| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Түмэн-Өлзийгийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 188/2020/1173/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/1216 |
| Огноо | 2020-12-11 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Б.Чинзориг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 12 сарын 11 өдөр
Дугаар 2020/ШЦТ/1216
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга О.Жавхлан хөтлөн, улсын яллагч Б.Чинзориг, шүүгдэгч И.З, өмгөөлөгч Л.Цэндоо нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд хаалттай явуулсан шүүх хуралдаанаар: Тээврийн Прокурорын газрын хяналтын прокуророос: Б овогт И-ийн Зг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2003 0000 00382 дугаартай, 1 хавтас хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хянан хэлэлцэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт: Б овогт И-ийн З нь Монгол Улсын иргэн, 1993 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, талх нарийн боовны технологич мэргэжилтэй, “Инэл кашмер” ХХК-д тогооч ажилтай, ам бүл-4, нөхөр, хоёр хүүхдийн хамт амьдардаг, иргэний бүртгэлээр хххх тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй (РД:). Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга/яллах дүгнэлтэд бичигдсэнээр/. Шүүгдэгч И.З нь 2020 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 13 цаг 30 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, 65 дугаар сургуулийн баруун хойд замд “Тоёота Приус 20” маркийн 89-08 УБР улсын дугаартай автомашиныг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.3 дахь заалт 2 “Жолооч гарцаар замд нийлэх, замаас гарахдаа уг замын дагуу яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө.”, мөн дүрмийн 12.3 дахь заалт “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэснийг зөрчсөний улмаас явган зорчигч Э.Э-ыг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь: Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд: Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч И.З мэдүүлэхдээ: 2020 оны 9 дүгээр сарын 26-нд охиныхоо шинжилгээг өгөхөөр Приус 20 загварын машиныг жолоодоод Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр, 65 дугаар сургуулийн зам дээр дохио өгөөд баруун эргэх гэтэл урдуур хоёр хүүхэд орж ирсэн. Хүүхдийг харсан боловч замаар амжаад гараад явчих байх гэж бодсон ч амжаагүй, Эрхэмбаяр нь баруун хөлөө мөргүүлсэн. Тэгээд цагдаа дуудсан, хүүхдийг гэмтлийн эмнэлэгт хүргэсэн гэв. Хоёр. Эрүүгийн 2003 0000 00382 дугаартай хэргээс талуудын шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд: 1. Насанд хүрээгүй хохирогч Э.Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 10 дугаар сарын 06-ны өдөр өгсөн“...2020 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 13-14 цагийн хооронд би сургууль дээрээ очих гээд сургуулийн хойно зам хөндлөн гараад сургуулийн хашаа руу орох гээд явж байтал араас нэг машин орж ирээд миний баруун хөлийг дайраад зогссон. Би хөлөө дайруулаад машины урд унасан байсан. Тэгээд гэмтлийн машин ирээд намайг аваад явсан. Би машин ирж байгааг анзаарч хараагүй. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 19 дүгээр тал), 2. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.У-ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр өгсөн: “...Ослын талаар мэдэх зүйл байхгүй. Э.Э-ыг харгалзаж явсан хүн байгаагүй. Сургууль дээрээ зааланд тоглолоо гэж гараад сургуулийнхаа хажууд машинд мөргүүлсэн. Ослын улмаас баруун шилбэний тахилзуур яс хоёр газарт хугарсан. Одоо хөлөндөө гөлтгөнөн боолттой гэртээ байгаа. Би 10.000 төгрөгөөр рентген зураг авахуулсан. 120.000 төгрөгөөр томографийн зураг авахуулсан. 150.000 төгрөгөөр эм авсан. Эмчилгээнд зарцуулсан мөнгөний баримтаа гаргаж өгнө. Гомдолтой байна. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 17 дугаар тал), 3. Иргэний хариуцагч П.Дэлгэрмөрөнгийн мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 10 3 дугаар сарын 22-ны өдөр өгсөн “... “Бичил глобус” ББСБ-аас 5.000.000 төгрөгийн зээл аваад “Тоёота Приус 20” маркийн 89-08 УБР улсын дугаартай автомашинаа унаж явах нөхцөлтэйгөөр барьцаанд шилжүүлсэн. Миний эзэмшлийн автомашин юм. Б.