Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2015 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 221/МА2015/0155

 

Номун интертрейд ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Цогт даргалж, шүүгчС.Мөнхжаргал, шүүгч Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Ц.Шагдарсүрэн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Энхжаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Мөнх-Эрдэнэ, гуравдагч этгээдийн төлөөлөгч Т.Орхонтуяа нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 6дугаар шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 02 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасангуравдагч этгээдийн давж заалдах гомдлоор, Номун интертрейд ХХК-ийн нэхэмжлэлтэй, Дархан-Уул аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Номун интертрейд ХХК-аас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 1. Газрын тухайн хуулийн 39.1.1 буюу газар эзэмших гэрэээний хугацаа дууссан байхад газар эзэмших эрхээ сунгуулах хүсэлтээ гаргаагүй гэсэн байна. Анх иргэн Оргилоос 2011 онд энэ газрыг худалдан авсан. 2012 оны 05 дугаар сарын 09-нд албан ёсоор гэрээ гэрчилгээ олгогдсон. 2013 оны 07 дугаар сарын 15 наас 2014 оны 7 дугаар сарын 15-ныг хүртэл 1 жилийн хугацаатай сунгуулсан. 2014 оны 07 дугаар сарын 15-нд хугацаа дуусах байсан ба хугацаа дуусахаас өмнө 35 хоногийн өмнө буюу 2014 оны 06 дугаар сарын 10-ны өдөр манай компани 14/145 дугаар албан тоотоор газар эзэмших эрхийг 2 жилээр сунгуулах тухай хүсэлтээ Дархан-Уул аймгийн газрын албанд хуулийн хугацаанд хүргүүлсэн.

Харин газар эзэмших эрхийг сунгах уу үгүй юу гэсэн хариуг бидэнд ирүүлж мэдэгдээгүй ба Газрын албанаас хариу өгөөгүй. Бид газар эзэмших эрхийг сунгуулах тухай хүсэлтээ өгөөд хариу аваагүй байхад 4 сарын дараа захирамж гарсан нь Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т Аймгийн засаг дарга хугацаа сунгуулах тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор эрхийн гэрчилгээ эзэмших нөхцөлийг хангаж ажилласан эсэхийг хянаж, түүнийг хангасан тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах шийдвэр гаргана гэсэн заалтыг зөрчсөн.

Манайх хүсэлтээ хуулийн хугацаанд гаргасан байхад Засаг дарга хуулийн хугацааг зөрчсөн байгаа нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас харагдаж байгаа бөгөөд үүгээрээ манай газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчин төгөлдөр хэвээр байх үндэстэй гэж үзэж байна. 2006 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн Улсын Дээд шүүхийн зөвлөмжийн 5-д хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө хугацаа сунгуулах тухай хүсэлтээ гаргах ба Засаг дарга 15 хоногийн дотор асуудлыг шийдвэрлэнэ гэсэн заалтыг Засаг дарга зөрчвөл эрх хүчин төгөлдөр байхаар зохицуулсан байгаа учир тухайн газрын эрхийг хэвээр байна гэж үзэн Газрын тухай хуулийн 39.1 дэх заалтыг бид зөрчөөгүй.

2. Газрын тухай хуулийн 40.1.5-д заасныг зөрчсөн гэсэн байна. 2014 оны 07 дугаар сарын 15-ныг дуустал газрын төлбөрийг төлж барагдуулсан. 2013 оны 6 дугаар сарын 07-нд 250967 төгрөг, 2014 оны 1 дүгээр сарын 14-нд 157033 төгрөгийг тус тус төлсөн байсан. Манайд газрын хичнээн төгрөгийн үлдэгдэл төлбөртэй байгааг албан ёсоор мэдэгдээгүй учраас бид илүү тушааж явна гэж бодсоноос дутуу байна гэж мэдээгүй. Тооцоо нийлсэн акт үйлдэгдэж бид харилцан гарын үсэг зуралцсан бол төлбөртэй гэж үзэж болох юм.Тийм акт үйлдэгдээгүй учраас бид мэдэх боломжгүй. С.Оргилоос шилжиж ирсэн хугацааны төлбөрийн зөрүү төлбөр байж болох юм. Сүүлд хэрэгтэй танилцаж мэдээд тооцоо нийлсэн актад үлдэгдэл 76.000 төгрөг гэсниийг сая тушаасан.

