун талд байрлах 100 м кв газрыг Э.Бт эзэмшүүлж тус дүүргийн Засаг даргын 2015 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн А/180 дугаар захирамжаар иргэн А.Бт шилжүүлснийг баталгаажуулсан Нийслэлийн Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн А/365 дугаар захирамж, Нийслэлийн Засаг даргын 2014 оны 07 дугаар сарын 09-ны өдрийн А/575 дугаар захирамжаар эзэмшиж байсан Баянгол дүүргийн 5 дугаар хороонд байрлах 240 м кв газрыг иргэн Эрдэнэбилэгээс “К”ХХК болон иргэн А.Б нарт шилжүүлсэн 2015 оны 01 дүгээр сарын 09-ны өдрийн А/05 дугаар захирамж,  Нийслэлийн Засаг даргын 2011 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 612 дугаар захирамжаар Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд байрлах 25000 м кв газрыг “Техник форум” ХХК-д  олгосныг “Б”ХХК-д шилжүүлсэн 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн А/319 дүгээр захирамж тус тус Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3-д “Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн Хурлаас баталсан хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу хотын суурьшлын бүсийн инженерийн шугам, сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ. Уг асуудлыг шийдвэрлэхэд холбогдох дүүргийн Засаг даргын саналыг авсан байна.”, 38 дугаар зүйлийн 38.1-д “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр бусдад шилжүүлж, барьцаалж болно. Эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, барьцаалах үйл ажиллагаа нь зөвхөн Монгол улсын иргэн, аж, ахуйн нэгж, байгууллагын хооронд явагдана.”, 38.4-д “Эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 15 өдрийн дотор тухайн шатны Засаг дарга шийдвэр гаргана. Уг шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын албанд бүртгүүлснээр эрхийн гэрчилгээг шилжүүлсэн нь хүчин төгөлдөр болно.” гэж тус тус заасантай нийцсэн гэж дүгнэв.

            Нөгөө талаар дээрх маргаан бүхий 100 м кв, 240 м кв 25000 м кв газруудын захиран зарцуулах эрхийг Цагдаагийн мөрдөн байцаагчийн тогтоол, Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжуудаар хязгаарласан, ямар нэг тодорхой ажиллагаа хийхийг хориглосон байхад бусдад шилжүүлж баталгаажуулсан маргаан бүхий захирамжууд хууль бус гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй.

            Нэхэмжлэгч Н.У маргаан бүхий газар болон үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөлийн талаар иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2014 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 7188, 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 0624 дүгээр захирамжууд гарч энэхүү маргааны үйл баримтуудтай холбоотой тодорхой эрхийг хязгаарласан шийдвэрүүдийг гаргажээ.

            Гэхдээ Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2014 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 7188 дугаар “Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай” захирамжийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт ирүүлээгүй тухай тус газрын 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 1/18727 дугаар албан бичгээр[3]  хариуг шүүхэд нотлох баримтаар ирүүлжээ.

            Харин Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 0624 дүгээр “Хүсэлт шийдвэрлэж, шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай” захирамжийг тус шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 205 дугаар албан бичгээр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба болон Улсын бүртгэлийн ерөнхий газрын хуулийн этгээдийн бүртгэлийн газарт тус тус хүргүүлжээ.

            Дээрх шүүгчийн захирамжийн биелэлтийг хангуулахаар Нийслэлийн шийдвэр биелүүлэх газрын 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 1/436 дугаар албан бичгээр[4] Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт, 2015 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 1/28702 дугаар албан бичгээр[5] Нийслэлийн газрын албанд тус тус хүргүүлсэн байна.

            Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 0624 дүгээр захирамжид заасан Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлалтай, үйлчилгээний зориулалттай нэгж талбарын 20/0100 дугаар бүхий 240 м кв, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, худалдаа, үйлчилгээний зориулалттай, нэгж талбарын 1856/0007 дугаар бүхий 25000 м кв газар, Баянгол дүүргийн 10 дугаар хороолол Энхтайвны өргөн чөлөө 105 тоотод хаягт байршилтай, 1494 м кв талбайтай үйлчилгээний зориулалттай 5 давхар үл хөдлөх хөрөнгөд ямар нэгэн тодорхой ажиллагаа гүйцэтгэхгүй  байхыг даалгаж шийдвэрлэсэн хэдий ч энэ захирамжийн биелэлтийг хангуулахаар холбогдох газарт явуулсан Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа нь  маргаан бүхий газрыг бусдад шилжүүлж эзэмшүүлсэн болон үл хөдлөх эд хөрөнгийг бусдын нэр дээр шилжүүлж бүртгэсэн бүртгэлээс хойш байгаа нь хариуцагч байгууллагуудыг шүүгчийн захирамжид заасан шийдвэрийн биелэлтийг баталгаажуулсан хугацааг зөрчиж шийдвэр гаргасан гэж үзэхээргүй байна.  

