Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 08

 

Т.Уртнасангийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Отгонцэцэг даргалж, Ерөнхий шүүгч Т.Бямбажав Н.Насанжаргал нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар: 

Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 30-ны  өдрийн 139/ШШ2017/000119 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч Т.Уртнасангийн нэхэмжлэлтэй,

Төрийн банкны Дундговь салбарын захирлын 2017 оны 01 сарын 13-ны өдрийн Б/05 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг хүчингүй болгуулах, Төрийн банкны Дундговь салбарын Сайнцагаан тооцооны төвийн ахлах теллерийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлж, нийгмийн даатгалын дэвтэр, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч Т.Бямбажавын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Т.Уртнасан, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Дарьсүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Байгаль, Ж.Болорчимэг, нарийн бичгийн дарга И.Түвшинжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч Т.Уртнасан шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Төрийн банкны Дундговь салбарт харилцагчийн үйлчилгээний мэргэжилтнээр хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллаж байсан. Ажил олгогчийн санаачилгаар 2016 оны 08 сарын 26-ны өдрөөс жирэмсний амралттай хүний оронд Сайнцагаан тооцооны төвийн ахлах теллерээр хугацаагүй хөдөлмөрийн гэрээтэйгээр ажилласан билээ. Намайг “Сайнцагаан” тооцооны төвийн ахлах теллерийн ажлыг гүйцэтгэж байх хугацаанд буюу 2016 оны 11 сарын 30-ны өдөр Төрийн банкны Дундговь салбарын захирлаас надад хөдөлмөрийн гэрээг цуцлах мэдэгдэл өгч, улмаар 2017 оны 01 сарын 13-ны өдөр “хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан, цаашид сунгагдахгүй болсон” гэх үндэслэлээр ажлаас чөлөөлж, Б/05 дугаар тушаал гаргасан. Тус тушаал нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байсангүй.

Хариуцагчийн намайг ажлаас чөлөөлж буй үндэслэл нь тодорхойгүйн дээр тэрээр миний ажиллаж байсан ажлын байрны орон тоо хасагдсан тохиолдолд Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсгийн “Ажилтны урьд эрхэлж байсан ажлын байр, албан тушаал нь цомхотгогдсон бол ажил олгогч ажилтантай тохиролцсоны үндсэн дээр адил чанарын өөр ажил, албан тушаалд ажиллуулах үүрэгтэй” гэх заалтаар хүлээлгэсэн үүргээ хэрэгжүүлсэнгүй. Хариуцагч тус үүргийг хэрэгжүүлэх бүрэн боломж, Ерөнхий нягтлан бодогчийн сул орон тоо байсаар атал тус үүргээ хэрэгжүүлээгүй,  намайг ажлаас чөлөөлөх тушаалаа хууль ёсны үндэслэлтэй гаргаагүй.

Хэдийгээр ажил олгогч Харилцагчийн үйлчилгээний мэргэжилтний орон тоог хасч шийдвэрлэсэн ч намайг ажлаас чөлөөлөх шийдвэрийг гаргахдаа хууль зөрчсөн байдлыг харгалзан ажил олгогч, ажилтан хоорондоо ярилцаж, харилцагчийн үйлчилгээний мэргэжилтний ажлын байртай адил чанарын өөр ажлын талаар тохиролцох эрх нээлттэй гэж үзэж байна.

 Иймд Төрийн банкны Дундговь салбарын захирлын 2017 оны 01 сарын 13-ны өдрийн Б/05 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ахлах теллерийн албан тушаалд цалин хөлсийг дордуулахгүйгээр томилж, ажилтны ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн даатгалын дэвтэр болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ. 