3. Газрын тухай хуулийн 40.1.6-д заасныг зөрчсөн гэж үзсэн байна. Манай компани тус газар дээр оффисын үйлчилгээний зориулалттай 4 давхар байр барих зорилготой байсан ба ерөнхий төлөвлөгөөг батлуулан, бэлтгэл ажлын зургийг БНХАУ-ын Дүүвэй компаниар гаргуулж, ерөнхий архитектураар болон холбогдох албан тушаалтнуудаар гарын үсэг зуруулж зөвшөөрсөн байгаа. Зөвшөөрөл авсны дараа манай эзэмшил газрын доогуур цахилгааны шугам трасс, кабелийн шугам явж байгаа тул шилжүүлж зөө гэдэг асуудлыг тавьсан учраас энэ кабель шугамыг зөөх шаардлагатай болж шугамыг зөөх ажлын зургийг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлж, зардалын төсвийг тооцож гаргуулах ажлыг хийх төслийн шатандаа явж байсан. Энэ шугамыг зөөх зөвшөөрөл нь 2014 оны 3 дугаар сард Барилгын яамнаас шийдвэрлэгдсэн бөгөөд цахилгааны техникийн нөхцөлийн зөвшөөрлийг 2014 оны 6 дугаар сард өгсөн.Энэ мэт шалтгаанаар хавар эхлэх байсан барилгын ажил саатаж, хугацаандаа эхэлж чадаагүй төлөвлөсөн хугацаанд гүйцэтгэж амжаагүй цаг хугацаа шаардлагатай болсон.

Улсын дээд шүүхийн 2006 оны зөвлөмжийн 5-д хүндэтгэн үзэх шалтгааны талаар дурдсан байдаг. Бидний энэ байдал нь зөвлөмжид заасантай нийцэж байна гэж үзэж байна. Барилгын ажлыг эхлүүлэх зөвшөөрөл авахад практикт маш олон шат дамжлагатай байдаг. Иймд олон хүндэтгэн үзэх шалтгааны улмаас дээрхи заалтыг зөрчөөгүй. Энэ бүх шалтгааны улмаас барилгаа барьж чадахгүй байгаагаа газрын албанд албан бичгээр тодорхой бичиж хүргүүлж мэдэгдэж байсан. Иймд Дархан-Уул аймгийн Засаг даргын 2014 оны 440 тоот захирамжийн Номун интертрейд ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд ирүүлсэн тайлбартааДархан-Уул аймгийн Засаг даргын 2014 оны 440 дүгээр захирамжаар Номун интертрейд ХХК-ийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон. Газрын тухай хуулийн 39.1-ийг баримталсан учир нь газар эзэмших хугацааг сунгуулах тухай хүсэлтээ гаргаагүй, аймгийн Засаг даргад тухайн үед хүсэлт гаргасан боловч цаг хугацааны хувьд хугацаа хэтэрч ирсэн.

Мөн нэхэмжлэгч компани нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д зааснаар газрын төлбөрийг хугацаандаа төлөөгүй байх ба 2012 оны газрын төлбөрийн үлдэгдэл 49.000 төгрөг, 2013 онд 250.000 төгрөг, 2014 онд 150.000 төгрөг төлсөн байна. Үлдэгдэл 76000 төгрөг байсан байна. Газрын тухай хуулийн 40.1.6-д зааснаар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэснийг зөрчсөн. Хүндэтгэн үзэх шалтгаан гэдэгт мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр гаргасан эмнэлгийн магадлагааг хэлэх байх. Ийм эмнэлгийн магадлагаа байвал хянан үзэж болох юм.Тухайн газар нь анх олгогдохдоо аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй байхад энэ компанид олгосон нь хууль зөрчсөн асуудал байна. Тиймээс Номун Интертрейд ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Гуравдагч этгээд Жигүүр цогцолбор сургуулиас шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Жигүүр цогцолбор сургууль нь 1992 оноос хойш хуучин Зөвлөлтийн 4 дүгээр сургуулийн байр байсныг хүлээн авч өөрсдийн хүч хөдөлмөр, хөрөнгөөрөө засварлан үйл ажиллагаагаа явуулж байна. Бидний сургуулийн байр нь орос улсын барилга ба бид түрээсийн мөнгө төлж түрээслэдэг. Түрээсийн гэрээгээ Аймгийн Засаг даргатай хийдэг.

