Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 51/ШЦТ/2020

 

 

 

 

 

 

       

 

                             

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Дуламжав

Улсын яллагчаар Б.Сувд-Эрдэнэ

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баяр

Шүүгдэгч Б.Ж нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Жд холбогдох эрүүгийн 1934009030504 дугаартай хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1 суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, мал малладаг, ам бүл 7, гэх газарт оршин суух хаягтай, урьд нь Төв аймгийн шүүхийн 2003 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 21 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96.1 дугаар зүйлийн дагуу 8 жилийн хорих ялаар шийтгүүлж байсан, 2007 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Өршөөлийн хуулиар суллагдсан, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай гэх Б.Ж

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Яллагдагч Б.Ж нь 2019 оны 08 дугаар сарын 14-ны өдөр Төв аймгийн Эрдэнэ сум 2 дугаар багийн нутаг “Замтын адаг” гэх газар байсан тракторын эд ангийг хулгайлж бусдад 805.000 мянган төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт:

            Шүүгдэгч Б.Ж нь мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж ярих зүйл байхгүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Үүнд:

Хохирогч Г.Ганхуягийн мэдүүлэг /хх-ийн 6-7 тал/, гэрч Н.Энхбатын мэдүүлэг /хх-ийн 13 тал/, гэрч Д.Отгонтөгсийн мэдүүлэг /хх-ийн 14 тал/, алдагпсан эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 18 тал/, шүүгдэгч Б.Жы мэдүүлэг /хх-ийн 11 тал/, шүүгдэгч Б.Жы урьд ял шийтгүүлж байсан гэх шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 36 тал/, хохирол хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 39 тал/ болон шүүгдэгч Б.Жы хувийн байдлыг тогтоосон бусад баримтууд болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

 

            Шүүгдэгч Б.Ж нь 2019 оны 08 дугаар сарын 14-ны өдөр Төв аймгийн Эрдэнэ сум 2 дугаар багийн нутаг “Замтын адаг” гэх газар байсан тракторын эд ангийг хулгайлж бусдад 805.000 төгрөгний хохирол учруулсан болох нь:

  • Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 02 тал/
  • Алдагдсан эд зүйлийг үнэлсэн үнэлгээ 805.000 төгрөг, /хх-ийн 18 тал/
  • Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай Прокурорын тогтоол /хх-ийн 21 тал/
  • Хохирогч Г.Ганхуягийн хохирол төлбөр хүлээн авсан талаарх баримт /хх-ийн 39 тал/
  • Хохирогч Г.Ганхуягийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “2019 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Эрдэнэ сумын Замтын давааны адаг гэх газар өөрийн эзэмшлийн хятад улсад үйлдвэрлэгдсэн ногоон өнгийн пад тракторынхоо эд ангийг нь алдсан. Тэгээд хадланд гарах гээд манай хамаатан Борис ах хүнээс трактор худалдаж авсан гээд намайг үзээд өг гэхээр нь хөдөө очоод үзтэл миний тракторын алдсан сэлбэг Борис ахын тракторт тавьсан байсан. Тэгээд энэ тракторыг хэнээс авсан гэж асуутал Бугатын Жаргалсайхан гэдэг залуу зарсан гэсэн…жолоодох ком эд анги, хадуурын дээд доод анги алдсан...надад Жаргалсайхан 600.000 төгрөгийг 400.000 төгрөг блэнээр өгөөд 200.000 төгрөгийн өвч аваад хохирол барагдуулсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 6-7 тал/
  • Гэрч Н.Энхбатын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “ 2019 оны 08 дугаар сарын 14-ны өдөр Ганхуяг ах хөдөөнөөс пад трактороо ачиж ирэх гээд намайг гуйсан тэгээд замтын давааны доод адагт Төгсөөгийн өвөлжөөн дээр очсон тэгтэл тракторын том дугуйг нь салгаад хаясан эд ангийг нь тоноод явсан байсан…ногоон өнгийн пад трактор байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 13 тал/
  • Гэрч Д.Отгонтөгсийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “2018 оны 10 дугаар сард Ганхуяг гэдэг ах манай өвөлжөөний гадаа ногоон өнгийн пад трактор тавиад 2019 оны сүүлээр аваад явсан, сүүлд нь Бугатад байдаг Жаргалсайхан авсан гэж сонссон...” гэх мэдүүлэг, /хх-ийн 14 тал/
  • Шүүгдэгч Б.Жы мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлсэн: “...Би 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Төв аймгийн Эрдэнэ сумын Чулуут 2 дугаар багийн нутаг Замтын адаг гэх газарт байдаг Отгонтөгсийн өвөлжөөний ханшааны гадна байсан ногоон өнгийн Пад тракторын рулын аппрадыг нь эзэн нь байхгүй байхаар нь аваад өөрийн тракторт тавьсан юм. Би тухайн үед хэний эзэмшлийн трактор гэдгийг мэдээгүй. Тухайн үед Отгонтөгс гэх залуугын өвөлжөөний гадаа байсан ба тэр хүний трактор юм болов уу гэж бодоод дараа нь хэлнэ дээ гэж бодоод авчихсан юм. Би руллын аппрадыг нь тахир залуур төмөртэй нь л авсан байгаа. Би маш их гэмшиж байгаагаа хэлмээр байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 24 тал/ зэрэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Ж нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлах гэмт хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлтийн талаар:  