 

Хариуцагчийн төлөөлөгч Э.Хөхөөхүү шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т.Уртнасан нь Дундговь салбарын захирлын 2015 оны 05 сарын 14-ний өдрийн 75 тоот тушаалаар Дундговь салбарын харилцагчийн үйлчилгээний мэргэжилтнээр томилогдон ажиллаж байсан. Сайнцагаан тооцооны төвд ахлах теллерээр ажиллаж байсан Ү.Өлзийдэлгэр нь жирэмсний амралт авч, түүнийг түр орлон ажиллах ажилтан авах шаардлага тулгарсан. 2016 оны 08 сарын 04-ний өдөр сонгон шалгаруулалтыг зохион байгуулж, Т.Уртнасан уг сонгон шалгаруулалтанд 86 хувийн үнэлгээ авч тэнцсэн байдаг.

Ийнхүү Т.Уртнасанг 2016 оны 08 сарын 26-ны өдрийн Дундговь салбарын захирлын Б/78 тоот тушаалаар Дундговь салбарын харилцагчийн үйлчилгээний мэргэжилтэн албан тушаалаас нь чөлөөлж, Сайнцагаан тооцооны төвийн ахлах теллерээр томилон ажиллуулсан. Банк өөрийн ажилтны эрх зүйн байдлыг дордуулахгүй байх үүднээс цалинг 800000 төгрөгөөр хэвээр нь баталсан, мөн түр хугацаанд томилогдон ажиллаж байгаа тул харилцагчийн үйлчилгээний мэргэжилтний албан тушаалд эргээд очих нөхцөлтэйгөөр хөдөлмөрийн гэрээг байгуулсан.

Гэвч Төрийн банк ХХК-ний бүтэц, зохион байгуулалт, орон тоо өөрчлөгдөн батлагдсантай холбогдуулан Төрийн банкны гүйцэтгэх захирлын 2016 оны 11 сарын 30-ны өдрийн А/383 тоот “Орон тоо хасах тухай” тушаалаар орон нутгийн нэгжийн харилцагчийн үйлчилгээний мэргэжилтэн ажлын байрны орон тоог хассан. Улмаар 2016 оны 11 сарын 30-ны өдөр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалтын дагуу хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах болсон тухай мөн хуулийн 40.5 дахь заалтын дагуу 30 хоногийн өмнө мэдэгдэх хуудсыг Т.Уртнасанд гардуулсан.

2017 оны 01 сарын 02-ны өдөр салбарын захирлын зөвлөл хуралдаж Т.Уртнасанг дуудан уулзаж, мэдэгдлийн дагуу холбогдох тэтгэмжээ аваад гарах, эсхүл Ү.Өлзийдэлгэрийг ажилдаа эргэн орох хүртэл үргэлжлүүлэн ажиллах эсэх талаар тодруулахад нэхэмжлэгч “Ү.Өлзийдэлгэрийг эргэн орох хүртэл үргэлжлүүлэн ажиллаж байя” гэсэн тайлбар өгсний дагуу Ү.Өлзийдэлгэрийг ажилдаа эргэн орох хүртэл үргэлжлүүлэн ажиллуулахаар болсон. Ү.Өлзийдэлгэр ажилдаа эргэн орох хүсэлт гаргасан бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3 дахь заалтыг үндэслэн Дундговь салбарын захирлын 2017 оны 01 сарын 13-ны өдрийн Б/05 тоот тушаалаар Т.Уртнасантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж ахлах теллерийн албан тушаалаас нь чөлөөлсөн. Дундговь салбарын хувьд ерөнхий нягтлан бодогчийн орон тоо сул байсан бөгөөд ерөнхий нягтлан бодогчийн албан тушаал нь ахлах теллерийн албан тушаалтай харьцуулахаар адил чанарын албан тушаал биш. Хоёр, гурван түвшний дээд талын албан тушаал учраас бид нар шууд шилжүүлэн ажиллуулах эрх, үүрэг байхгүй. Ерөнхий нягтлан бодогчийн орон тоонд ажилтан сонгон шалгаруулах тухай сонгон шалгаруулалт зарласан. Адил чанарын албан тушаал гэдэг дээр бусад тооцооны төвийн ахлах теллер, салбарын ахлах теллерийн албан тушаал нь харилцагчийн үйлчилгээний мэргэжилтний албан тушаалтай адил чанарын албан тушаал юм. Тэр утгаараа Дэлгэрцогт суманд ахлах теллерийн орон тоо байна. Ажиллах боломж байна уу гэхэд нэхэмжлэгч аймгийн төв дээр ажиллах сонирхолтой байна гэж хэлсэн.