Нэхэмжлэгч компанийн газрын доогуур цэвэр усны шугам явж байгаа. Энэ шугам нь зөвхөн манай байгууллагынх биш шүүх, Цагаан сүлд гээд Оросын түрээсэнд байгаа барилгуудыг хамарсан байгаа. Манай сургууль цогцолбор учраас цэцэрлэгийн барилга баригдахаар төлөвлөгдсөн байгаа. Гэтэл нэхэмжлэгч компани тэр газар дээр нь барилга барьчихаар цэцэрлэг барих газаргүй боллоо.

Бизнесийн байгууллагаас болж төрийн сургалтын байгууллага, хүүхэд хохирч болохгүй байх. Мөн энэ газар дээр манай сургуулийн зоорь складын барилга байгаа энэ нь манай сургуулийн үндсэн хөрөнгөд тусгагдсан. Иймээс энэ газар дээр барилга бариулахыг зөвшөөрөхгүй гэжээ.

Захиргааны хэргийн анхан шатны 6 дугаар шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 02 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1, 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6, 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэжээ.

Гуравдагч этгээд Жигүүр цогцолбор сургуулиас давж заалдах гомдолдооЗахиргааны хэргийн анхан шатны 6 дугаар шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 02 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч байна. Учир нь Дархан-Уул аймаг Жигүүр цогцолбор сургууль нь 2014 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр сургуулийн хашаан доторх бүх газарт Улаанбаатар хотын Дирекцион ХХК-аар кадастрын зураг хийлгэн газрын гэрчилгээ авахаар газрын албанд хүргүүлсэн. Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1 буюу газар эзэмших гэрээний хугацаа дууссан байхад газар эзэмших хүсэлтээ гаргаагүй, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д зааснаар газрын төлбөрөө хугацаандаа төлөөгүй, 40.1.6-д зааснаар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй зэрэг шалтгааныг үндэслэж гаргасан Дархан-Уул аймгийн Засаг даргын 2014 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 440 дүгээр захирамжийг хүчингүй болгосон нь хуульд нийцэхгүй байна.

Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж, шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Жигүүр цогцолбор сургууль нь уг газарт хүүхдийн сургууль, цэцэрлэгийн цогцолбор барих стратеги төлөвлөгөөтэй байгаа ба энэ компани нь ямар үндэслэлээр 2011 оноос хойш ашиглахгүй байгаад өнөөдөр гэнэт сургуулийн эзэмшлийн газрыг булаацалдаад байгаа нь ойлгомжгүй байна.

Мөн шүүх хуралдаанд нэхэмжлэгч тал сургуультай зэрэгцээ 4 давхар оффисын барилга барихаар төлөвлөж байгаагаа ярьсан. Сургуулийн хашаанд оффисын барилга барих нь хэр амьдралд нийцэж байна. Энэ нь Монгол Улсын Үндсэн хуульд болон Боловсролын тухай хуульд заасан хүүхдийн сурч боловсрох, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчиж байна. Иймд энэхүү газрыг манай сургуулийн эзэмшилд үлдээж өгнө гэдэгт итгэж байна гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийгшийдвэрлэсэн байна.

Дархан-Уул аймгийн Засаг даргын 2008 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 232 дугаар захирамжаар иргэн С.Оргилд шинээр худалдаа, үйлчилгээний барилга барих зориулалтаар Дархан сумын 5 дугаар баг, ХААН банкны зүүн талд сургуулийн хашаан дотор 0,5 га газрыг 2 жилийн хугацаатай эзэмшүүлсэн ба улмаар мөн аймгийн Засаг даргын 2010 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 154 дүгээр захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг 1 жил, 2011 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 256 дугаар захирамжаар мөн 1 жил сунгасан байх бөгөөд С.Оргилын газар эзэмших эрхийн гэрчилгээг Номун интертрейд ХХК-ийн нэр дээр шилжүүлэн баталгаажуулжээ.

Хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг дарга нь 2014 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 440 дүгээр захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмших гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгаар гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй, газрын төлбөрөө хугацаанд нь барагдуулж, газар эзэмших гэрээг дүгнүүлээгүй гэсэн үндэслэлээрНомун интертрейд ХХК-ийн газар эзэмших эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

1. Газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмших гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй гэх зөрчлийн талаар:

Дархан-Уул аймгийн Засаг даргын 2011 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 450 дугаар захирамжийн хавсралтаас үзэхэд Номун интертрейд ХХК-д иргэн С.Оргилоос 3830 мкв газрыг 3264 мкв газар болгоншилжүүлэн олгохдоо газар эзэмших хугацааг 1 жилийн хугацаатай олгож, 2011 оны 10 дугаар сарын 31-ний өдөр газар эзэмшүүлэх гэрээ хийгдэж, 2584573 дугаартай гэрчилгээ олгогдсон байна.