Шүүгдэгч Б.Жы нь 2019 оны 08 дугаар сарын 14-ны өдөр Төв аймгийн Эрдэнэ сум 2 дугаар багийн нутаг “Замтын адаг” гэх газар байсан тракторын эд ангийг хулгайлж авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн объектив талын шинжүүдийг бүрэн хангасан.

Уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн.

Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар санаатай гэдэгт өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэснийг ойлгоно.

Шүүгдэгч Б.Ж нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас үүдэн гарах үр дагаврыг урьдчилан мэдсэн байх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй.

Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотловол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, шүүгдэгч Б.Жы үйлдэл нь  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос ирүүлсэн хэргийн зүйчлэл тохирсон байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Шүүхээс хохирогч Г.Ганхуягт шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд “хохирлоо барагдуулсан тул гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаанд оролцохгүй” гэсэн байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх хохирлын асуудал байхгүй бөгөөд шүүгдэгч Б.Ж нь бусдад төлөх төлбөргүй болно.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

-Шүүхийн хэлэлцүүлэгт оролцсон улсын яллагчаас “шүүгдэгч Б.Жыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэх” ялын дүгнэлтийг,

- Шүүхийн хэлэлцүүлэгт оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баяр нь “Б.Жы хувьд урьд нь нэг удаа ял шийтгүүлж байсан. Гэхдээ энэ төрлийн гэмт хэргээр ял шийтгэл эдэлж байгаагүй. 2003 онд нэг удаа ял шийтгүүлснээс хойш гэр бүлтэй болж, 5 хүүхдийн эцэг болсон. Хувийн амьдралын хувьд тогтвор суурьшилтай төлөвшсөн. Б.Ж үйлдсэн гэмт хэрэгтээ маш их гэмшиж байгаа, 5 хүүхдийн эцэг хүний хувьд хариуцлагатай байж, үр хүүхдийнхээ төлөө ажиллаж хөдөлмөрлөж байсан. Цаашид гэмт  хэрэг үйлдэхгүй, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа. Өмнө нь үйлдсэн хэрэг нь аав, ээжийгээ өмөөрөөд хүний биед гэмтэл учруулсан байдаг. Одоо 5 хүүхдийн эцэг хүний хувьд үйлдсэн гэмт хэрэгтээ маш их гэмшиж байгаа. Иймд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэн харгалзаж өгнө үү” гэх саналыг тус тус гаргасан байна.

Шүүгдэгч Б.Жы холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.

Шүүх шүүгдэгч Б.Жд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн шатанд гэм буруугийн талаар маргаагүй, бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг хувийн байдал, Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1-д “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн зарчимд нийцүүлэн шүүгдэгч Б.Жд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг хэрэглэх боломжтой гэж шүүх үзлээ.  

 

Бусад асуудлаар:

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч Б.Ж нь цагдан хоригдьсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.  

            Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Б.Жыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Шүүгдэгч Б.Жыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэхийг шүүгдэгч Б.Жд үүрэг болгосугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5-т зааснаар шүүгдэгч Б.Ж нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг сануулсугай.
  2. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Жд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  1. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч Б.Ж нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийг төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг шүүгчийн туслах М.Оюунсүрэнд даалгасугай. 

 

  1.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар
    зүйл
    ийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн
    өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн
    Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

  1.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Жд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                           Ю.ЭНХМАА