Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бямбаагийн Тунгалагсайхан |
Хэргийн индекс | 020/2014/0515/З |
Дугаар | 221/МА2015/0163 |
Огноо | 2015-04-08 |
Маргааны төрөл | Төрийн албан хаагчийн хөдөлмөр, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2015 оны 04 сарын 08 өдөр
Дугаар 221/МА2015/0163
Т.Энхтуяагийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгчН.Хонинхүү, шүүгч Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Түвшинжаргал,нэхэмжлэгч Т.Энхтуяа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Баатарсайхан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Булгантамир нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 32 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор, Т.Энхтуяагийн нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т.Энхтуяа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын 2014 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн Б\68 дугаар тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг олгуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилтхийгүүлэхийг даалгах тухай шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.
Хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Дүүргийн Ёс зүйн хорооны 2014 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн хурлын тэмдэглэлд 4 дүгээр хорооны зохион байгуулагч Т.Энхтуяа Манайх 618 ахмад байгаа судалгаа бол үнэн зөв. Үүнээс хаягандаа байхгүй, харъяалалгүй ахмадуудаа хасаад 477 болсон гэсэн тайлбар өгсөн байдаг. Гэтэл дүүргийн Сар шинийн ажлын тайлан-д тус хороонд ногоон цай, хадаг, ёотон зэргийг тус бүр 618 ширхэг, одоогоор уг хороон дээр савлагдаагүй үлдсэн цай, хадаг, ёотон тус бүрээс 118 ширхэг үлдээд байна гэжээ. Дээрх нөхцлүүдээс үзэхэд Т.Энхтуяа нь ахмадын тоог буруу гаргаснаас болж илүү бэлэг авахуулан төсвийн мөнгийг үнэгүйтүүлсэн, дээд шатны байгууллагыг үнэн зөв мэдээллээр хангаагүй зэрэг зөрчлийг гаргасан байна.
Сахилгын шийтгэлтэй хугацаа нь дуусаагүй байх үедээ тус тус шийтгэл ногдуулсан боловч гаргасан дутагдалдаа дүгнэлт хийж ажиллаагүй, удаа дараа албан үүрэгтээ хариуцлагагүй хандсан тул 2014 оны 02 дугаар сарын 20-ны өдөр дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2014 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн Б/68 дугаар тушаалаар ажлаас халагдсан гэжээ.
Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 32дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Т.Энхтуяагийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын 2014 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн Б/68 дугаар тушаалыг хүчингүй болгож, өмнө эрхэлж байсан Сүхбаатар дүүргийн 4 хорооны зохион байгуулагчийн ажилд эгүүлэн томилж, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан Т.Энхтуяагийн ажилгүй байсан хугацааны 2014 оны 03 дугаар сарын 17-ны өдрөөс 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэлх 10 сар 15 хоногийн хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг тооцож олгох, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэжээ.
Хариуцагчийн Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газрын дарга давж заалдах гомдолдоо:Иргэн Т.Энхтуяагийн нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газарт холбогдох захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 32 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч дараахь үндэслэлээр давж заалдах журмаар гомдол гаргаж байна.
Тус дүүргийн 4 дүгээр хорооны зохион байгуулагчаар ажиллаж байсан Түмэнжаргалын Энхтуяа нь ажиллаж байх хугацаандаа дараах алдаа зөрчлийг гаргаж Засаг даргын Тамгын газрын даргын 2014 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн Б/68 дугаар тушаалаар ажлаас халагдсан. Үүнд:
1. Дүүргийн хэмжээнд 2014 оны 03 дугаар сард Гамшгийн эрсдлээс
хамгаалах төлөвлөгөөний дагуу цаг үеийн яаралтай ажил хийгдэх шаардлагатай
үед шууд харъяалах дээд шатны албан тушаалтан буюу Засаг дарга утсаар ярьж
компьютерийн кодоо өгөөч ээ гэхэд шалтгаангүйгээр өгөөгүй нь төрийн ажлыг
санаатайгаар саатуулсан, удаашруулсан, албан үүрэгтээ хариуцлагагүй хандсан,
удирдлагаас өгсөн үүрэг даалгавар биелүүлээгүй зэрэг үндэслэлээр Засаг даргын Тамгын газрын даргын 2013 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн Б/107 дугаар тушаалаар сануулах сахилгын шийтгэл оногдуулах үндэслэл болсон.
Уг тогтоолд "Т.Энхтуяа: Намайг эмнэлэгт байх хугацаанд хорооны Засаг дарга компьютерийнхээ паспортыг өг гэж утсаар ярьсан би өөрөө очиж компьютероо нээж өгье гэхэд хорооноос таны процессорыг дүүрэг рүү аваад явлаа гэхээр нь 30 минутын дараа дүүргийн Тамгын газар очиж кодоо хэлж нээлгээд орхисон гэсэн" тайлбар өгсөн байдлаар нотлогддог.
2. Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2013 оны 191 дүгээр захирамжаар Нийтийн зориулалттай өмчийн эд хөрөнгө тооллогын ажлын хэсэг байгуулагдан ажилласан боловч хангалтгүй ажилласан тул 2013 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Засаг даргын Тамгын газрын даргын 2013 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн Б/145 дугаар тушаалаар үндсэн цалинг нэг сарын хугацаатай 10 хувь бууруулах сахилгын шийтгэл оногдуулсан бөгөөд тогтоолд Т.Энхтуяа: "2013 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн Б/145 дугаар тушаалаар сахилгын шийтгэл ногдуулсныг сая л мэдсэн. Энэ шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй" гэсэн нь үндэслэлгүй юм.
Учир нь сарын цалингаа 10 хувиар буюу гарт нь олгох 400.000 төгрөгөөс 40.000 төгрөг дутуу орсон байхад мэдэлгүй өнгөрсөн гэсэн нь учир дутагдалтай тайлбар юм.
Мөн дээрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын тушаалуудыг цаг тухай бүрт нь өөрт нь танилцуулсан, мэдэгдсэн нь дүүргийн сахилгын арга хэмжээ авсан бүртгэлийн дэвтэрт бүртгэгдсэн зэргээс үзэхэд уг сахилгын шийтгэлүүдийг мэдсэн боловч гомдол гаргаагүй нь хүлээн зөвшөөрсөн асуудал юм.
3. Дүгнэлтийн 3 дугаар хэсэгт "дүүргийн Ёс зүйн хорооны 2014 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн хурлын тэмдэглэлд 4 дүгээр хорооны Нийгмийн ажилтан Н.Цацрал өөрийн буруутай үйл ажиллагааг хүлээн зөвшөөрсөн байтал Т.Энхтуяад сахилгын шийтгэл ногдуулж ажлаас халсан нь үндэслэлгүй байна" гэжээ. Н.Цацрал нь гэм буруугаа хүлээсэн нь Т.Энхтуяад сахилгын шийтгэл хүлээлгэж болохгүй гэсэн зохицуулалт байхгүй.
Дүүргийн Ёс зүйн хорооны 2014 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн хурлын тэмдэглэлд 4 дүгээр хорооны зохион байгуулагч Т.Энхтуяа: "Манайх 618 ахмад байгаа судалгаа бол үнэн зөв. Үүнээс хаягтаа байхгүй, харъяалалгүй ахмадуудаа хасаад 477 болсон гэсэн тайлбар өгсөн байдаг. Гэтэл дүүргийн Сар шинийн ажлын тайлан-д тус хороонд ногоон цай, хадаг, ёотон зэргийг тус бүр 618 ширхэг одоогоор уг хороон дээр савлагдаагүй үлдсэн цай, хадаг, ёотон тус бүрээс 118 ширхэг үлдээд байна" гэжээ. Дээрх нөхцлуүдээс үзэхэд Т.Энхтуяа нь ахмадын тоог буруу гаргаснаас болж илүү бэлэг авахуулан төсвийн мөнгийг үнэгүйтүүлсэн, дээд шатны байгууллагыг үнэн зөв мэдээллээр хангаагүй зэрэг зөрчлийг гаргасан байна.
Сахилгын шийтгэлтэй хугацаа нь дуусаагүй байх үедээ тус тус шийтгэл ногдуулсан боловч гаргасан дутагдалдаа дүгнэлт хийж ажиллаагүй, удаа дараа албан үүрэгтээ хариуцлагагүй хандсан тул 2014 оны 02 дугаар сарын 20-ны өдөр дүүргийн Засаг даргын Тамгын газрын Ёс зүйн хорооны хурлаар авч хэлэлцэн, гарсан дүгнэлтийг үндэслэн Засаг даргын Тамгын газрын даргын 2014 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн Б/68 дугаар тушаалаар ажлаас халагдсан.
Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт "Энхтуяа нь 04 дүгээр сарын 15-наас 05 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл ээлжийн амралттай байсан нь нотлогдож байна гэжээ. 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн шүүх хуралд Т.Энхтуяа нь ажлын зайлшгүй шаардлагаар ажилдаа ажиллаж байсан гэдэг. Сүүлд 7 сард ээлжийн амралтаа нөхөн амарсан гэж хэлэлцүүлгийн үед дурдсан байхад ээлжийн амралттай үед нь сахилгын шийтгэл ногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэсэн.