Үүний дараа мөн аймгийн Засаг даргын 2012 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 178 дугаар захирамжаар тухайн газрыг эзэмшүүлэх эрхийг 9 сар, 2013 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 258 дугаар захирамжаар 1 жилийн хугацаагаар тус тус сунгасан байх бөгөөд тус компаниас 2014 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 14/145 дугаар албан бичгээр газар эзэмших эрхийн хугацааг сунгуулах хүсэлтээ Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт хүргүүлсэн, тус газрын дарга Ж.Мөнх-Эрдэнэ дуудлага худалдааны анхны үнэ төлөх санал тавьсан зэргээс дүгнэхэд, Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1-д заасан газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмших гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй гэж нэхэмжлэгчийг буруутгах боломжгүй.

Түүнчлэн, гэрээний хугацаа дуусахаас өмнө аймгийн Засаг дарга захирамж гаргаж, газар эзэмшигчийн газар эзэмших эрхийг зөрчсөн байна. Тодруулбал, С.Оргилын газар эзэмших эрхийн гэрчилгээг Номун интертрейд ХХК-ийн нэр дээр шилжүүлэн баталгаажуулахдаа 2011 оны 09 дүгээр 29-ний өдрийн 450 дугаар захирамжаар газар эзэмших хугацааг 1 жил гэж заасан атлаа 2012 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 178 дугаар захирамжаар тухайн газрыг эзэмшүүлэх эрхийг 9 сар сунгасан байгаа нь гэрээний хугацаа дуусахаас 5 сар 17 хоногийн өмнө, дахин 2013 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 258 дугаар захирамжаар 1 жилийн хугацаагаар сунгасан байгаа нь сүүлчийн захирамжаас тооцоход гэрээний хугацаа дуусахаас өмнө 3 сар 3 хоногийн өмнө гэрээг нэг талын санаачилгаар цуцалж, нэхэмжлэгчийн эрхийг зөрчиж байжээ.

Номун интертрейд ХХК-иас газар эзэмших эрхийн хугацааг сунгуулах хүсэлтээ хуульд заасан хугацаанд гаргасан байхад Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т заасан ...хүсэлтийг хүлээн авснаас хойш 15хоногийн дотор...шийдвэрлэх... үүргээ Дархан-Уул аймгийн Засаг дарга хэрэгжүүлээгүй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэр зөв болжээ.

2. Хүндэтгэн үзэх шалтгаангүйгаар гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэх зөрчлийн талаар:

Нэхэмжлэгч компанид олгогдсон газрын доогуур байгаа цахилгааны кабель, трасс шугамыг зөөвөрлөх ажлын зураг гаргах, Дархан-Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ ХК-ийн эзэмшлийн кабель шугамыг шилжүүлэн зөөх ажлын төсвийг батлуулах зэрэг ажлыг газрыг шилжүүлэн авсан үеэс эхлэн нэхэмжлэгчийн зүгээс үргэлжлүүлэн хийсний үр дүнд 2014 оны 06 дугаар сарын 13-ний өдөр Дархан-Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ ХК-иас техникийн зөвшөөрөл, 2014 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Барилга, хот байгуулалтын яамнаас Зураг төсөл 1.3.3-д заасны дагуу ажил, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг олгосон байна. Мөн дээрх хугацаанд ерөнхий төлөвлөгөө батлуулах, барилгын эскиз зургийг БНХАУ-ын Дүүвэй компаниар хийлгүүлэх, геологийн судалгааны дүгнэлт гаргуулах зэрэг ажлуудыг хийсэн байгаа нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогджээ.

Барилгын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д зааснаар шинээр баригдах барилгын зураг төсөлд тавигдах шаардлагыг хангуулах ажлын хүрээнд шаардагдах техникийн нөхцлийг бүрдүүлэх ажлуудыг хийж гүйцэтгэсэн нь бусдын үйлдэлтэй хамааралтай, хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэж үзэхээр байна.

Иймд нэхэмжлэгчийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

3Газрын төлбөрөө хугацаанд нь барагдуулж, газар эзэмших гэрээг дүгнүүлээгүй гэх зөрчлийн талаар:

2011 оны 10 дугаар сарын 31-ний өдөр, 2012 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Номун интертрейд ХХК газар эзэмшүүлэх гэрээг холбогдох албан тушаалтантай байгуулахдаа улиралд 40800 төгрөг төлөхөөр график хийж, тухайн жилийн газрын төлбөрийг дараа жилийн эхний сарын 01-ний дотор газар эзэмшүүлэгчийн дансанд төлсөн байхаар тусгасан байна.