Банк нь Т.Уртнасанг ажил албан тушаалтай байлгах үүднээс бүхий л талаар дэмжиж байсан хэдий ч “орон тоо хасагдсан, жирэмсний амралт авсан ажилтан эргэн орох хүсэлт гаргасан” зэрэг хуулийн дагуу шаардлагууд тулгарч, мөн сонгон шалгаруулалтанд хамруулсан боловч нэхэмжлэгч өөрөө тэнцээгүй юм. Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Байгаль шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь 2015 оны 05 сарын 14-нөөс Дундговь салбарын харилцагчийн үйлчилгээний мэргэжилтэн гэдэг албан тушаалд ажиллаж байсан. Сайнцагаан тооцооны төв нь ахлах теллерийн нэг ажлын байртай. Ахлах теллер нь жирэмсний болон амаржсаныхаа амралтаа авсан учраас энэ хүний оронд ажиллах ажилтанг олох сонгон шалгаруулалт явагдсан. Энэ шалгалтанд нэхэмжлэгч ороод 86 оноо авч шалгалтанд тэнцсэн учраас нэхэмжлэгчийг ахлах теллерийн албан тушаалд түр ажиллуулахаар шилжүүлсэн. Ингэхдээ Дундговь салбарын захирлын зөвлөлөөс 2016 оны 08 сарын 26-ны өдрийн Б/78 дугаартай “Ажлаас чөлөөлж, томилох тухай”  тушаал гаргасан байдаг. Нэхэмжлэгч өөрөө хүний оронд ажиллаж байгаа гэдгээ мэдэж байсан. Өлзийдэлгэрийг ажилдаа эргэн орох хүртэл хугацаагаар ажиллаад, харилцагчийн үйлчилгээний мэргэжилтний ажилдаа эргэн орохоор харилцан тохиролцож, хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Гүйцэтгэх захирлаас 2016 оны 11 сарын 30-ны өдрийн А/383 дугаартай орон тоо хасах тухай тушаал гарсан. Уг тушаалд Төрийн банкны дүрэм болон ТУЗ-аас олгосон шийдвэрийн дагуу харилцагчийн үйлчилгээний мэргэжилтэн гэсэн орон тоог  орон даяар хассан. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан үндэслэл нь хуульд заасны дагуу явагдсан. 11 сарын 30-ны өдөр нэхэмжлэгчид таны хэвээр хадгалагдаж байсан орон тоо чинь байхгүй болсон гэдгийг  мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан 30 хоногийн хугацаа өнгөрөөд 12 сарын 30-нд халах тушаал гарах ёстой байсан. Гэхдээ нэхэмжлэгч нь шинээр байгуулсан хөдөлмөрийн гэрээгээрээ Сайнцагаан тооцооны төвийн ахлах теллерээр ажиллаж байсан учраас мэдэгдлийг өгөөд 2017 оны 01 сарын 02-нд салбарын захирлын зөвлөл хуралдаад нэхэмжлэгчийг хурал дээр дуудаад таны ажиллаж байсан харилцагчийн үйлчилгээний мэргэжилтний орон тоо байхгүй болсон. Энэ орон тоон дээр та хөдөлмөрийн гэрээ байгуулаад ажиллаж байгаа бол хөдөлмөрийн гэрээг чинь цуцлана. Гэхдээ та ахлах теллерийн орон тоон дээр ажиллаж байгаа учраас Өлзийдэлгэрийг ажилдаа орох хүртэл тус хөдөлмөрийн гэрээгээрээ явах уу? Эсхүл харилцагчийн үйлчилгээний орон тоо байхгүй болсон гэдэг утгаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-ийг үндэслээд тушаалаа гаргуулаад тэтгэмжээ аваад гарах уу гэдэг асуудлыг нэхэмжлэгчээс асуухад “...би Өлзийдэлгэрийг ажилдаа эргэн орох хүртэл хугацаанд ажиллана” гэж хэлсэн байдаг. 2017 оны 01 сарын 10-нд Өлзийдэлгэр ажилдаа эргэн орох хүсэлтээ өгсөн. Хүсэлтийн дагуу Дундговь салбарын захирлын зөвлөл хуралдаад Өлзийдэлгэр ажилдаа эргэн орохоор болсон учраас тантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл бий болсон гэж нэхэмжлэгчид хэлсэн. Тэгээд 01 сарын 16-ны өдрөөр тасалбар болгож, нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлаад Өлзийдэлгэрийг үргэлжлүүлэн ажиллуулах тухай тушаал гаргаж албан тушаалд нь эргүүлэн томилсон. Өлзийдэлгэрийн ажиллаж байсан албан тушаал нь хуулиараа хэвээр хадгалагдаж байгаа. Гэтэл нэхэмжлэгч Өлзийдэлгэрийн ажил, албан тушаалд эргээд очно гээд нэхэмжлэл гаргаад байгаа нь хууль бус болчихоод байна. Тухайн үед салбарын захирал буюу өнөөдрийн шүүх хуралдаанд төлөөлөгчөөр оролцож байгаа төлөөлөгч маань Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын тооцооны төвд ахлах теллерийн нэг орон тоо байна. Түүнд ажиллах уу гэж асуухад нэхэмжлэгч цалин бага учраас очихгүй гэж хэлсэн байдаг. Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т зааснаар харилцан тохиролцох гэсэн боловч нэхэмжлэгч өөрөө хүлээн зөвшөөрөөгүй. Аймгийн төв дээр өөр орон тоо байхгүй гэдгийг хурал дээр хэлсэн. Нэхэмжлэгч харилцагчийн үйлчилгээний мэргэжилтнээр ажиллаж байхдаа 800000 төгрөгийн цалин авдаг байсан. Дараа нь ахлах теллерийн албан тушаалд очиж ажиллахад цалин нь яг хэвээрээ байсан.

Нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Анхан шатны шүүх:

Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д зааснаар нэхэмжлэгч Т.Уртнасангийн хариуцагч Төрийн банк, Дундговь салбарт холбогдуулан гаргасан Төрийн банкны Дундговь салбарын захирлын 2017 оны 01 сарын 13-ны өдрийн Б/05 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг хүчингүй болгуулах, Төрийн банкны Дундговь салбарын Сайнцагаан тооцооны төвийн ахлах теллерийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлж, нийгмийн даатгалын дэвтэр, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж  шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Дарьсүрэн давж заалдах гомдолдоо: Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 139/ШШ2017/00119 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч хэргийг хянуулахаар давж заалдах шатны шүүхэд дараах үндэслэлээр гомдлоо гаргажээ.

Шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт: “...Өлзийдэлгэрийг жирэмсний амралттай байх хугацаанд түүний оронд Т.Уртнасанг Төрийн банкны Дундговь салбарын захирлын 2016 оны 8 сарын 26-ны өдрийн Б/78 тушаалаар Сайнцагаан тооцооны төвийн ахлах теллерээр томилж Хөдөлмөрийн тухай хуулийн 23.2.3 дахь хэсэгт заасан “ ажил албан тушаал нь хууль буюу бусад шийдвэрийн үндсэн дээр хэвээр хадгалагдаж байгаа ажилтны оронд ажиллах ажилтантай эзгүй байгаа ажилтанг ажилдаа эргэж орох хүртэл хугацаагаар хөдөлмөрийн гэрээ байгуулсан ...” болох нь тогтоогдож байна гэж дүгнэсэн.  Т.Уртнасанг ажил олгогч ажлаас чөлөөлсөн тушаал гаргахдаа 1.Хөдөлмөрийн тухай хуулийн 37.1.3 дахь хэсгийг үндэслэсэн. Т. Уртнасанг Төрийн банкны Дундговь салбарын захирлын 2016 оны 8 сарын 26-ны өдрийн Б/78 тоот тушаалаар Харилцагчийн үйлчилгээний мэргэжилтэний үүрэгт ажлаас нь чөлөөлж, 2016 оны 8 сарын 29-ны өдрөөс Сайнцагаан тооцооны төвийн ахлах теллерээр /жирэмсэний амралттай байгаа                                   Ү.Өлзийдэлгэрийг ажилдаа эргэн орох хүртэл/ ажиллуулсан. Ийнхүү ажиллуулахдаа  /2017.08.29-ний өдөр/  Т.Уртнасантай Хөдөлмөрийн гэрээг шинээр байгуулан Сайнцагаан тооцооны төвийн албан тушаал дээр / ХГ-ний 2.1/ хөдөлмөрийн гэрээг хугацаагүйгээр / ХГ- ний 3.1.1/ байгуулсан байна. Хавтаст хэргийн материалд хэргийн оролцогчдоос гаргаж ирүүлсэн Хөдөлмөрийн гэрээнүүдийн хугацааг 2 өөрөөр тэмдэглэсэн байх ба нэхэмжлэгчийн ирүүлсэн гэрээ нь зөвхөн хугацаагуй гэсэн хэсгийг тусгайлан тэмдэглэсэн байхад харин хариуцагч талаас ирүүлсэн гэрээнд хугацаагүй болон хугацаатай /ХГ-ний 3.1.2-ийн 2 дахь цонхыг/ хэсгийг тус тус тэмдэглэсэн байдаг. Ажилтан, ажил олгогч нарын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа нь зөрүүтэй бөгөөд ажил олгогч өөрт байгаа Хөдөлмөрийн гэрээнд нөхөн тэмдэглэгээ хийж давуу эрхээ хууль бусаар ашигласан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 24.1 дахь хэсгийг зөрчсөн байхад шүүх Хөдөлмөрийн гэрээг зөвхөн хугацаатайгаар байгуулсан гэх ойлгомжгүй дүгнэлт хийн илтэд зөрүүтэй нотлох баримтыг үндэслэл болгож маргааныг шийдвэрлэн ажилтны эрх ашгийг зөрчсөн шийдвэр гаргасанд гомдолтой байна. Нэгэнт хөдөлмөрийн гэрээг хугацаагүйгээр байгуулсан учир тухайн албан тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1 дэх  хэсэгт зааснаар “ байнгын ажлын байр” гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

2. Төрийн банкны хөдөлмөрийн дотоод журмын 5.24 дахь заалтыг мөн тушаалын үндэслэл болгосон. Төрийн банкны гүйцэтгэх захирлын 2014 оны 6 сарын 10-ны өдрийн А/284 тоот тушаалын Хавсралтаар батлагдсан “Төрийн банкны Хөдөлмөрийн дотоод журам”- ын 5 дугаар зүйлийн 5.24-т Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох нийт 7 /долоо/ үндэслэлийг нэг бүрчлэн тодорхойлон тусгасан байдаг. Ажил олгогч нь ажилтантай байгуулсан Хөдөлмөрийн гэрээг дээрх долоон заалтын чухам аль үндэслэлээр нь дуусгавар болгож байгаа нь ойлгомжгүй бөгөөд Хөдөлмөрийн дотоод журмын 5 дугаар зүйлийн 5.24 дахь заалтыг бүхэлд нь үндэслэл болгосон нь маргаан бүхий дээрх тушаалыг хууль зүйн үндэслэлтэй гарсан гэж үзэх боломжгүй байна.