Заяа нь манай төрсөн эгч юм. Бид нэг хашаанд тусдаа гэрт амьдардаг. Тэр өдөр хүүхдээ цэцэрлэгт оруулах гээд шинжилгээ өгөх гэсэн юм гээд миний автомашиныг гуйгаад аваад явсан. Өмнө нь миний автомашиныг жолоодож байгаагүй. Миний эгч тогооч, үсчин мэргэжилтэй. Одоо хувийн байгууллагад тогоочоор ажилладаг. Нөхөр, 2 хүүхдийн хамт манай хашаанд өөрсдийн монгол гэрт амьдардаг. Зан байдлын хувьд тайван тогтуун, уур уцааргүй, архи, тамхи хэрэглэдэггүй. Гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй. Миний эгч бусдад учирсан хохирлыг өөрөө төлж барагдуулна гэж хэлсэн. Би төлөх боломжгүй. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 25 дугаар тал), 4. Шүүгдэгч И.Згийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр өгсөн: “...2020 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 80 дугаар цэцэрлэг орж хүүхдийнхээ шинжилгээг өгөх гээд дүүгийнхээ 89-06 УБР улсын дугаартай “Тоёота Приус-20” тээврийн хэрэгслийг нь гуйж аваад өөрөө жолоодоод 13 цаг 20 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Бага нарангийн гудамж 56 дугаар сургуулийн баруун талын замаар урдаас хойш чиглэлтэй явж байгаад 80 дугаар цэцэрлэг рүү баруун тийш эргэж ороход машины урдуур 2 хүүхэд зам хөндлөн гарсан. Би зогсоол руу зогсох санаатай, тэр хүүхдийг урдуур гарчлаа гэж бодоод явтал автомашины баруун урд хэсгээр нэг эрэгтэй хүүхдийг мөргөөд баруун урд дугуйгаар хөлийг нь дайрсан. Гадаа цэлмэг нартай, цаг агаар тогтуун байсан. Зам хуурай, хөдөлгөөний ачаалал байгаагүй. Би 10-15 км/цагийн хурдтай явж байсан. Уг машин нь миний төрсөн дүү Дэлгэрмөрөнгийн эзэмшлийн автомашин байгаа юм. Би тэр өдөр хүүхдийн вакциныг хийлгэх гээд машиныг нь гуйгаад унаж байсан. Хоёр зорчигчтой явж байсан. Би согтууруулах ундаа хэрэглээгүй эрүүл байсан. Намайг драгер үлээлгэхэд 00 хувь гарсан. Би одоогийн байдлаар хохирогчийн эмчилгээнд мөнгө зарцуулаагүй байгаа. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 49- 50 дугаар тал), 5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 11145 дугаартай дүгнэлтэд: Хэсэг газрын үзлэгт: Баруун шилбэний дээд хэсгээс хурууны уг хүртэл гөлтгөнөн боолттой. 2020 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн ГССҮТ-н эмчийн үзлэгт онош: Баруун шилбэний тахилзуур ясны далд зөрөөгүй хугарал гэжээ. 2020 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн Баруун шилбэний хоёр байрлалын рентген 4 зурагт: Баруун тахилзуур яс доод 1/3 хэсгээр зөрөөгүй хугарсан харагдана. 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн Толгойн КТГ-д: Гэмтлийн өөрчлөлтгүй гэжээ. Дүгнэлт: “...П Эрхэмбаярын биед баруун шилбэний тахилзуур ясны зөрөөгүй далд хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. /Шинжээч эмч Ш.Цэцэгмаа/ ...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 32-33 дугаар тал), 6. 2020 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр 14 цаг 05 минутаас 14 цаг 50 минутын хооронд зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зураг (хавтаст хэргийн 3-9 дүгээр тал), жолооч И.Згийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгахад 0.00 хувь гарсан тухай жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл (хавтаст хэргийн 10 дугаар тал), 7. 2020 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр “...89-08 УБР хүүхэд мөргөсөн” гэх дуудлагын лавлагааны хуудас (хавтаст хэргийн 11 дүгээр тал), 8. 2020 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр “Үнэгтийн шанд” хүнсний дэлгүүрийн гадна хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэлд “...саарал өнгийн “Тоёота Приус” маркийн автомашин замаар орж ирээд баруун гар тийш эргэх үед уг автомашины урдуур 2 явган зорчигч зам хөндлөн гарч явах ба, жолооч зогсолгүй явган зорчигчийн ар нуруунаас мөргөөд хөлийг нь дайраад зогсож байгаа нь харагдаж байлаа. ...” гэсэн хэсэг, камерын бичлэгийг эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол (хавтаст хэргийн 13-14 дүгээр тал), 9. “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн шинжээчийн дүгнэлтэд: “...1/ “Тоёота Приус 20” маркийн 89-08 УБР улсын дугаартай автотээврийн хэрэгслийг тоног төхөөрөмж дээр хэмжилт хийж шалгахад урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ, урд болон хойд хоёр дугуйнуудын тоормосны хүчний зөрүү, зогсоолын тоормос, зүүн болон баруун гар талын их гэрлийн тусгалын чадал хол, ойр дээрээ хэвийн, дуут дохио, эргэх дохионы гэрэл, гэрэлтүүлэг, шил арчигч, шил угаагч, хаалга, цонх, цоож, аюулгүйн бүс, дугуйн хээний гүний хэмжээ нь стандартын шаардлага хангаж байгаа нь техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж байна. 