Нэхэмжлэгч гэрээ байгуулснаас хойш газрын төлбөрт 484315 төгрөг төлөхөөс маргаан бүхий акт гарсан 2014 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар 408000 төгрөг төлсөн байжээ. Газрын төлбөрийн тооцоо нийлсэн актаас дүгнэхэд 2014 оны бүтэн жилийн төлбөрт 102000 төгрөг төлөхөөс төлөгдөөгүй төлбөр гэх 76315 төгрөгийг гэрээнд тохиролцсоноор дараа жилийн буюу 2015 оны эхний сард төлөх боломжтой байжээ. Өөрөөр хэлбэл төлбөр төлөх хугацаа болоогүй байхад тус компанийн газар эзэмших эрхийг дуусгавар болгохдоо бүтэн жилээр тооцсон төлбөрийн үлдэгдлийг төлөөгүй гэж үзэж байгаа нь үндэслэлгүй.

Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ-ний дөрөвийн 4.5-д газар эзэмших гэрээг жил бүрийн гэрээ байгуулсан өдрөөр тасалбар болгон дүгнэх үүргийг газар эзэмшүүлэгч хүлээхээр, Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.8-д гэрээний биелэлтийг талууд жил бүр дүгнэх-ээр заасан байхад дан ганц газар эзэмшигчийг гэрээ дүгнэх үүргээ биелүүлээгүй гэж дүгнэх нь учир дутагдалтай юм.

4. Анх Дархан-Уул аймгийн Жигүүр цогцолбор сургууль нь 2008 онд төрийн болон орон нутгийн өмчийн эд хөрөнгийн тооллого улсын хэмжээнд зохион байгуулсантай холбогдуулан газар эзэмших гэрээ, гэрчилгээг шинэчлэх тухай хүсэлт гаргаж, аймгийн Засаг даргын 2008 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 135 дугаар захирамжаар 19106 м.кв газрыг баталгаажуулж авсан байна.

2012 онд сургуулийн цэцэрлэг барих газар нь Номун интертрейд ХХК-ийн эзэмшлийн газартай давхацсан үндэслэлээр тус сургуулийн захирал Ж.Маанийдаарий тус компанийн эзэмшил газраас 19.60X32.00 газрыг шилжүүлэн авах хүсэлт гаргаж, Дархан-Уул аймгийн Засаг даргын 2012 оны 04 дүгээр сарын 12-ныөдрийн 178 дугаар захирамжаар тус сургуулийн эзэмшилд байсан газрыг 19733.24 м.кв болгож эзэмшүүлжээ.

2012 оны 04 дүгээр сарын 06ы өдөр нэхэмжлэгч компанийн захирал С.Болорсайхан Дархан-Уул аймгийн газрын албанд манай эзэмшлийн газар сургуулийн газартай давхацсан тул 19 метр газар шилжүүлэн өгөхөд татгалзах зүйлгүйгэж хүсэлт гаргасныг үндэслэн Дархан-Уул аймгийн Засаг дарга 2013 оны 07 дугаарсарын 15ы өдрийн 258 дугаар газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгах тухай" захирамжаар тус компанийн эзэмшиж байсан 3830 м.кв газрын хэмжээг 3264 м.кв газар болгон багасгажшийдвэрлэсэн байна.

Нөгөөтэйгүүр маргаан бүхий 440 дүгээр захирамж нь Жигүүр цогцолбор сургуулийн газар Номун интертрейд ХХК-ийн газартай давхацсан үндэслэлээр гараагүй болно.

Ийнхүү Жигүүр цогцолбор сургуулийн газар Номун интертрейд ХХК-ийн газартай давхацаагүй, гуравдагч этгээд Жигүүр цогцолбор сургуулийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй, Дархан-Уул аймгийн Засаг даргын 440 дүгээр захирамжийн улмаас нэхэмжлэгч Номун интертрейд ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэсэн үндэслэлээр маргаан бүхий 440 дүгээр захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэстэй тул хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн давж заалдах гомдлыг хангахгүйорхиж шийдвэрлэв.

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэхь хэсгүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Захиргааны хэргийн анхан шатны 6 дугаар шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 02 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлангуравдагч этгээдийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагчтэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болно.

 

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

ШҮҮГЧ Ц.ЦОГТ

ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ

ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН