Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 2019/ШЦТ/974

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Эрдэнэжаргал хөтлөн

улсын яллагч Б.Бямбадагва

шүүгдэгч Л.Б, түүний өмгөөлөгч О.Баярбаясгалан

хохирогч М.Д

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ** дугаартай, 1 хавтас хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ** оны * дугаар сарын **-нд Улаанбаатар хотод төрсөн, 54 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-3; эхнэр, зээ хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Баянхошууны 11 дүгээр гудамж, ** тоотод оршин суух,

ял шийтгэл: 1984 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 109 в, 169 в-д зааснаар 7 жил 6 сар хорих ял шийтгүүлж, 1986 оны 7 дугаар сарын 15-ны өдөр 2 жил 6 cap 22 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 71 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссэн,

** дугаарын регистртэй, Б овогт Л-ын Б

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр;

Шүүгдэгч Л.Б 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдөр Баянгол дүүрэг 20 дугаар хороо, Хархорин худалдааны төвийн арын зам дагуу ил худалдаа хийдэг хэсэгт хохирогч /эхнэр/ М.Дтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн, түүний нүүрэн тус газар цохих, заамдах, хөл дээр нь гишгэх зэргээр зодож, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч Л.Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Би эхнэрийгээ зодсон гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Цагдаа дээр үнэн зөв мэдүүлсэн тул дахин мэдүүлэхгүй гэв.

 

Хохирогч М.Д шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Тэр өдөр Б согтуу ирээд надаас архины мөнгө нэхэхээр нь байхгүй гэж хэлтэл зарж байсан подволкноос нэгийг өмсөөд явсан. Орой нь дахин ирээд сольж өмсөх гэхээр нь бид хоёр маргалдаад ийм юм боллоо. Одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Аль болох хорьж цагдахгүй шийтгэл оногдуулж өгөөч. Уг нь манай нөхөр Б их зөөлөн хүн юм гэв.

  

        ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шүүх шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад

хохирогч М-ийн Д “… Бтэй хамт амьдрах 26 жилийн хугацаанд зодож нүдэх тохиолдол гардаггүй байсан. 2018 онд намайг зодоод Сонгинохайрхан дүүргийн шүүхээр орж 2 жилийн тэнсэн харгалзах ялаар шийтгүүлсэн. 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдөр би охин Хишигбаярын хамт Хархорин захын гадна бараа зараад зогсож байтал нөхөр Б 14 цагийн үед согтуу хүрч ирээд архины мөнгө нэхсэн. Би мөнгө нэхэхээр нь байхгүй гэж хэлсэн чинь зарж байсан подволкноос нэгийг өмсөөд яваад өгсөн. Тэгээд 20 орчим минутын дараа эргэж ирээд өмнө өмсөж явсан подволкоо тайлаад дахиад өөрийг өмсөөд явах гэхээр нь “чи битгий давраад бай, зайл” гэж хэлсэн. Тэгтэл Хишигбаяр намайг өмөөрөөд “та одоо яваач, олны дунд булай болоод байх юм” гэтэл Б охин Хишигбаяр руу орилоод лангуун дээр байсан гуталнуудыг Хишигбаяр руу шидсэн. Зодох гээд дайрахаар нь би “цагдаа дуудлаа” гэтэл өөдөөс хүрч ирээд газраас чулуу аваад чулуутай гараараа миний зүүн талын чих орчимд цохиод гараараа баруун талын шанаа хэсэгт цохисон. Тэгээд заамдаж татах үед хүзүүн дэх гинж давхар татагдаад тасарсан. Миний зүүн хөлийн эрхий хуруун дээр гишгэж дэвсчихээд зугатаасан. Тэр үед охин Хишигбаяр Бгийн араас тэвэрч аваад цагдаад хүлээлгэж өгсөн.

Надад ямар нэгэн санал гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй. Би Бтэй эвлэрсэн /хх-н 17-18/ гэж,

гэрч Т-ийн Х  “... 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдөр 15 цагийн үед Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутагт байрлах 32-ын автобусны буудал дээр эх Дгийн хамт бэлэн хувцас зараад сууж байтал хойд эцэг Б согтуу ирээд зарж байсан подволкноос сольж өмсөөд байсан чинь ээж Д “болиоч, яасан их сольж өмсдөг юм” гэтэл “ээжийг зайл” гэж хөөгөөд агсам тавиад байхаар нь би “битгий энд ирж хэрүүл хийгээд бай, тэр архи уудаг газраа очиж уу” гэтэл “чи зайл” гэж над руу салаавч өгсөн. Ээж “цагдаа дуудлаа” гэтэл Б газраас чулуу аваад ээжийг цохиод зодоод байсан” /хх-ийн 10/ гэж тус тус мэдүүлжээ.

 

Хохирогч М.Дгийн гэмтэлтэй холбоотой “М.Дгийн биед нүүр мөчдөд олон тооны цус хуралт зулгаралт, зөөлийн эдийн няцрал, зүүн чихний дэлбэнд шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо болон ирмэгтэй зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. 2019.07.31-нд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн 9378 тоот дүгнэлтийг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч гаргасан /хх-н 35/ бөгөөд дээрх бичгийн баримтууд нь шүүгдэгчийн гэм буруутайг нотолно.

 

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1 дэх заалтад “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд”-ийг энэ хуулийн үйлчлэлд хамаарах этгээд гэнэ гэж томьёолжээ.

 

Шүүгдэгч Л.Б, хохирогч М.Д нар Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн дээрх заалтад хамаарал бүхий хүмүүс болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн шинжийг “Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол ...” гэж заасан байдаг.

 

Түүнчлэн шүүгдэгч Л.Б урьд өмнө буюу 2018 оны 10 дугаар сарын 13-ны өдөр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хохирогч М.Дг зодож, түүнд хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдэлдээ Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 71 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссэн байна.

 

Иймд прокуророос шүүгдэгч Л.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллаж байгаа нь хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байна гэж шүүх дүгнээд түүнийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцлоо.

 

Шүүхээс шүүгдэгч Л.Бд ял оногдуулахдаа түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанарыг харгалзав.

Өөрөөр хэлбэл Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний ... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн Шударга ёсны зарчмыг баримтлав.

 

Шүүгдэгч Л.Б шүүхээс хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хугацаанд дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн, цаашлаад гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэр бүлийн хамаарал бүхий хамтран амьдрагч М.Дг дахин зодсон байх тул түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн зохих заалтын дагуу шийдвэрлэх нь зүйтэй.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, шүүгдэгч Л.Б цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч М.Д гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болно.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйл, 37.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                                    ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Лхагвын Бг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Бг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 71 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шүүгдэгч Л.Бд хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаар тэнссэн шийдвэрийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хүчингүй болгосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Л.Бг 2 /хоёр/ жил хорих ялаар шийтгэсүгэй.

 

5. Шүүгдэгч Л.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 600.000 төгрөгийн торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хорих ялд дүйцүүлэн тооцож, нийт 40 хоногийн буюу 1 сар 10 хоногийн хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх хорих ялыг 2 жил 1 сар 10 хоногийн хугацаагаар тогтоосугай.

 

6. Шүүгдэгч Л.Бд оногдуулсан 2 жил 1 сар 10 хоногийн хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

7. Шүүгдэгч Л.Б цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж,

түүнд урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс өөрчлөн, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол цагдан хорьсугай.

 

8. Шүүгдэгч Л.Б бусдад төлөх төлбөргүй, хохирогч М.Д гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг тус тус дурдсугай.

 

9. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Л.Бг цагдан хорьсон”-г хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               О.ЖАНЧИВНЯМБУУ