2/ Эвдрэл гэмтэл илрээгүй болно. 5 3/ Уг зам тээврийн осол хэрэг гарахад үүссэн эвдрэл гэмтэл байхгүй байна. 4/ Уг осолд нөлөөлөх эвдрэл гэмтэл илрээгүй. 5/ Уг автотээврийн хэрэгсэл нь шингэн дамжуулгын ABS тоормосны системтэй, ABS тоормосны систем ажиллахгүй тохиолдолд энгийн шингэн дамжуулгын тоормосны системийн адилаар ажилладаг. Тоног төхөөрөмж ашиглан үзлэг хийхэд тоормос бүрэн ажиллагаатай стандартын шаардлагыг бүрэн хангаж байна. Эвдрэл гэмтэлгүй байна. 6/ Тоормосны шингэн дамжуулгатай, ABS тоормосны системтэй автомашины хувьд тоормос гишгэх үед замын гадаргуугийн байдал, автомашины хурд, тоормосны дөрөө дээр гишгэх хүч, ачаа ачсан зэргээс шалтгаалж тасалдсан мөр зам дээр үүсдэг. 7/ Асуултад дурьдахаар ач холбогдол бүхий зүйл илэрсэнгүй. /Шинжээч Ө.Мөнхнаст, М.Цэдэнгомбо, Мөнх-Очир/ гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 37-42 дүгээр тал), 10. 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 160 дугаартай мөрдөгчийн магадлагаанд: “...Тоёота Приус-20 загварын 89-08 УБР улсын дугаартай автомашины жолооч Ичинхорлоо овогтой Заяа нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.3-т заасан “Жолооч гарцаар замд нийлэх, замаас гарахдаа уг замын дагуу яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө”, 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. -Явган зорчигч Эрдэнэболд овогтой Эрхэмбаяр нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна. /ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Ж.Бямбадорж/. ...” гэсэн магадлагаа (хавтаст хэргийн 43 дугаар тал), 11. Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийн зардлыг нэхэмжилсэн баримтууд болон хохирлын мөнгө хүлээн авсан тухай хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.У-ийн бичгээр гаргасан хүсэлт (хавтаст хэргийн 21-22 дугаар тал), -насанд хүрээгүй хохирогч Э.Э- нь 2006 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр төрсөн тухай төрсний гэрчилгээний хуулбар (хавтаст хэргийн 23 дугаар тал), 12. 89-08 УБР “Toyota Prius” загварын өмчлөгчөөр “Бичил Глобус Финанс” ББСБ бүртгэлтэй тухай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, зээлийн гэрээ (хавтаст хэргийн 27-29, 56 дугаар тал), Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд: 13. Шүүгдэгч И.Згийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 54 дүгээр 6 тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 57 дугаар тал), тээврийн хэрэгсэл бүртгэлтэй тухай лавлагаа (хавтаст хэргийн 51 дүгээр тал), оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 52 дугаар тал), гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 53 дугаар тал), жолоодох эрхийн лавлагаа /2027 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүртэл хүчинтэй тухай/ (хавтаст хэргийн 55 дугаар тал) болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад прокурорын хяналтад шүүгдэгч И.З нь эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч, эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг яллагдагчид танилцуулахад зөвшөөрснийг үндэслэн хэргийг шүүхэд шилжүүлснийг хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг шалгаж, тус хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч И.Зд холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв. Гурав.Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт. 1.Гэм буруугийн талаар. Улсын яллагч дүгнэлтдээ “шүүгдэгч И.З нь 2020 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 13 цаг 30 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, 65 дугаар сургуулийн баруун хойд замд “Тоёота Приус 20” маркийн 89-08 УБР улсын дугаартай автомашиныг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.3, 12.3 дахь заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Э.Э-ыг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь насанд хүрээгүй хохирогч, хууль ёсны төлөөлөгч, гэрч, яллагдагч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан. Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Цэндоо нь “шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх” байр суурьтай оролцохоо илэрхийлж, шүүгдэгч И.З нь гэм буруугийн талаар маргахгүй гэсэн тайлбар хийж, дээрх дүгнэлттэй мэтгэлцээгүй, шүүгдэгч нь хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй болно. 7 Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянаж, шүүгдэгч И.Згийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл: Шүүгдэгч И.З нь 2020 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 13 цаг 30 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, 65 дугаар сургуулийн баруун хойд замд ““Бичил Глобус Финанс” ББСБ-ын эзэмшил, өмчлөлд бүртгэлтэй, “Тоёота Приус 20” маркийн 89-08 УБР улсын дугаартай автомашиныг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явах үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.3-т заасан “Жолооч гарцаар замд нийлэх, замаас гарахдаа уг замын дагуу яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө.”, мөн дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэснийг зөрчсөний улмаас явган зорчигч Э.Э-ыг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр гэмтэл учруулсан үйл баримт нь: -Насанд хүрээгүй хохирогч Э.Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2020 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 13-14 цагийн хооронд би сургууль дээрээ очих гээд сургуулийн хойно зам хөндлөн гараад сургуулийн хашаа руу орох гээд явж байтал араас нэг машин орж ирээд миний баруун хөлийг дайраад зогссон. Би хөлөө дайруулаад машины урд унасан байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 19 дүгээр тал), -Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.У-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн“...Э.Э- ...сургууль дээрээ зааланд тоглолоо гэж гараад сургуулийнхаа хажууд машинд мөргүүлсэн. Ослын улмаас баруун шилбэний тахилзуур яс хоёр газарт хугарсан. Одоо хөлөндөө гөлтгөнөн боолттой байна. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 17 дугаар тал), -Шүүгдэгч И.Згийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...2020 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр ...89-06 УБР улсын дугаартай “Тоёота Приус-20” тээврийн хэрэгслийг ...жолоодоод ....Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Бага нарангийн гудамж 56 дугаар сургуулийн баруун талын замаар урдаас хойш чиглэлтэй явж байгаад 80 дугаар цэцэрлэг рүү баруун тийш эргэж ороход машины урдуур 2 хүүхэд зам хөндлөн гарсан. Би зогсоол руу зогсох санаатай, тэр хүүхдийг урдуур гарлаа гэж бодоод явтал автомашины баруун урд хэсгээр нэг эрэгтэй хүүхдийг мөргөөд баруун урд дугуйгаар хөлийг нь дайрсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 49-50 дугаар тал), -Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 11145 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 32-33 дугаар тал), -2020 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн 8 хэмжилтийн бүдүүвч, гэрэл зураг (хавтаст хэргийн 3-9 дүгээр тал), дуудлагын лавлагааны хуудас (хавтаст хэргийн 11 дүгээр тал), 2020 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, камерын бичлэгийг эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол (хавтаст хэргийн 13-14 дүгээр тал), -2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 160 дугаартай “...Тоёота Приус-20 загварын 89-08 УБР улсын дугаартай автомашины жолооч Ичинхорлоо овогтой Заяа нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.3 “Жолооч гарцаар замд нийлэх, замаас гарахдаа уг замын дагуу яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө”, 12.3 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөн...” гэсэн мөрдөгчийн магадлагаа (хавтаст хэргийн 43 дугаар тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно. Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд энэхүү зам тээврийн осол хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч Э.Э-ын эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч И.Зг Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай. “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” бөгөөд хохирогч нь гэм хор учруулсны төлбөрийг шаардах эрхтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус хуульчилсан. Тус хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч Э.Э-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байх ба хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.