 Иймд Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 119 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

                                                                           ХЯНАВАЛ:

            Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг зөрчөөгүй, хууль хэрэглээний алдаа гаргаагүй байх тул шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.

             Нэхэмжлэгч Т.Уртнасан нь  Төрийн банкны Дундговь салбарын захирлын 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Б/05 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг хүчингүй болгуулах, Төрийн банкны Дундговь салбарын Сайнцагаан тооцооны төвийн ахлах теллерийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх  нэхэмжлэл гаргаж, хариуцагч Төрийн банкны Дундговь салбар нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, нэхэмжлэл нь үндэслэлгүй гэж маргажээ.

             Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Дарьсүрэн “Т.Уртнасанг Харилцагчийн үйлчилгээний мэргэжилтний үүрэгт ажлаас нь чөлөөлж Сайнцагаан тооцооны төвийн ахлах теллерээр /жирэмсний амралттай байгаа Ү.Өлзийдэлгэрийг ажилдаа эргэн орох хүртэл/ ажиллуулсан. Ийнхүү ажиллуулахдаа Т.Уртнасантай хөдөлмөрийн гэрээг хугацаагүйгээр байгуулсан. Хэрэгт хөдөдөлмөрийн гэрээний хугацааг хугацаатай, хугацаагүй 2 өөрөөр байгуулсан. Хөдөлмөрийн гэрээг хугацаагүйгээр байгуулсан учир байнгын ажлын байр гэж үзэх үндэстэй. Хөдөлмөрийн гэрээг хөдөлмөрийн дотоод журамд заасан аль үндэслэлээр нь дуусгавар болгож байгаа нь ойлгомжгүй” гэж давж заалдах гомдол гаргажээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Т.Уртнасан нь 2015 оны 5 дугаар сараас Төрийн банкны Дундговь салбарт “Харилцагчийн үйлчилгээний мэргэжилтэн”-ээр ажилласан байна.

             Төрийн банкны Дундговь салбарын захирлын 2016 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн № Б/78 дугаар тушаалаар Т.Уртнасанг 2016 оын 8 дугаар сарын 29-ний өдрөөс Сайнцагаан сумын тооцооны төвийн ахлах теллерээр /жирэмсний амралттай байгаа Ү.Өлзийдэлгэрийг ажилдаа эргэн орох хугацаа хүртэл/  ажиллуулж, өөрийнх нь ажиллаж байсан харилцагчийн үйлчилгээний мэргэжилтэн орон тоог хадгалж байхаар тохиролцсоны үндсэн дээр түүнийг томилжээ. Салбарын захирлын зөвлөлийн хурлаар Т.Уртнасангийн саналыг үндэслэн Сайнцагаан сумын тооцооны төвийн  ахлах теллер  Ү.Өлзийдэлгэрийг ажилдаа эргэн орох хүртэл ажиллуулахаар шийдвэрлэхдээ үндсэн цалин нь доогуур байсныг 200.000 төгрөгөөр нэмж,  авч байсан цалингийн хэмжээнд хүргэсэн байна.

            Т.Уртнасанг Сайнцагаан сумын тооцооны төвийн ахлах теллерээр ажиллаж байх хугацаанд буюу 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Төрийн банкны Гүйцэтгэх захирлын А/383 дугаар тушаал гарч, түүний эргэн ажиллах “Харилцагчийн үйлчилгээний мэргэжилтэн” ажлын байрны орон тоог хассан байна. /хэргийн 63 дугаар тал/

Хөдөлмөрийн тухай 40 дүгээр зүйлийн 40.1.1-д хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах үндэслэл бий болсон тул мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт “ажил олгогч энэ хуулийн 40.1.1, 40.1.2-т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх” үүргийн дагуу Төрийн банкны Дундговь салбарын захирал Б.Цэрэнчунт 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Т.Уртнасанд энэ талаар мэдэгдэх хуудсаар мэдэгджээ. /хэргийн 06 дугаар тал/

Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт “ажил олгогч нь энэ хуулийн ...40.1.1..-т заасан үндэслэлээр ажлаас халагдсан ажилтанд нэг сар, түүнээс дээш хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж олгоно” гэж заасны дагуу Т.Уртнасан нь тэтгэмж авах эрхтэй боловч тэрээр “Ү.Өлзийдэлгэрийг ажилд орох хүртэл ажиллаж байх ” санал гаргаж ажилласан нь Төрийн банкны Дундговь салбарын захирлын зөвлөлийн 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн хурлын тэмдэглэлээр нотлогдож байна. /хэргийн 104 дүгээр хуудас/ Тухайн хурлын тэмдэглэлд Ү.Өлзийдэлгэр нь 1 сард ажилдаа орох тухай яригдсан байдал тэмдэглэгдсэн байна.

Хүүхэд асрах чөлөөтэй байсан Ү.Өлзийдэлгэр нь 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр ажилдаа эргэн орох хүсэлт гаргасан тул 2017 оны 01 дүгээр сарын                      13-ны өдрийн б/05 тоот тушаалаар Т.Уртнасанг Сайнцагаан тооцооны төвийн ахлах теллерийн үүрэгт ажлаас чөлөөлсөн нь захирлын зөвлөлийн хуралдааны тэмдэглэл, Дундговь салбарын захирлын тушаал /2017-01-13 №б/06/,  хариуцагчийн тайлбар зэрэг маргааны үйл баримтыг нотолсон зохигчдоос шүүхэд ирүүлсэн нотлох баримтуудаар нотлогдсон байна. / хэргийн  93, 111 дүгээр хуудас/

   

            Төрийн банк Дундговь салбараас Т.Уртнасантай тохиролцсоны үндсэн дээр Ү.Өлзийдэлгэрийг ажилдаа эргэн орох  хүртэл  хугацаагаар Сайнцагаан сумын тооцооны төвийн ахлах теллерээр ажиллуулсан, Ү.Өлзийдэлгэрийг ажилдаа эргэн орох хүсэлт гаргасны дараа Т.Уртнасанд Дэлгэрцогт сумын тооцооны төвийн ахлах теллерээр ажиллахыг  санал болгосон боловч өөрөө татгалзсан, ерөнхий нягтлан бодогчийн сонгон шалгаруулалтанд хамруулсан боловч тэнцээгүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон байна.

Дээр дурдсанаар Г.Уртнасанг ажлаас чөлөөлөх тухай ажил олгогчийн шийдвэр Хөдөлмөрийн тухай хууль зөрчөөгүй хуульд нийцсэн, ажилтныг ажлаас чөлөөлөх үндэслэл болсон үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон гэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хуульд нийцсэн байна.

 

 Т.Уртнасанг Сайнцагаан сумын тооцооны төвийн ахлах теллерээр ажиллуулахаар гаргасан захирлын тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3 дахь заалт болох  “ажил, албан тушаал нь хууль болон бусад шийдвэрийн үндсэн дээр хэвээр хадгалагдаж байгаа ажилтны оронд ажиллах ажилтантай эзгүй байгаа ажилтныг ажилдаа эргэж орох хүртэл” гэснийг баримтлан гаргасан, тушаалын 1 дүгээр заалтад “жирэмсний амралттай байгаа Ү.Өлзийдэлгэрийг ажилдаа эргэн орох хугацаа хүртэл” гэж тодруулсан заалт хийсэн, Ү.Өлзийдэлгэрт чөлөө олгосон тушаал нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “хөдөлмөрийн гэрээг хугацаагүйгээр байгуулсан”  гэсэн гомдлыг  үгүйсгэж байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

         Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 139/ШШ2017/00119 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 3. Давж заалдах шатны шүүхийн магадлалд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-д заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.4-д заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ                            Ц.ОТГОНЦЭЦЭГ

      ШҮҮГЧИД                            Н.НАСАНЖАРГАЛ

                                        Т.БЯМБАЖАВ