Түүнчлэн Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 105 тоотод байрлах 1494 м кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг иргэн Э.Бөмчилж байсан бөгөөд 2014 оны 11 дүгээр сард “К”ХХК-ийн захирал М.Жаргалсайхан, иргэн А.Б нартай худалдах худалдан авах гэрээ байгуулан уг үл хөдлөх эд хөрөнгийг худалджээ.

 “К”ХХК-ийн захирал М.Жаргалсайхан 2014 оны 11 дүгээр сарын 19-ны өдөр эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн 326946 дугаартай мэдүүлэг гаргасныг үндэслэн “К”ХХК болон хамтран өмчлөгч иргэн А.Б нарын нэр дээр бүртгэж өмчлөх эрхийн гэрчилгээ олгожээ.

Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль(2003 оны)-ийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр шилжиж байгаа бол энэ тухай хэлцлийг үндэслэн уг шилжилтийг эрхийн улсын бүртгэлд бүртгэх бөгөөд хэлцлийн эх хувь, эсхүл нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг хувийн хэрэгт хавсаргана.” гэж зааснаар холбогдох баримтыг хавсарган гаргасан мэдүүлгийг үндэслэн энэ хуулийн 16 дугаар зүйлийн 16.2, 24 дүгээр зүйлийн 24.8-д зааснаар эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулж гэрчилгээ олгосон Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар(хуучин нэрээр)-ын бүртгэл нэхэмжлэгчийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг хөндөж, хууль зөрчөөгүй байна.

Мөн нэхэмжлэгч Н.У дээрх Баянгол, Сонгинохайрхан дүүрэгт байршилтай 100 м кв, 240 м кв, 25000 м кв газар болон Баянгол дүүргийн 5 дугаар хороонд байрлах 1494 м кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг хамтран өмчилж, эзэмшиж байсан талаарх баримт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цуглуулсан нотлох баримтуудаар тогтоогдоогүй бөгөөд энэ талаарх нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж дүгнэх хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр маргаан бүхий газар болон үл хөдлөх эд хөрөнгийг эзэмшиж, өмчлөх эрх нэхэмжлэгчид үүсээгүй түүний эрх хөндөгдөөгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хэрэгсэхгүй  болгон шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.13-д заасныг тус тус баримтлан ТОГТООХ  нь:

1.Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 21 дүгээр зүйлийн 21.2.3, 35 дугаар зүйлийн 35.1, 35.1.4, 38 дугаар зүйлийн 38.1, 38.4, 61 дүгээр зүйлийн 61.1, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2, 24 дүгээр зүйлийн 24.1, 24.8-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Н.Уийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, “Нийслэлийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 21-ны өдрийн А/979 дүгээр захирамжийн А.Бт холбогдох хэсгийг хүчингүй болгож, Нийслэлийн Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 09-ны өдрийн А/05 дугаар захирамжийн “К”ХХК, А.Б нарт, Нийслэлийн Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн А/365 дугаар захирамжийн А.Бт, Нийслэлийн Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн А/319 дүгээр захирамжийн “Б”ХХК-д, Баянгол дүүргийн Засаг даргын 2015 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн А/180 дугаар захирамжийн А.Бт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайвны өргөн чөлөө гудамж, 105 тоотод байрлах 1494 м кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг “К”ХХК болон иргэн А.Б нарын нэр дээр бүртгэсэн бүртгэлийг хууль бусад тооцуулж, хүчингүй болгуулах” шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 700200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс илүү төлсөн 140400/Нэг зуун дөчин мянга дөрвөн зуун/ төгрөгийг төсвөөс буцаан гэргэж, хариуцагч НЗДас 35100 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н.Ут олгосугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид боолон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Ц.БАТСҮРЭН

                           ШҮҮГЧ                                             А.НАСАНДЭЛГЭР

                           ШҮҮГЧ                                             А.САРАНГЭРЭЛ

 


[1] Хэргнйн 4 дүгээр хавтас 92-93 дугаар тал

[2] Хэргийн 4 дүгээр хавтас 95 дугаар тал

[3] Хэргийн 8 дугаар хавтас 73 дугаар тал

[4] Хэргийн 8 дугаар хавтас 74 дүгээр тал

[5] Хэргийн 8 дугаар хавтас 75 дугаар тал