У-ээс эмийн зардалд 199.200 төгрөгийн, “Эм Би Жи Мед” эмнэлэгт үзлэг хийлгэсэн 30.000 төгрөгийн, “Мөнгөн гүүр” эмнэлэгт Толгойн КТГ авахуулсан 120.000 төгрөгийн, нийт 9 349.200 төгрөгийн баримтыг тус тус хэрэгт ирүүлжээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч И.З нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.У-т 350.000 төгрөгийг хүлээлгэн өгсөн /хх-22/ байх тул шүүгдэгч И.З нь хохирогч, хууль ёсны төлөөлөгч нарт төлөх төлбөргүй байна. Мөн шүүгдэгч И.Згийн жолоодон явсан “Тоёота Приус 20” маркийн 89-08 УБР улсын дугаартай автомашин нь “Бичил Глобус Финанс” ББСБ-д бүртгэлтэй боловч бодитоор эзэмшиж ашиглаж байсан нь иргэн П.Дэлгэрмөрөн байх бөгөөд тэрээр дээрх автомашиныг шүүгдэгч И.Зд зөвшөөрч шилжүүлсэн байх тул түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд иргэний хариуцагчаар татан оролцуулсан байх бөгөөд энэ тогтоолоор иргэний хариуцагч П.Дэлгэрмөрөн нь бусдад төлөх төлбөргүй байна. 2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар. Улсын яллагч дүгнэлтдээ “...шүүгдэгч И.Зтай эрүүгийн хариуцлагын талаар тохиролцож, түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна” гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч И.З, түүний өмгөөлөгч Л.Цэндоо нар нь улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцээгүй. Шүүгдэгч И.З нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд бүртгэгдээгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй байх бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн хэсгийн 1.2 дахь заалтад заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн”- ийг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзсан ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч И.З нь эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 143 дугаар тогтоолоор шийдвэрлэсэн байх ба, 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг танилцуулахад яллагдагч И.З нь зөвшөөрсөн байна. Шүүхээс шүүгдэгч И.Зг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон бөгөөд шүүгдэгч гэм буруугаа, прокурорын ялын саналыг тус тус зөвшөөрсөн байх тул прокурорын саналын хүрээнд түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж зэргийг харгалзан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж, 10 урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв. 3. Бусад асуудлаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар тус хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хяналтын камерын бичлэг бүхий нэг ширхэг компакт дискийг хэргийг хадгалах хүртэл хугацаанд хэрэгт хавсарган үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч И.Зд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус тогтоолд дурдав. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Төр, байгууллага, хувь хүний нууцыг хамгаалах шаардалагатай, өсвөр насны яллагдагч, арван найман насанд хүрээгүй хохирогчтой холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхээс бусад шүүхийн хэлэлцүүлэг, бүх шатны шүүх хуралдааныг нээлттэй явуулна” гэж заасан ба тус хэргийн хохирогч Э.Э- нь арван найман насанд хүрээгүй байх тул тус шүүх хуралдааныг хаалттай явуулсаныг тэмдэглэх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт И-ийн Зг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.Зг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 (долоон зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.З нь торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 11 шүүгдэгч И.З нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.
5. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч И.Зд энэ хэргийн улмаас цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч И.З, иргэний хариуцагч П.Дэлгэрмөрөн нар нь насанд хүрээгүй хохирогч Э.Э-, түүний хууль ёсны төлөөлөгч Ж.У- нарт төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар тус хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж шүүхэд ирүүлсэн хяналтын камерын бичлэг бүхий нэг ширхэг компакт дискийг хэргийг хадгалах хүртэл хугацаанд хэрэгт хавсарган үлдээсүгэй.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч И.Зд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд хохирогч, хууль ёсны төлөөлөгч, шүүгдэгч, иргэний хариуцагч, өмгөөлөгч гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд нь давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч И.Зд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.АЛТАНТУЯА