Нэхэмжлэгч нь Засаг даргын Тамгын газрын даргын 2013 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн Б/107, 2013 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн Б/145 дугаар тушаалуудын талаар огт маргаагүй, нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй, мөн гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан зэрэг нөхцлийг харгалзан үзэлгүй шийдвэр гаргасан.
Дүүргийн 2014 оны сар шинийн тайланд 2 зөрүүтэй судалгаа өгснөөс болж 118 ахмадын бэлэг буюу нэр бүхий бүтээгдэхүүнийг илүү төсөвлөн төсвийн хөрөнгийг зориулалтын бус зарцуулалт хийгдсэн.
Гэтэл захиргааны хэргийн анхан шатны 20 шүүх "118 цай, ёотонгоос болж төсвийн мөнгийг үргүй зарцуулсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна..."гэж дүгнэсэн. Шүүх хурлын хэлэлцүүлгийн шатанд Т.Энхтуяа нь хороонд 477 ахмад бүртгэлтэй байхад нас барсан, шилжсэн ахмадуудаа хасалт хийлгүйгээр 618 гэж тоо өгсөн гэдгээ хэлдэг. Үүнээс үзвэл зөрүүтэй тоо өгсөн зэрэг нь харагдаж байхад шүүх тогтоогдохгүй байна гэж үндэслэл муутай шийдвэр гаргасан.
Эдгээрийг үндэслэн дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2014 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн Б/68 дугаар тушаалаар Т.Энхтуяаг ажил үүрэгтээ хангалтгүй хандсан гэсэн үндэслэлээр ажлаас халсан тул тус шийдвэр нь хууль ёсны шийдвэр гэж үзэж байна.
Иймд захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 32 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, тус шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2014 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн Б/68 дугаар тушаалаар тус дүүргийн 4 дүгээр хорооны Зохион байгуулагч Т.Энхтуяаг албан үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлж, сахилгын шийтгэл ногдуулсан гэх үндэслэлээр 2014 оны 03 дугаар сарын 17-ны өдрөөр тасалбар болгон төрийн албанаас халжээ.
Нэхэмжлэгч Т.Энхтуяаг хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2014 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн Б/107 дугаар тушаалаар сануулах, 2014 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн Б/145 дугаар тушаалаар албан тушаалын цалинг 1 сарын хугацаатай 10 хувь бууруулах сахилгын шийтгэлийг тус тус ногдуулсан байна.
Дээрх сахилгын шийтгэл ногдуулсан тушаалуудыг үндэслэлгүй гарсан гэж нэхэмжлэгч тайлбарлаж байгаа боловч тухайн үед сахилгын шийтгэл ногдуулсан тушаалуудыг хүчингүй болгуулахаар гомдол гаргаж маргаагүй, хүчин төгөлдөр болсон нь хэргийн оролцогчдын тайлбар, холбогдох баримтаар тогтоогдож байх тул дээрх тушаалууд үндэслэлтэй гарсан эсэх талаар дүгнэлт өгөх шаардлагагүй юм.
Харин нэхэмжлэгч Т.Энхтуяа "төсвийн мөнгийг үнэгүйпдүүлсэн, дээд шатны байгууллагыг үнэн зөв мэдээллээр хангаагүй" гэх сүүлийн зөрчлийг гаргаагүй болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.
Тодруулбал, Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны ахмадын тоо зөрсөн шалтгаан нь нийгмийн ажилтан Н.Цацрал судалгааг буруу гаргаснаас цагаан сараар ахмад настанд өгөх бэлгэнд орсон ногоон цай, хадаг, ёотон зэргийг тус бүр 618 ширхэгийг авснаас 500 ширхэг бэлэг савлаж, 3 дугаар хороонд 70 бэлэг хүлээлгэн өгч, савлагдаагүй 118 ширхэг ногоон цай, хадаг, ёотон зэрэг үлдсэн болох нь хэрэгт авагдсан "Дүүргийн ахмадуудад хүндэтгэл үзүүлсэн арга хэмжээ"-ний тайланд тусгагджээ. Түүнчлэн илүү гарсан 118 бэлгийг бэлэг дутсан бусад хороодод тараасан болох нь хариуцагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна.
Хэдийгээр нэхэмжлэгчид өмнө нь 2 удаа сахилгын шийтгэл ногдуулж, маргаан бүхий захиргааны акт гаргах үед сахилгын шийтгэлгүйд тооцох хугацаа өнгөрөөгүй боловч энэ хугацаанд нэхэмжлэгч сахилгын зөрчил гаргаагүй байхад зөрчил гаргасан гэж үзэж нэхэмжпэгчийг ажлаас халсан нь хууль бус болжээ.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсгийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 32 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсгийг баримтлан давж заалдах шатны шүүх захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:
ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН